Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Хөдөлмөрийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа
Шинэчлэлийн Засгийн газрын анхаарал хандуулж байгаа томоохон салбар бол хөдөлмөрийн салбар юм. Тиймээс шинэчлэлийн Засгийн газар Хөдөлмөрийн яамыг эмхлэн байгуулж, 150 000 ажлын байрыг шинээр бий болгох том ажлыг даалгаад байгаа. Засгийн газар байгуулагдаад 200 хоногийн тайлангаа тавих болсон энэ хугацаанд Засгийн газрын тэргүүн долоо хоногийн хугацаанд хөдөлмөрийн салбарт ажиллаж байна. Түүнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав яамныхаа үйл ажиллагааг танилцуулж, хөдөлмөрийн салбарт тулгамдаад байгаа асуудлуудын талаар мэдээлэл өглөө.
Ерөнхийн сайдын маршрут өнөөдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцсанаар эхэлж, Хөдөлмөрийн төв биржид зочлон “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хоёрдугаар шатны бүртгэлийн үйл ажиллагаатай танилцаж иргэдтэй уулзаж ярилцлаа.
    Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав засгийн газрын тэргүүнд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд хийж буй ажлуудыг танилцуулж, энэ жилийн хувьд 6600 мэргэжилтэй ажилтанг ажил олгогчдын захиалгаар МСҮТ-үүдээр бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх ажил амжилттай хэрэгжиж байгааг дуулгалаа.
    “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн эхний ээлжинд 6950 ажил хайгч Хөдөлмөрийн төв биржид бүртгүүлсэнээс 4784 суралцагч ажил олгогчтой гэрээ байгуулан хичээлдээ ороод байна. Эдгээр суралцагчид эхний хоёр сар танхимын сургалтад хамрагдаж байгаа бол ирэх сарын 1-ээс гэрээ байгуулсан аж ахуй нэгж байгууллагууддаа гурван сарын хугацаанд дадлага хийх юм.
    Дээрх хөтөлбөрийг Хөдөлмөрийн яамнаас өгсөн бодлого, чиглэлийн дагуу Улаанбаатар хотод 18, Хөдөө орон нутагт 38 МСҮТ хэрэгжүүлж, мэргэжилтэй ажилтан бэлтгэж байна. Суралцагчид Засгийн газраас олгож байгаа 190 400 төгрөгийн тэтгэмжээ авч, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаараа онцлогтой.

    Хот, хөдөөгийн МСҮТ-ээс тус хөтөлбөрийн хүрээнд хамгийн олон суралцагчидтайгаар нь авч үзвэл Өвөрхангай аймгийн МСҮТ-д 296 суралцагч, Увс аймгийн МСҮТ-д 291, Ховд аймгийн МСҮТ-д 258 суралцагч суралцаж байгаа бол нийслэл хотод ШУТИС-ийн Улаанбаатар хот дахь Политехник коллежид 196, Монгол-Солонгосын Политехник коллежид 166 суралцагч суралцаж байгаа дүн байна. Түүнчлэн нийслэл хот, хөдөө орон нутагт суралцаж байгаа хүний тоогоор харьцуулж үзэхэд хөдөө орон нутагт 3523, нийслэл хотод 1261 суралцагч суралцаж байгаа аж.
Хөтөлбөрийн нэгдүгээр шатны сургалт амжилтай явагдаж, суралцагчид танхимын сургалтаа дуусгаж байгаа энэ үед хоёрдугаар шатны бүртгэлийн ажиллагаа өндөрлөх шатандаа ороод байна. Хөтөлбөрийн хоёрдугаарт шатны хүрээнд 72 ажил олгогчийн 2171 ажлын байрны захиалгыг хүлээн авч 1588 ажил хайгч ярилцлаганд оржээ.

Ажил олгогчдын өгсөн ажлын байрны захиалгыг салбараар нь авч үзвэл:
№    Салбар    Ажил олгогчийн тоо    Ажлын байрны тоо
1    Уул уурхай    4    102
2    Барилга    35    1482
3    Боловсруулах үйлдвэр    7    92
4    Зам тээвэр    3    141
5    Эрчим хүч    2    50
6    Худалдаа үйлчилгээ    14    265
7    Хөдөө аж ахуй    6    35
8    Боловсролын салбар    1    4
Нийт    72    2171

“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд салбарын ажил олгогч байгууллагуудтай уулзалт ярилцлага хийж, нэгдсэн дүнгээр нийтдээ 184 ажил олгогчийн 6149 ажлын байрны захиалыг хүлээн авсан байна. Сургалтанд хамрагдах хүсэлтэй 7455 иргэнийг бүртгэснээс давхардсан тоогоор 11031 хүнийг ярилцлаганд дуудаж, 6027 иргэн ярилцлаганд ороод байна. Үүнээс одоогийн байдлаар 5343 иргэн ажил олгогчтой гэрээ байгуулж, 4784 ажил хайгч сургалтанд хамрагдаад байна.

    Иргэдээ ажилтай, орлоготой болгох, нөгөө талаас үндэсний бүтээн байгуулалтад оролцох дотоодын ажиллах хүчийг бодлогоор бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй, чадвартай ажилтан нийлүүлэх бодлогод томоохон түлхэц болж буй энэ хөтөлбөрт Засгийн газар онцгойлон анхаарал хандуулж байгаа. Тиймээс Хөдөлмөрийн яам “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг цаашид хэрэгжүүлж, улам олон ажил хайгч иргэдийг ажилтай орлоготой болгож, Монгол хүн өөрөө эх орныхоо бүтээн байгуулалтыг түүчээлэх учиртай хэмээн үзэж байгаагаа Ерөнхий сайд хэлсэн. Олон таатай боломж бүрдүүлсэн тус хөтөлбөрт иргэд ч олноор хамрагдаж, өөрсдөө идэвхи санаачилгатай оролцож байгааг Хөдөлмөрийн биржийнхэн хэлж байсан. Уул уурхайн томоохон орд газруудыг тойроод ажлын байр нэмэгдэх болсон. Тиймээс ирэх жилүүдэд уул уурхайн чиглэлээр ажиллах мэргэжилтэй ажилтан хамгийн их хэрэгцээтэй болж байгаа. Мөн энэ онд бүтээн байгуулалтын нөр их ажлууд хийгдэж, зургаан аймгийг Улаанбаатар хоттой авто замаар холбохын зэрэгцээ орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжинэ. Түүнийгээ дагаад сайн арматур зангидагч, өрлөгчин, авто зам барих мэргэжилтэн чухал. Тиймээс ажил хайж байгаа хэн ч гэсэн Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн төв биржид хандан бүртгүүлж, “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдаж цалинтай суралцан мэргэжилтэй болж, ажилтай болох боломж иргэн бүрт нээлттэй байгааг албаныхан хэлж байв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан