Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хаврын ”синдром”
Энэ томъёог сонсоогүй хүн гэж байхгүй биз. Хавар болохоор таньдаг мэддэг хүмүүс гэнэт уурлах эсвэл баярлах гэх мэтээр санаанд оромгүй авир гаргаад эхлэхээр бүгд “Нөгөөхийн чинь хаврын синдром нь хөдөлчихөж” гэцгээдэг. Эсвэл өөрийнх нь нойр их хүрээд уцаарламтгай, гомдомтгой болоод үе үе хэнгэнэтэл санаа алдаад ирэхээрээ “Нөгөө хаврын синдром нь энэ юм байлгүй” гэцгээнэ. Бүгд л хаврын “синдром” гээчийн талаар сайн мэддэг юм шиг атлаа нарийвчлаад асуухаар мэддэг хүн байхгүй болж таардаг. Тэгэхээр энэ талаар зарим нэг зүйлийг тодруулах нь зүйтэй гэж шийдлээ.

Энэхүү хаврын “синдром” гэгчийг үүсэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Юуны өмнө, хүний био хэмнэл юм. Амьд амьтан болгон амьдарч байгаа нутаг орондоо зохицсон био хэмнэлтэй байдаг. Халуун оронд бол борооны, хуурай гэсэн хоёр улирал байхад Монголд хавар, зун, намар, өвөл гэсэн дөрвөн улиралтай. Тэгэхээр хэдэн арван мянган жилийн хугацаанд энэ дөрөвт тохирсон хэмнэлтэй болсон байдаг. Жишээлэхэд, зун, өвөл харьцангуй тайван, тогтвортой улирлууд. Харин хавар, намар нь дандаа л ямар нэг “синдром” илэрч байдаг шилжилтийн үе гэж болно. Хүйтэн, урт шөнөтэй өвлийн улиралтай дасан зохицчихсон байтал хавар гэж салхи шуургатай, өвс ногоо бүр ч багатай, мал бүр эцэж турсан, өдөр нь уртассан, өөрөөр хэлбэл өвлөөс илүү их ажил, зүтгэл шаардсан улиралтай таарна. Өвлийн турш туйлдсан хүн ийм хүнд ачаа үүрэх хэрэгтэй болно. Тэгэхээр илүү ядардаг болж ирнэ. Мөн илүү их идэх шаардлагатай болно. Ийм үед сайхан ааштай, тайван налгар байх хэцүү. Сүүлийн хэдэн жилд нүүдэлчдийн амьдралд чанарын өөрчлөлт гарсан болохоос өнөөдрийнх шиг өлсвөл дэлгүүр ороод талх авчихна гэсэн ойлголт байсангүй. Хамгийн гол нь, энэ бүхэн хэдэн арван мянган жилийн туршид давтагдсаар байгаад бидний генд бичигдчихсэн байдаг гэж болно.

Тэгэхээр хавар болж өдөр уртсаад ирэхээр генийн санах ой нь сэргэж, илүү их ажиллана, идэх юм хайх хэрэгтэй болно, нойр багасах нь гээд бэлдээд эхэлдэг. Үр дүнд нь хүн өөрийн мэдэлгүй л уцаартай, бухимдуу болно, турна. Мэдээж, эдгээр шинж тэмдэг заримд нь маш хүчтэй, заримд нь сул, бараг илэрдэггүй шахуу. Тэгэхээр яах ёстой вэ? гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Хоол идэх дур сайн байдаг болохоор бага, багаар ойр ойрхон идэх хэрэгтэй. Мэдрэлийг хэт өдөөдөг өтгөн цай, кофе, утсан мах, хиам, халуун ногоо гэх мэтийг хэтрүүлэн идэх хэрэггүй. Нойроо гүйцэд авч байх хэрэгтэй. Өдрийн цагаар болж өгвөл цаг, цаг хагас унтаад авбал сайн.

Дараагийн хүчин зүйл, хүний биед физиологийн төвшинд гардаг өөрчлөлтүүд. Зуны турш хүний хуримтлуулсан эрч хүч өвөл дуусдаг. Тэгэхээр биеийн ерөнхий эсэргүүцэл болон дархлаа суларна. С витамины дутагдал үүснэ. Хавар нарны цацрагны идэвх нэмэгддэг болохоор түүнийг нь дагаад хүний мэдрэл өдөөмтгий болдог. Агаарын даралт огцом өөрчлөгдөх нь хэвийн үзэгдэл. Үүнээс болоод толгой өвдөх, бие таагүйтэх, даралт ихсэх, буурах нь олон гардаг. Цаашилбал, хаврын тэнгэрт хууртан ханиад томуу тусах нь элбэг. Ийм үед юуны өмнө жин хасах, өөхөө хайлуулах гэх мэт элдэв хоолны дэглэм барихаас зайлсхийх хэрэгтэй. Гол нь, хоолны дэглэм барихгүй байлаа гээд өөх тостой зүйл хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй. Дараа нь В-ийн бүлгийн амин дэмүүд нь мэдрэлийн системийн үйл ажиллагааг хэвийн болгож, уцаарламтгай байдлыг арилган арьс, үсийг өнгө алдахаас сэргийлнэ. В витамин нь мах, бяслаг, ээдэм, шар айрагны дрож зэрэгт ихээр агуулагддаг. Мөн эмчийн зааврын дагуу эмийн сангаас В амин дэм худалдан авч болох юм. Ер нь, хавар бүх төрлийн амин дэмийн хэрэгцээ нэмэгддэг болохоор витамины комплекс уухад илүүдэхгүй байх.

Гурав дахь хүчин зүйл нь, сэтгэл санааны өөрчлөлт. Гуних, гутрах нь яагаад хавар их ажиглагддаг талаар эрдэмтэн мэргэд одоо ч гэсэн нэгдсэн дүгнэлт гаргаж чадаагүй байдаг. Зарим нь, улирал солигдохтой холбоотой сэтгэл гутрал гэж оношилдог. Энэ сэтгэл гутрал нь гол төлөв 20-30 насны үед эхэлдэг бөгөөд эмэгтэйчүүд нь эрчүүдээс 2-3 дахин илүү өртдөг. Энэ байдлыг өдөр уртассантай холбон тайлбарладаг. Нарны гэрэл мэдрэлийн импульс үүсгэдэг. Энэ импульс нь нүдний торлогоос өнчин тархинд хүрдэг. Харин өнчин тархи нь гормон буюу дайвар ялгаруулах замаар хүний сэтгэл санаа, нойр, хоол идэх дур зэрэгт нөлөөлж байдаг. Ингээд өдөр богино, шөнө урт байхад зохицоод байсан өнчин тархи өдөр уртасан, импульс буюу цочроо их ирээд ирэхээр гормоны ялгарууулалтын горим нь алдагддаг аж. Ийм үед аль болох тайван байхыг хичээх. Ажлын дундаар 30-40 минут амрах, чөлөөтэй тайван байх зав гаргаж байх хэрэгтэй. Дасан зохицоод ирэхээр аяндаа хэвийн болно гэсэн үг.
Тэгэхээр хаврын “синдром” гэгч зүйл өөрт тань ажиглагдаад эхэлсэн бол энд өгөгдсөн зөвлөгөөг мөрдөж болно. Өөртөө таардаг жорыг ч ашиглаад үзэхэд юун буруу байх билээ. Гэхдээ юмыг тал талаас нь ул суурьтай авч үзэх ёстой. Нэг зүйлийн талаар хэлэлгүй өнгөрвөл энд бичсэн бүхэн хэт өрөөсгөл болох байх. Юу вэ гэвэл, зарим мэргэжилтэн “Хаврын “синдром” гээч зүйл огт байдаггүй, санаанаасаа зохиосон зүйл, наад үгийг чинь монголоор “хам шинж” орчуулдаг юм” гэцгээдэг. Хүний хувийн онцлог, зан аашийн өвөрмөц зүйлстэй холбоотой төдий гэж үздгийг хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, “синдром” нь хавар байна уу, зун байна уу огт ялгалгүйгээр зан аашийнхаа онцлогоос хамаарч дандаа л ажиглагдаж байдаг. Нэг л “синдром”-той хүн хаана ч, хэдийд ч “синдром”-той. Өөдрөг зантай дайчин хүн ямар ч улиралд өөдрөг л байна. Гутранги үзэлтэй, сулбагар хүн ямар үед хэвээрээ л байна гэдэг.

Ямартай ч байдаг гэж итгэдэг үү, байдаггүй гэж итгэдэг үү ялгалгүйгээр орчин үеийн амьдралын хэмнэлээс болоод он, цагаан сар гарсны дараах хэдэн сар нь эдийн засаг, санхүү, ажлын ачаалал гээд бүх талаараа хүнд байдгийг бүгд л хүлээн зөвшөөрөх байх. Тэгэхээр дээр өгөгдсөн зөвлөгөөнүүдийг хэрэглэж байхад  илүүдэхгүй байх.
0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
Синдром хүмүүс нь бүгд дэвшээд амаа таглуулсан одоо тайван байж болно
Хамгийн их уншсан