Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шууд ардчилал Багануурт

Монгол Улсын Ерөнхий­лөгчийн Тамгын газар, Шууд ардчилал хүрээлэнгээс “Шууд ардчилал” иргэдийн оролцоо”-той төсвийн менежмент үндэсний сургалтыг  орон нутгийн иргэдэд зориулан зохион байгуулж байгаа билээ. Сургалтаар “Орон нутгийн хөгжлийн сан”-д төсвөөс хуваарилагдсан мөнгийг аймаг, сум, багийн төвшинд нийтээрээ хэлэлцэж, хэрхэн зарцуулах талаар төрийн албан хаагчид болон нутгийн  иргэдэд танилцуулж байна. Энэ оноос Монгол Улсын нэгдсэн төсөв, мөнгөний бодлогыг шинэ механизмаар хэрэгжүүлж, цоо шинэ эрх зүйн орчин бүрдсэн. Өмнө нь, төсвийн наймхан хувь л Монголын 2,7 сая иргэнд хамаатай байсан бол шинэ орчин бүрдсэнээр төсвийн хөрөнгийн 30-40 хувийг ард иргэд хүртэх боломж нээгдэж буй. Сум бүрт “Орон нутгийн хөгжлийн сан”-г байгуулж, төсвөөс хөрөнгө очно. Харин эл хөрөнгийг сум орон нутагтаа ямар бүтээн байгуулалтын ажилд зарцуулах вэ гэдгийг орон нутгийн иргэд иргэдийн хурлаараа шийдэх юм. Үүний үр дүнд хөгжлийн сангийн төсөв хэн нэгэн даргын гарт бус иргэдийн мэдэлд очих юм. Энэ удаад “Шууд ардчилал-иргэдийн оролцоо”-ны талаар иргэд нь ямар мэдээлэлтэй байгааг сонсохоор Багануур дүүргийг зорьсон юм. Тус дүүрэг нь нийслэлээс 135 километр зайтай орших 62.2 мянган га газар нутгийг хамардаг.
Анх 1980 онд Багануурын район болон Монгол Улсыг нүүрсээр хангах томоохон суурин болж байгуулагджээ. Манай улсын хамгийн том аж үйлдвэрийн төвүүдийн нэг бөгөөд Монголын хамгийн том арван хотын нэг болох боломжтой хэмээдэг.


Ингээд “Шууд ардчилал-иргэдийн оролцоо”-ны талаар тус дүүргийн иргэд ямар мэдээлэлтэй байгааг сонслоо.

С.Эрдэнэчимэг: Сургууль нэмж баримаар байна

/Гуравдугаар хорооны иргэн/


Та хорооныхоо иргэдийн хуралд суудаг уу. “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн мөнгөөр ямар ажил хийх саналаа хүргүүлсэн үү?
-Манай хороо­ноос иргэ­дийн­хээ саналыг авч байна гэж надад юм дуулдаагүй. Хорооныхоо ажилтнаас ч би очиж асуусангүй. Харин хоёрдугаар хорооныхон хурлаа хийсэн гэсэн. Гэхдээ “Орон нутгийн хөгжлийн сан”-гийнх нь төсөв мөнгө нь ирсэн үгүйг мэдэхгүй юм.
-Танай хороонд одоо юу хэрэгтэй байна вэ?
-ЕБС-ийг л нэмж баримаар байна. Дүүргийнхээ төвөөс хол амьдардаг хүүхдүүдийн хувьд сургуульдаа ирж очих гэхээр унаа, тэрэг олдохгүй хэцүү байдаг.

С.Баттогтох: Нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй

/Нэгдүгээр хорооны иргэн/


-Танай хороонд шийдэх ёстой ямар асуудал байна вэ?
-Сургууль, цэцэрлэг, нийтийн зам талбай гээд нийгмийн шийдэх ёстой асуудал олон бий. Хавар гудамж шавар шавхай болоод орчныг их бохируулж байна. Бидний эрүүл орчинд амьдарна гэдэг хаана байна...

Л.Ууганбаяр: Шугам, сүлжээ инженерийн асуудлаа цэгцлэхээр болсон

 /Нэгдүгээр хорооны иргэн/


-Танай хороо иргэдийн хурлаа хийж санал хүсэлтийг нь авсан уу. Хороондоо юу хийхээр төлөвлөсөн талаараа хэлэхгүй юү?
-Манай гэр бүл  Сургалтын задгайд амьдардаг. Тэнд дулаан, цэвэр ус, бохирын шугамын асуудал хүнд байдаг. Өвөл болохоор хөлдөнө, дулаарахаар хайлаад шалбааг болж хүүхэд, явган хүн явахад хэцүү болдог. Иймээс иргэдээрээ хэлэлцээд шугам, сүлжээ инженерийн асуудлаа шийдүүлэхээр болсон.

Х.Намжилжав: Цэцэрлэг хэрэгтэй
байна

/Дөрөвдүгээр хорооны иргэн/


-Хорооныхоо ир­гэ­дийн хуралд сууж са­налаа хэлдэг үү?    
-Очдог. Харин хам­гийн сүүлд гарсан шийд­вэрийг нь мэдэхгүй байна.
-Ямар ажил хий­гээсэй гэж хүсч байна вэ?
-Цэцэрлэг хэрэгтэй байна. Намар хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж хонох шахам дугаарлан зогсдог.  Мөн нийтийн тээврийн хүртээмжийг нэммээр байна.


Л.Хонгорзул: Дөрөв, тавдугаар хорооны дунд нэг сургууль байвал зүгээр

/Дөрөвдүгээр хорооны иргэн/


-Танай хорооныхон иргэдийн хурлаа зарласан уу. Ямар бүтээн байгуулалтын ажил хийнэ гэж ярьж байна?
-Миний хувьд очиж уулзсан юм байхгүй. Хороогоор дамжуулан төсвийг захиран зарцуулна гэдэг нь зүйтэй. Хороо бол иргэдэд төрийн үйлчилгээг хамгийн түрүүнд хүргэдэг анхан шатны нэгж.  
-Таны хувьд хороондоо хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй гэж бодож  байна вэ?
-Сургууль. Сургуульдаа холоос ирж, очдог хүүхэд олон бий. Өглөө эрт явахаар унаа, тэрэг нь ирдэггүй. Өглөө 7:15 минутад уурхайн автобусанд дайгдахаар ажилчид нь сууж чадахгүй шахам. Гэвч унаагүйгээс хүүхдүүд ажилчдын автобусанд чихэлдээд ч хамаагүй явдаг. Дөрөв ,тавдугаар хорооны дунд нэг сургууль байвал зүгээр. Багануур дүүргийн 50 хувь нь гэр хороолол 50 хувь нь орон сууцанд амьдардаг юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан