Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэд төсөв захиран зарцуулах эрхээ мэдэхгүй байна

Байрны гадаа хоёр хөг­шин ярилцаж сууна. Насаар арай ахимаг нь манай хо­роонд өчнөөн сая төгрөг улсаас төсөвлөсөн гэнэ. Тэр мөнгөөр хорооны Засаг дарга байрнуудын гаднах хогийн цэгийг шинэчилж өгөх юм гэсэн. Уг нь, радиогоор иргэ­дээсээ санал асууж шийднэ гэж ярьж байна лээ гэхэд яриаг нь анхааралтай сонсож суусан хөгшин “Тийм үү. Энэ талаар дуулаагүй юм байна. Биднийг улсад хөдөлмөрлөж байхад дарга нар бүгдийг шийдэж, хэлснийг нь үг дуугүй дагадаг байсан. Энэ байдлыг халах эхлэл тавигдах нь гэтэл бас л хуучны арга барилаараа явах юм байна” хэмээн нэлээд уцаарлангуй ярьж суугаатай таарав. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс орон нутагт төсвийн эрх мэдэл шилжсэн. Өөрөөр хэлбэл, таны, миний амьдарч байгаа хорооны орон нутгийн хөгжлийн санд улсын төсвөөс шилжүүлсэн мөнгийг бид хуралдаад олонхийн санал авсан ажлыг хороондоо хийх эрхтэй болоод байгаа. Ийм эрхтэй болсноо иргэд төдийлэн мэдэхгүй байна. Учир нь, манайд дээрх зүйл шинэ, шинэлэг ажил. Өмнө нь амьдарч буй хороондоо хэдэн төгрөг байгаа, ямар ажил хийх гэж буйг хэн ч мэддэггүй байсан. Хорооны дарга иргэдтэйгээ уулзахаар хурал зохион байгуулахад ч тоотой хэд нь очдог байв. Одоо байдал 360 градус эргэлээ. Энэ бүхнийг “Шууд ардчилал-Иргэний оролцоо”-ны жилийн хүрээнд бий болгож чаджээ. Харин энэ талаар иргэдэд таниулан сурталчлах ажил дүүрэг, хорооны Засаг болон иргэдийн нийтийн хурлын даргад оногдож байна. Энэ ажил ямар төвшинд хэрэгжиж буйг сурвалжлахаар нийслэлийн Баянгол дүүргийн I хороог зорилоо. Биднийг очиход тус хорооны иргэдэд нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны иргэний оролцооны хэлтсийнхэн ухуулга таниулга хийхээр ирсэн байв. Тус хороо 20 орчим мянган хүн амтай ч хурлын танхимд 50 гаруй хүн цуглажээ. 

Баянгол дүүргийн Орон нутгийн хөгжүүлэх санд хоёр тэрбум 300 сая төгрөг  төвлөрсөн аж. Тус дүүрэг 23 хороотой бөгөөд хороо бүрт 100 сая төгрөг шилжүүлсэн байна. Тус дүүргийн I хорооны иргэдийн нийтийн хурлын дарга Ч.Ганболд энэ талаар  “Шууд ардчилал-Иргэний оролцоо”-ны хүрээнд төсвийн зарцуулалтад хяналт тавих, ямар ажлыг хаана хийх шаардлагатай байгааг иргэд нийтээрээ шийдэх ажлын эхлэл юм. Энэ зарчим 1990 оны ардчилсан хувьсгалтай дүйцэхүйц өөрчлөлт. Нэг тогтолцооноос нөгөө рүү шилжиж байна. Бид энэ мөнгөөр ямар ажил хийх талаар хороонд ирж буй иргэдээс санал авсан. Хорооны нутаг дэвсгэрт нэн түрүүнд хийх 10 ажлын жагсаалт гаргалаа. Тухайлбал, “Богд-Ар” хорооллын дундах хар замыг засах, амарч тухлах саад, дээврээс нь ус гоождог хэд хэдэн байрны дээврийг засах шаардлагатай гэж үзсэн. Одоохондоо шинэ ажил учраас санал авах, иргэдээ цуглуулах ажлыг XXI зуундаа зохицсон хэлбэрт оруулах ёстой. Иргэдийг хурлын танхимд цуглуулж гарыг нь өргүүлж санал авдаг арга хоцрогдсон. Бид ярилцаж байгаад төсөвт суулгаад бүх иргэддээ мессэж, мессенжэрээр зар хүргэдэг болох ёстой. Шууд ардчилал хөгжсөн оронд ч ийм жишиг тогтсон юм билээ” хэмээн ярив.

Гэтэл хорооны Засаг дарга нь хоёрхон ажилд зарцуулна гэх юм. Иргэдээсээ санал авч хийх ёстой ч цэмцгэр дүүрэг болох зорилтьн хүрээнд хо­роогоо хоггүй болгох ажилд зарцуулна. Гэр хорооллын өрх байдаггүй учир хоггүй болчихвол ажил нэг шатаар урагшлана гэж байв. Орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрсөн мөнгөөр эхний ээлжинд бүх байрны гадаах хогийн цэгийг нэг стандартынх болгож шинэчлэхээр бол­жээ. Учир нь, хогийн цэ­гүүд маш жижиг учраас га­дуур нь асгарч, хур хог байс­­хийгээд үүсдэг аж. Мөн но­гоон зүлэг байгууламжийг нэ­мэг­дүүлэхээр төлөвлөсөн бай­на. “Шууд ардчилал-Иргэ­ний оролцоо”-ны хүрээнд ай­маг, сум, баг, дүүрэг, хороо бүр нийтийн зар мэдээ сам­бартай байх ёстой гэсэн. Өөрөөр хэлбэл, уг самбараар дамжуулж иргэдэд мэдээ мэдээлэл өгч, зар түгээх юм. Харин тус хороо самбар хийлгэж амжаагүй байгаа гэх. Тус дүүргийн 23 хороо нэг стандарттай самбартай болохоор ярилцсан ч өнөөг хүртэл хийлгээгүй байна. Өмнө нь хоёр удаа хурал хийхдээ хэсгийн ахлагч нараар дамжуулан иргэдэд зар түгээсэн аж.

Тус хорооны Засаг дарга Р.Одонтунгалаг “Би ажлаа аваад гурван сар гаруй хугацаа өнгөрч байна. Манай хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэг, сургууль байдаггүй. Төмөр замын харьяаны болон хувийн тус бүр хоёр цэцэрлэгтэй. Тиймээс иргэд сургууль, цэцэрлэг барих санал хамгийн их тавьсан. Энэ саналыг бүх шатны улирдлагуудад хүргүүлнэ. Бид 2014-2016 онд хороондоо хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг ард иргэдээрээ хэлэлцүүллээ. Хурлаар 450 хүнд санал асуулгын хуудас тарааж саналыг нь авч, 160 хүнийг хуралдаа урьж оролцууллаа.  Орон нутгийг хөг­жүүлэх санд төвлөрсөн мөн­­гийг ямар ажилд зар­цуулах эсэхийг иргэд нийтийн хурлаараа шийддэг болсон тухай мэдээлэл иргэдэд сайн хүрсэн. Засаг дарга болсноосоо хойш 100 гаруй хүнийг хүлээж авч уулзахдаа ч энэ талаар хэлээд байна. Энэ ажилд иргэд маань идэвхтэй оролцож байгаа. Төрийн эрх барьдаг байгууллагыг сонгочихоод зүгээр суугаад байх биш, би өөрөө эзэн нь юм байна гэдгийг ухамсарлаж эхэлсэн” хэмээн ярив. Харин иргэд нь энэ талаар сонссоогүй, дуулаагүй гэж байх юм. Зарим иргэн ийн ярилаа. 

Ч.Дашдорж
/ I хорооны иргэн/

Манай хороонд 100 сая төгрөг төсөвлөсөн талаар огт сонсоогүй. Одоо л сонсч байна. Иргэд хуралд ирэхгүй байна шүү дээ. Ийм шийдвэрт иргэд дасаагүй байгаа байх. Хороо ямар ажил хийхээр төлөвлөснийг ч мэдэхгүй. 100 сая төгрөг гэдэг маш их мөнгө. Байшингийн дээвэр засах бус хогноосоо салах хэрэгтэй байна. Манай хороонд хог хамгийн тулгамдсан асуудал. Манай хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шаардлага хангахгүй үйлчилгээний төвүүд бий. Үүнийг зохион байгуулалтад оруулбал хороо цэгцэрнэ. Айл гэр дотроосоо цэвэр харагддаг. Гаднаасаа болж тэгж харагддаггүй. Би энэ хороонд 44 жил амьдарч байна. Өмнө болж байсан хурлуудад сууж байгаагүй. Хорооныхоо Засаг даргыг ч сайн танихгүй. Хурал болох талаар зар сайн тарааж байх хэрэгтэй байх. Одоо энэ хурлаас ямар шийдвэр гарахыг хэлж мэдэхгүй байна. Сонирхоод л сууж байя. Монголчууд хуралд сууж сураагүй хүмүүс шүү дээ. 100 сая төгрөгөөр хийх зүйл уг нь их байна даа.

Г.Дэлгэрбаяр
/I хорооны иргэн/
 
Орон нутгийг хөгжүүлэх сан байгуулж, манай хороонд 100 сая төгрөг суулгасан талаар анх удаа сонсч байна. Иргэдээсээ асууж  олонхийн санал авсан ажлыг хийх ёстой юм бол биднээс юу ч асуугаагүй шүү дээ. Хорооны үйл ажиллагаа, хурал хэдэн ахмадуудын дунд л явагддаг юм. Хорооныхоо хөгжилд залуучуудын оролцоог нэмэг­дүүлбэл хэрэгтэй баймаарсан. Ядаж л тэр мөнгийг иргэдэд зориулсан биеийн тамирын талбай байгуулж, нийтийг хамарсан үйл ажиллагаанд зарцуулбал зүгээр байх.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан