Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Тунгалаг” төрийн эх нь булингартжээ
“Ардчилал яллаа” гэж иргэд баярлаж байсан даа, сонгуулийн дараа. Гэтэл өнөөдөр ардчилал ялаад ямар ч нэмэргүй юм байна, төрийн толгойд хэн ч гарсан иргэдийн амьдралд өөрчлөлт гарсангүй гэж халаглаж сууна. Үнэндээ ардчилагчид нь иргэдийн итгэлийг хүлээж олонх болчихоод хайрыг нь даасангүй. Засгийн газар байгуулагдсан цагаасаа л хууль зөрчөөд эхэлсэн. Төрийн тэргүүн нь “төрийн албан дахь төрлийн хэлхээг тасална” гэж хэлсээр байхад төрийн алба нь тэр чигтээ л төрлийн хэлхээ болж гүйцэх нь. Төрийн өндөр албан тушаалтай л бол мэргэжилгүй, мэдлэггүй хамаагүй. Шууд л газрын дарга, ахлах мэргэжилтэн болгодог муйхар тогтолцоо Шинэчлэлийн Засгийн газарт бий болов. Бас болоогүй ээ, улаан цайм хууль зөрчсөн үйлдлээ “түр орлон гүйцэтгэгч” нэрийн дор хайцаалж, тус албан тушаалд нь баттай хадахыг оролдоно. Худлаа гэж маргаж магадгүй л дээ. Тэгвэл зарим нэг зүйлийг жишээ баримттай нь дурьдъя.

Халуун намраар л УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэнг Газрын тосны газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилж, саяхан жинхэлсэн. Өөр намынх ч байсан хамаагүй. Угтаа Г.Өлзийбүрэн нь МАН-ын бага хурлын гишүүн. Намынх нь гишүүний нөхөр болохоор яаж чадахгүй. Дээрээс нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүргэн Н.Дэнзэнгээ ЗГХЭГ-ын дэд даргаар, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дүүгээ БСШУЯ-ны Хуулийн хэлтсийн даргаар, УИХ-ын дэд дарга С.Баярцогт ах С.Баярбатыгаа Эрчим хүчний яамны газрын даргаар, эхнэрийгээ МУИС-ийн дэд захиралаар, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж ах Ш.Очирбатыгаа Нийслэлийн Өмчийн газрын даргаар, УИХ-ын гишүүн Ж.Батзандан ах Ж.Бат-Эрдэнийгээ “Монголын цахилгаан холбоо” компанийн захирлаар томилуулсан. Энэ бол зөвхөн тоотой хэд нь. Үүний цаана Засаг хамтран барьж байгаа Шударга ёс эвслийнхэн ч мөн л эхнэр, хүүхэд, нөхөр сүүдэр, ах дүү амраг садан, нууц амрагаа ч төрийн албанд томилуулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянгын нөхөр Баатархуяг “Монцамэ” агетлагийн захирал, Шадар сайд Д.Тэрбишдагвын дүү Д.Пүрэвдаваа Баянзүрх дүүргийн Засаг дарга болсон гээд тоочоод жагсаавал бас л урт дараалал гарна.

Харин нэг хүн ахыгаа төрийн албанд томилсныгоо эргүүлэн татсан нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тэрээр ах Ц.Арсландоржийгоо “Улаанбаатар зам засвар, арчлалт компани” НӨҮГ-ын даргаар томилсон байсныгаа олны хэл амнаас болж эргүүлэн татсан. Үүнийгээ шударга ёс гэж ярьж арай ч шоудахгүй байгаа юм. Магадгүй сонгууль дөхөхөөр “шударга л байцгаая л даа” гээд шоудаж байхыг үгүйсгэхгүй л дээ.

Төрийн албанд бор зүрхээрээ ажиллаж явсан хүмүүсийг хоморголон халж ах дүүсээ шургуулаад авлаа гэж гомдоллоод байгаа МАН-ынхны ч зөв л дөө. Нэг талаар АН-ынхны увайгүй үйлдэл боловч МАН-ынхнаас цусгүй өшөө авч байгаагийн нэг хэлбэр. Харин үүнд нь иргэд хохирсоор, хэлмэгдсээр...
Мөн сүүлийн үед махны үнэ өслөө нэг кг мах 1200 боллоо гэж МАН-ын дарга Ө.Энхтүвшин андуурч хэлсэн болохоос биш үнэн хэрэгтээ нэг кг махны үнэ 10000 гарчихаад байна.

Гэтэл ард түмэндээ хайртай, одоо л биднийг сонгоод өг, та нарын амьдралыг алга эргүүлэхтэй адил дөрвөн жилийн хугацаанд сайхан болгоно гэж хэлж сонгогдсон АН-ынхны зэс нь цухуйж эхэллээ.
Сангийн сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн гэрээг үзэглэж, түүнийгээ ямар ч алдаагүй, сайн гэрээ болсон. Ямар ч эрсдэлгүй гэж хэвлэлээр нэг ярьж сайрхаж байсан С.Баярцогт Швейцарын банкинд нэг сая ам.доллартай нь илэрлээ. Түүнийг нь шалгах эрх надад битгий хэл хуулийнханд байхгүй болохоор монгол мөнгөөр гурван сая төгрөг л байгаа гэж мэдүүлэв. Бүр монголчуудыг доромжилж байгаа юм шиг “Би мэдлэггүй дээ алдаа гаргалаа” гэж ирээд л нэг л их гомдсон, хамарссан хүний дүр эсгэж байна. Үнэн хэрэгтээ матрын нулимс унагаж л суугаа.

Зуд турханд нэрвэгдсэн малчид нь бүхэл бүтэн гурван сар ямар ч холбоо харилцаагүй болж цасанд боогдож, хэдэн малаа үхэхийг хараад гашуудаж суухад Засгийн газрын тэргүүн нь удирдагчдын хобби буюу ууланд авирч Бурхан халдун ууланд төөрөв. Зүгээр ч нэг мөрөөрөө төөрөхгүй, нисдэг тэрэг дуудаж авахуулаад л. Бүр нэг нисдэг тэрэг ч биш гурвын гурван нисдэг тэргээр авчрууллаа гэж хэвлэлээр шуугиж байна. Нэг нисдэг тэрэг нь нэг цаг нисэхэд л 5.6 сая төгрөг зарцуулдаг гэх. Нийтдээ 85 сая төгрөгөөр Бурхан халдун уулын оройд гарлаа гэж бичиж байна. Үнэхээр ийм их мөнгөөр ууланд авирсан бол харамсалтай л байна. Тэгснээс Дорнод аймгийн Халх гол суманд өвс тэжээл хүргэж өгсөн бол чамгүй л өвс хүрнэ дээ, даанч тэдэнд тийм сэтгэл байсангүй. Нэг л их шударга, шулуун хүний дүр эсгэж хошуу амаа янз бүр болгох ярих нь нөхөр Н.Алтанхуягийн гол имиж болов. “Татвар төлөгчдийн мөнгөөр өмнөх Засгийн газрынхан найрлаж байсан байна. Энэ мөнгөнд хоноцын сэтгэлээр хандаж байсан байна. Үүнийгээ иргэддээ хэлдэггүй байж. Харин бид бол ил тод, тунгалаг ажиллана” гэж ярьдаг хэрнээ татвар төлөгчдийн мөнгөөр ууланд авирчихаад таг чимээгүй суугаад л байх уу, Ерөнхий сайд аа. Үнэхээр ил тод, тунгалаг ажиллаж байгаа бол ууланд авирахдаа ийм их мөнгө зарцуулаад байх уу. Мөнгө нуусан нэгнийгээ хайцаалсаар үлдэх үү. Сонгоод, биднийг л сонгоод тэгвэл та нарын амьдрал сайжирна, хамтдаа урагшлъя гэж хэлж сонгогдчихоод одоо харин нүүрээ буруулж, татвар төлөгчдийнхөө мөнгөө ёстой нэг дураараа дургиж, ард түмнээ доромжлоод байгаа юм шиг санагдаад байна шүү.

Д.Намнан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан