Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдийн засгийн нөхцөл байдлыг судлах ажлын хэсэг байгуулахаар болов

Манай улсад Үнэт цаасны тухай хууль 1996 онд батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Тиймээс одоогийн нөхцөл байдалд уялдуулан өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн Засгийн газар үзэж уг хуулийг шинэчлэн найруулсан хуулийн төслөө өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэв. Өөрөөр хэлбэл, үнэт цаасны зах зээлийн хууль эрхзүйн орчинг улам боловсронгуй болгох шаардлагатай гэжээ. Монгол Улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт компанийн хөрөнгийн нийт үнэлгээ 1.5 тэрбум ам.доллар байдаг бол АНУ-д дотоодын нийт бүтээгдэхүүнтэй нь ойролцоо байх жишээтэй. Харин манай дотоодын нийт бүтээгдэхүүн 10 тэрбум ам.доллар. Уг хууль батлагдсанаар иргэд мөнгөн хөрөнгөө дан ганц банкинд хадгалах бус хувьцааны зах зээл рүү оруулах боломжийг бий болгох давуу талтай гэсэн. Мөн иргэдийн үнэт цаасны аюулгүй байдал болон компанийн хувьцаа худалдаж авах, арилжих явдлыг өргөн хүрээтэй болгох боломж ч бүрдэх юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан “Бид санхүүгийн механизмаа зөв тогтоох шаардлагатай байна. Үүнтэй уялдуулан Банк санхүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг нэн яаралтай батлах ёстой. Дээрх хоёр зүйл дутуу байгаа тохиолдолд Үнэт цаасны тухай хууль бүрэн дүүрэн хэрэгжиж чадахгүй” гээд тодорхой зохицуулалтыг энэ хуульд тусгаж өгөх боломж бий эсэхийг хууль санаачлагчдаас асууж тодруулав. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Үүнийг дагалдаад маш олон хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн бариад байгаа. Гэхдээ Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг оруулж ирээгүй. Энэ талаар хуулийн төсөл боловсруулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Удахгүй өргөн барих барих” гэв.
Үнэт цаасны тухай шинэ хууль батлагдсанаар орон нутгийн иргэд тухайн аймаг, сумандаа үйл ажиллагаа явуулж буй брокер диллерийн компаниудаар дамжуулан  хөрөнгийн биржид хувьцаа арилжих эрхтэй болж байна. Мөн ХААН, “ХАС” банк ийм үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваад байгаа гэсэн. Цаашид цахим хэлбэрээр оролцох боломж иргэдэд олгохоор ажиллаж буйгаа ч хууль санаачлагчид дуулгалаа. Ингээд тус хуультай дагалдах хуулийн төслүүдийг байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар дэмжиж, УИХ-ын чуулганы хуралдаанд уншиж танилцуулахаар болов.

Үүний дараа Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Манай эдийн засгийн байдал янз бүрийн шалтгаанаас болж муудаж байна. Уг хуульд өөрчлөлт оруулах бус хүчингүй болгосон ч болох юм. Уг хуулийг хэлэлцэхээс өмнө эдийн засагт бий болоод буй хүндрэл бэрхшээлийг ажлын хэсэг гарган судалж, яаралтай арга хэмжээ авах цаг болжээ. Жилийн дотор гадаадын хөрөнгө  оруулалт 40 хувиар багасна гэдэг аюул. Тиймээс нэн даруй санал боловсруулах ажлын хэсэг байгуулсан нь дээр” гэлээ.  Харин энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Дэлхийн эдийн засгийн байдал амаргүй байгаа. Тиймээс хамтарч ажиллах шаардлагатай. Энэ хуулиас гадна бид Монгол Улс хөрөнгө оруулалтын нэг хуультай байх ёстой гэж үзэн хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байгаа” гэв. Ямартай ч эхний ээлжинд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохи­цуулах тухай хуульд өөрчлөлт оруулахыг Байнгын хорооны гишүүд дэмжин УИХ-ын чуул­ганаар хэлэлцүүлэхээр боллоо. Харин Ц.Нямдорж гишүүний саналыг гишүүдийн олонхи дэмжсэнээр Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулах болов.

Үүний дараа Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханаас дараахь тодруулгыг авлаа.

-Үнэт цаасны тухай өмнө нь гарсан хуулиа манайхан бүрэн гүйцэд хэрэгжүүлж чадахгүй байгаа. Тухайлбал, “Оюу толгой”, “Таван тол­гой” компани 10 ху­виа нийтэд арилжаалах ёс­той. Гэтэл одоо болтол арилжаалахгүй байна. Энэ юунаас болж байна вэ?
-Стратегийн орд газруудын 10 хувийг Монголын Хөрөнгийн бирж арилжаалан   гэж заасан байдаг.  Үнэт цаас гаргагчийн зүгээс ямар нэг асуудал орж ирэхгүй байна. Бид Төрийн  өмчийн хороонд энэ талаар байнга шаардлага тавьдаг. Энэ хуулийг хөрөнгийн зах зээл дээр ажиллаж байгаа хүмүүс болон бүхий л хөрөнгө оруулагч хүлээж байгаа. Хэрэв уг хууль батлагдвал давхар бүртгэлийн асуудал шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, гадаадад хувьцаагаа арилжаалдаг манай компаниуд ч орж ирэх боломжтой. Нөгөөтэйгүүр хууль батлагдсанаар бүтээгдэхүүн гаргах зах зээл бүрдэнэ гэж үзэж байгаа. Хуулиа хэрэгжүүлэх шаардлагыг байнга тавьж ирсэн.

-Хууль нь батлагдлаа гээд хэрэгжүүлэх механизм нь ахиад л бүрхэг хэвээр байгаа юм биш үү?
-Төрийн өмчийн хорооноос уул уурхайн стратегийн компаниудыг “Эрдэнэс МГЛ” ХХК-д авч байгаа. Үүнтэй уялдуулан тэнд бүтэц зохион байгуулалт нь өөрчлөгдөж, дүрмийн шинэчлэлтийг Засгийн газраар шийдэх байх. “Багануур”, “Шивээ-Овоо”, “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тус компанийн мэдэлд шилжүүлсэн. Одоо бид уг хуулийнхаа заалтыг үндэслэн тэднийг 10 хувиа арилжаалахыг “шахна”. Би “Эрдэнэс МГЛ”  ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд байдаг.   
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан