Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгуулийн сурталчилгаа мөлхөж байна шүү

Нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байгаа хүмүүс сонгуулийн даллага авчээ. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийг оролцуулах юм бол нэг жилийн хугацаанд таван удаа санал өгч, сонголт хийнэ. Гэхдээ ирэх ням гарагт зарлагдсан УИХ-ын сонгуулийн дахин санал хураалтыг ч бас энд оруулсан болно. Зарим хэсгийн хороонд УИХ-ын сонгуулиар сонгогчдын ирц хүрээгүйгээс дахин санал өгсөн хүмүүсийг энд тооцвол зургаан удаа санал өгнө гэсэн үг. Өнгөрсөн зун болсон УИХ-ын сонгуулиар СХД-т нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр, Д.Сумъяабазар нар сонгогчдын 28 хувийн дэмжлэг авч чадаагүйгээс дахин сонгуульдахаар болсон. Олон сар хүлээгдсэн санал хураалт ашгүй нэг болох нь. Гэхдээ санал хураалтаас өмнө нэлээн юм болох нь тодорхой.

Хэдийгээр дахин санал хураалт явуулахад сурталчилгаа хийх ёсгүй ч хуулийн цоорхойг ашиглахаа харин ч сайн мэдэж буй. Санал хураах өдрийг товлосон мөчөөс эхлэн сурталчилгаа эхэлсэн. Тэгэх тэгэхдээ тун ч далд маягтай байгаа л даа. Үүнийг зөвхөн энэ дүүргийн иргэд л илүү сайн мэдэрч буй. Хороон дарга, хэсгийн ахлагч нар үе үе айлуудаар зочилж, сэм тандсан шигээ явцгааж байна.
Тэднийг хамгийн үр дүнтэй ажилладаг ухуулагч ч гэдэг. Санал авах өдөр ойртох тусам эргэлтийн давтамж ойртоод л эхлэх вий. Хэн нэг нэр дэвшигчийг дэмжээрэй гэх утга яриандаа сэм хавчуулаад л... Сонгуулийн сурталчилгаа гэдгийг зурагт хуудас, танилцуулга, сонин хэвлэл, нэрийн хуудаснаас харж танилцан, телевизээр үздэг гэж хүмүүс ойлгодог. Танил тал найз нөхөд рүүгээ утас цохиж, тэрийг дэмжиж саналаа өгөөрэй гэсэн захиас хэлж байгааг сурталчилгааны нэг хэлбэрт тооцох ёстой. Ийм төрлийн далд болоод мөлхөө маягийн сурталчилгаа энэ долоо хоногт улам эрчээ авчээ. Саяхан нэг танил руу минь үл таних дугаараас залгаж “Хэний төлөө саналаа өгөх гэж байна. Тэр нэр дэвшигчийг дэмжиж саналаа өгөөрэй” гэж тушаах, гуйхын завсар хэлээд утсаа тасалчихлаа, ингэж болдог хэрэг үү гэж гайхаж байв. Зарим нь бүр дайллага цайллагад урьж, залан, амраахгүй байгааг нь хэд хэдэн хүн баталж буй юм.  
Ингэхэд сонгогч руу утсаар ярьж, мессэж бичиж сурталчилгаа хийж болохгүй гэсэн заалт УИХ-ын Сонгуулийн тухай хуульд бий юү. Хуулийг ухаж, шүүрдээд үүнийг хориглосон заалт байсангүй. Ер нь дахин санал хураалт явуулах болоход “Манай нэр дэвшигчийн төлөө саналаа өгөөрэй” гэсэн уриалга бүрийг нь сурталчилгаа хийсэнд тооцдог байх ёстой мэт. 

Сонгуулиар таньдаг мэддэг нэгнийг нь эсвэл бусдадаа арай гайгүй нэр нөлөөтэйгөө айл айлд урилгагүй зочлуулж, нэр дэвшигчээ чухам л сайн, сайхан хүн гэж магтуулан, хүмүүст нөлөөлдөг аргыг мөлхөө ухуулга гэлцдэг. Үүн шиг л нааштай хандаж мэдэхээр сонгогч руу танил тал, найз нөхдийг нь яриулж, нэр дэвшигчийнхээ төлөө санал өгүүлэх гэж ятгах нь мөлхөө сурталчилгаа биш гэж үү. Энийгээ эрхэм нам, улс төрийн хүчний сонгуулийн менежерүүд санал хураалтын ирцэнд санаа зовсон хүмүүс гэж өөрсдийгөө хаацайлах аргаа аль хэзээний олсон байна билээ. Уг нь сонгогчдоо санал өгүүлэхэд анхаарч, идэвхтэй оролцохыг хэсгийн хорооныхон дааж авсан баймаар.

УИХ, НИТХ, орон нутгийн сонгуулиар үл таних утасны андууд байн байн залгаж, эсвэл мессэж нисгэж нэр дэвшигчдээ санал өгөхийг гуйж байсан. “Сонгогч та саналаа заавал өгөөрэй” гэж хандаж буй уриалга бус өдөржин сонгуулийн мэдээлэл, сурталчилгаанд төөрсөн хүмүүсийн утсыг ч тайван байлгасангүй гэсэн гомдол их байсансан. Хэрэв СХД-ийн сонгогч таныг санал авах 14-ний ням гараг хүртэл нэр дэвшигчдээ сурталчлаад байвал сонгуулийн тойргийн хороондоо гомдол гаргах эрхтэйгээ санаарай. Анхаар цаана чинь Сонгинохайрханд сонгуулийн сурталчилгаа араас чинь гэтэж, мөлхөж байна шүү...
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан