Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Амарбаясгалан: Хөвсгөл аймгийн ИТХ тарсанд тооцох хуулийн үндэслэл байгаа
Хөвсгөл аймгийн АН-ын гишүүн Д.Амарбаясгалантай ярилцлаа.

-Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэдэг статус байх ёстой, ёсгүй гэж нэлээн маргасан. Янз бүрээр ч хүлээж авсан. Хөвсгөл аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр та ажилласан болохоор асуумаар байна?
-Ерөнхий сайд яагаад Хөвсгөл, Дорнодод Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилов гэхээр өмнөх жишгийн дагуу гаргасан шийдвэрийг харгалзан үзсэн. 1996 онд нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайдаас томилж байсан. 2000 онд үүрэг гүйцэтгэгч томилж байсан. 2004 онд бол дөрвөн ч аймагт үүрэг гүйцэтгэгч томилсон. Жишээлбэл, Хөвсгөл аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг томилж, зургаан сарын дараа жинхэлж байсан. 2008 онд Хэнтий аймагт МАН /хуучнаар МАХН/-аас томилж байсан гэх мэт жишгүүд бий. Энэ жилийн хувьд Ерөнхий сайдын гаргасан шийдвэрээр Үндсэн хуулийн цэцэд МАН-ынхан хандсан. Гэхдээ түр хугацаагаар үүрэг гүйцэтгэгчийг томилсон болохоор захирамжийг цуцалсан.

-Хөвсгөл аймгийн ИТХ-аас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайд томилох боломжгүй гэдгээ хэд хэдэн удаа тайлбарласан. Гэтэл хоёр, гурван удаа буцаагаад байхад яагаад ганцхан хүнээ зүтгүүлээд байдаг юм бол?
-Орон нутгийн сонгуулиас хойш хэд хэдэн он тоолол дурдмаар бай­на. Арваннэгдүгээр сарын 21-нд орон нутгийн сонгууль дууссан. Мон­­­­гол Улсын засаг захиргаа, ну­таг дэвсгэрийн нэгж, түүний удирд­­­­лагын тухай хуулийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сон­­­гуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасан байдаг. Арваннэгдүгээр сарын 28-нд ИТХ-ын анхдугаар хуралдаан болсон. Анхдугаар хуралдаанаар ИТХ-ын дарга, Тэргүүлэгч, Засаг даргад нэр дэвшүүлж сонгоод Ерөнхий сайдад өргөн барьсан. Гэвч арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Ерөнхий сайд нэр дэвшүүлсэн Лхагвасүрэнгийн Ганболдыг томилохоос татгалзсан. Томилох, татгалзах эрх Ерөнхий сайдад байдаг.

-Татгалзах үндэслэлүүд гэж нэлээн хэдэн зүйл хэлээд байсан?
-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.5-т Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна гээд таван зүйл заасан. Төрийн алба хаасан байх гэсэн шаардлагыг Ганболд хангаагүй. Тодорхой хэмжээнд ашиг сонирхлын зөрчилтэй, АТГ-т ч юм уу шалгагдаж байгаа бол тухайн хүнийг томилох шийдвэр гаргахгүй байх үндэслэл бий. Зөвхөн ганц хууль бариад биш хэд хэдэн хуулийн үндэслэлүүд харгалзаж, тухайн нэр дэвшигчийг батлах, үгүйг нь шийддэг. Зарим тохиолдолд зөвхөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиа барьдаг. Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хуулийн заалтыг үндэслэдэг тохиолдол бий. Аймаг орон нутгийн удирдах албан тушаалтныг томилохдоо заавал АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тодруулдаг. Хэрэв Ерөнхий сайд томилохоос татгалзсан бол тэр өдрөөс нь хойш 15 хоногийн дотор зохих шатны ИТХ  хуулийн дагуу дахин нэр дэвшүүлж, эргээд өргөн барина гэдэг. ИТХ хариуцлагатай хандаж, хуулиар тавигдсан шаардлага хангасан хүнийг нэр дэвшүүлэх ёстой.

-Аймгийн ИТХ хэдэн удаа хуралдсан юм бэ?
-Аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар тухайн жилийн төсөв хэлэлцээд өнгөрсөн. Гуравдугаар хуралдааныг арванхоёрдугаар сарын 17-ны өдөр зарлан хуралдуулсан. Энэ хурлаар нэр дэвшигчийг буцаасан Ерөнхий сайдын албан тоотыг авч хэлэлцсэн л дээ. Буцаахдаа үндэслэл тооцоогүй учир хүлээж авахгүй гэж санал хурааж олонхийн дэмжлэг хүлээсэн. Мэдээж, Ардын нам олонхи учраас дэмжсэн л дээ.

-Суудлын тооны харьцаа хэд хэд билээ?
-Сонгуулийн дараа бол 41 суудлаас 23 нь МАН, 18 нь АН байсан. Сонгуулийн үед МАН-аас хууль зөрчсөн үйлдлүүд гарч байсан. Найман тойрогт хууль зөрчсөн гэж бид хууль хяналтын байгууллагад хандсан ч нэгээс бусдыг нь хэрэгсээгүй. Сурталчилгааны материалд шашны холбогдолтой зүйл ашигласан гэж үзээд шүүх шийдвэрээ гаргасан. Гэвч өнөөдрийг хүртэл сонгуулийн хороо хуралдаж, хууль зөрчсөн нэр дэвшигчийг татаж, сонгуулийн хуулийн дагуу дараагийн хүнийг оруулж ирэхгүй байна. Хэрэв энэ асуудал шийдэгдэх юм бол АН-19, МАН-22 суудалтай болно.

-Л.Ганболдыг гурав дахь удаа Засаг даргад нэр дэвшүүлжээ дээ?  
-Гуравдугаар хуралдаанаас Ган­бол­дыг нэр дэвшүүлж, дахин явуу­лахаар ИТХ шийдсэн юм. Энэ нь эргээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2 дугаар заалтыг зөрчиж байдаг. Олонхийн суудал авсан нам түрүүлж нэр дэвшүүлнэ гэж байгаа. Дараа нь бусад нам эвслийн бүлэг, төлөөлөгч Засаг даргад нэр дэвшүүлэх эрхтэй гэж хуульд бий. Нэр дэвшүүлж нууцаар санал хурааж, олонхийн санал авсан нь сонгогдсон тооцогдон Ерөнхий сайдад өргөн баригдана. Гэтэл бусад нам эвслийн бүлэг, төлөөлөгчдийн хуулиар олгосон нэр дэвшүүлэх эрхийг зөрчиж байгаа юм. Ганцхан хүн нэр дэвшүүлээд илээр санал хураасан нь хууль зөрчсөн үйлдэл. Ерөнхий сайд энэ хурлын процедурыг хараад та нар дахиад хууль зөрчсөн байна гээд ЗГХЭГ-аас хуульзүйн зөвлөмжтэйгөөр арванхоёрдугаар сарын 24-ний өдөр буцаасан байдаг. Анх нэр дэвшигчийг томилохоос татгалзсан өдөр нь  арванхоёрдугаар сарын 11. Үүнээс хойш 15 хоногийн дотор ИТХ хуралдах ёстой гэхээр 24-нд буцаахад 25, 26-нд хурлаа хийж болох байсан. Гэтэл хурлаа хийгээгүй. Хурал зарлах эрх Тэргүүлэгчдэд бий. Есөн тэргүүлэгчийн зургаа нь МАН-ынх. Тэгээд 28-ны өдөр хурлаа зарлаад 29-нд ИТХ хуралдсан. Энэ нь дахиад л хууль зөрчсөн шийдвэр. Бусад хуралдааныг болох өдрөөс 15 хоногийн өмнө зарлах ёстой. Харин арванхоёрдугаар сарын 28-нд Тэргүүлэгчид хуралдаад тов гаргалаа гэхэд нэгдүгээр сарын 13-наас хойш болчихож байгаа юм. Ийм байтал 22 цагийн дотор ИТХ хурал зарлаж, хуралдуулна гэдэг хууль зөрчсөн зүйл. Аймгийн ИТХ-ын дэгээ ч мөн зөрчсөн.

-Хууль зөрчиж байгаа хүмүүс хурлын дэгийг тоохгүй байлгүй?
-Тухайн хурлаар хэлэлцэх асуудлыг гурваас доошгүй хоногийн өмнө хэвлэж, төлөөлөгчдөд хүргүүлнэ гэдэг. Гэтэл юун гурван хоног 22-хон цагийн дотор шийдээд хурал зарласан. Тэгэхээр нам эсвлийн бүлэг тухайн хэлэлцэх асуудлын талаар са­нал, дүгнэлтээ боловсруулах, тө­лөөлөгчид ирж хуралдаа суух бо­ломжийг бүрдүүлэх ёстой. Жар­гал, Эрдэнэбулган сумаас гарсан төлөө­лөгч замдаа цас зуднаас болоод хурал дууссан хойно ирж байх жишээтэй.

-Зарим төлөөлөгчийг хуралд оролцуулахгүй байх сонирхол байжээ дээ. Ялангуяа, эсрэг намын төлөөлөгчдийг?
-Үүнийг бас үгүйсгэхгүй. Яаран сандран хуралдаан зарлаж байгаа нь хууль зөрчиж буй гэж манай намын бүлэг тэдэнд бичгээр анхааруулсан боловч авч хэлэлцээгүй. Хуулиараа гацаа үүсгэх нөхцөл байдал бий болгочихож байгаа юм. 2012 оны арваннэгдүгээр сард орон нутгийн сонгууль болсноос хойш өнөөдрийг хүртэл Засаг даргаа сонгож, томилуулж чадахгүй байсаар. Ийм нөхцөл байдал үүсэхээс сэргийлж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тухайн ИТХ сонгуулийн санал хураалтын өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаанаа хийж, хурлын дарга, Засаг даргаа сонгож чадаагүй бол тарсанд тооцно гэж заасан.

-Тэгвэл Хөвсгөл аймгийн ИТХ тарсанд тооцно гэсэн үг үү?
-Тийм. Хугацааг нь аваад үзвэл нэгдүгээр сарын 10-наар 50 хоног нь дуусах байсан. Хурлаа удаа дараа хууль бусаар зарлан хуралдуулж, шаардлага хангахгүй хүнийг дахин зүтгүүлээд, ИТХ тарах гээд байгаа нөхцөл байдал үүссэн учраас Ерөнхий сайд Засаг даргын үүрэг гүйцэтгэгч түр хугацаагаар томилсон.

-Түр хугацаагаар гэдгийг нь тодруулбал?
-Ер нь, үүрэг гүйцэтгэгч томилоход хугацаа зааж болдоггүй. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага орон нутгийн сонгуулиар байгуулагддаг. Засаг дарга бол хосолмол удирдлагатай. Нут­гийн өөрөө удирдах ёсны байгууллага хур­лаа хийгээд Засаг даргаа хэлэлцэх асуудалд Ерөнхий сайд юм уу, хөндлөнгийн хэн нэгэн саад хийж болохгүй. Тиймээс хугацаа тавьж болохгүй. Үүрэг гүйцэтгэгчийг бүр томилж бас болохгүй. Заавал нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас санал орж ирэх ёстой. Мэдээж, хуулийн хүрээнд шаардлага хангасан хүн оруулж ирэх учиртай. Хэрэв 2-3 сар гээд хугацаа зааж, үүрэг гүйцэтгэгч томилбол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд халдаж байгаа хэрэг. Ингээд түр томилогдсон хугацаа нь дууссан.

-Ингэхэд та ямар хугацаагаар түр томилогдон ажиллав?
-Нэгдүгээр сарын 7-нд Ерөнхий сайдын захирамж гарч намайг Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон. Тэгээд очтол МАН-ынхны зүгээс ажил төрөл хийлгэхгүй байх эсэргүүцэл тулгарсаар байгаад хоёрдугаар сарын 1-ний өдөр ажлаа авсан. Хоёрдугаар сарын 27-ны өдөр Ерөнхий сайд түр захирамжаа цуцалсан. Календарийн хоногоор 27, ажлынхаар бол 20 орчим хоног ажилласан. Энэ хугацаандаа аймаг орон нутгийн хувьд хийх ажил их, сэтгэл гаргаж ажиллахад боломж бай­даг гэх мэтчлэн олон зүйл ажиглалаа.

-Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэдэг албан тушаалтан ямар нэг шийдвэр гаргах эрхтэй байдаг уу?
-Өмнөх жишгүүдээс харахад Засаг даргын үүрэг гүйцэтгэгчдийн гаргасан шийдвэр хүчинтэй байдаг. Ажиллаж байх үедээ гаргасан захирамжууд хүчинтэй, хэрэгжээд л явж байна.

-Таны гаргасан шийдвэр ямар асуудлаар байсныг сонирхож болох уу?
-Гэр хорооллын нэг литр усны үнэ хоёр төгрөг байсныг нэг төгрөг болгосон. 2012 оны зургадугаар сард Засгийн газрын гаргасан тогтоол байдаг юм билээ. Гэр хорооллын усны үнийг байшин хорооллын усны үнэнд дөхүүлэх гэж. Тээвэрлэлттэй  холбоотой усны үнэ  ийм зөрүүтэй байдаг юм. Энэ тогтоолыг хэрэгжүүлээгүй байсныг мөрдүүлсэн. Намайг үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх үед аймаг цас, зудтай байсан. Хоёр удаа аймгийн онцгой комиссыг хуралдуулж газар дээр нь шийдвэр гаргасан.

-Халаа сэлгээний тухайд?
-Халаа сэлгээ, томилгоог өөр зарчмаар шийдье гэж бодсон. Хэт улс төржилт, намчирхал, нутаг ус гэдэг байдлаар томилгоонууд явдаг. Намчирхахгүй, нутаг ус гэхгүй, тухайн ажлаа яг хийх ёстой гэдэг гурван шаардлага тавьсан. Шаардлага тавихад биелүүлэхгүй бол хоёр удаа сануулга өгнө, гурав дахиа давтагдвал энэ ажилд тохирохгүй гэдэг зарчмаар ажлаас хална гэж илэрхийлсэн. Ажиллах хугацаандаа нэг ч хүн халж, чөлөөлөөгүй. Нэг агентлагийн дарга нас барсан учраас дотроос нь түр үүрэг гүйцэтгэгч томилсон юм. Түүнээс биш томилгоо, халаа сэлгээ хийгээгүй. Хэдийгээр богино хугацаанд үүрэг гүйцэтгэсэн ч гэлээ уртасгасан цагийн хуваариар ажиллаж байлаа.

-Хөдөө, орон нутагт улс төржүүлэх, намчихрах нь дээд цэгтээ хүрсэн. Ерөнхий сайд таныг Хөвсгөл аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилоход хүмүүс хэрхэн хандаж байсан бэ?
-Ажил авахад МАН-ынхны зүгээс саад болж байсанаас биш төрийн албаныхан хүндрэл учруулаад байсан нь харьцангуй бага. ЗДТГ-ын даргыг эс тооцвол. ЗДТГ-ын дарга Засаг даргын тамгыг нуух, авч алга болох зохисгүй үйлдэл гаргаж байсан. Тухайн аймгийнхаа төрийн албаны хамгийн өндөр албан тушаалтан нь ЗДТГ-ын дарга байдаг юм. Төрийн албаны салбар зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай албан тушаалтан ийм зохисгүй үйлдэл гаргасан.

-Өмнөх Засаг дарга Л.Цэрэн­жавтай холбоотой сөрөг мэдээлэл маш их байдаг. Мөнгө зувчуулсан хэрэгт орооцолдоод байсан Засаг даргаас ямар янзтай аймаг хүлээж авсан бэ?
-Хөвсгөл аймагт мэдээллийн ил тод байдал гэдэг зүйл байхгүй. Газрын асуудлаар өмнөх Засаг даргыг буруутгадаг. Үнэхээр буруугүй бол аймгийнхаа кадастрын зургийг гудамжинд байрлуулчих ёстой. Энэ бол нуугаад байх зүйл биш. Иргэдээс маш их шүүмжлэл ирдэг юм билээ. Өмч хувьчлал, төрийн албаныхны хууль бус томилгоо, тендер тойрсон асуудлууд гэх мэтчлэн маш олон гомдол, шүүмжлэлийг Засаг даргадаа иргэд ирж хэлдэг. Иргэд хувийнхаа асуудлыг шийдүүлэх гэж Засаг даргатай уулздаг биз гэж боддог байсан юм. Гэтэл төрийн байгууллагуудын ажил үйлчилгээний доголдлыг шүүмжилж, засч залруулах хүмүүс их ханддаг юм билээ. Хэдий богино хугацаанд ажилласан ч гэлээ иргэдтэй, иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалт хийдэг байсан.

-Ерөнхий сайд танд яагаад санал тавьж, үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм бол гэж олон хүн сонирхож байгаа?
-Би Хөвсгөл аймагт төрсөн. Орон нутгийн сонгуулиар Хөвсгөл аймгийн Ардчилсан намыг удирдаж оролцсон юм. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр ийм байх ёстой гэдгээр иргэдэд нээлттэйгээр мэдээлэл өгч байлаа. Үүнд, Ерөнхий сайдын хувиар, АН-ын даргын хувьд ч гэсэн үнэлэмж өгсөн. Иймээс Хөвсгөл аймгийн ИТХ-ын АН-ын бүлэгт Шинэч­лэлийн Засгийн газрын ажлыг дэмж­сэн боломжууд байна гээд түр хуга­цаагаар итгэл хүлээлгэж ажиллах чиг­лэл өгсөн юм. Монгол Улсын Зас­гийн газраас үүрэг оноож байхад хү­лээж авахгүй байж болохгүй шүү дээ. 

-АН-ын олон фракцын аль нэгэнд тэр дундаа Алтангадаст харьяалагддаг уу?
-Үгүй. 1996 оноос хойш АН-д өнөөдрийг хүртэл бүх шатанд нь ажиллаж байсан. Аль нэг фракцад харьяалагддаггүй.

-Хөвсгөл аймгийн АН-ыг хуваагдмал гэдэг?
-Сайн талаас нь харвал АН-ынхан асуудалд ил тод ханддаг. Нөгөө талдаа,  удирдлагаар очиж байгаа хүн ч, баг нь ч зарим талаар олонхийн шийдвэрээ хүндэтгэх ойлголцол дээр алдаа гардаг байх. Талцсан зүйл одоо ч гэсэн бий. Гэхдээ АН-ын үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Дүрмийн шинэчлэлтээ хийж байгаа болохоор ойлголцдоггүй асуудалд анхаарч, залруулан, цэгцлэх байх.
Өөр аймгийн намууд ч гэсэн хуваагдмал зөрчилтэй байдаг. Дүрэм амьдрал дээр хэрэгжихээрээ гажуудаад байдаг зүйл бий. Үүнийгээ залруулах байх.
 
-Одоо таны албан тушаал, статус?
-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын наймдугаар багийн иргэн, Хөвсгөл аймгийн АН-ын гишүүн Амарбаясгалан.

-Тэгэхээр таныг үүрэг гүйцэтгэгчээр томилсон захирамж цуцлагдахад Засаг даргын тамга тэмдгийг хэнд шилжүүлсэн бэ?
-Хуучин Засаг дарга Цэрэнжав эргээд ажиллаж байгаа.
 
-АТГ-т шалгагдаж  байсан асуудал нь шийдэгдсэн хэрэг үү?
-Ямар асуудал байгаад иргэд хууль хяналтын байгууллагад хандаж, өнөөдрийг хүртэл АТГ-т шалгагдаад байдгийг сайн мэдэхгүй юм. Эцсийн байдлаар шүүхээс ийм буруутай гэж нотлогдоогүй учраас миний хувьд хэлэх нэмэлт тайлбар алга. Иргэдээс энэ хүнтэй холбоотой маш их гомдол, шүүмжлэл ирдэг.

-Ингэж хэрэгт холбогдож шалгуулж байсан өмнөх Засаг даргаар аймгаа удирдуулж байна гэдэг хуулиа зөрчих үндэслэл мөн үү?
-Үндсэн хуульд Засаг даргыг дөрвөн жилийн хугацаагаар томилно гэж байгаа. Гэтэл нөгөө талаас дараагийн Засаг дарга томилогдтол өмнөх Засаг дарга ажил үүргийг нь гүйцэтгэнэ гэдэг заалтаа баримталсан гэж тайлбарладаг. Энэ маягаар яваад байвал дөрвөн жил ч болчихож мэднэ. Хэрэв ингэх юм бол орон нутгийн сонгууль гэж хийгээд шинэ баг томилох шаардлага байхгүй. Ийм гацаанд оруулахгүйн тулд 50 хоногийн дотор томилж чадахгүй бол ИТХ тарна гэдэг заалтаа бариад жигдрүүлж авах ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл гацаа үүсгээд яваад байна.

-50 хоног гэдэг хугацаа аль эрт дууссан юм биш үү. Хөвсгөл аймгийн ИТХ тарсанд тооцохоор болсон гэж ойлгож болох нь ээ?
-Хуулийн заалтын үг бүрийг нь өөр өөр тайлбарлаад байгаа. Анхдугаар хуралдаанаа хийгээд Засаг дарга нэр дэвшүүлж чадаагүй гэж МАН-ынхан хэлдэг. Бид бол нэр дэвшүүлсэн гэж үздэг. Нэр дэвшсэн хүн нь шаардлага хангаагүй буцаад байгаа шүү дээ.

-Засаг даргад нэр дэвшигч Л.Ганболдоос өөр нэр дэвшигч үнэхээр МАН-д байхгүй хэрэг үү?
-Хууль зөрчин байж гурав дахиад оруулж ирсэнийг нь харвал өөр сонголт байхгүй юм байлгүй.   

-Сонгууль болж шинэ ИТХ байгуулагдсан байтал өмнөх дөрвөн жил Засаг дарга байсан хүн одоо болтол Хөвсгөл аймгийг удирдаж буй нь иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд халдаж байгаа зүйл биз дээ?
-Аль, аль тал нь хуулиа тайлбарлаад маргаад байгаа. Маргаад байвал яваад л байна. Иймээс бид хоёр ч асуудлаар шүүхэд хандсан. ИТХ-ын дөрөвдүгээр хурал хууль бус болсон гэдгээр бид Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захиргааны хэргийн шүүх анхан шатны шийдвэрээр хууль зөрчсөн нь тогтоогдсон. МАН сонгуулийн үед мөрийн хөтөлбөртөө амлалтын шинжтэй олон зүйл оруулсан юм. Энэ асуудлаар нь сонгуулийн хороонд хандсан. Сонгуулийн хороо шийдвэр гаргах бүрэн эрхтэй байтал хууль хяналтын байгууллагаар яв гэж биднийг буцаасан л даа. Хууль зөрчсөн сурталчилгаа хийснийг цагдаагийн байгууллагаар шалгуулаад шүүхээр шийдүүлэх гэж хандсан. Илэрхий амлалт өгсөн мөрийн хөтөлбөрийг нь аудитын байгууллага хянаад заалтууд сонгуулийн хууль зөрчсөнийг хэлсээр байтал Сонгуулийн хороонд МАН бүртгүүлсэн. Сонгуулийн хороо аудитын дүгнэлтийг авч үзэлгүйгээр МАН-ыг бүртгэсэн. Энэ бүртгэлээ хүчингүй болго гэж бид шүүхэд хандаад байгаа. Амлалтын шинжтэй мөрийн хөтөлбөр ирсэн байхад бүртгэж авсаныг Сонгуулийн хороо бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийдээгүй байгааг даруй  шийдэхийг Захиргааны хэргийн шүүхээс даалгасан. Хэрэв Сонгуулийн хороо хуралдаад шийдвэрээ гаргах юм бол МАН-аас нэр дэвшсэн бүх хүн эргэн татагдах ёстой. Ингээд шүүхийн шийдвэр шат шатандаа давж заалдаад ч юм уу эцсийн байдлаар гарлаа гэж бодоход Хөвсгөл аймгийн ИТХ-д МАН-ын төлөөлөгч байхгүй болно гэсэн үг.

-Нэг намын төлөөлөл ИТХ-д тэр аяараа байхгүй болно гэхээр чинь...
-Тэр нь чухал биш л дээ. Жилийн жилд сонгууль дандаа будлиан, маргаан, хууль зөрчсөн асуудалтай болдог. Тэр болгонтой хариуцлага тооцох л ёстой. Дараа дараагийнхтаа сануулга болох учиртай.

-Энэ ойлгомжгүй, ээдрээтэй байдлаас гарах гарцыг яаж харж байна вэ. Нэлээн л сунжрах янзтай юм байна даа?
-МАН-ынхан сонгуулиар бид ялсан учраас Засаг даргаа нэр дэвшүүлж, томилуулна гэдэг. Хуульд бол ялсан нам нь Засаг даргаа томилуулна гэж байхгүй. Олонхийн суудал авсан нам нь Засаг дарга түрүүлж нэр дэвшүүлнэ. Бусад намд ч нэр дэвшүүлэх эрх нь байгаа. Үүний дараа санал хурааж томилуулна гэж бий. Өмнөх дөрвөн жилийн хугацаанд Хөвсгөл аймагт АН 12 суманд ялалт байгуулсан юм. Гэхдээ тэдний долоо дээр нь МАН-аас Засаг дарга томилж, ажиллуулсан. Тухайн үедээ МАН аймагт ялсан учраас ажил явуулахын тулд тодорхой хэмжээнд харилцааны хувьд нэг намын удирдлага илүү ойлголцоно гэж үзээд ингэж шидсэн байх. Өнөөдөр ч гэсэн АН Засгийн эрхийг барьж байгаа болохоор Хөвсгөл аймгаа, орж ирэх хөрөнгө оруулалтаа ч тэр, ажиллах байдлаа бодоод ч тэр засаглалаа АН барих боломжтой гэж бид МАН-ын бүлэгт санал тавьсан. МАН-ын төлөөлөгч ИТХ-ын даргаар ажиллаж байна. Цаашид хамтраад ажиллах бололцоо байгаа. Ямар ч байсан бид шүүхийн шийдвэр гарахыг хүлээж байна даа. Аль ч намаас Засаг даргад нэр дэвшиж, томилогдлоо ч гэсэн Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж, шинэчлэл хийгээсэй л гэж бодож байна.  
0 Сэтгэгдэл
яг Дорнод аймагтай адилхан зүйл болоод байгаа юм байна даа. Шүүхээр л эцэслэхээс нааш шийдэж чадахгүй гацчихаад бйагаа юм. өөр арга байхгүй л дээ.
Энэ залууг мэднэ. Компаниа яаж босгож байсныг, бас өөрөөс нь ч гэсэн туслалцаа авч байсан. Хөвсгөл аймагт бол олдохгүй шинэ боловсон хүчин, маш чадвартай , толгой сайтай , уйгагүй хөдөлмөрч ,ер нь л айхтар даа айхтар хүмүүс ч тэгж магтддаг юм билээ, үнэхээр нутаг орноо хөгжүүлье гэж бодож буй хүмүүс байвал наад залуу чинь танай аймгийн дарга мөн гэдгийг хэлэх байна.
Энэ залууг мэднэ. Компаниа яаж босгож байсныг, бас өөрөөс нь ч гэсэн туслалцаа авч байсан. Хөвсгөл аймагт бол олдохгүй шинэ боловсон хүчин, маш чадвартай , толгой сайтай , уйгагүй хөдөлмөрч ,ер нь л айхтар даа айхтар хүмүүс ч тэгж магтддаг юм билээ, үнэхээр нутаг орноо хөгжүүлье гэж бодож буй хүмүүс байвал наад залуу чинь танай аймгийн дарга мөн гэдгийг хэлэх байна.
Хамгийн их уншсан