Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цөөнх довтолж, олонх хамгаалсаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг суудалдаа үлдлээ
Байгуулагдаад найман сарын нүүрийг үзэж байгаа Шинэчлэлийн Засгийн газрын хувь заяа ганхаж эхэлсэн ч энэ удаа олонхийн хүчээр авч үлдлээ. УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайд С.Алтанхуягийг дангаар нь огцруулахыг хүссэн өргөдлөө УИХ-ын даргад өргөн барьж, эл хүсэлтийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар авч хэлэлцэв.

Байнгын хорооны хурал тусгай дэгийн дагуу явах ёстой ч МАН-ынхан анхнаасаа өөрийнхөө эртнээс найруулсан хөтөлбөрийн дагуу явуулсан юм. Нэг ёсондоо хуралдааны уур амьсгалыг гартаа авахыг санаархсан гэх үү дээ. Энэ нь ч тэдэнд хүчтэй байдлыг бий болгох талтай байсан биз. Өөрсдөө асуулт асуух болохоороо амьсгаа даран сонсож, Засгийн газрын танхимын сайд нарыг хариулах гэхээр шуугилдаж хурал үймүүлэх нь тэр. Байнгын хорооны дарга А.Бакей өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд модон алх, дөш нийлүүлж хашгирахаас илүүтэй МАН-ынхныг номхотгох арга хэрэглэж чадахгүй байсан нь олонд ил байв.

Юутай ч зохион байгуулалтад орсон МАН-ынхан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах зургаан үндэслэл гарган тавьснаас гурав нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн багц асуудал байв. Тодруулбал, Хөвсгөл, Дорнод аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг Үндсэн хуульд үл нийцүүлэн томилсон гэж үзсэн. Мөн Тагнуулын Ерөнхий газрын дэд даргыг үндэслэлгүйгээр томилсон гэх шалтгаан тэдний нэг үндэслэл. Хуульд Тагнуулын дэд даргыг чөлөөлөх тохиолдолд нэг бол эрүүл мэндийн шалтгаанаар, өөрийн хүсэлтээр, ажлын хариуцлага алдсан тохиолдолд чөлөөлөх учиртай аж. Гэтэл дээрх үндэслэлийн аль нь ч тодорхойгүй байхад хууль бусаар томилж, Гүйцэтгэх ажиллагааны туршлагагүй хүний томилсон гэж үзэж байгаа нь тэдний гуравдахь үндэслэл.
Эдийн засгийн өсөлт өмнөх жилүүдтэй харьцуулахад хоёр дахин буурсан, хойд, урд хөрштэй харилцах харилцаанд сэв суулгаж, болчимгүй мэдэгдэл хийсэн, төсвийн мөнгийг үр ашиггүй үрж, ууланд зугаалсан гэх үндэслэлийг сөрөг хүчин Ерөнхий сайдыг огцруулах бас нэгэн үндэслэл гэж тайлбарлаж байна.

Ардын намынхны асуулт ч мөн л ийм байдлаар эхэлсэн. УИХ-ын гишүүн М.Энхболд үг хэлэх, асуулт асуух эрхийг хамгийн түрүүнд авч Ерөнхий сайд Н.Алтанхуягаас, “Та хоёр хөрштэйгээ найрсаг байх ёстой байдал болчимгүй алхам хийсэн. Үүнээс гадна бас нэгэн болчихмгүй мэдэгдэл хийсэн нь Туркийн Ерөнхий сайдыг ирэхэд “Манай Турк улсын иргэд эцэг өвөгдийнхөө нутагт чөлөөтэй зорчих эрх нээгдлээ” гэж хэлсэн байна. Энэ чинь цахим ертөнцөд цацагдаж олон хүний эгдүүцлийг төрүүлж байна. Үүнд тайлбар өгөөч” гэсэн асуулт тулгав. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, “Би мэдэгдэл хийгээгүй. Зөвхөн визтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн” гэсэн бөөрөнхий хариулт өгсөн юм. Ер нь, энэ өдөр Н.Алтанхуяг сайд нэлээд будилсан. Спортын хэллэгээр бол багагүй шатсан шүү. Сөрөг хүчнийхний асуултад хариулахдаа хальтарч УИХ-ын гишүүн Я.Содбаатар, “Ерөнхий сайд аа та Үндсэн хууль зөрчиж, Хөвсгөл, Дорнод аймагт үүрэг гүйцэтгэгч томилсон. Энэ чинь тэгээд хууль ёсных гэж хэлж чадах уу” гэсэн асуултад, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, “Та нар яасан их хууль мөрддөг юм. Надад тэр хууль чинь хамаагүй шүү” гэж хэлж байдалд оров.

Засгийн газрын чиг үүрэг нь УИХ-аас баталсан хууль тогтоомжийн биелэлтийг хангах ёстой. Гэтэл Засгийн газрын тэргүүний энэ болчимгүй үг бас л ардын намынханд алга таших боломж олгов. Гэхдээ ингэж мэдэгдсэн ч гүйцэтгэх засаглалын тэргүүн “Би Үндсэн хууль зөрчөөгүй. Намайг Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ-ийн дүгнэлт одоо ч гараагүй байна. Та нар намайг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол баталгаа, нотолгоогоо гаргаад ир” гэх хариултыг гишүүдийн асуусан асуулт болгонд хариулж, “Та нар намайг Үндсэн хууль зөрчсөн болгож харагдуулах гээд байгаа энэ увайгүй үйлдлээ боль” гэж аргадсан, арга ядсан хүний дүрд хувилж хариулж байсан.

Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягт шүүмжлэлтэй хандах нэг зүйл бол Монгол Улсын эдийн засгийн бууралттай холбоотой асуултад үнэхээр тодорхой хариулт өгч чадахгүй байгаа нь харагдсан. Уг нь, Сангийн сайдын албыг хашч байсан хүн эдийн засгийн бууралт юунаас үүдэлтэй байгааг төвөггүйхэн хэлж чадах учиртай. Тэгээд ч Ерөнхий сайд Монгол Улсын эдийн засаг, гадаад худалдаа, экспорт, импорт гээд бүх л зүйлийг анхааралдаа байлгаж, салбарын сайдаас байнга мэдээлэл авч байх учиртайг сөрөг хүчин хэлж байсан. Гэвч Ерөнхий сайд эдийн засгийн холбогдолтой асуултад бөөрөнхий хариулт өгч, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын амыг дагуулсаар байсан юм.

Харин сөрөг хүчнийхэн ч өөрсдийнхөө хэлсэн үгэнд ороогдсон зүйл гарсан. Сангийн сайдаар ажиллаж байхдаа ахмадуудад 330 мянган төгрөгийг тойрогтоо тараасан тухай асуудлыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваад хэлж, энэ нь хууль бус болохыг анхааруулж, хууль бус зүйлийн эсрэг тэмцэх болно гэдгээ хэлсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Би шударга юманд дургүй”  гэж хэлж Засгийн газрынханд нэг оноо бэлэглэсэн юм.
Энэ мэтээр эдийн засгийн бууралт, мах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшны өсөлт зэргийг тойрч маргасан Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаас Ерөнхий сайдыг суудлаас нь түлхэх оролдлого бүтэлгүйтсэн. Учир нь, байнгын хорооны олонх нь Ардчилсан намынхан. Ардын намынхнаас энэ байнгын хорооны хуралдаанд хоёрхон гишүүн хамрагддаг учир ийн хүчгүйдэв.

Хуралдаанд хөндлөнгийн байр сууринаас хандаж, тэднийг шүүмжилсэн хүн бол С.Дэмбэрэл. Тэрээр, “Монгол Улсын сүүлийн 20 жилийн замнал МАН, АН-тай салашгүй холбоотой. Эдийн засгийн хурдаж, өсөлтийг танай нам бууруулсан гэх нэгэн рүүгээ буруугаа чихэх нь танай хоёр намд алинд нь зохихгүй. Тэгэхээр сайн сайханд ч тэр, муу муухайд ч тэр танай хоёр нам л холбоотой. Өнөөдөр нэг нь арай гэж өсгөсөн эдийн засгийг танайх буулгалаа гэж шүүмжилж байна. Хүн шүүмжилж, муулах амархан. Үнэн хэрэгтээ тэр эдийн засгийн өсөлт чинь та нарт бус жирийн айлын босгоор давж орох ёстой. Гэтэл тэгэхгүй байна” гэв. Нэг талаас номлол ч юм шиг хэрнээ, бодит байдал дээр сөрөг хүчний яриад байгаа шиг эдийн засгийн өсөлт гэр хороололд амьдарч байгаа жирийн нэгэн ажилчин айлд орохгүй байгаа нь үнэн. Махны үнэ өнөөдөр гэнэт өссөн ч юм биш. Өмнөх Засгийн газарт ч гэсэн махны үнэ өдөр ирэх тусам өсч л байсан. 500 төгрөгөөр өссөн мах 100 төгрөгөөр буурч, бодит байдал 400 төгрөгт л захирагдаж байсан. Ийм л замыг туулж ирсэн. Өнөөдөр ч тэр л замаар явж байгаа.
Өнөөдрийн сөрөг хүчин нь ийм замыг үлдээж, өнөөгийн олонхи нь энэ замаар замнаж байгаа нь маргах аргагүй үнэн.

Үүнийг мартаж, тээнэглэсэн олонхи, сөрөг хүчин хоёр өнөөдөр ширээний ард сууж, алдаа оноогоо дэнслэв. Амжилтыг эс олсон цөөнхийнхөн Н.Алтанхуягийг энэ удаа огцруулж чаддаггүй юм аа гэхэд дараагийн удаа заавал огцруулна гэж хорхойтой араандаа зууж байгаагаа олон нийтийн өмнө  мэдэгдлээ.

Д.Намнан
0 Сэтгэгдэл
урьдаилгаа төлбөр, зээл 2 оо ялгаж мэдэхгүй МАН ийн гишүүн байна гээд боддоо,хүү төлдөг л бол зээл гэдгийг 1р ангийн хүүхэд ч мэднэдээ
Хамгийн их уншсан