Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Улаан: Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч, сөрөг гэсэн зэрэглэлд орсон байна
Сангийн сайд Ч.Улаан сэтгүүлчидтэй уулзлаа. Түүний сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсныг хүргэж байна.

-Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа нэлээд доголдож эхэллээ. Саяхан л гэхэд Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр хаагдсан байна. Эдийн засгийг бүрдүүлж байгаа салбар бол уул уурхайн салбар. Тэгэхээр энэ салбараас орж ирэх мөнгө багасаж байгаа юу?
-Уул уурхайн салбарын үйлдвэрлэл буурч байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, үүнээс болж үйлдвэр хаагдлаа, экспортын бүтээгдэхүүн багассанаас болсон гэж яриад байгаа. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт буурсан уу гэвэл буурсан. 2010 онд 1.6 тэрбум ам.доллар, 2011 онд 4.6, 2012 онд 3.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ. Энэ юунаас болж буурав, юу нөлөөлөв. Сонгуулийн өмнө батлагдсан гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нөлөөлсөн гэж ярьдаг. Гэтэл бодит байдалд энэ сөрөг нөлөө үзүүлэх ямар ч хориг зүйл заалт байхгүй. Ганцхан журам л тогтоосон. Энэ нь уул уурхай, банк, мэдээллийн технологийн салбарт мөрдөгдөнө. Дэлхий дахинд өндөр ашиг олдог салбар гэдгийг зөвшөөрдөг. Тиймээс энэ хууль гараад хөрөнгө оруулалт зосглоо гэдэгтэй санал нийлэхгүй байгаа. Тэгвэл ямар өөрчлөлт гарав гэхээр Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд бууруулчихлаа гэж хэлж байна. Ингэж хэлэх логик холбоо бий. Түүнийг хайхаар уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг харилцан ашигтай байх зарчимд нийцүүлэх зорилгоор тогтвортой байдлын гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ, бүтээгдэхүүн хуваах гэрээг боловсронгуй болгоно гэсэн зорилт байгаа. Энэ зорилт зөв шүү дээ.
Оюутолгойн гэрээ монголын ард иргэдэд нэн ашиггүй болсон гэдгийг маш олон үзүүлэлтээр баталсан. Гэрээ хэрэгжих явцдаа хөрөнгө оруулалтаа хоёр тэрбум ам.доллараар хэтэрсэн. Юунд зарцуулсан гэдэг нь тодорхойгүй. Ингэснээр монголын талд өр нэмэгдэж, ашиг хүртэх хугацаа 30 жилээр цаашилсэн. Тиймээс энэ гэрээг эргэж харахаас өөрцгүй.
Тавантолгойн орд газрыг эргэлтэд оруулна гэж бид хүлээсэн ч 350 сая ам.долларын урьдчилгаа авч, нүүрсээр төлнө гэж хэлсэн. Зарчим нь зөв. Гол нь нүүрсээ өгөхдөө тэр үеийн үнээс тонн тутамд 20 ам.долларын доогуур өгнө гэж гэрээлсэн. Ингээд хоёр жилийн хугацаанд 170 сая ам.долларын нүүрс нийлүүлжээ. Гэхдээ 40 гаруй сая ам.долларын алдагдал хүлээсэн. Одоо цаана нь 180 гаруй сая ам.долларын өр байна. Үүнд нүүрсээ өгье гэхээр дахиад 60 сая ам.долларын алдагдал хүлээх гээд байна. Нүүрснийхээ үнийг эргэж хянаж үзье гэхээр анхны гэрээгээр явна гэж байгаа. Тэгвэл 180 сая ам.долларыг төлье, тэгээд шинээр гэрээ хийе гэхээр дэгээнд орсон. Энэ нь таван жилийн хугацаанд нүүрсээ нийлүүлнэ гээд гэрээлчихэж. Тэгэхээр ямаан дээр тэмээний гарз гарах гээд байна. Бүр дээрээс нь нүүрсээ дахин таван жил нийлүүлнэ гээд гэрээ хийсэн байна. Үүнийг дагаж байсан жижиг компаниуд үйл ажиллагаагаа зогсоож, хөрөнгө оруулалт багассан. Тиймээс би хөрөнгө оруулалт багассанд эмзэглэхгүй байна. Зөв тийшээ явахын өмнөх түр зогсолт гэж бодож байгаа.Өөрчлөлт мэдээж зөв зүгт явна.
Эдийн засгийн өсөлт удааширлаа гэж шүүмжилж байгаа. Өөр сонирхол дээр суурилсан, хөөрөгдсөн эрэлт хэрэгцээтэй эдийн засгийн өсөлт байсан юм биш үү. Эдийн засгийн өсөлт болгон хүнд хэрэгтэй биш. Хөөсөн өсөлт бол хоосон байдаг юм. Алдагдалтай л өсөлт байж, бидэнд ийм өсөлт хэрэггүй. Ийм өсөлтөөс бол орд, газраа, эх орноо алдахад хүрнэ. Тиймээс эдийн засгийн өсөлтийг бодитой түвшинд хүргэнэ. Ер нь, хэрэггүй үйлдвэрүүд хаагдах нь зөв.

-Баялгийн сангийн тухай хуульд Сангийн яам ямар байр суурьтай байгаа вэ. Энэ сангийн орлого ямар эх үүсвэрээс бүрдэх вэ?
-Энэ хуулийн төслийг Сангийн боловсруулж байна. Баялгийн сантай болох ёстой гэсэн итгэл үнэмшилтэй байгаа. Энэ нь Тогтворжуулалтын сангаас эрс ялгаатай. Тогтворжуулалтын сан нь хөдөлгөөнгүй, мөнгө хуримтлагддаг. Одоогоор 330 орчим сая тэрбум төгрөг бий. Энэ мөнгө хэзээ ашиглагдах вэ гэхээр ДНБ-ны гурав хувиас доошгүй хэмжээний алдагдал бий болсон гэнэтийн үед төсвийн савалгааг арилга зорилготой юм. Баялгийн сан бол байгалийн баялгийнн орлогоос бүрдэнэ. Энэ нь өөрөө өөрийгөө өсгөж, аривжиж байх, ирээдүйд чиглэсэн байх юм. Олсон хөрөнгө оруулалтынхаа ашгаас ард иргэдэд хувь хүртээх юм. Төмөр сүргийн зарчмаар явах юм. Ийм сан бий болгохын тулд нэлээд хатуухан бодлого, тууштай зүтгэл хэрэгтэй. Бидний нэг сураагүй зүйл бол хүслээ хязгаарлах. Хүслээ хязгаарлаж чадвал ирээдүйгээ хамтад нь бий болгож чадна.
-Төсвийн алдагдалыг хоёр хувьд барих хууль гарсан. Эхний улирлын байдлаар орлого ямар байгаа бол?
-Нэгдүгээр улиралд төсвийн орлогын төлөвлөгөө 13 орчим хувиар тасарсан. Гэхдээ бид зайлшгүй санхүүжилтээ өгсөн. Бараа ажил үйлчилгээний зардал багагүй саатсан. Тэгэхээр элдэд томилолтыг багасгаж, үргүй зардлыг тэвчихийг шаардаж байна. Гадаад зээлийн төлбөрийг жаахан хойш тавьсан. Хөрөнгө оруулалтын санхүүжилт хойшлогдож байна.
-Хүний хөгжлийн 21 мянган төгрөгийг авч чадаагүй байгаа хүмүүст энэ мөнгийг өгөх зорилгоор 34 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан гэсэн. Энэ мөнгийг өгөх боломж бий юу?
-Энэ мөнгийг өгөхөд 34 тэрбум төгрөгийг суулгасан. Мөнгөө авч чадаагүй шалтгаан нь бичиг баримтын зөрчилтэй байсан. Бид хоёрдугаар улиралд өгч дуусгана. Ахмадуудад өгөх нэг сая төгрөгийн сүүлийн хагасыг нь өгөхөд 120 тэрбум төгрөгийг өгч дууссан байгаа. Зөрчилтэй ганц нэг хүн байхыг үгүйсгэхгүй.

-Бондын хүү 35 тэрбум төгрөг хүрлээ. Энэ нь өрийн дарамт үүсгэсэн гэж ярьж байна?
-Бондын төлбөр графикаараа л явж байгаа. Жилдээ 71 сая ам.доллар, эхний хагаст 35 сая ам.доллар төлнө. Дарамт үүссэн зүйл байхгүй. Бондыг хатуу гэрээгээр авсан. 2017 хүртэл хагас жил 35 сая ам.доллар төлнө. Чингис бонд дэлхийн зах зээл дээр хоёр дахь зах зээлийн арилжаанд орж байгаа. Хоёрдахь зах зээлд ажиллаж байгаа эрсдлийг Монгол Улс хүлээхгүй. Манай бондын үнэ өндөр болчихсон үе. Үүний нөлөө нь Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаатай холбоотой. Өчигдөр Монгол Улсын зээлжих ритингийн тогтоодог компани Монгол Улсын зэрэглэлийн үнэлгээг бууруулсан байна. Монгол өмнө нь тогтвортой гэсэн зэрэглэлтэй байсан. Одоо харин BB сөрөг гэсэн үнэлгээтэй болжээ. Ер нь, Чингис бондыг тойрч маш их ярьсан, буруу зөрүү мэдээлэл гадагшаа гарсан. Бидний жижиг хөдөлгөөн дэлхийд мэдэгдэж байна. Тиймээс Монгол Улс хариуцлагатай байх ёстой. Бондын зориулалт нь макро эдийн засгийг тогтворжуулах зорилгоор ашиглагдаж байгаа.
Зарим хүмүүс өдөр тутам 260 сая төгрөг өдөрт ургсгаж байна гэж ярьж байгаа. Өнөөдөр 800 сая төгрөгөөс хямдаар барьдаг цэцэрлэг байхгүй. Нэг өдөрт нэг цэцэрлэг гэж зохиомол айдас гаргах хэрэггүй. 260 сая төгрөгөөс битгий ай. Монголбанк бодлогын хүүгээр арилжааны банкиудад эх үүсвэр зээлдэг. Үүний хүү бууж байна. Тэгвэл 1.5 тэрбум ам.долларыг Монгол банкны бодлогын хүүгээр цааш нь зээлдүүлээд хэдий хэмжээний хүү авч байгааг бодоод үзээрэй. Чингис бондын нэг өдөр төлөх хүүгийн хэмжээнээс хоёр дахин их эх үүсвэр тэнд төвлөрч байна. Тэгвэл 50 хувийг нь бондын хүүд, 50 хувиар нь ашгаа нэмэгдүүлээд явж байна. Арилжааны банкуудын дундаж хүүгээр бодохоор гуравны нэгийг нь банкинд нь өгөөд, гуравны хоёрыг нь өөртөө ашиг болгоод үлдэж байна. Энэ бол эдийн засгийн зөв хэлбэр.
-Гадаад өрийн хэмжээ хэдэд хүрсэн бэ?
-Гадаадад өгөх нийт өр 9.8 их наяд төгрөг байгаа. Үүнийг хуульд хатуу заасан. 12013 оны хувьд Монгол Улсын өр ДНБ-ний 50 хувиас хэтрэхгүй байх ёстой. Энэ болзлыг хангаж байгаа. Цаашид бууна.

-Хөрөнгө оруулалт багассанаас болоод татвар буурна. Тэгэхээр татварыг нэмэх үү?
-Татвар нэмэх бодлого байхгүй. Оюутолгой дээр татварыг нэмээгүй. Оюутолгойг татвараа төлөхийг л шаардаж байгаа.
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөхөөр ширээний ард суусан гэж байгаа. Үүний үр дүн юу байна?
-Ширээний ард хэлэлцээрт суусан, сар болгон уулзаж байна. Өмнө нь Засгийн газрын гишүүн Оюутолгойн хуралд нэг ч удаа сууж байгаагүй юм билээ. Харин бид зөв гольдролд оруулахыг хичээж байна.
-Орлого тасалдаж байгааг хэрхэн нөхөх вэ. Нөхөх боломж байгаа юу?
-Орлого тасалдвал ямар эрсдэл гарах вэ гэдгийг бүгдийг нь тооцоолсон. Сангийн яамны анхаарч байгаа зүйл нь эрсдэлийн удирдлага. Эрсдэлийн үнэлгээр маш дэлгэрэнгүй хийж байна. Орлого 20 хувиас дээш тасарвал хөрөнгө оруулалтаа багасгана, урсгал зардлаа хязгаарлана, хэрэглээгээ багасгана гэх мэт прогноз байгаа. Бүр хүнд байдалд орвол хэрэглээгээ л багасгана. 

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан