Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Нямдорж: Н.Алтанхуягийн Засгийн газар энэ янзаараа удаж магадгүй
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцсэн ч олонхи нь авч үлдсэн. Тэгвэл энэ Засгийн газрын үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой ярилцлаа.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Ерөнхий сайдыг огцруулахаасаа илүүтэй өнгөрсөн хугацааны алдаа дутагдлыг шүүмжилж ярих шиг боллоо. Таны хувьд энэ хурлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Би 1991 оноос хойш 11 Ерөнхий сайдыг мэднэ. Үүнээс дөрвөн Ерөнхий сайдын газарт сайдаар ажиллаж байсан. Нэг Ерөнхий сайдын Засгийн газарт хууль зүйн тэргүүн дэд сайдаар ажиллаж байлаа. Бараг таван Засгийн газарт ажилласан хүн дээ. Хоёр их гүрний дунд байдаг жижиг үндэстний зовлонг мэдэхийн дээдээр мэдэрдэг. Тэр утгаараа Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэдэг байр суурьтаа хатуу зогсдог. Энэ асуудлыг сөхөж ярихад “Болж байгаа юм уу. Цаг нь мөн юм уу” гэдгээ бүлгийн хурал дээрээ хэлсэн. Бүлэг олонхиороо дэмжээд асуудлыг тавьсан болохоор би улс төрийн соёрын хувьд дэмжих үүрэгтэй. Өнөөдрийн энэ хэлэлцүүлгийг хараад сууж байхад ерөнхийдөө асуудлыг тавьсан нь зөв болжээ гэж бодлоо. Яагаад гэвэл Ерөнхий сайд төрийн хэрэгт хэрхэн хандаж байна, найман сарын дотор эдийн засгийн өсөлтийг 0 болтол, гадаадын хөрөнгө оруулалтыг 60 хувиар буулгачихаад хоёр хөрштэй харилцах харилцааг хүнд байдалд хүргэлээ. Үүнийг мэдрэхгүй ойлгохгүй байгаа хүнтэй хариуцлага ярихаас яахав.
Ард түмэнд энэ Ерөнхий сайдыг нүцгэн биеэр нь харах шаардлага байна. Иргэд түүний толгой, мөр хавийг нь л мэдэрч байна. Тэгвэл цээж, бүсэлхийнээс доошхи хэсгийг харах ёстой. Засгийн ажлыг хэрхэн хийж байна, төрийн ажил яаж хандаж байна гэдгийг харах хэрэгтэй. 1990 оноос хойш энэ хүмүүс гуравдахь удаагаа засаг барьж байгаа. 1990 оны Засгийн газрыг барьж байсан Бямбасүрэн гуай Ардчилсан намын хүн байсан нь тогтоогдсон. 1996 онд засаг авч дөрвөн жилийн хугацаанд дөрвөн Ерөнхий сайд солиод 2000 оны сонгуулиар гурван сарын цалин тэтгэвэр өгч чадахгүй болтол унагаад, хамаг банкаа дампууруулж байсан. Одоо дахиад 2012 онд Засгийн эрхийг авлаа. Эдийн засгийн нааштай байсан үзүүлэлтүүд нэг жилийн дотор уналаа. Өнөөдөр 1.5 тэрбум төгрөгийн бондыг Монгол банкинд байршуулж, арилжааны банкуудаар дамжуулж гал унтрааж байгаа болохоос олигтой ажил явахгүй байна. Эд нартай хууль яриад хэрэггүй. Өдөр болгон хууль дээр гишгэж, бүх сайд нар нь хууль зөрчлөө. Монголд хуульгүй боллоо, хоёрдугаарт ямар ч зарчимгүй боллоо. Бие дааж сонгогдсон гурван гишүүнийг өөрийнхөө талд санал өгүүлэхийн тулд төрийн ажлыг арилжаалж байна. Нийгмийн толь сонин дээр Даваасүрэнгийн дүүг Татварын Ерөнхий газрын дэд даргаар, Болорчулууны дүүг Монголросцветментэд захирлаар тавьсан тухай бичсэн байна. Ингэж л кнопны арилжаа хийж амьдарч байна. Үүний цаана төрийн зарчим худалдагдаж байна. Арвиныг өөрийнхөө талд татсан арилжааг хар, сүүлд нь ямар юм хийж байгааг хар даа. Өөрсдийнх нь шунал хүсэл дээр нь Монгол төрийг арилжаалж байна. Тиймээс Ерөнхий сайд огцрохоос өөр аргагүй. Гэхдээ энэ удаа олонхи аваад үлдэн байх. Магадгүй эдийн засгийн байдал хүндрээд ирэхийн цагт цагаан тугаа өргөхийг үгүйсгэхгүй.
 Чалкогийн гэрээг өмнөх Засгийн газар байгуулсан гээд л байх юм. Энэ чинь Батболд, Алтанхуяг,  Баярцогт гэсэн үг. Хүний хөгжил сангийн мөнгө босгох ажил хариуцаж байсан, авсан мөнгө нь тийшээ орсон.  Энэбиш гэдэг хүн чинь  Социал демокрот намын угшилтай, Алтанхуягийн халаасны хүн. Энэбишийг “Эрдэнэс МГЛ”-ийн захирлаар тавих ажлыг Алтанхуяг, Баяртай үгсэж хийсэн. Байдал ийм байхад юун “баас цэвэрлэх” тухай яриад байна.
-Эдийн засгийн уналтыг Оюутолгойд оруулсан хөрөнгө оруулалттай холбон тайлбарлаж байна. Энэ гэрээг эргэж хараад эхэлхээр хөрөнгө оруулалт багаслаа гэсэн байр суурьтай байх шиг байна?
-Энэ Засгийн газрын бүрэлдэхүүнд гадаадын хөрөнгө оруулагчдын дургүйг хүргэдэг хэдэн сайд бий. Миний мэдэхийн дөрвөн сайд бий. Энэ дөрөв албан тушаал дээрээ байгаа цагт гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Зам тээврийн сайд, ҮХАА-н сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Уул уурхайн сайд нар.

-Эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа нэг зүйл бол стратегийн салбарт хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гэж хэлж байна. Үнэхээр тэр хууль гадаадынханд халтай болсон юм уу. Энэ хуулийг танайхан олонхи байх үедээ баталсан гэж хэлж байсан?
-Хамтарч өргөн мэдүүлсэн юм. Гурван жил дарчихаад сонгуулийн өмнө баталсан хууль. Тэр үед нь, “Та нар осолтой галаар тоглож байна. Үүнээс болж гадаадынхан хөрөнгө оруулалтаа татна шүү” гэж би чуулган дээр хэлж байсан юм. Хамт санаачилсан хүн нь Занданшатар гэх мэтийн хүн бий л дээ. Гол санаачлагч нь Н.Батбаяр, Ганхуяг хоёр. УИХ-аар хэлэлцэх үед нь бүр хатууруулсан. Гадаад улсын төрийн компанийн эсрэг хууль гээд ойлгочих. Гадаадын хувийн компанид зүгээр хэрнээ төрийн компани орж ирвэл чагталчихдаг.
-Эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтийг бууруулж байгаа нэг зүйл нь Тавантолгойгоос гарч байгаа нүүрс. Урагшаа гаргах гэхээр алдагдалтай, гаргахгүй байя гэсэн ч ашиг олохгүй?
-Асуудал мэдэхгүй хүн асуудал үүсгээд байгаа юм. Энэбиш Чалкогийн гэрээг зөв гэж хэлсэн байсныг би уншсан. Нүүрсний өнгөн хэсэг нь үнэ багатай байдаг юм, долдугаар үе рүүгээ орвол үнэд хүрнэ гэж хэлсэн байсан. Тэр үнэн бол ортой. Нүүрсний салбарт Австралийн “BHB” гэдэг компани бий. Дэлхийд ямар ч өрсөлдөгчгүй. Тэдний нүүрс яаж үнэд хүрдэг вэ гэхээр гангийн үйлдвэр захиалга өгдөг. 12 газраас зөөж ирсэн нүүрсийг хооронд нь холиод Японы Мицугийн шаардлагыг хангасан нүүрс гаргадаг юм. Тэдний нүүрснээс 30 хувийн хаягдал гардаг. Манай Тавантолгойн нүүрснээс 40 хувийн хаягдал гарна гэсэн дүн шинжилгээ 2006 онд гарч байсан юм. Бий болсон нөхцөл байдлыг бусад руу чихээд Тавантолгойд өөрийнхөө ноёрхлыг тогтоох жижиг бүлэглэл АН-д хөдлөөд, тэр бүлэглэл нь санасандаа хүрэхийн тулд улс төрийн ийм осолтой тоглоомоор тоглож байна гэж ойлгож байгаа.

-“Алтанхуягийг өрөвдөж байна, энэ хүн шантаажинд амьдарч байна” гэж таны хэлсэн үгийг санаж байна. Түүнийг огцруулах нэг үндэслэл нь албан тушаалын томилгоо гэж үзэж байна. Тэгэхээр төрийн албанд ажиллах хүмүүсийн тоо яамд олон болсонтой холбоотойгоор өсөв үү, эсвэл ор үндэсгүйгээр өсчихөв үү?
-Өмнөх хүмүүсийг халаад л Ардчилсан намынхныг тавьсан. Нэг хэсэг нь залхаад явж байгаа байх. Их дээд сургуулийн захирлууд бүгд хулгайч биш биз дээ, бүгд л докторууд. Гэтэл бүгдийг нь явуулсан. Одоо бүр сумын цэцэрлэг сургуулийн захирлуудыг халж эхэллээ. Үүний цаанадах эмгэнэл нь төр өөрийнхөө уураг тархийг ууж байна. Жишээ нь, МУИС-ийн хуулийн ангийг төгсөөд хоёр жил ажилласан хүн, Лүндээ хоёрын хооронд мөн ч их зай байгаа даа. Лүндээг явуулчихаад хоёр жил ажилласан хүнд л ажлыг нь өгч байгаа юм. Лүндээ өөрөө капитал байхгүй юу. Алтанхуяг сайн ажиллаад, хууль дүрэм мөрдөөд байвал хоёр гараа өргөж дэмжих хүний нэг нь би. Бид хоёр ч Засгийн газарт хамт ажиллаж байсан. Хоёрдугаар, бид нэгхэн ангийн зөрүүтэй, гуравдугарт, нэг аймгийн нэг сумын хүмүүс. Нэг уулын хоёр талд төрсөн. Би Алтанхуягийн зовлонг илүү мэдэрдэгийн хувьд дэмжих ёстой л доо. Гэтэл надад дэмжих шалтгаан олдохгүй байна.
-Ерөнхий сайдыг суудалд нь үлдээлээ. Тэгвэл энэ Засгийн хувь заяа хэдий хүртэл явах бол?
-Удаж байж магадгүй. Яагаад гэвэл “Бид чадахгүй нь” гэж хэлээд явах зоригтой хүн байхгүй. Улаан, Тэрбишдагва хоёр чинь надаас ах. 60 нас хүртлээ сайд хийх л хүсэлт тэдэнд байна.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн марафон ирэх долоо хоногоос эхэлнэ. Танай нам хэрхэн оролцох бол, та хувьдаа ямар байр суурьтай байгаа вэ?
-Би энэ удаад үгүй гэдгээ хэлсэн. Миний хувийн мэдрэмж тэр. Намайг дэвших ёстой гэж ярьдаг хүн цөөнгүй бий. Улс төрийн дэмжлэг ч бий. Шударга ёс, үнэн хоёр дээр улс орон тогтоно гэдгийг монгол хүн мэднэ. Манай намд дотоодын санал асуулга явагдаж байгаа юм билээ. Түүнээс хэн нь гарч ирэх вэ гэдэг нэг асуудал байна. Нөгөө талаас дангаараа орох уу, хамтарч орох уу гэдэг. Энэ хоёрын аль нь ч шийдэгдээгүй учраас би тэгнэ ингэнэ гэж хэлж чадахгүй. Гэхдээ  монгол Төрийн тэргүүн байж чадаж байна уу, явсныхаа дараа хүн шиг байж чадаж байна уу гэдэг нь мөнхийн асуултын тэмдэгтэй. Үндсэн хуулийн арааманд ажилласан хүн нэг ч байхгүй. Нийтлэг эрх ашгийн төлөө явсан Ерөнхийлөгч алга. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол Үндсэн хуулийнхаа агуулгаар Японы эзэн хаан, Английн хатан хаан, Германы ерөнхийлөгч маягийн хүн байх ёстой. Төрийн хэрэгт тэгтлээ хутгалдаж, улаантан, цагаантан болж тоглох бус, үндэсний эв нэгдлийн илэрхийлэл л байх ёстой.
-Намын гишүүнчлэлтэй байгаа цагт ийм байдал байж чадахгүй байх?
-Аль ч тохиолдолд чадахгүй. Бат-Үүлийг Ардчилсан намаас, намайг Ардын намаас түдгэлзүүлээд үз л дээ. Намаас түдгэлзсэн ч тархи зүрх хоёр нь солигдохгүй, харилцах хүрээ ч өөрчлөгдөхгүй. Гол нь Үндсэн хуулийн арааманд ажиллаж сурах соёл хэрэгтэй.
Одоо мөрдөгдөж байгаа хуулиар Ерөнхийлөгч УИХ-д ажлаа тайлагнах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэх санаачлага гаргасан хүн байхгүй харин УИХ-ыг загнадаг болж байх шив дээ.

Д.Мөнх
0 Сэтгэгдэл
энэ нээрээ ёстой муу амтай нөхөр шүү
хахав нээрээ хууль засдаг хүн гэл үү
boli l doo, hunjil dotroo huuli zasdag hun guai
хахав нээрээ хууль засдаг хүн гэл үү
Хамгийн их уншсан