Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Улаан: Хөрөнгө оруулалт буурсанд эмзэглэхгүй байна

Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар долоо хоног бүрийн лхагва гарагт сэтгүүлчидтэй нээлттэй ярилцдаг билээ. Энэ удаагийн зочин Сангийн сайд Ч. Улаан байлаа. Тэрээр сэтгүүлчдийн асуултад ингэж хариуллаа.
 
-Улсын төсвийн 70 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын олон уурхай хаалгаа барьсан. Үүнээс улбаалж төсвийн орлого буурч байна уу?
-Гадаадын хөрөнгө оруулалт буурсан. 2010 онд манайд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт 1,6 тэрбум ам.доллар байсан бол 2011 онд 4.6 тэрбум болж өсч,  2012 онд 3.8 тэрбум ам.доллар болж буурсан. Яагаад гадаадын хөрөнгө оруулалт буурсан бэ гэхээр Оюу толгой, Таван толгойг дагаж хошуурсан олон жижиг компани үйл ажиллагаагаа зогсоосон. Учир нь, эдгээр компанийн гэрээнээс үүдэлтэй асуудал боссон болохоор. 

-Өнгөрсөн хугацаанд бид ганц уул уурхайг шүтэж болохгүй юм байна гэдгийг мэдлээ. Тэгвэл бидэнд ямар хөрөнгө оруулалт хэрэгтэй вэ?
-Харилцан ашигтай л хөрөнгө оруулалт. Оюу толгойн гэрээ Монголын иргэдэд ашиггүй болжээ гэдгийг маш олон эх үүсвэрээр нотоллоо шүү дээ. Гэрээ байгуулагдан хэрэгжих явцад хоёр тэрбум ам.доллараар хөрөнгө оруулалт нь давчихсан. Яагаад давчихав гээд судалж байна. Төсөв нь ингээд хэтэрчихээр Монголын талд оногдож байгаа ашиг орлогын хэмжээ 30 жилээр цаашаа явж байгаа юм. Тиймээс энэ гэрээг хянаж үзэх нөхцөл бүрдсэн. Таван толгой ч ялгаагүй. Эдийн засгийн эргэлтэд оруулах нь гээд их найдан Засгийн газар 350 сая ам.долларын урьдчилгаа авсан. Мөн нүүрсээ тонн тутамд 20 ам.доллараар доогуур тогтоосон. Хоёр жилийн хугацаанд нийлүүлсэн 170 сая ам.долларын нүүрснээс энэ хэмжээний мөнгө алдсан гээд бод доо. Одоо төлөгдөөгүй 180 сая ам.долларын зээл байгаа. Нүүрсний үнээ эргэж харъя гэхээр өөрчлөх боломжгүй гэнэ. Бид 180 сая ам.долларыг чинь төлчихье гэхээр таван жилийн хугацаанд нүүрсээ тогтвортой нийлүүлнэ гээд заачихаж. Ийм гэрээг хянаж үзэхгүй байж болох юм гэж үү. Тийм учраас түр хөрөнгө оруулалт буурсанд  огт эмзэглэхгүй байна. Юм зөв чиглэл рүүгээ явахын өмнөх түр зогсонги байдал гэж үзэж байгаа.

-Хөгжиж яваа улс орнуудаас Монголын эдийн засаг хурдацтай өсч байна гэж дэлхий нийт шагшин ярьж байсан нь саяхан. Гэтэл энэ бүхэн зүүд мэт замхарч, эдийн засгийн хурд ч саарлаа?
-Удааширч байгаа. Үнэн. Энэ их хөрөнгө оруулалт багасахаар удаашралгүй яах юм. Ер нь, 2011-2012 он маш их өөр сонирхолд суурилсан, хөөрөгдсөн эрэлт хэрэгцээтэй эдийн засгийн өсөлт байсан юм биш үү. Эдийн засгийн өсөлт болгон хүнд хэрэгтэй биш. Хөөсөн өсөлт хоосон байдаг. Тэр 17 хувийн өсөлтийн ямар ашгийг монголчууд хүртсэн юм. Магадгүй, байгалийн баялгаа өөртөө ашиггүй үнээр гадагш гаргасан. Ийм өсөлтөөр яах юм. Тийм учраас эдийн засгийн өсөлтийг бодитой төвшинд хүргэнэ. Байгалиа сүйтгэдэг, баялгийг маань бидэнд өгөөжгүй ашигладаг, ард түмний амьдралд хүндрэл учруулдаг хэрэггүй үйлдвэрүүд хаагдаг л дээ. Монгол жижигхэн улс учраас стратегийн цөөхөн ордоо оновчтой, үр ашигтай ашиглавал хөгжлийн өндөр төвшинд хүрч чадна. Түүнээс биш ил, далдаар газраа ухаж, баялгаа зөөх нь бидний зорилго биш.

-Үндэсний статистикийн хорооны судалгаагаар төсвийн алдагдал өсч байна гэж мэдээлсэн. Энэ нь, төлөвлөсөн хөрөнгө орж ирээгүйтэй холбоотой гэсэн үг үү?
-Нэгдүгээр улирлын байдлаар төсвийн орлогын төлөвлөгөө 13 орчим хувиар тасарсан. Гэхдээ бид зайлшгүй өгөх ёстой тэтгэвэр, халамж, цалин, төрийн болон төсөвт байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хангах хугацаатай санхүүжилтийг саадгүй өгсөн. Гэхдээ цаана нь нөөц тасарч байгаа. Бараа ажил үйлчилгээний зардал нэлээд дутуу, 120 орчим тэрбум төгрөгөөр санхүүжигдсэн. Жишээ нь, эд хогшил авах, элдэв төрлийн томилолтын зардлыг багасгаж, үргүй зардал гаргахгүй, аль болох   хэмнэж ажиллаж байна. Мөн гадаад зээлийн төлбөрийг ч хойш тавьсан.

-Төсвийн орлого багасч байгаа бол яаж нөхөх вэ. Үүсч болзошгүй эрсдэл гарч магадгүй гээд шаардлагатай арга хэмжээ авсан байх?
-Энэ эрсдэлийг бодолцон прогноз хийсэн. Сангийн яам сар тутам хянаж байгаа. Одоогийн тасалдлаараа явбал оны эцэст хэчнээн хэмжээний алдагдал бий болох уу, хэдий хэмжээнд нөхөж чадах уу гээд ямар арга хэмжээ авах вэ, бодлогын арга хэмжээ бий. Сангийн яамнаас эрсдэлийн удирдлагын асуудлыг онцгой анхаарч, бүтэцдээ бие даасан нэгж бий болгосон. Хэрвээ орлого 20-иос дээшгүй хувиас тасарвал хөрөнгө оруулалтаа бууруулна, их хувиар тасарвал урсгал зардлаа хязгаарлана, бүр хүндэрвэл хэрэглээгээ багасгана гэх мэт. Ийм байдалтай байхад цалин нэм гээд байх юм. Төсөв дээр энэ жил 550 тэрбум төгрөг, ирэх жил нэг их наяд төгрөгийн ачаалал ирнэ. Ийм  ачааллыг төсөв даах уу. Дороо сөхрөөд л унаад өгнө. Янаглан хорлож байгаа юм шиг ийм зүйл ярьж буй нь сонин байгаа биз дээ. Хэдийгээр бид маш хүнд үеийг тосон авсан ч орлогоо нөхөх гэж татвар нэмээгүй. Цаашдаа ч нэмэх бодлого байхгүй.

-Төсөл хөтөлбөр нь гараагүй байхад “Чингис бонд”-ыг дэндүү эрт арванхоёрдугаар сард гаргалаа гэсэн шүүмжлэл гарсан. Та ч сонссон байх?
-”Чингис бонд”-ыг зориудаар энэ сард гаргасан. Ийм зайлшгүй хэрэгцээ байсан. Яагаад гэвэл, бид галтай торх авсан. Эдийн засгийн хүнд байдал хэвээрээ үргэлжилсэн бол арванхоёрдугаар сард валютын ханш 1800 төгрөгт, инфляцын төвшин 25 хувьд хүрэх байсан. Үүнээс болж эдийн засаг бүхэлдээ хямрах гээд байсан учраас таван тэрбум ам.долларын бондын эрх авсан. Арванхоёрдугаар 5-ны өдөр дэлхийн зах зээлд борлуулаад 6-нд дансанд орж ирсэн. Өнөөгийн байдлаар эл мөнгө эдийн засгийн тогтворжилтыг хангах зорилгоор ашиглагдаж байгаа. Үүний ачаар валютын ханш тэнгэрт хадсангүй, тогтворжлоо. Энэ бол бонд гаргасны нэг зорилго. Харин хоёр дахь нь хөрөнгө оруулалт. Энэ ажлаа эхлэхээр бэлтгэлээ хангаж байна.

-Гэхдээ Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан гэсэн мэдээлэл уржигдар гарлаа шүү дээ?
-Тэгсэн. Манайх ВВ тогтвортой гэсэн зэрэглэлтэй байсан бол ВВ сөрөг гэсэн үнэлгээ өгсөн байна лээ. Юунаас болсон бэ гэхээр Монголд улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байна гэдэг шалтгаанаар. Дээрээс нь, “Чингис бонд”-ыг гарсан цагаас буруу, зөв мэдээлэл их гарсан. Өнөөдөр Монгол Улс дэлхийн зах зээлийн нэг эд эс болчихож. Бидний нэг хөдөлгөөнийг дэлхий мэдэрч, хариу арга хэмжээ авч байна шүү дээ.

-Сангийн яамнаас Баялгийн сан байгуулна гэж байсан. Энэ сан Тогтворжуулалтын сангаас юугаараа ялгаатай юм бэ?
-Тогтворжуулалтын сан бол хөдөлгөөнгүй. Гэнэтийн  үйл явдал болоод ДНБ-ий алдагдал бий болсон үед төсвийн алдагдлыг багасгахад ашиглах зорилготой. Энэ сан бол зүгээр л нөөц хөрөнгө гэж ойлгож болно. Харин Баялгийн сангийн хуулийг Сангийн яам боловсруулж байна. Энэ сан нь байгалийн баялгийн орлогоос бүтсэн, хөрөнгөө өсгөн үржүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, ирээдүйд чиглэсэн сан. Хөрөнгө оруулалт хийж, орлого олно. Олсон орлогоосоо нийт ард түмэндээ хувь хүртээнэ. Мэдээж, нэлээн хатуухан бодлого, тууштай зүтгэл хэрэгтэй. Мөнгөтэй болчихоор манайхан тал талаас зулгаан ийм, тийм ч юм хийнэ өг гэдэг. Бидний нэг дутагдал бол хүслээ хязгаарлаж сураагүй, түүндээ хөтлөгддөг. Энэ дутагдлаа засч, мөнгөө зав зохицуулбал Монгол Улс хөгжинө.

-Төсөвт “Хүний хөгжил сан”-гийн мөнгөө аваагүй хүмүүст олгох санхүүжилтийг суулгасан. Харин яагаад тэр хүмүүст хүрэхгүй байна вэ?
-“Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэд байгаа. Нийтдээ 34 тэрбум төгрөг төсөвт суулгасан. Ямар хүн аваагүй байна вэ гэхээр иргэний бичиг баримтын бүрдэлт нь дутуу, зөрчилтэй нь. Энэ зөрчлөө арилгавал олгох боломжтой. Ямар ч гэсэн хоёрдугаар улиралд мөнгийг нь өгч дуусгана. Мөнгө нь бэлэн байна.

-Монгол Улсын гадаад өр нэмэгдэж, АНУ-ынхтай дүйцсэн гэх юм. Энэ үнэн үү?
-Ер нь, өрийг тооцдог аргачлалаа боловсронгуй болгоно. Өмнө нь, гадаадаас аваад ашиглачихсан, зээл тусламжаа өр гэж тооцдог байлаа. Одоо бол хөнгөлөлттэй зээл, төрийн өмчийн оролцоотой авсан зээл, орон нутгийн өмчийн оролцоотой үйлдвэр аж ахуйн нэгжийн зээл улсын өр болох нь. Нэг ёсондоо, өрийг өргөн утгаар авч үзэж байна. Өнөөдрийн үнэ цэнээр авч үзэхэд, Монгол Улсын өр 9,8 их наяд төгрөг байгаа. 2013 онд Монгол Улсын өр ДНБ-ий 50-хувиас хэтрэхгүй байх ёстой. Энэ болзлыг хангаж яваа. Цаашдаа буурна. Тэгж ч барина. Ингэж хяналттай ажиллахгүй бол хойч үеэ өрөнд оруулах эрсдэл үүсч мэднэ.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлье гэж их ярьдаг. Энэ хүрээнд татварын орчинд хөнгөлөлт үзүүлж болохгүй юм уу?
-Үзүүлэлгүй яахав. Татварынх нь 90 хувийг буцааж өгье гэж байгаа. Ажлын байр бий болгон жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлсэн тохиолдолд татварынх нь 90 хувийг  буцааж өгнө. Энэ нь, нэгдүгээрт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого. Хоёрт, татварынхаа тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх алхам. Гуравт, энэ замаар уул уурхайн салбарт гол ачааллыг шилжүүлнэ. Яагаад гэвэл, ард түмний баялаг учраас ард түмэндээ өгөөжтэй байх ёстой.

-Зээлийн батлан сан  байгуулагдсан уу?
-Байгуулагдсан. Улсын төсвөөс таван тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлж өгсөн. Энэ сан Санхүүгийн зохицуулах хороон дээр байрлана.

-Оюу толгойн удирдлагуудтай хэлэлцээрийн ширээний ард хэдэн удаа уулзав. Нааштай үр дүн гарч байна уу?
-Хэлэлцээрийн ширээний ард сар тутам уулзаж байна. Дөрвөн сайдаас бүрдсэн ажлын хэсэг ач холбогдол өгч сууж байгаа. Харамсалтай нь, өмнө нь хувь нийлүүлэгчдийн хуралд манай талаас нэг ч удаа орж байгаагүй юм билээ. Ямар ч гэсэн яагаад хөрөнгө оруулалт нь хэтэрсний шалтгааныг олохоор санхүүгийн баримтыг нь нэг бүрчлэн нарийн шалгаж байна. Хаанаас ямар үнээр юу авсан гээд нэг бүрчлэн. Манай яамны Эрсдэлийн удирдлага хяналтын газрын дарга хянаж ажиллаж байна. Ер нь, тус компанийн гол газруудын даргаар монгол хүнийг ажиллуулъя гэж тохиролцоод байна. “Чалко”-гийн асуудал “Оюу толгой” компанийн хажууд гайгүй. Бид ажиллаж л байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан