Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хууль сахиулагчийн тухай хуулийг хэлэлцлээ
Чуулганы хуралдаанаар Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, түүнийг дагалдаж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Засгийн газраас хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн хүрээнд хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтын талаархи зургаан хуулийн төсөл, тэдгээрийг дагалдуулж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлээд байгаа. Энэ долоо хоногт болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үеэр төсөл санаачлагчийн хүсэлтийн дагуу Мөрдөх албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх хугацааг хойшлуулж, бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон юм. Ер нь Засгийн газар шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах шинэтгэлийн хүрээнд 11 хууль батлуулж мөрдөхөөр төлөвлөж, эхний таван хуулийн төслийг энэ удаад хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа. Харин Мөрдөх албаны тухай хуулийн төслийг удахгүй өргөн мэдүүлэх Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулийн төслүүдтэй хамтад нь хэлэлцүүлэх үүднээс энэ удаагийн хэлэлцүүлгээс хойшлуулахаар болсноо төсөл санаачлагч хэлж байсан юм.
  Хуулийн төсөлд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гадаадын иргэн, харьяатын албаны албан хаагчдын давхардсан эрх, үүргийг нэг мөр болгох, үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг “хүчний” байгууллагаас ялган салгаж, иргэндээ үйлчилдэг зарчмыг тусгах, ажиллах нөхцөл, баталгааг дээшлүүлэхээр тусгажээ. Мөн хууль сахиулагч нь гүйцэтгэсэн аливаа үүргээ хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд заавал тайлагнаж байх, хууль сахиулагчийн цолыг цэргийн цолоос зааглан ангилж, зөвхөн албан тушаалын цол байхаар зохицуулж өгчээ.
 
Судалгааны байгууллагуудаас гаргасан дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн хууль сахиулагчийн ёс суртахуун, харилцааны соёл, мэргэжлийн ур чадварын түвшинг дээшлүүлэхийн тулд хууль сахиулагч бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэхэд анхаарч, Засгийн газар хууль сахиулагчийн хүний нөөцийн бодлогыг боловсруулж, шат дараатай хэрэгжүүлж байхаар төсөлд тусгасан гэдгээ хэллээ.
Мөн хуулийн төслөөр эрх ашиг нь хөндөгдөх бүлэг болон 917 хүнийг оролцуулан олон нийтийн дунд 7 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, санал, шүүмжлэлийг сонсож төсөлд тусгасан. Түүнчлэн олон нийтээс цахим хэлбэрээр санал авах тусгай цахим хуудас ажиллуулсан гэлээ.
  Манай улсад хүчний байгууллага, цэрэгжсэн байгууллага гэх албан бус ойлголтууд хууль сахиулах байгууллагуудад хэрэглэгдэж, тэдний ажлын арга барил, зохион байгуулалт, удирдлагыг тодорхойлж буйгаас олон нийтийн дунд тэдний нэр хүнд, үйл ажиллагааны хүлээн зөвшөөрөгдөх байдал суларч байна. Нөгөөтэйгүүр цагдаа, хуулийн байгууллагын үйлдэл, шийдвэрийг эсэргүүцэх, улмаар амь нас, эрүүл мэндийг хохироох явдал өсч байгаа нь хүний мэргэжлийн чадвартай холбоотой ч хууль сахиулагчдын үйл ажиллагаа нэгдсэн стандартад ороогүй, хууль сахиулах байгууллага, түүний алба хаагчийн эрх зүйн байдал нэг мөр шийдэгдээгүй, тэдний аюулгүй байдал, эрх зүйн хамгаалал, баталгаа бүрдээгүйтэй мөн холбоотой. Тиймээс эдгээр асуудлыг энэ хуулиар нэг мөр болгож зохицуулж байгаа юм гэдгээ салбарын сайд хэллээ.
Мөн энэ хуулийн төсөл нь цоо шинэ зүйл биш, олон жил яригдаж байсан асуудал. 2002 онд хийсэн эрх зүйн шинэтгэлийн үргэлжлэл. Энэ нь иргэдэд зориулсан хууль биш, хууль сахиулагчдад хуулиар тогтоож өгч байгаа эрх зүйн хэмжээ юм гэж байлаа.
  Гишүүд асуулт асуух зуураа хуулийн төсөлд хууль сахиулагчийн үйл ажиллагааны хүрээг хэрхэн тодорхойлох, цэргийн тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг хэрхэн зохицуулах, хууль сахиулагч гэдэгт ямар албан тушаалтныг ойлгох, зарим нэр томъёог оновчтой, нэг мөр болгох, ажлын хэсэг ихээхэн нухацтай хандаж хэлэлцүүлгийн дараагийн шатанд сайн нягталж сайжруулах, салбарын байгууллагууд, мэргэжлийн хүмүүс, олон нийтийн санал бодлыг сайн сонсох, дутуу байгаа төслүүдээ яаралтай өргөн барьж хамтад нь хэлэлцүүлэх шаардлагатай байгаа зэргийг хэлж байлаа.
   Нийтдээ 6 бүлэг, 38 зүйлтэй энэ хуулийн төсөл батлагдсанаар хууль сахиулагч нарын эрх зүйн байдлыг тодорхойлсон нэг суурь хуультай болж, тэдний баталгаа, эрх, үүрэг илүү тодорхой болж нэгдсэн байдлаар зохицуулагдах юм байна.
  Чуулганы хуралдааны цагийг 13 цаг хүртэл сунгаж гишүүд хуулийн төслийн талаар төсөл санаачлагчаас асууж тодруулснаар чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.
  Чуулганы үдээс хойшхи хуралдаан 14 цагт эхэлж Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны дараа энэхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар гишүүд саналаа хэлэхээр болов.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан