Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Захидал илгээсэн Д.Загдсүрэнд заавал дуулгах хариу үгс

Монголын үн­дэсний олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн “адал явдал” олон нийтийн дунд дахин хөндөгдлөө. Тэрээр саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан захидал илгээжээ. Уг захидалд өөрийн гэм буруугүй, шударга үнэн явдлыг дурдаад, өөрийнх нь нэр төрд халдах гэсэн хүмүүст хариуцлага тооцохыг хүссэн байна.


Д.Загдсүрэнгээс илгээсэн захидал

“МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль нь дөрвөн жилд нэг удаа болдог.  2012 оны арванхоёрдугаар сарын 19-нд ээлжит сонгууль нь болсон. Гэхдээ энэ удаагийн сонгууль шиг ийм хачин нөхцөл байдалтай, суудал сандлын арилжаа наймаа ярьсан сонгууль урьд өмнө нь болж байгаагүйг спортын зүтгэлтнүүд, олимпын медальтнууд гайхаж байгаатай би санал нэг байгаа. Уг нь би энэ удаад МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэсэн бодолтой байсан. Та санаж байгаа байх. ОУОХ-ны Ерөнхийлөгчийн шагналыг танд гардуулах үедээ, МҮОХ-ны ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулиар нэрээ татах бодолтой байгаа гэдгээ танд хэлж байсныг. Би тийм бодолтой байсан. Харамсалтай нь, сонгуулийн өмнөхөн болсон үйл явдлууд болон нэр дэвшигч Д.Баясгалан надтай уулзсанаас хойш энэ бодлоо эргэн харахад өөрийн эрхгүй хүргэсэн. МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Баясгалантай уулзаж “Д.Дорлигжав нэрээ дэвшүүлнэ гэж ярьж байна. Тэр таны талаар ямар нэгэн баримт цуглуулсан. Нэрээ татахгүй бол хэрэгт холбогдуулж магадгүй юм шүү. Хэрэв энэ тохиолдолд та нэрээ татаад  намайг дэмжвэл би Дорлигжавтай ярьж, түүнд мөнгө өгөх юм уу өөрийн бизнестээ оруулах замаар болиулах арга хэмжээ авья. Энэ бол таныг, бас МҮОХ-г бодсон хэрэг. Дорлигжав гарснаас би гарсан нь дээр. Дорлигжав бас намайг таны хамсаатан юм байна шүү”  гэх мэтчилэн кино ярьж байгаа мэт захидалаа дурайлгажээ.  Одоогоор Авлигатай тэмцэх газраас Д.Загдсүрэнг шалгаж байгаа. Олон улсын олимпын хорооноос хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн мөнгийг завшсан эсэхийг хуулийн хүрээнд илрүүлэх ажил энд явагдаж буй. Тэрээр захидалдаа Оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, Монголын даамын холбооны ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ нар эртнээс хуйвалдсан гэжээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав ч МҮОХ-ны удирдлагад санаархаж буйг дурдсан байна.


Д.Загдсүрэнд хаягласан “хариу” үгс

МҮОХ-г тэргүүлж буй эрхэмд дээр дурдагдсан хүмүүс хариулт өглөө. Харамсалтай нь, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос бус Д.Загдсүрэнгийн нэр цохсон захидлын “гол дүрүүд”-ээс хаяглажээ. Даамын холбооны Ч.Бат-Эрдэнэ, “Арванбайт” боулингийн холбооны тэргүүн Н.Тамир нар сэтгүүлчидтэй уулзсан юм. Уг нь үүнээс олон төлөөлөл ирэх учиртай байж. Гэвч хожим ирэх дарамт шахалтаас сэрэмжилсэндээ ирсэнгүй гэж Н.Тамир өмгөөлөв. Үүнийгээ ч баталж 2000 онд өөрт тохиолдсон түүхээс өгүүлсэн юм. Тэрээр тухайн үед сэтгүүлч байжээ, өөрөө бүх зардлаа гарган, бие дааж Сиднейн олимпыг сурвалжилсан аж. “Олимпын медалийн буухиа тасарлаа” гэсэн нийтлэл гаргаснаас хойш хоёр жилийн турш түүнд хил давах виз үл мэдэгдэх шалтгаанаар олдохоо байсан гэнэ. Үүнийг тэрээр спорт дахь хавчлага гэж тайлбарлалаа.

Уулзалтаар Д.Загдсүрэнгийн мэдээллийг үгүйсгэсэн мэдэгдэл хийсэн юм. Үнэндээ нэр нь дурдагдсан хүмүүс түүнийг гүтгэсэн бус бодит байдлыг нь баримтаар дэлгэж, шүүмжилсэн гэдгээ илэрхийлэв. Д.Загдсүрэн Залуучуудын спортын төв байгуулах нэрээр Азийн олимпын хорооноос төсөл хэрэгжүүлжээ. Ингэхдээ 2002 оны тавдугаар сарын 2-нд 50 мянган ам.долларын төсөв авсан байна. Мөн 2009 оны есдүгээр сарын 15-нд 50 мянган ам.доллар хүлээн авсан баримт дэлгэлээ. 100 мянган ам.доллартой болсон Д.Загдсүрэн “Залуучуудын спортын төв байгуулна” гэсэн утгатай зарлал хашаанд хатгаснаас өөр бодитой ажил хийгээгүй аж. Хэрэв ажил өрнөсөн бол өнөөдөр залуучуудын спортын төвийн хундаам ч атугай хоцрох байсан гэнэ. Хоёрдугаарт, Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчөөр нэг хүн олон жил ажиллах ёсгүй. Гэтэл Д.Загдсүрэн сүүлийн 15 жилийн турш тус холбоог тэргүүлж, дөрвөн удаа улиран сонгогдсон. Бодит үнэн ийм байхад тэрээр сүүлийн сонгууль хачин болсныг гайхаж буйг нь уулзалтад ирсэн спорт холбооныхон жинхэнээсээ гайхав. Урьд нь Д.Загдсүрэнгээс өөр нэр дэвшигчгүйгээр сонгууль явагддаг байж. Коммунист намын удирдагч ганцаараа сонгуульд нэр дэвшиж, ганцаараа сонгогддог шиг л юм болдог байсан гэнэ. Харин энэ удаагийн сонгуульд түүнтэй хоёр хүн зэрэгцэн нэр дэвшиж, дотоод ардчилал сэргэжээ. Үүнийг нь Д.Загдсүрэн хачин юм боллоо гэж төрийн тэргүүнд “ховлож” байгаа бололтой. Энэ мэтээр олимпын хорооны ерөнхийлөгчийн намтрыг сөхвөл олон асуудал урган гарна хэмээн Н.Тамир хэллээ. МҮОХ-ны хашаанд байрлах “Спортын анагаах ухааны төв”-ийг Д.Загдсүрэн хөрөнгийн бүрдлийг мэдэхгүй, надад хамаагүй, манай холбооноос ямар ч хөрөнгийн үүсвэргүй гэж хэлсэн. Гэтэл түүний 1999-2003 оны ажлын тайланд үүний талаар тусгасан байна. “Монголын спортын эмнэлгийн холбоотой хамтран тамирчдын нөхөн сэргээлтийн төвийн барилгын ажил хэдийнэ эхэллээ. Энэхүү нөхөн сэргээлтийн төвийн барилгын нийт зардлын 10 хувийг МҮОХ, 90 хувийг нь спортын эмнэлгийн холбоо, дотоод, гадаадын олон байгууллагуудтай хамтарч байна.” гэсэн үгс дээрх тайланд багтжээ. Энэ мэтээр Д.Загдсүрэнгийн алдаа дутагдал 10 жилийн өмнөөс илэрснийг Ч.Бат-Эрдэнийн 2004 онд бичсэн захидал нотолно. Дөрвөн зүйл бүхий шаардлага агуулсан захидлыг Д.Загдсүрэнд хүргэж, алдаагаа засахыг хүсч байсан. Харин одоо энэ бүхнийг Д.Загдсүрэн мушгиж, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид хуйвалдаан хэмээн дамжуулж байгаа гэнэ.
Төгсгөлд нь, Монгол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжаваас Д.Загдсүрэнд хандсан хариултыг толилуулъя. “Д.Загдсүрэн олимпын хорооны мэдпийн газар, олимпын хорооны эрх мэдэл, олимпын хорооны нэрийг ашиглаж хувийн бизнес хийсэн, улсын мөнгийг шамшигдуулсан болон бусад гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээр шалгагдаж байгаа аж. Тэгээд ч энд улс төржөөд байх зүйлгүй. Энэ албан тушаал улс төрд юу ч биш. Ер нь хэрэг хийсэн хүн болгон хэлмэгдлээ гэж Ерөнхийлөгчид сүржин захиа бичдэг болжээ. Ерөнхийлөгч шүүгч юм шиг хууль хяналтын байгууллагын ажилд оролцуулж, ийм байдлаар хутган үймүүлж байж ял шийтгэлээс мултарна гэвэл зорипго нь бүтэхгүй. Хэрвээ хэн нэгний гэм буруу нь тогтоогдвол хэрэг нь шүүхэд  шилжинэ. Харин тэр үед шүүх хурлыг орон даяар нээлттэй явуулах саналыг би шүүхэд тавина. Тэгж байж олон түмэн хэн нь улстөржиж буйг ойлгох байх” хэмээн сануулжээ.
Спортод сүүлийн 30 жилийн турш зүтгэж ирсэн Д.Загдсүрэн гэдэг хүний асуудал тун удахгүй хуулийн хүрээнд шийдэгдэж, олон нийтийн өмнө үнэн мөн нь илрэн гарч ирэх нь тодорхой боллоо.
0 Сэтгэгдэл
toon dotor useg yavaj baina gedeg schig olimiin horoonii songuuld dorilogjav yagaad yavaj baidag bilee.ene hunii uzegdsen gazar gamschig boldog doo..............
Хамгийн их уншсан