Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхоныг цагаатгах хүсэлт гаргажээ

УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн МИАТ компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхон, “Монголиан айрлэйнз групп”-ийн захирал Ч.Хоролсүрэн тэргүүтэй арваад хүнийг МИАТ компаниас их хэмжээний мөнгө завшсан хэргийг шалгаж дуусаад өчигдөр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Энэ хэрэгт сэжигтнээр татсан хүмүүсээс дөрөв нь батлан даалтад гарсан бол бусад нь хоригдож байгаа гэнэ.

МИАТ компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхоны өмгөөлөгч Ц.Монгол өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, түүнд холбогдох хэргийг цагаатгах боломжтой хэмээн ярьсан юм. Түүнчлэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ хэргийн талаар мэдээлэл хийснээс болж Хөвсгөл аймгийн Ханх суманд амьдардаг Ц.Орхоны төрсөн ах цус харваж нас барсан гэв.

Ингээд өмгөөлөгч Ц.Монголоос дараахь зүйлийг тодрууллаа.

-Таны үйлчлүүлэгч Ц.Орхонд Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бэ?
-Эрүүгийн хуулийн 150.3-д зааснаар байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэгдсэн этгээд завшиж үрэгдүүлэн, онц их хэмжээний хохирол учруулсан, 166.1-д зааснаар мөнгө угаасан гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн.

-Та Ц.Орхоныг цагаатгах боломжтой гэлээ. Түүнийг цагаатгах ямар үндэслэл байна вэ?
-Ц.Орхон МИАТ компанийн гүйцэтгэх захирал болсныхоо дараа “Дайны эрсдэл”-ийн даатгалын болон өмнө нь хийсэн бүх гэрээг ажлын хэсэг томилон шалгуулсан байдаг.  Ингээд “Дайны эрсдэл”-ийн даатгалыг хүчингүй болгуулж, МИАТ компанид дөрвөн тэрбум төгрөгийн хохирол учирч болох байсныг зогсоож чадсан. Компаниас мөнгө завшсан, мөнгө угаасан хэрэгт холбоогүй. Өөрөөр хэлбэл, түүнд холбоотой хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байгаа учир прокурорт түүнийг цагаатгах хүсэлт гаргасан юм.

-Ц.Орхоныг эхнэрийнхээ нэр дээр компани байгуулж, “Дайны эрсдэлийн сан”-гийн мөнгийг шилжүүлдэг байсан тухай мэдээлэл түгсэн шүү дээ. Үүнд өмгөөлөгчийнх нь хувьд ямар тайлбар өгөх вэ?
-Эхнэрийнх нь нэр дээр байсан данстай нь холбоотойгоор тэднийг мөнгө угаасан байж болзошгүй гэж шалгасан. Гэхдээ Ц.Орхон мөнгө угаах хэрэгт холбоогүй.

-МИАТ компаниас мөнгө завшсан хэрэгт холбогдсон хүмүүс шоронгоос бусад холбогдогчтой утсаар ярьсан. Үүнээс болж зарим сэжигтэн мэдүүлгээсээ буцсан гэх юм. Энэ үнэн үү?
-Нэг ч хүн мэдүүлгээсээ буцаагүй. Зарим хэвлэлд тийм худлаа зүйл бичсэн байна билээ. Шоронгоос утсаар ярьсан гэдэг нь ч худлаа. Тэдэнд утсаар ярих ч шаардлага байхгүй. Үүнийг би гүтгэлэг гэж үзэж байна.

-Ц.Орхон батлан даалтад гарсан байгаа юу?
-Үгүй. Хоригдож байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд хэрэг хийгээгүй болохоор шүүхийн байгууллага үнэн мөнийг нь тогтооно байх гэж хүлээж байна. Эрүүл мэнд нь ч сайн байгаа. Харин эхнэр нь өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гарсан.

-Эхнэрийг нь ямар үндэслэлээр буруутгаж байгаа юм бэ?
-10 жилийн өмнө нээсэн данстай  нь холбоотой шалгасан. Гэхдээ би эхнэрийнх нь өмгөөлөгч биш учраас мэдээлэл өгч чадахгүй нь.

-Ц.Орхон “Эхнэрийг минь батлан даалтад гаргах юм бол МИАТ-ийн хэрэгт холбоотой томоохон албан тушаалтан, улстөрчдийг зарлана” гэж ярьсан тухай мэдээлэл ч түгсэн. Энэ тухайд...?
-Тийм зүйл яриагүй. Энэ талаар цагдаагийн байгууллагаас няцаалт хийсэн шүү дээ.

-Та Х.Тэмүүжин сайд МИАТ компаниас мөнгө завшсан хэргийн талаар мэдээлэл хийснээс болж Ц.Орхоны төрсөн ах цус харваж, нас барсан гэлээ. Түүний ахын үхэлд сайдыг буруутгаж байгаа хэрэг үү?
-Ямар ч байсан Ц.Орхоны ах дүүгээ хэрэгт холбогдсон тухай мэдээллийг телевизээр үзээд цус харваж нас барсан нь үнэн. Үүнд Х.Тэмүүжин сайдыг шууд буруутгаж байгаа юм биш. Гэхдээ мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаар Хууль зүйн сайд битгий хэл, тухайн хэргийг шалгасан мөрдөн байцаагч мэдээлэл цацах эрхгүй. Хүн хэрэгт холбогдсон байж болно. Гэхдээ тухайн хүн буруутай эсэхийг эцсийн дүндээ шүүх шийддэг шүү дээ. Тийм учраас мөрдөн байцаалтын шатанд хэргийн нууцыг задруулж, хамаагүй мэдээлэл өгч болдоггүй юм. Хэвлэлийнхэн ч энэ талд анхаарах ёстой. Нөгөө талаар хэргийн талаар мэдээлэл түгээснээр гол хүмүүс нь хариуцлагаас сугараад үлддэг тал бий.
0 Сэтгэгдэл
huuliin daguu hereg n ilereed baihad aimaar humuus ve?MIAT-iihan ulsiin hurunguus yu ch avdaggui gej helchiheech!!!ichehed yanaa
Хамгийн их уншсан