Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Батцэрэг: “Чалко”-той хэрхэн тохиролцоонд хүрсэн талаар тодруулна

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр хуралдлаа. Тэд бүлгийн хурлаараа гурван асуудал хэлэлцсэн байна. Тухайлбал, тус эвслийн бүлгийн гишүүн Ц.Цолмонгоор ахлуулсан ажлын хэсэг Газрын тухай багц хуулийн төсөл дээр ажиллажээ. Түүний мэдээллийг сонсч, дараагийн бүлгийн хурлаас БХБЯ, БОНХЯ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, ҮХААЯ-ны газрын менежментийн асуудал эрхэлсэн хүмүүсийг бүлгийн хурал дээр урьж оролцуулан газар зохион байгуулалт, өмчлөл, хамгаалалтай холбоотой асуудал хэрхэн хэрэгжиж буй талаар сонсохоор болсон аж. Мөн “Чалко” компанитай хийсэн гэрээний талаар холбогдох албан тушаалтнуудаас дэлгэрэнгүй мэдээлэл авах юм байна. Ганц “Чалко” гэлтгүй нүүрсний олборлолттой холбоотой орд газрууд болон дулааны цахилгаан станцыг хангадаг “Багануур”, “Шивээ-Овоо”-гоос олборлож буй нүүрсний тонн тутмынх нь үнэ, санхүүгийн зохион байгуулалт, орд газруудын ашиг, алдагдал, нүүрсний дотоод, гадаадын зах зээлийн өнөөгийн байдлын талаар ч сонсох гэнэ. Засгийн газрын тусгай сангуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсонтой холбогдуулж, УИХ-ын гишүүн Г.Уянгаар ахлуулсан ажлын хэсэг гарч тусгай санд хэчнээн төгрөг төвлөрүүлсэн, захиран зарцуулалт болоод төсөл хөтөлбөрт хэрхэн тусгасан талаар судлах аж. Бүлгийн хурлын төгсгөлд тэд Хууль зүйн яамнаас өргөн мэдүүлсэн зургаан хуулийн талаарх салбарын сайд Х.Тэмүүжингийн мэдээллийг сонссон байна.

Хурлын дараа тус эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Чалко”-той тохиролцоонд хүрсэн талаар салбарын сайд нь мэдээлсэн. Одоо чухам ямар асуудлыг нь сонирхож байгаа юм бэ?
-“Чалко”-той хийсэн гэрээний талаар нарийн мэдээлэл алга. Тиймээс энэ талаар илүү ихийг мэдэхийн тулд мэдээлэл сонсоно. Манай нүүрсний экспорт нэг хэсэг зогссон ч өнөөдрөөс /өчигдөр/ эхний ачилт хийгдэж байна. Цаашид төсвийн орлого хүндэрч болзошгүй энэ үед нүүрсээ экспортолж байгаа нь сайн хэрэг. Нөгөөтэйгүүр ямар нөхцөлөөр тохиролцоонд хүрэв, өмнө нь хийгдсэн гэрээний зүйл заалтуудыг сайжруулъя гэж ярьж байсандаа хүрч чадсан эсэхийг тодруулах шаардлагатай. Мөн өмнөх гэрээнд нүүрсийг тонн тутмыг нь 70 ам.доллараар экспортолж байсан болон хугацаатай холбоотой заалт одоогийн тохиролцоотой хэрхэн уялдаж сайжирсан эсэхийг тодруулах юм.

-УИХ-ын дэд дарга С.Баярцогтын тухай асуудалд танай эвслийн бүлэг завсарлага авсан. С.Баярцогтыг УИХ-ын дэд дарга болон гишүүнээс нь чөлөөлөхөөр МАН-тай танай эвсэл тохиролцсон гэх мэдээлэл байна?  
-Завсарлага ажлын тав хоног үргэлжилдэг. Энэ долоо хоногийн чуулганы  хуралдаанаар С.Баярцогтын тухай асуудал хэлэлцэгдэх байх. Нэг хүнд хоёр хариуцлага хүлээлгэчихэж магадгүй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, эхлээд Ёсзүйн дэд хороо хуралдсаны дараа чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх нь зөв байх. Хоёрдугаарт, төрийн өндөр албан тушаалтнууд хилийн чанадад ямар нэг данс эзэмшдэг гэх мэдээлэл шил дараалан гараад байвал яах вэ гэсэн асуудал бий. Тиймээс энэ асуудалд маш нухацтай хандах ёстой. Албан болон албан бус байдлаар авсан мэдээллийнхээ дагуу бид саналаа нэгтгэсэн. 
  
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэв­шиг­чээ тодруулах хуулийн хугацаа дөхөж байна. Танай эвсэл хэрхэн оролцохоор төлөвлөсөн бэ?
-Эвсэл хоёр намаас бүрддэгийг та бүхэн мэднэ. МАХН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой хүмүүсээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан. МҮАН-ын Удирдах зөвлөл энэ сарын эхээр хуралдаж, хуулийн хугацаанд нэр дэвшигч болон Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох талаар тодруулахаар тогтсон. Нэр дэвшигч хэн байх, ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэх нь чухал. Учир нь, ойрын дөрвөн жил Монголын эдийн засаг хөгжлийн хүлээлттэй байна. Томоохон төслийг хурдан эргэлтэд оруулах асуудал яригдах нь. Ийм хариуцлагатай үед ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч маш чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Мөн бид аль нэг намтай эвсч тухайн нэр дэвшигчийг дэмжихээр бол хуулийн хугацаанд нь хуралдаж шийдвэрээ гаргана.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан