Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З.Баянсэлэнгэ: Ялын бодлогод зоригтой өөрчлөлт хийх хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ өчигдөр хорихоос суллагдсан эмэгтэйчүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Хорихоос суллагдсан эмэгтэйчүүдтэй уулзах үеэр ямар асуудлыг хөндөн ярилцсан бэ?
-Урьдчилан хорих төвд хоригдож байгаад гарч ир­сэн, холбогдсон хэрэг нь шийдэгдээгүйгээс тэнд удаан хугацаагаар хоригдож байгаа зарим эмэгтэй надтай уулзах хүсэлт тавьсан. Ажлын төлөвлөгөөндөө оруулсан боловч ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид очиж, тэдэнтэй уулзаж амжихгүй байна.  Өнөөдөр /өчигдөр/ хүсэлт тавьсны дагуу хорихоос суллагдсан 10 эмэгтэйтэй уулзлаа. Тэд Эрүүгийн хууль, ялангуяа ялын бодлого хатуу. Шүүхээс ял сонсч нийгмээс тусгаарлагдаж, эрх чөлөөгөө хасуулсан ч Үндсэн хуулиар олгосон амьд явахаас эхлээд жам ёсны эрхээ эдлэж чадахгүй байна. Цагдаа, хууль сахиулах байгууллагын алдаа, хүнд суртал, дарамт их. Урьдчилан хорих төдийгүй цагдан хорих ангид хоригдож, ял эдэлж байгаа эмэгтэйчүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй, хүнд өвчинд нэрвэгддэг. Ялаа эдлээд гарлаа гэхэд ажилд авдаг байгууллага, аж ахуйн нэгж байхгүй. Ял шалгуулах хуудаснаас болж ажилд орох боломжгүй болдог гэх мэт олон асуудлыг хөндөж ярилцлаа.

-Тэд ял эдлээд шоронгоос суллагдсан иргэндээ анхаа­рал хандуулахгүй байна гэсэн асуудлыг хөнджээ дээ?
-Ял эдлээд гарсан хүнийг харьяа хорооных нь цагдаа нэрийг нь дэвтэрт бичих л үүрэг гүйцэтгэдэг. Тухайн хүнийг дахин алдаа гар­гуулахгүй, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулахгүй байх, ажлын байраар хангах, нийгэмд байр сууриа олоход анхаардаггүй. Өөрөөр хэлбэл, тэднийг нийгэмшүүлэх, амьдралд хөлөө олох боломж, бололцоо ол­гох ажлыг орхигдуулж байна. Хориход ял эдлээд гарч ирсэн эмэгтэйчүүдийн төлөөлөл болж хэдэн хүн бодит байдал, тулгарч буй бэрхшээлээ ингэж ил тод ярилаа. Мэдээж, эрчүүдэд ч гэсэн ийм асуудал тулгарч л байгаа. Тиймээс бид ярилцаад төрийн бус байгууллага байгуулж хамтарч ажиллахаар боллоо.

-Тэгэхээр энэ ТББ нь ял эдлээд гарч ирсэн хүмүүсийг ний­гэмшүүлэх, амьдралд хө­лөө олоход нь туслах чиг­лэлээр үйл ажиллагаа явуул­на гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав. Цаашид хорихоос суллагдах эмэгтэй­чүүд төдийгүй эрчүүд, хүүхдүүдээ нийгэмшүүлэх, амь­жиргааны эх үүсвэр, эдийн засгийн баталгаа бий бол­гох гэх мэтээр тэдэнд тус­лана. Энэ мэтээр хамтарч хийх асуудал олон байна. Надтай уулзахаар ирсэн 10 эмэгтэйн хоёр нь гэхэд л бичиг баримтгүй учир Төрийн ордон руу нэвтрүүлэхгүй гэж асуудал үүссэн. Хорихоос суллагдсан хүмүүсийг бичиг баримтжуулах асуудлыг ч хол­богдох байгууллагад уламж­лах ёстой гэж бодлоо.

-Танай байнгын хороо­ныхон өнгөрсөн хугацаанд Эмэгтэйчүүдийн хориход хэд хэдэн удаа очиж, бай­дал­тай нь танилцсан. Ер нь, өнөөдрийн байдлаар хэч­­нээн эмэгтэй хоригдож бай­гаа бол, ялаа эдлээд сул­лагд­сан нь хэд байна вэ. Энэ талаар тоо судалгаа байна уу?
-Одоогоор энэ талаар тоо судалгаа гараагүй. Энэ тухай мэдээлэл авахаар ШШГЕГ болон Эмэгтэйчүүдийн хо­рих ангийн удирдлагад хү­сэлтээ хүргүүлсэн. Эмэг­тэйчүүдийн хорих ангиас ялын төрлөөр нь судалгаа гаргаж өгсөн. Өнгөрсөн хуга­цаанд Хүүхдийн болон Эмэгтэйчүүдийн хорих, Хүүх­дийн асран хүмүү­жүү­лэх төвүүдээр явж, ажил, бай­далтай нь танилц­лаа. Зорилго нь хүүхэд, эмэг­тэйчүүдийн эрх зөр­чиг­дөж, хохироод байна гэдгийг нийгэмд ил болгох. Ард иргэд энэ талаар улиг болтол ярьдаг. Гэтэл хууль  тогтоогчид үүнд анхаарал хандуулдаггүй. Тийм учраас нийгмийн энэ давхаргынханд анхаарч ажиллаж байгаа юм. Ингэснээр тодорхой үр дүн гарч л байна.

-Тухайлбал?
-ЭМЯ, ХЗЯ-ны хамтарсан тушаалаа хүчингүй болголоо. Ингэснээр хүнд өвчтэй ялтнууд нарийн мэргэжлийн эмнэлгийн эмчилгээ, оношлогоо, тусламж үйлчилгээ авах эрхтэй болсон. Хүнд өвчтэй ялтныг үхэхээс нь наана арай гэж нэг юм магадлангаар гаргадаг байсан шүү дээ. Одоо хоригдох явцдаа нарийн мэргэжлийн эмчилгээ, оношлогоонд хамрагдах эрхтэй болсон гэсэн үг. Эмэгтэйчүүдийн хорих анги өнөөдрөөс /өчигдрөөс/ эмэгтэйчүүдийн эмчтэй боллоо. Өмнө нь ийм орон тоо байгаагүй. Тэнд хоригдож байгаа эмэгтэйчүүдэд нарийн мэргэжлийн үзлэг оношлогоо хийлгэх боломж бүрдүүлэхэд анхаарч ажиллалаа. Ер нь, шоронд хоригдоод эрүүл гарч ирнэ гэсэн баталгаа алга. Тиймээс хэчнээн буруу зүйл хийж нийгмээс тусгаарлагдсан ч иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарах ёстой. Түүнчлэн хүүхдийн хориход хүмүүжиж буй хүүхдүүдэд шүд, чих, хамар хоолойн үзлэг хийлгэх хүсэлт ЭМЯ-нд тавьсан. ЭМЯ-наас баг гаргаж, бүх хориход хоригдож буй хүмүүст эрүүл мэндийн үзлэг хийх болсон. Энэ мэт нааштай ажлууд хийгдэж л байна.

-Ялын төрлийн судал­гаанаас үзэхэд эмэгтэйчүүд ихэвчлэн ямар гэмт хэрэгт холбогдсон байна вэ?
-Олонх нь залилангийн хэрэгт холбогдсон. Хүний амь хөнөөх, дээрэм, хул­гайн хэрэгт холбогдсон хүн цөөхөн бай­на билээ. Залилангийн хэр­гийг дээд боловсролтой олон танилтай хүн үйлдэж байгаа бол хулгай, дээрмийн хэрэгт амьдрал нь тааруу хүмүүс холбогдсон байх жи­шээтэй. Өөрөөр хэл­бэл, хүмүүсийн амьдралын байдлаас шалт­гаалж, үйлдэж буй хэр­гүүд нь ч өөр байгаа юм.

-Хууль зүйн сайд Х.Тэ­мүүжин Эрүүгийн хуу­лийг Гэмт хэргийн тухай хууль болгож, ялын бодлогыг нь өөрчилнө гэж ярьж байгаа. Та энэ талаар ямар байр суурьтай явдаг вэ?  
-Бид Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх ту­хай хуульд анхаарах ёс­той. Гол суурь хуулиудаа шинэ­чилж, ялын бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй. Өнөө­дөр хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулийн ялын бодлого хатуу байна. Үүнд анхаарахгүйгээр хууль зүйн салбар, нэр томъёоны шинэчлэл хийнэ гэж ярих нь буруу.  УИХ-ын гишүүний хувьд хэлэхэд Монгол Улс ялын бодлогодоо зоригтой өөрчлөлт хийх хэрэгтэй. Хорихоос өөр төрлийн ял шийтгэл онооход анхаарах шаардлагатай. Ял шалгуулах хуудас байх нь зөв үү, үгүй юү. Хүүхэд болон эмэгтэйчүүдээ олон сар, жилээр нийгмээс тусгаарлах нь хэр оновчтой вэ гэсэн асуудлыг хөндөх цаг нь хэдийнэ болсон. Тухайн хүн зохих ял шийтгэлээ эдлээд гарсан л бол “Чи ял эдэлж байсан байна” гэж ялгаварлаж болохгүй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан