Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ах дүү намууд
Улс төрийн намууд нэгдэн нийлж, салж сарних, холилдож өөрчлөгдөх их хөдөлгөөн дуусах хараахан болоогүй бололтой. Харин ч удахгүй улам бужигнаж магадгүй байна. Одоогоор хамгийн сүүлийн идэвхтэй хөдөлгөөнийг Монголын ногоон нам хийв. Тэд МАН-тай хамтарч ажиллахаар өчигдөр гарын үсэг зуралцсан. “Сонгуулийн луйврыг таслан зогсоох, санал хураах шударга ардчиллыг бий болгоход олон нийтийн санал санаачилгыг дэмжих” гэж ирээд л сүртэй гэгч нь мэдэгдэл хийв. Цөмийн хөнөөл учруулахуйц уран олборлох, шар нунтаг үйлдвэрлэх нь Үндсэн хуулийн “Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн заалтыг зөрчиж буйг МАН, МНН хамтдаа эсэргүүцэх юм гэнэ.
Хамгийн сонирхол татсан хэсэг нь Монголд  цөмийн хаягдал булшлах асуудлыг Ногоон намынхан эсэргүүцэж, хаа сайгүй ярьж, эсрэг байхыг уриалж байсан. Өнгөрсөн жил УИХ-ын сонгуулийн өмнө гэнэт асуудал босч ирэн Монголд цөмийн хаягдал булшлах гэрээг Сү.Батболдын дангаараа бүрдүүлсэн танхимын сайд нар хийх гэж байна, хийсэн байна гэж зарлаж ч байв. Гадаадын хэвлэлүүдээр энэ талаар бичиж, мэдээлж, хэсэгтээ л дуулиан, шуугиан болсон. Дуулианы гол баатрын нэг Гадаад харилцааны сайд асан  Г.Занданшатар өдгөө МАН-ын генсекийн алба хашиж яваа. Гэтэл өчигдөр цөмийн хор хөнөөлийн эсрэг тэмцэгчийн дүрд тоглоод жигтэйхэн. Жил орчмын өмнө л түүнийг цөмийн хаягдал эх нутагтаа булшлах гэрээ гадаадынхантай байгуулсан уу гэсэн асуултууд урссаар л байсныг тэд мартсан бололтой.
Монголд нийт 10 тэрбум ам.долларын цөмийн хаягдал булшлахаар аман байдлаар хэлэлцээр хийсэн хүмүүсийг Г.Занданшатар тэргүүлж байсан талаар ЦЭГ-ын дарга асан С.Энхбат хэлсэн. Тэрээр Цөмийн энергийн газрын даргаас чөлөөлөгдөөд удаагүй байхдаа 2012 оны хоёрдугаар сард энэ талаар дуулиант мэдэгдэл хийсэн нь тухайн үеийн сайд нар буюу одоогийн МАН-ын удирдлагуудыг багагүй сандаргаж байв. Г.Занданшатарыг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа цөмийн хаягдал булшлах хэлэлцээр хийсэн гэдгийг тэрээр хэлсэн юм. Гэвч экс сайд “үгүй” гэж гүрийсэн. Манай улсад цөмийн хаягдал булшлах болсон тухай тив алгасч Америкийн “Нью-Йорк таймс” сонин хүртэл бичиж, баримт дэлгэж байсныг дахин сануулъя. Гадаадын хэвлэлүүдээр Монголд цөмийн хаягдал булшлах асуудал яригдаж, гэрээ хийсэн байж болох баримт дэлгээд шуугиад эхлэхэд Сүхбаатарын талбайд лоозон барьсан жагсагчид цугласан. Тэр дунд МНН-ын төлөөлөл, тэмцэгч О.Бум-Ялагч идэвхтэй оролцогч байсан нь бас л үнэн. Тэрээр “Г.Занданшатар сайд америкчуудтай цөмийн хаягдал санамж бичигт гарын үсэг зурсан нь үнэн. Цөмийн энергийн газрынхантай уулзаж ярилцахад үүнийг нотолж хүлээн зөвшөөрч байсан. Г.Занданшатар сайд цөмийн хог хаягдлын менежментийн асуудлаар санамж бичигт гарын үсэг зурсан гэж Цөмийн энергийн газрын Дамдинсүрэн гэдэг хүн ярьж байна билээ. Хамгийн сүүлд цөмийн хог хаягдлын таалаархи санамж бичиг байгуулах үндсэн эхлэлийг УИХ-ын гишүүн С.Баяр, ЦЭГ-ын дарга С.Энхбат нар тавьсан” гэж ярьж байлаа.
Ногоон намынхан цөмийн хаягдал булшлах асуудлаар байнга л эсэргүүцлээ илэрхийлдэг. Гэтэл өнөөдөр ингээд нэгэн цагт дайсан байсан нэгэнтэйгээ “нэг хөнжилд” орсон нь анхаарал татна. Цөмийн хаягдлыг Монголд булшлуулахгүй гэж тэмцэгч Монголын ногоон нам, цөмийн хаягдал эх орныхоо хөрсөнд булахаар гэрээ хэлцэл хийгч Г.Занданшатар гэдэг генсектэй Ардын намтай ах дүүгийн барилдлага тогтоож орхилоо. Сонгууль будлиангүй явуулах, шударга ардчиллыг бий болгох гэж өөрсдийнх нь яриад байгаа шиг өөр бусад асуудлаар тэд ах дүү бололцдог л юм байгаа биз. Очиж очиж цөмийн хаягдлын талаар эсрэг тэсрэгүүд нэгдэж гар хөлөө барилцан, зураг хөргөө татуулах нь даанч увайгүй харагдав. Г.Занданшатар “Монгол Улсын сайн сайхны төлөө ажиллаж байснаас биш газар нутагтаа аюултай зүйл авчиръя гэж хэн ч бодохгүй. Харин ч ийм албан бус үйлдлүүдийг таслан зогсоож байсан миний баримтууд бий” гэж тайлбарлана. Цөмийн хор хөнөөлийн эсрэг зөв бодлого барьж ажиллах нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжинэ гэж МНН-ынхан хэлнэ билээ.  Тэгэхээр МАН-ынханд шинэхэн дүү МНН-ынхан нь ихэд итгэж, хамтарч ажиллахаар болж байгаа гэнэ. Ах дүү намынхан хэрхэн тэмцэхийг ээлжит жагсаалаас нь харах л үлдэж байх шив.
Жагсаал цуглаан хийдгээрээ ах дүү хоёр адилхан ч юм уу.

Л.Номин

0 Сэтгэгдэл
монгол улсад цөмийн хаягдал булах гэрээ хэзээ ч байгаагүй оросын гар хөл болсон новшнууд худлаа хийрхэж байгаа энэ тэмцээд байгаа новшнууд өөрсдөө орсын гар хөлнүүд монгол улсынхаа эрх ашигаас урвагчид хутган үймүүлэгчид
MAN odoo Bum Yalaltiig baraadaj baigaa ne ix l yadarch dee
Хамгийн их уншсан