Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Баярцогтыг УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдааны эхэнд Ёс зүйн дэд хорооноос ямар шийдвэр гаргасныг гишүүн М.Батчимэг танилцуулсан. Түүний хэлснээр Ёс зүйн дэд хороо өөрийн дүрмийнхээ хувьд асуудлыг шийдсэн гэв. Харин Ёс зүйн дэд хорооны шийдвэрийг асуудалд шударгаар хандаагүй байна гэсэн шүүмжлэл гарч байв. Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэг, “С.Баярцогтын асуудлыг Ёс зүйн дэд хороо авч хэлэлцсэн. Шийдвэрээ гаргасан. Байгаа хуулийнхаа хүрээнд, дүрмийнхээ хүрээнд л үйл ажиллагаа явуулсан” гэсэн тайлбар хэлж байв. Гишүүд асуулт асууж хариулт авсан юм.
Ц.Оюунбаатар: Хэлэлцэж байгаа асуудал бол нэг хүний тухай биш монголын төр сахилгатай байх, төрийн өндөр албан тушаалтан, жирийн иргэн хуулийн өмнө тэгш эрхтэй байна гэдгийг биелүүлэх ёстой. 1991 онд Бага хурлын гишүүн Балдан гэдэг хүн 500 төгрөгийн үнэтэй дуу хураагуурыг бусдад худалдсан гэдэг шалтгаанаар эргүүлэн татагдаж байсан юм. Тэгэхээр Ёс зүйн дэд хороо энэ асуудалд хэр шударга хандсан юм бэ. Улс төржүүлээд байгаа юм биш үү. Цаашид ийм зүйл гарлаа гэхэд хариуцлага тооцохгүйгээр УИХ-аар хэлэлцээд яваад байх юм уу.
М.Батчимэг: Тиймээ. Энэ бол нэг хүний асуудал биш. 76 хүний ёс зүйг ярьж байна. Ёс зүйн дэд хороо аль нэг намын гишүүний тухай биш УИХ-ын гишүүний тухай ярьсан шүү. Энэ хүнийг өмгөөлнө, хамгаална, түлхэнэ гэдэг нь бас ёс зүйгүй юм. Тиймээс бидэнд оногдуулах боломжтой хамгийн хүнд хариуцлагыг оногдуулсан.
Ц.Нямдорж: Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлсэн нь зөв жишиг тогтож байна. Албан тушаалгүй гишүүн таван дансныхаа гуравыг нуусан бол яах юм бэ. Ийм хүн байгаа. Гурван данс нуусан гэдгээ шударгаар хэлсэн хүнийг яах уу?
М.Батчимэг: Нямдорж гишүүн туршлагатай хуульч хүн. Тиймээс логикийг нь мэдэж байгаа байлгүй дээ. Өнгөрсөн парламентад хугацаанд тодорхой шалтгаанаар хөрөнгө орлогоо мэдүүлээгүй байсныг хэлэлцээгүй өнгөрсөн юм билээ. Тэгэхээр би үүнийг хариулж мэдэхгүй байна. Манай парламентад мөрдөн шалгах эрх мэдэл байхгүй. Тиймээс мөрдөн шалгах чиг үүргийг нь өгч байж шийдэгдэх байх.
С.Баярцогт: Ёс зүйн хариуцлага хүлээх нь зөв гэж үзсэн. Одоо мөрдөгдөж байгаа дүрмээр сануулах, цалингийн хэмжээг бууруулах арга хэмжээ заасан байна билээ. Тиймээс би үүнээс илүү хариуцлага хүлээж дэд даргаасаа чөлөөлөгдөх хүсэлтгээ гаргасан. Энэ мөнгө бол цэвэр бизнесийн орлогоос бүрдсэн мөнгө. Сангийн сайд, Оюутолгойн гэрээ хийхээс нэг жилийн өмнө бүрдсэн мөнгө. Цаашид Монгол Улсынхаа нэр төрийг өндөрт өргөж хичээж ажиллах болно гэж гол дүрийн баатар хэлсэн. Харин түүнийг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх тухай асуудлаар санал хураахад хуралдаанд оролцсон 64 гишүүнээс 54 нь дэмжиж  87.5 хувийн саналаар УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.
0 Сэтгэгдэл
Баярцогтийг тойргийнх нь сонгогчид л гишүүнээс нь эргүүлэн татах арга зам л үлдлээ. Тэрнээс гишүүнээс буух зориг хүрэхгүй байна. АН ганц нэг хүнээр туг тахисан бол өөрсдийн нь нэр хүндэд хэрэгтэй байсан юмсан.Шударга ерөнхийлөгч хаачив аа. Монголын ард түмнийг ингэж муухай доромжиллоо УИХ суусан арчаагүй 76...
ОНИГОО
Хамгийн их уншсан