Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улс халаагаа өгсөн ч ардчиллыг хөгжүүлэх үйлсэд зүтгэсээр байна

Манай улсын нийслэл Улаанбаатар хотноо гурван өдөр үргэлжилсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал өчигдөр өндөрлөлөө. АОХН-ийн далбаан дор нэгдсэн дэлхийн 150 улсаас 104-ийнх нь 1300 орчим төлөөлөгч өнгөрсөн гурван хоног хүний эрх, эрх чөлөө гээд ардчиллын чухал зарчмын талаар хэлэлцэж, цаашид юунд, хэрхэн анхаарахаа зөвлөлдөв. Эхний хоёр өдөр Парламентчдын, Эмэгтэйчүүдийн, Залуучуудын, Иргэний нийгмийн, Бизнесийн чуулга уулзалт болсон. Тэд чуулга уулзалтынхаа үр дүнд гаргасан санал, зөвлөмжөө өчигдөр хуралдсан АОХН-ийн Сайд нарын VII бага хуралд хүргүүлсэн юм.

Ардчиллыг хөгжүүлж, төлөвшүүлэхэд хүн бүрийн цаашилбал, нийгмийн тодорхой бүлгүүдийн оролцоо тун чухал. Тиймээс гол асуудлаа эхлээд нийгмийн бүлгүүдээр хэлэлцүүлж, тэдний гаргасан санал, зөвлөмжийг АОХН-ийн Сайд нарын VII бага хурлаар хэлэлцдэг уламжлалтай аж. Дээрх таван салбар чуулга уулзалтаас гаргасан санал, зөвлөмжийг АОХН-ийн Сайд нарын VII бага хурлын үеэр танилцууллаа. Иргэний нийгмийн чуулга уулзалтын төлөөлөгчид ардчиллыг хөгжүүлж, төлөвшүүлж, бэхжүүлэх талаар хэд хэдэн санаачилга гаргажээ. Хамгийн гол нь, иргэний нийгмийг дэмжихийг улс орнуудын Засгийн газар бүр мөрийн хөтөлбөртөө тусгах ёстой гэв. Мөн иргэний нийгмийнхэн бидэнд санхүүжилт хэрэгтэй байна гэдгийг уламжилсан юм. Парламентчдын чуулга уулзалтаар Монгол Улсаас гаргасан авлигатай тэмцэх санаачилгыг дэмжихээ мэдэгдлээ.
Дэлхийн улс орон бүр авлигад анхаарлаа чиглүүлж, ялангуяа төр, засгийн тэргүүнүүд нь авлигатай тэмцэх үйлсийг манлайлах ёстой гэлээ. Авлигатай тэмцэхийн тулд нийгмийн бүх байгууллагыг татан оролцуулах шаардлагатай. Төсвийн зарцуулалтын талаар иргэдэд ил тод мэдээлэл өгч, авлигатай хамтарч тэмцэх нь чухал гэсэн санал дэвшүүлэв.

Харин Бизнесийн чуулга уулзалтаас төр, хувийн хэвшлийн хоорондын яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, өргөн цар хүрээтэй шинэчлэл хийхийг уриалсан юм. Мөн Дэлхийн эдийн засгийн форумын авлигатай тэмцэх түншлэлийн үйл ажиллагааг туршлага солилцох байдлаар ашиглахыг санал болголоо. Залуучуудын чуулга уулзалтаар аль ч улс оронд залууст эрх олгохгүйгээр ардчиллыг хөгжүүлэх боломжгүй гэсэн асуудлыг хөнджээ. Нийгмийн сайн сайхны төлөөх үйл хэрэгт залуусыг идэвхтэй оролцуулах, тэдний мэдлэг ур чадварыг ашиглах бололцоотой. Тиймээс АОХН-ийн Сайд нарын VII бага хурлаас гаргах зөвлөмжийг хэрэгжүүлэхэд тэднийг оролцуулахыг хүсэв. Залууст туршлагаа хуваалцах орчин бүрдүүлж өгөх санал гаргасан юм. Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт бусад салбар хурлаа бодвол АОХН-ийн Сайд нарын VII бага хуралд хандаж, хамгийн олон санал гаргажээ. Эмэгтэйчүүдэд эдийн засгийн эрх мэдэл олгох, өмчлөх эрхийг бүрэн хангах, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, ажлын байр бий болгох, авлигатай тэмцэх тэргүүн туршлага нэвтрүүлэх, авлигатай тэмцэж буй эмэгтэйчүүдийг дэмжих, бүх төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлэх гэх мэт олон санал гаргаснаа эмэгтэйчүүд Сайд нарын бага хуралд уламжилсан. Тэдний гаргасан саналыг АОХН-ийн Сайд нарын VII бага хурлаас гаргах зөвлөмждөө тусгах нь. Түүнчлэн Улаанбаатарын тунхаг бичгийг үйлдэж, олон улсад хүргэнэ гэдгийг Гадаад харилцааны сайд Л.Болд хэллээ.

Монгол Улс АОХН-ийг даргалах хоёр жилийн хугацаанд хийсэн хамгийн том ажил бол НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаар батлуулсан Ардчиллын боловсролын тогтоол. Үүнийг ЮНЕСКО төдийгүй дэлхийн олон улс өндөр үнэлж байгаа. Түүнчлэн дэлхий нийтээрээ авлигатай тууштай тэмцэх санаачилга нь ч зөв зүйтэй алхам байсан гэдгийг АОХН-ийн Сайд нарын VII бага хурлын төлөөлөгчид онцолсон. АОХН-ийн Сайд нарын VII бага хурлын төгсгөлд Монгол Улс АОХН-ийг даргалах эрхийг Эль Сальвадор улсад шилжүүлэн өглөө. Хоёр жилийн хугацаанд хашсан энэ албаа тус улсад шилжүүлж байгаа ч цаашид ардчиллыг хөгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх талаар АОХН-ийн үйл хэрэгт идэвхтэй оролцоно гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдээд Эль Сальвадор улсад амжилт хүслээ.    
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан