Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ан Сан Сү Чи: Ардчиллыг загварчлах дургүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хуралд оролцсон хүндтэй зочдын нэг Нобелийн Энхтайвны шагналт, Мьянмарын ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэгч хатагтай Ан Сан Сү Чи. Тэрээр  өчигдөр Монголын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчтэй уулзлаа. Энэ үеэр Ан Сан Сү Чи сэтгүүлчдийн асуусан асуултад юу гэж хариулсныг уншигчдадаа хүргэж байна.


-Юун түрүүнд та Монгол Улсад ирсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юү?
-Монгол Улсад ирээд би өөрийгөө ерөөсөө гадны хүн гэж бодохгүй байна. Газар зүй, байгаль цаг уурын хувьд мэдээж, Монгол, Мьянмар улс өөр.  Өмнө нь, би ийм эрс тэс уур амьсгалтай оронд очиж үзээгүй. Намайг Мьянмараас гарах өдөр 39 хэм халуун байсан. Хувь хүний тухайд ч монголчуудаас ялгарах юм алга. Бидний баримталж байгаа дэг жаяг, үйлдэл нэг л дэлхийн хүмүүс гэдгийг илэрхийлж байна. Монголчууд цагаан идээ хүнсэндээ хэрэглэдэг бол мьянмарчууд ногоо, будаа иддэг. Хоол хүнс, хувцас хунараас бусдаараа бол адилхан. Монгол болон Мьянмар хэл төстэй юм. Англиар хэлсэн товчхон өгүүлбэр монгол болон мьянмар хэл дээр маш урт өгүүлбэр болж буух жишээтэй.

-Монгол Улс ардчилал руу тайван замаар шилжсэн цөөн улсын нэг. Та Мон­голын ардчиллыг хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?
-Би ардчиллыг загварчлах дургүй. Монголын, Мьянма­рын ардчилал гэж хэлэхээс татгалздаг. Загварчлах тусам ардчиллыг хязгаарлаж, хайр­цаглаж байна гэсэн үг. Ингэснээр ардчиллаар дам­жуулж түгээх ёстой зүйлүүдээ хязгаарлана. Тийм учраас Монголын, Мьянмарын ардчи­лал гэж загварчлах дургүй. Энэ бол бидний сонгосон зам. Монгол Улсыг өөрийнхөө улстай харьцуулахад ардчиллын замаараа биднээс түрүүлж яваа. Гэхдээ бидэнтэй нөхөрсөг, найрсаг хамтарч ажилласнаар манай улс тун удахгүй гүйцэж очно. Бусад улс шиг бид ардчиллынхаа замаар амжилттай замнаж чадна.

-Мьянмар улсад хөрөнгө оруулалтын орчин хэр бүрдсэн бэ. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлнэ. Боломж олон гарна. Гэхдээ хүссэн хэмжээндээ хөрөнгө оруулалт авч эхлээгүй байна. Бид ялангуяа, эдийн засгийн эрхээ хэрэгжүүлэхэд сонголтоо маш ухаалаг хийхгүй бол эргээд тэр нь төр засгийн бодлогод буруу хэлбэрээр хэрэгжих- вий гэдгээс болгоомжилж байгаа. Бид хариуцлагатай байх, холыг харсан шийдвэр гаргах, популист биш амлалт өгч чадах тийм эр зоригийг төр засгаасаа хүлээж байна. Тийм учраас хөрөнгө оруулалттай холбогдуулан гаргаж буй шийдвэртээ энэ гурван үндсэн зарчмыг баримталж хандах ёстой гэж үзэж байгаа.

-Монгол, Мьянмар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох боломж хэр байна вэ?
-Бид цаашид Монгол Улстай найрсаг харилцаатай байна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Тийм боломжийг эрэлхийлж эхэлсэн байгаа. Манай хоёр улсын харилцаа цаашид дардан замаар явна. Бид үнэт зүйл нэгтэй, ардчилсан замналаар явж байгаа, нэг бүс нутагт оршдог. Түүнчлэн Монгол, Мьянмар улсыг дэлхийн хоёр алтны уурхай гэж ярьж байгаа. Тэр утгаараа бидэнд хуваалцах, нэг нэгнээсээ суралцах ч зүйл их бий. Хамтран дэвших ч боломж бий. 

-Эмэгтэйчүүд улс төрийн болон эдийн засгийн эрхээ хэрэгжүүлэхэд ямар бэрхшээлүүд тулгарч байна вэ?
-Намайг ардчилал хүний эрхийн төлөө цуутай тэмцэгч гэж ярихад надад их хэцүү байдаг. Би ч гэсэн тэгж хэлүүлэх дургүй. Зүгээр л ардчиллын төлөөх ажилтан, ардчиллын төлөөх хар ажилчин гэж хэлэх юм бол илүү үнэнд ойртох болов уу. Ер нь, манай улсад эмэгтэй, эрэгтэйчүүдийн хүйсийн тэгш бус байдал ажиглагдаж байгаа. Ялангуяа, эмэгтэйчүүд улс төрд оролцохдоо эрэгтэйчүүд шиг амжилттай ажиллаж чадах уу гэсэн эргэлзсэн ойлголт байдаг. Энэ нь дан ганц эрэгтэйчүүдэд мэдлэг боловсрол, мэдээлэл олгож, хандлагыг нь өөрчлөхөөс гадна эмэгтэйчүүдийн өөрсдийнхөө хүчинд итгэх итгэл үнэмшлийг нь нэмэгдүүлэх, төлөвшүүлэх, илүү боловсрол олгох, оюунлаг болгох хэрэгтэй байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг гэрийн хорионоос суллуулахын тулд тодорхой алхмууд хийж байсан. Энэ талаархи сэтгэгдлээ бидэнд хуваалцахгүй юу?
-Намайг гэрийн хорионд байхад миний төлөө, намайг чөлөөлөхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн дэлхийн улс орнуудын төлөөлөгчид талархаж явдаг. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн дуу хоолой, оролцооны юунд нь илүүтэй талархдаг вэ гэхээр Азийн орнуудаас цөөн хүн л байр сууриа илэрхийлдэг байсан. Гэхдээ тэдний дуу хоолой их бүдэг сонсогддог байлаа. Харин тэдний дундаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж миний эрх, эрх чөлөөний төлөө зоригтой, тод дуугарч чадсан. Тэрэнд нь би үнэхээр талархаж явдаг. Ялангуяа, Азийн орнуудаас ганцаараа шахуу зоригтой байр сууриа илэрхийлсэн. 

-Ардчилал, хүний эрхийн төлөө тэмцлээ илэрхийлснээр таныг армийнхан олон жил гэрийн хорионд байлгасан. Гэсэн ч та тэмцлээ үр дүнд хүргэж чадсан. Таны ард ямар хүч байсан бэ гэдгийг сонирхмоор байна?
-Тулалдах, зөрчилдөх гэдэг үгийг би хэлэх дургүй. Үүний оронд буруу, зөрүүгээ арилгаж, нэг зүгт харах чадвартай болохыг чухалчилдаг. Манай улсын армийн үндэс суурийг миний аав тавьсан. Одоо ч аавыг минь Мьянмарын армийг үндэслэгч гэж хайрлаж, хүндэлдэг. Арми бол мэдээж, ард түмэн, эх орныхоо тусгаар тогтнолыг сахин хамгаалах үүрэгтэй. Манай ард түмэн армийг хайрладаг, арми нь ард түмнээ хайрладаг. Нэгнийгээ харилцан хамгаалдаг. Хүнд хэцүү үед ард түмэн армийнхаа хоолоор хооллож байсан үе бий. Одоо бид энэ харилцааг дахин сэргээх, нэг нэгэндээ итгэж чадах тэр тогтолцоог бүрдүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй байна. Ер нь, би армийг миний амьдрал, эрх чөлөөнд заналхийлэл учруулсан гэж үздэггүй. Армийн хамгийн гол алдаа нь улс төрд хутгалдаж, орооцолдсонд л байгаа юм. Улс төрд орооцолдсон нь манай улсын эрх ашигт маш харшаар нөлөөлсөн энэ цагт армийнхаа ч нэрийг цэвэрлэж авъя, хоёрдугаарт мэргэжлийн үндсэн үүргээ хэрэгжүүлдэг институц болгож авъя гэсэн байр суурьтай явдаг.

-Таныг манай улсад айлчилсан өдрүүдэд Улаанбаатар хотын төв талбайд улс төрийн зарим хүчин тайван жагсаал хийлээ. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Ер нь, тайван замаар жагсаал, цуглаан хийж байгаа хүмүүстэй уулзмаар санагддаг юм. Тэд яг юу хүсээд байгааг мэдэхийг хүсдэг. Жагсаал, цуглаан зохион байгуулж, үзэл бодлоо илэрхийлэх нь ардчиллын нэг хэсэг. Гэхдээ жагсаал, цуглааныг хууль, дүрмийн дагуу хийх ёстой. Улсынхаа Хуулийн форумын даргын хувьд хуулийг дээдэлж, хуулийг мөрдөж, хэрэгжүүлэхийг чухалчилдаг.

-Та  Монгол Улсын Ерөн­хийлөгчтэй хамтран лекц уншиж, иргэдтэй уулзах үеэр Мьянмар улсын төрийн тэргүүн шиг харагдаж, тийм сэтгэгдэл төрүүллээ. Танд 2015 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх төлөвлөгөө бий юү?
-Шуудхан хэлэхэд, надад тийм сонирхол байна. Зарим улс төрийн намын тэргүүн шиг яадаг юм билээ дээ гэсэн бөөрөнхийлсөн хариулт өгөхгүй. Тийм учраас энэ асуултад надад тийм төлөвлөгөө байгаа гэж хариулъя. Мэдээж, улс төрийн намууд тэргүүнээ Ерөнхийлөгч болгохын төлөө зорьж ажилладаг. Тийм учраас би 2015 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж, оролцоно.

-Та лекц унших үеэр манай улс Хятад улстай харилцах харилцаандаа ач холбогдол өгч байгаа гэж хэлсэн. Ер нь, Хойд Солонгостой харилцах ха­рилцаандаа ямар ач хол­богдол өгч байна вэ. Энэ улстай яаж харилцах вэ. Хэрэв та энэ улсын тэр­гүүнтэй уулзвал ардчил­лын талаар ямар үг хэлэх вэ?
-Би ганцхан Хятадын тухай яриагүй. Хятад, Энэтхэг гэсэн хоёр хөрш орныхоо талаар ярьсан. Бидэнд хөрш орнуудтайгаа хамтран хэрэгжүүлэх, шийдвэрлэх асуудал бий. Цаашид энэ асуудал өрнөх байх. Хойд Солонгосын хувьд манай хөрш биш. Тийм учраас одоо үүссэн улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан нэг зүйл хэлэхэд, тэд бидэнтэй адилхан үнэт зүйл баримталдаггүй учраас нөхцөл байдлыг өнөөгийн ийм төвшинд хүргэсэн болов уу. Тийм учраас миний философиор ардчиллыг түгээн дэлгэрүүлж, нэгдмэл үнэт зүйлстэй болохын тулд хүч хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Ардчилал, үнэт зүйлстэй болохыг хүсэхгүй байгаа тэр хүмүүстэй ардчиллыг хүсдэг болгохын төлөө ажиллах хэрэгтэй. Тэдний зүрх сэтгэлийг бид өөрсдийнхөө үйл ажиллагаа, үйлдлээрээ дагуулах ёстой гэж бодож байна. Тийм учраас хүч хэрэглэхгүйгээр ардчиллыг хүсдэггүй хүмүүсийг ардчиллын талд оруулахын төлөө ажиллах ёстой.   
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан