Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.В.Самойленко: ГХЯ-нд шилжүүлсэн Якунины захидал хэвлэлээр гарсан нь манай асуудал биш

ОХУ-аас Монгол  Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён В.В.Самойленког “Элчингийн цаг” булангийнхаа зочноор урилаа.



Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолборын одоогийн байдал зөөлөн хэлэхэд муухай байгаа шүү

-Хоёулаа ярилцлагаа долоо хоногийн дараа болох Ялалтын баяраас эхэлье. Ялалтын баярын мэндийг танаар дамжуулан Оросын ард түмэнд хүргэе. Сүүлийн үед Ялалтын баярын ач холбогдлыг үгүйсгэх, баллах гэсэн хандлага ажиглагдах боллоо. Зарим улсад тавдугаар сарын 9-ний өдрийг Ялалтын баяр биш харин “Харуусал, эмгэнэлийн өдөр” болгох санал гаргасан байх жишээтэй. Та иймэрхүү үзэгдлүүдийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Ер нь, Ялалтын өдөр, хүн төрөлхтөний түүхэнд гарч байсан хамгийн аймшигт дайн дууссан өдрийн ач холбогдлыг үгүйсгэх боломжгүй юм. Учир нь, энэ дайнд 50 сая гаруй хүн амиа алдсан. Тэдний 27 сая нь Зөвлөлтийн иргэн. Оросууд, украйнчууд, белороссууд, казахууд гээд тухайн үеийн Зөвлөлтийн 15 бүгд найрамдах улсын иргэд, бүх улс үндэстэн ийм аймшигтай төлөөс төлж дайнд ялсан. Гэхдээ дайны золиос болсон хүмүүс энэ 27 саяар дуусдаггүй гэдгийг мартаж болохгүй. Ленинградын бүслэлтийн 900 хоногт өлсгөлөнд нэрвэгдэн амиа алдсан хэдэн зуун мянган хүн байна, фашистуудын байгуулсан бөөнөөр хорих газруудад амиа алдсан хэдэн сая хүн байна.

-Эх орны аугаа их дайнтай холбоотой ийм зүйлийг зарим хүн сайн ойлгодоггүй бололтой?
-Энэ дайнд олон сая цэрэг эрс амиа алдсан төдийгүй тэдний ар гэр, эхнэр хүүхэд гээд өчнөөс сая хүн ямар их хохирол амсч, ямар их зовлон туулсан бэ гэдгийг бид мартаж болохгүй. Дайнд оролцсон улс болгон  хүн ам зүйн маш том асуудалтай тулгарсан. Орос улс тэр дайны үр дагаврыг одоо хүртэл мэдэрч байгаа.
Тиймээс үр дагавар нь өдөр тутмын амьдралд одоо хүртэл мэдрэгдэж байхад дайны явц, шалтгаан, үр дагаврын талаархи бодит байдлыг өөрчлөн гуйвуулах гэсэн оролдлого нь эрээ цээрээ алдсан, увайгүй бодлого гэж би боддог. Харамсалтай нь, ийм оролдлогууд олон хэлбэрээр гарч байгаа.
Зарим нь ялагчдын дурсгалыг мөнхлөх гэж барьсан хөшөөг зөөж байна, зарим нь Зөвлөлтийн цэргүүдийн оршуулгыг устгаж байна, зарим нь өөрсдийгөө түүхч гэж нэрлэсэн хүмүүсээр дамжуулан дайн өдөөгчдийг зөвтгөх гэж оролдож байна. Гэтэл дэлхийн хоёрдугаар дайны үр дүн, ялалтын үр дүнг гажуудуулж, гуйвуулаад байвал яваандаа шинэ дайн гарах эх үүсвэр болно гэдгийг гуйвуулагчид сайн ойлгохгүй байгаа юм. Тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баяр Зөвлөлтийн ард түмний баяр. Өнөөдөр Зөвлөлт гүрэн гэж байхгүй ч тэр дайнд ялсан Зөвлөлтийн ард түмэнтэй өөрийгөө холбож боддог, мэдэрдэг олон хүн байгаа.

-Зарим оронд Гитлерийн талд байлдаж байсан хүмүүсээ үндэсний баатар гэж онцолдог, тодорхойлдог болжээ. Украйнд гэхэд Гитлерийн талд байлдаж байсан хэт үндсэрхэг үзэлт бүлэглэлийг өнөөдөр зөвтгөж, магтаж, бахдах болсон?
-Энэ бол их харамсалтай бас үл тэвчиж болох зүйл юм. Ялангуяа, Украйны хувьд. Гитлерчүүд ч шууд Москвад хүрчихсэн юм биш шүү дээ. Тэр болтол Украйнд, Белоруссийн нутагт олон хүний амийг авч одсон том тулаанууд хийсэн юм. Тэнд гитлерчүүд хэдэн зуун мянган хүнийг ямар ч шалтгаангүйгээр зүгээр л үндэс, угсаагаар ялган хэрцгийлэн устгасан байдаг. Миний авга эгч тэр үед Украйнд амьдардаг байлаа. Тэгээд дайны үеэр германчууд тосгоныг нь эзлэж аваад нөхрийг нь буудаж хөнөөсөн. Ямар ч шалтгаангүйгээр. Дунд сургуулийн багш хүнийг зүгээр л буудчихсан. Ийм байтал өнөөдөр Украйнд гитлерчүүдийн гар хөл болж байсан, өөдгүй шааруудыг эх оронч, тэмцэгч мэтээр харуулах гээд байгаа нь хамгийн эмгэнэлтэй, харамсалтай зүйл юм.

-Энэ дайн дэгдсэн шалтгааны талаар өнөөдөр их ярих болж?
-Дайн хэдийгээр албан ёсоор 1939 оны есдүгээр сарын 1-нд Германы цэргүүд Польшийн нутагт халдсанаар эхэлсэн гэдэг ч үнэн хэрэгтээ бүр эрт эхэлсэн. Халхын голын дайн,  Япончууд Хятад, Солонгосыг булаан эзэлсэн явдал гээд Азид тухайн үед болж байсан бүхэн нь үнэн хэрэгтээ дэлхийн хоёрдугаар дайн эхэлснийг илтгэнэ. Тэгэхээр энэ дайны үр дагавар, ялалтын ач холбогдлыг гуйвуулна гэдэг улс, эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж байгаад амиа алдсан өвөө, аав, ах нарынхаа сэтгэл зүрх рүү нулимж байгаа хэрэг.

-Сүүлийн үед Орост неонацист, неофашист хөдөлгөөн нэлээн газар аваад байна уу гэж харагддаг?
-Энэ их түгшүүртэй үзэгдэл. Неонацизм бол аль улсад, яаж илэрч байгаагаас үл хамаараад тэвчиж хэрхэвч үл болох зүйл. Хүнийг яс үндэс, угсаагаар нь ялгаварлан гадуурхаж байгаа болохоор яагаад ч хүлээн зөвшөөрч болохгүй. Ийм зүйлсийг эрс шийдэмгийгээр таслан зогсоож байх ёстой. Гэтэл Балтын тэнгис орчмын зарим орны нийслэл хотоор нь гэм зэмгүй олон хүний аминд хүрсэн СС-ийн легионы цэргүүд ёслолын жагсаал хийж, түүнийг эрх баригчид нь дэмжиж байгаа нь санаанд багтамгүй зүйл юм. Ингэж дэмжээд, өөгшүүлээд байгаа болохоор л неонацист, неофашист хөдөлгөөн оршоод буй юм. Ийм ч болохоор Ялалтын баярын ач холбогдол өнөөдөр бүр ч нэмэгдсэн. Энэ баяр бол манай үндэсний баяр. Шинэ жил бол гэр бүлээрээ угтдаг гэр бүлийн баяр гэж болно. Харин бүх ард түмнийг хамарсан баяр гэвэл Ялалтын баярыг л хэлнэ.

-Монголчууд энэ өдрийн ач хол­богдол, үүргийг мартаагүй бай­гаа гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу?
-Тийм ч болохоор бид Монголын ард түмэнд их талархаж явдаг. Ахмад үеийн хүмүүс бол бүр сайн ойлгож, санаж байгаа. Миний онцгой их талархаж байгаа зүйл бол залуу үеийн дунд Ялалтын баярыг мэддэг, ач холбогдлыг нь ойлгодог хүн олон байгаад юм. Энэ их чухал. Залуу үедээ тэр олон жилийн өмнө болсон үйл явдлын талаархи үнэн бодит мэдээллийг, мэдлэгийг өгч байх ёстой. Тэгэхгүй тэр үйл явдлын талаар санаатайгаар гуйвуулсан, өөрчилсөн мэдлэгийг өгөөд байвал удахгүй ахин том дайн дэгдэх үндсийг тавьж өгч байгаа хэрэг юм. Үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй.

-Манай хоёр улсын цэргийн хамтын ажиллагааны ирээдүйн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Шинэ үеийн түүхэн дэх манай хоёр улсын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа бүр 1912 оноос эхэлсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. 1912 онд тухайн үеийн Хаант Оросын Засгийн газар тусгаар тогтнолоо олоод байсан Монгол руу армийн зөвлөхүүдээ явуулж орчин үеийн арми байгуулах зүтгэл, чармайлтыг нь дэмжиж байсан. 1921 оны Хувьсгалын дараагаар цэрэг, техникийн хамтын ажиллагаа илүү эрчимтэй болсон. Системтэйгээр зохион байгуулсан, сахилга баттай, журамтай, техник хангамжтай, мэргэжилтэй боловсон хүчинтэй арми л жинхэнэ арми байдаг. Энэ талаар бид ч идэвхтэй ажилласан. Хамтын ажиллагаа үр дүн сайтай байсныг илтгэх нэг зүйл нь 1939 онд Халхын голын орчим болсон дайн. Манай хоёр орны зэвсэгт хүчин Японы булаан эзлэгчдийг бут ниргэсэн. Хамтын ажиллагаа өнөөдөр ч амжилттай явагдаж байгаа. Хоёр улсын зэвсэгт хүчний жил болгон зохион байгуулдаг “Дархан” хээрийн сургууль үүний тод жишээ.

Бид Аугаа их эх орны дайн эхэлсэн өдөр Фашист Германд дайн зарласан анхны холбоотон улс нь Монгол байсан, дайны үед биднийг өөрийн бүх боломж, бололцоогоор дэмжиж явсан гэдгийг мартдаггүй. Дайны явцад, ялангуяа биднийг ялж эхэлсний дараагаар олон холбоотон гарч ирсэн ч хамгийн анхны холбоотон маань Монгол байсан гэдгийг үргэлж санаж явдаг. Хүн ам, эдийн засгийн боломж бага байсан ч гэлээ Монголын ард түмэн чин сэтгэлээсээ туслан “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” сөнөөгч онгоцны эскадрилийг бэлэг­лэж байсан. Дашрамд сонир­хуу­лахад, одоо Зайсанд байдаг дурс­галын цогцолборт байдаг танк Монголчуудын мөнгөөр бүтэж, Бер­лин хүртэл байлдсан гэдэг шүү. Ха­рамсалтай нь, Зайсан дахь Зөв­лөлтийн дайчдын дурсгалын цогцол­борын одоогийн байдал зөөлөн хэлэхэд муухай байгаа шүү. Учир нь, ингэж дурсгалыг эмгэнэлтэй байдалд оруулснаар  Зөвлөлтийн дайчид тө­дийгүй энэ дайнд байлдаж явсан монголчуудын дурсгалыг дором­жилж байгаа хэрэг юм. Монголчууд Улаан ар­мийн эгнээнд фашистуудын эс­рэг байлдаж явсан гэдгийг санах хэрэгтэй.



Ноён Якунин төмөр замын салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх хэлэлцээ хийх гэж ирж байгаа

-Сүүлийн үед “Оросын төмөр зам” компанийн тэргүүн ноён Якунины манай улсад ирэх гэж байгаатай холбоотой үнэн, худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл цацагдаад байгаа. Та энэ талаар тодруулга өгнө үү?
-Би ноён Якунинтай холбоотой тэгж их дуулиан дэгдсэнд их гайхсан. Үнэн хэрэг дээрээ ямаршуу зүйл болоод байгаа талаар тайл­бар­лах хэрэгтэй байх. 2009 онд Ерөнхийлөгч Д.Медведев, Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдорж нар “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх” тунхаг баталсан. Энэ тунхагийн хүрээнд Оросын тал “Оросын төмөр зам” компаниар дамжуулан Монголын төмөр замын салбарыг хөгжүүлэхэд оролцох боломжтойг заасан байдаг. Тэгэхээр үүний дагуу бид манай хоёр улсын хамтарсан хөрөнгө оруулалттай компани болох “Улаанбаатар төмөр зам”-ыг шинэчлэхэд оролцох, шинэ төмөр зам барихад оролцох боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, Монголын төмөр замын стратегийн түншээр “Оросын төмөр зам” компани гэж зааж өгсөн хэрэг юм.

Гэтэл нэг хэсэгтээ стратегийн түнш болох “Оросын төмөр зам” компанийг хэсэг хугацаанд хойш тавьсан гэж болно. Ингээд энэ оны эхээр шинэ төмөр зам барих ажилд оролцох саналыг “Оросын төмөр зам” компанид тавьсан. Мэдээж, “Оросын төмөр зам” компани нь энэ саналыг маш нарийн судалж үзсэн. Тэгээд “Оросын төмөр зам” компанийг шинээр байгуулах хувьцаат компанийн хувьцааны тодорхой хувийг худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийж хамтран эзэмших саналыг хүлээж авах зохистой бус гэж шийдсэн. Учир нь, “Оросын төмөр зам” компани нь төмөр зам барьдаг, төмөр замыг ашигладаг  болохоос хувьцаа худалдан авах замаар бусдын төсөлд хөрөнгө оруулалт хийдэг компани биш.
Тэгэхээр ноён Якунин өөрийн байр суурийг тайлбарлан Ерөнхий сайд Н.Алтанхуягт захидал бичсэн. Захидалдаа “Оросын төмөр зам” компани нь Монголын төмөр замын салбарыг хөгжүүлэхэд цаашид ч хамтран ажиллахад бэлэн хэвээр гэдгээ дурдсан. Ингэхдээ бид юуны өмнө Улаанбаатар төмөр замыг сайжруулан шинэчлэхэд голлон анхаарах сонирхолтой байгаагаа хэлсэн. Үнэхээр ч Улаанбаатар төмөр замыг сайжруулах, шинэчлэх зайлшгүй шаардлагатай болоод удаж байгаа. Тэгэхээр бид Улаанбаатар төмөр замын нэвтрүүлэх чадвар, транзит болон  гадаад, дотоодын тээвэрлэлтийн чадавхийг сайжруулахад голлон анхааръя гэсэн. Харин шинээр төмөр зам барих асуудалд “Оросын төмөр зам” компани нь бидэнд санал болгож явуулсан загварыг оновчтой биш байна гэж үзсэн тухайгаа захидалдаа дурдсан юм. Ийм л захидал байсан юм.

-Захидал хэрхэн задарч хэвлэлд нийтлэгдсэн талаар та юу хэлэх вэ?
-Бид энэ захидлыг гуравдугаар сарын 14-нд Гадаад харилцааны яаманд шилжүүлж өгсөн. Захидлыг дагуулан Элчин сайдын яамны нот бичгийг ч явуулсан. Гэтэл тэр захидлыг шууд сонин хэвлэлд ил гаргаад нийтэлчихсэн байгаа юм. Гадаад харилцааны яаманд өгсөн захидал яагаад сонин хэвлэлээр бүрэн эхээрээ гарсан бэ гэдэг нь манай асуудал биш. Дашрамд хэлэхэд, биднээс дараа нь зарим сониноос тэр захидлын хуулбарыг өгөөч гэж хүсэлт тавьсан. Гэтэл бид дагаж мөрддөг дүрэм журамтай газар болохоор захидлыг тэгж дамжуулах боломжгүй гэдгээ хэлсэн. Үүний хариуд нь тэдгээр сонин “Тэртээ тэргүй сонин дээр гарчихсан юм чинь өгчих” гэсэн шалтгаан заасан. Хариуд нь захидал тэгж хэвлэгдсэн нь манай буруу биш, бид захидлыг үүргийнхээ дагуу Гадаад харилцааны яаманд шилжүүлж өгсөн гэсэн. Тэгээд  тодорхой хугацааны дараагаар энэ захидлын хариу болгож Ерөнхий сайд ноён Алтанхуяг захидал явуулсан. Захидалдаа ноён Ерөнхий сайд төмөр замын салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлээд үүнтэй холбоотой асуудлыг биечлэн уулзаж шийдэхийг санал болгосон юм. Харин энэ бол Якунинийг энд, Монголд айлчилж ирэхийг урьсан хэрэг юм л даа. Ингээд ноён Якунин энэ урилгыг хүлээж аваад маш богино хугацаанд хариулт захидал явуулж Ерөнхий сайдын урилгыг хүлээн авсан, Монголд ирэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн юм. Ердөө л энэ.

-Ердөө л...
-Тийм ээ. Ноён Якунин төмөр замын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх хэлэлцээ хийх гэж ирж байгаа. Ингэж хэлэлцэхдээ юуны түрүүнд, нэн тэргүүнд Улаанбаатар төмөр замыг хэрхэн 21 дүгээр зууны шаардлагад нийцсэн, хөгжингүй, орчин үеийн төмөр зам болгох вэ гэдэг асуудлыг авч хэлэлцэх юм. Ийм өөрчлөлт, шинэчлэл хийх талаар бид ярьсаар ирсэн ч бодит алхам хийгээгүй. Гэтэл энэ хугацаанд тээвэрлэж байгаа бараа таваарын хэмжээ уналаа, транзит нь хязгаарлагдаж эхэллээ, техникийн төвшин нь муудлаа. Ийм нөхцөлд ямар ч байсан арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай биз дээ. Ингэж шинэчлэх нь манай улсад ч хэрэгтэй. “Улаанбаатар төмөр зам” компанийн манай мэдлийн хувьцааг “Оросын төмөр зам” компани удирдаж байдаг юм. Ийм л болохоор ноён Якунин Монголд айлчлан ирэх гэж байгаа юм шүү дээ. Харин энэ айлчлалын талаар элдэв ташаа зүйлс бичээд байгаа хүмүүсийн хувьд яах гэж тэгээд байгааг би ойлгохгүй байна. Өөрсдөө хувийн сонирхолтой эсвэл хэн нэгний захиалгаар бичээд байгаа юм уу би сайн мэдэхгүй байна.

-”Улаанбаатар төмөр зам”-д шинэчлэл хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна л даа?
-“Улаанбаатар төмөр зам” нь цагтаа Монголын эдийн засгийн хөгжлийг хурдасгах гол хөдөлгүүр нь болж байсныг санах хэрэгтэй. Төмөр зам байгаагүй бол өнөөдөр Монголын зарим хот огт байхгүй байх байсан. Төмөр замгүй бол аж үйлдвэрийн олон салбар огт хөгжихгүй байх байлаа. Тэгэхээр энэ төмөр замаа шинэчлэх нь Монголын эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц өгөх чухал үйл явдал байх нь гарцаагүй. Наад зах нь шинэчилсэн төмөр замаар түүхий эдийг уурхайгаас тээвэрлэх, боловсруулах үйлдвэрүүдэд хүргэх байна. Үүний дээр явагдах шинэчлэлийг хангахад  хэдэн зуун компаниуд оролцоно шүү дээ. Шинэчлэлд оролцон ажиллах хүмүүсийн хоол хүнс, ашиглах техник хэрэгсэл, төхөөрөмж, барилгын материал гээд асар их зүйл шаардлагатай. Тэгэхээр олон мянган монголчууд тогтмол ажлын байртай болох юм. Миний бодлоор ийм илэрхий асар олон давуутай, ашигтай зүйлс байгаа болохоор цаашид хэрэгжүүлж эхлэлгүй хойш тавих боломжгүй баймаар. Тэгээд ч ингэж шинэчлэлийг явуулахгүй бол ачаа тээвэрлэлт нь Монголыг тойроод явдаг болох бодит аюул байгаа юм шүү. Бодит аюул шүү.

-Ноён Якунины талаар...?
-Ноён Якунин бол дэлхийн хамгийн том төмөр замуудын нэгийг удирдан ажилладаг хүн. Ямар том компанийг удирддаг вэ гэдгийг төсөөлөхөд ойлгомжтой болгох үүднээс тодруулъя. Ноён Якунины удирдлага дор ажилладаг хүмүүсийн тоо гэхэд л гурван сая давдаг юм шүү дээ. Үнэхээр завгүй ажилладаг. Өдөр болгон нь минут, секундээрээ урьчилаад төлөвлөчихсөн байдаг. Ер нь, энэ бүх хоосон дуулиан, гуйвуулга тарахыг харахаар нэг зүйл их харамсалтай санагддаг. Ийм олон жилийн хамтын ажиллагааны турш­лагатай, соёл, урлаг, хүмүүнлэг маш олон зүйлээр нягт уялдаа холбоотой хоёр ард түмэн атлаа эдийн засгийн ха­рилцан ашигтай ажиллах бодит боломж гараад ирж байхад одоо бол­тол бодит төсөлд хамтарч ажил­лаж чадахгүй байгаа нь гомдмоор. 

-Манай хоёр орны хамтын ажиллагааны одоогийн төвшин ямар байна вэ?
-Маш өндөр төвшинд байгаа гэж хэлж болно. Жил болгон явагддаг Монгол Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд нь үүний хамгийн том жишээ. Орост мэргэжил боловсрол эзэмшсэн хүн олон, одоо ч олон хүн Орост суралцаж байна. Гэхдээ энэ харилцааг цаа­шид улам хөгжүүлэх боломж бас байгаа. Харилцан ашигтай чиглэлд хөгжүүлэх бодит боломж олон байна. Ялалтын баярыг монголчууд мартаагүй, тэмдэглэдэг, ач холбогдлыг ойлгодог нь сэтгэлдээ Орос оронд хэрхэн ханддагийг боди­тоор харуулж байгаа юм шүү дээ.
 
-Ураны олборлох салбарт хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн ч мөн л бодит алхам хийгээгүй байгаа?
-Анх 1970-80-аад онд Зөвлөлтийн геологич эрдэмтэд Дорнод аймгаас ураны орд газрыг нээн илрүүлсэн байдаг. Гурван орд газар. Энэ гурвыг нэгтгээд Дорнодын ураны зангилаа ч гэж нэрлэдэг. Тэгээд манай талд Краснокаменск хотноо уран боловсруулах үйлдвэр байгуулсан. Энэ үйлдвэрийг Монголын ураныг боловсруулах тооцоотой барьсан. Гэхдээ зөвхөн Монголоос олборлосон уран биш юм шүү. Үйлдвэр нь Орост олборлосон ураныг голчлон боловсруулдаг ч давхар Монголоос олборлосон ураны боловсруулдаг байхаар барьсан гэсэн үг. Монголоос олборлодог байсан ураны хүдэр дэх агуулга нь маш бага байсан болохоор тусгайлан шинэ технологи боловсруулах шаардлагатай байсныг энэ үйлдвэрт хэрэгжүүлсэн юм. Ингээд 1990 оны үед бид гарч явахдаа ураны уурхайтай холбоотой бүх зүйлээ Монголын талд хүлээлгэж өгөөд явсан. Тоног төхөөрөмж, техникийн бичиг баримт гээд бүгдийг ном журмынх нь дагуу хүлээлгэж өгөөд явсан. Тэгээд Монголын талаас энэ орд газруудыг дахин ашиглах боломж байгаа талаар санал тавьсан юм. Үүнтэй холбоотойгоор 2009 оны наймдугаар сард хоёр тал тохиролцон гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу хоёр улс нь уран олборлох “Дорнод уран” хамтын компани байгуулахаар болсон. Үүний дараагаар 2010 оны арванхоёрдугаар сард “Дорнод уран” компанийг байгуулах үндсэн зарчмын талаар тохиролцоонд хүрч гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Монголын тал тодорхой хэмжээний үүрэг хүлээсэн, Оросын тал ч өөрийн гэсэн үүрэг хүлээсэн. Манай тал нь бүх технологи, тоног төхөөрөмж, мэргэжилтэн, техникийн ноу-хау, санхүүжилт гээд бүгдийг даахаар болсон юм. Монголын тал нь бүртгэл хийгээд орд газрыг ашиглах лицензийг гаргаж өгөх болсон. Гэтэл одоогийн байдлаар лицензийг олгох боломжгүй болж таарсан. Учир нь, орд газарт 14 жилийн турш юу ч хийлгүй суусан Канадын компани Монголын талыг шүүхэд өгчихсөн. Энэ компани нь анхнаасаа л уран олборлох гээгүй, лицензийг аваад хөрөнгөжилтийн нэмэгдүүлээд өндөр үнээр дамлаж зарах сонирхолтой байсан юм. Тэгээд ийм нөхцөл байдлаас болоод хоёр орны том төсөл жингүйдлийн байдалтай өлгөгдчихөөд байгаа. Цаашдаа энэ төсөл хэр хэрэгжихийг цаг хугацаа харуулах байх. Ямартай ч энэ төслийг хэрэгжүүлэх сонирхол бол манай талд бий.Төсөлд Оросын талыг төлөөлөн оролцож байгаа “Росатом” корпорац дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг том корпорац гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Танай сониноор дамжуулан юуны түрүүнд дайнд оролцсон Монголын ахмад дайчид, Монголд амьдарч байгаа Оросын ахмад дайчдад Ялалтын баярын мэнд хүргэе. Мөн Монголын зэвсэгт хүчний бүх дайчдад Ялалтын баярын мэндийг хүргэе. Дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлтийн дайчид, Монголын цэргүүдийн хооронд тогтоосон нөхөрлөл, хамтын ажиллагаа нь манай хоёр ард түмнийг нэг нэгэндээ итгэх итгэл, хамтын ажиллагааны нэг том тулгын чулуу гэж боддог. Манай хоёр ард түмэн зэрэгцэн оршиж бие биеийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэн хамтран ажиллах ёстой, нэг нэгэндээ хэрэгтэй хоёр ард түмэн билээ. Уншигч та бүхэнд дахин Ялалтын баярын мэнд хүргэе.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
0 Сэтгэгдэл
sain humuus shuu
Orosuud mongoliig dord uzeh setgelgee n ulam gaarch baiga shuu
Orosuud mongoliig dord uzeh setgelgee n ulam gaarch baiga shuu
Harin ch zaisan tolgoi deer olon zaluuchuud gardag zugaaldag gazar baih shuu. Yakuninii zahiagaa ta nar tagnuulaaraa damjuulaad zadalsan yum bilee shd. KGB ajillagaa chin ih bolhi yumaa. helj bga, bultaj bga, zanalhiilj bgaa geed
Чи битгий худлаа хүн гүтгээд бай. Баабар чинь угаасаа "тархи угаагч" нөхөр. Бүхэл бүтэн улсын элчин сайд танай Гадаад яаманд өгсөн гээд байхад. Тэр баримт сэлт нь тодорхой л байгаа шүү дээ.
Оросын ард түмнийг хүндэтгэлгүй яахав бид дээр үеэсээ хамтарч ажиллаж амьдарч ирсэн.Ялалтын баярын мэнд хүргэе. Одоо цаг үед шинэ оросууд буюу капиталистууд нь арай хэтэрхий Монголчуудад дээрэнгүй хандаж хоцрогдсон техникээ шахаад Монголчууд хөлдүү юу ч мэдэхгүй гээд байгаад шал дургүй хүрч явдаг шүү Цаг цагаараа байхгүй шүү гэж хэлмээр байна Харилцан ашигтай бие биеээ хүндэтгэн ажиллаж амьдарч болно шүү дээ
Medeej nuhriin huuchin deeliin shine.Orosuudiig bi huvidaa hundetgej yavdag.Gehdee bidniigee bas davhar bodoj hariltsan ashigtai hamtran ajillah heregtei.Bid tootsoo sudalgaa muuuutai buruu dugenelt hiigeed baij magad Tegvel bidend undesleltei sanalaa tailbarlaad yamarch har sergui geree contractaa baiguulbal hen hendee deer. Etsest ni noen elchin saidad bolon huuchin ZHU-iin bolon Mgl-n buh ahmad daichih armiinhan ard tumend bayariin mend hurgej eruul enhiig husie.
Oros,Dundad uls gesen 2 tom Havhanii tumurtei ayiig ni olj hariltsahgui bol golooroo tas tatuulna shyy!Americ,NATO tusalna gevel Hans Christian Andersenii ylgeriin dalai bolno shyy!
Odoo joohon yumand boditoi handmaar bna.elchin said bol elchin said l bdag shde medeej uursdiinhuu erh ashgiig hamgaalna.oros,hyjaa 2 urgelj l mongoliig jiirgevch baidlaar avch uzseer irsen shde odoo tsag uur bolson shuu mongol tyyrga tysgaar bie daasan yls shuu.odoo bid uursduu ersdlee uuruud uursdiin bodlogoo yavyylah tsag bolson. Yalaltiin bayariin tyhaid gevel odoo ter dainiig odoo ued uuruur avch uzdeg humuus olon bolj bgaa.bas l mongoliig jiirgevch bolgoj ter ued japantai baildaa bizdee ta nar? Gants manaihiig ch bish polishiig bas yag iim mayagaar olon myangan offitseriin hyadaj bj dain hiigee bizdee? Odoo joohon yumand boditoi unen handmaar bna hoich uedee ch heregtei
Хөршүүдээ хүндэтгэн үзэж, улс төрийн соёлтой, аль болохоор харилцан ашигтай, найрсаг харилцаатай байхыг эрмэлзэхгүй бол дотоодын нам эвслүүдтэйгээ харьцдаг шигээ дээрэнгүй,хэт түрэмгийлэх зарчмаараа удаан хол явахгүй шүү, эрхмүүдээ
Ямарч цаг үед 2 улсын цэргийн харилцаа хөгжиж байх нь чухал Гэвч Элчингийн ярианд Оросууд өөрсдийгөө цэвэр юм шиг шүүмжлэл авахгүй шууд л ачаа тээвэрлэлт Монголыг тойрно шүү гэж заналхийлж бнаш дээ Якунины захидал задарсан шалтгаан Орос тагнуулчид өөрсдөө хийж тараасан гэж Баабарын нийтлэл тайлбарсан бсан Якунины том улстөртэй аюултай захидалыг юу гэж Монголын хэвлэлүүд замаас нь хулгайлж дураараа нийтлэх вэ дээ Баабарын тайлбарт итгэлтэй бна Оросууд жижигхэн Монголыг дээрэлхэдэг зангаа засах цаг нь болсон шүү
Чи битгий худлаа хүн гүтгээд бай. Баабар чинь угаасаа "тархи угаагч" нөхөр. Бүхэл бүтэн улсын элчин сайд танай Гадаад яаманд өгсөн гээд байхад. Тэр баримт сэлт нь тодорхой л байгаа шүү дээ.
монголийн ураны хүдэрийн агууламж нь хүртэл бага гэнээ,монголынх гэхээр юмболгон нь муу гэхгээд л байна,монгол дахь байрууд гээд үхчих гээд байдаг,ганц зайсангийн хөшөөгөө өөрсдөө янзалчихаж чадахгүй бол яая гэхэв дээ
Хамгийн их уншсан