Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэр дэвшигчдийн фанатууд тодорч эхэллээ
Парламентад суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах бага сунгаагаа хийгээд ерөнхийдөө цэгцэрлээ. МАН-аас аварга ерөнхийлөгчтэй болох томъёолол дэвшүүлээд байгаа бол АН-ынхан “наадмын түрүү нь наадамдаа, төрийн тэргүүн нь төрдөө байг” гэж сэтгүүлч Ерөнхийлөгчөө дэвшүүлэхээр боллоо. Мөн УИХ-ын нэг жигүүр болох МАХН-ынхан өнгөрсөн цаг хугацаанд дан эрэгтэй ерөнхийлөгчтэй байсан одоо харин эмэгтэй хүн байх цаг болсон гэж эмч мэргэжилтэй Н.Удвалыг “барьж сойлоо”. Ерөнхийдөө нэр дэвшигчид ингээд тодорхой болов. Харин улстөрийн жижиг гэгдэх намууд тус тусынхаа хүнийг дэмжиж, жинхэнэ фанатаар ажиллана гэдгээ илэрхийлээд буй. Иргэний Зориг ногоон нам, Монголын үндэсний ардчилсан намынхан одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжиж ажиллахаа илэрхийлээд буй.

ИЗНН-ын хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өнгөрсөн хугацаанд мөрийн хөтөлбөрөө хангалттай сайн биелүүлсэн хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Цаашид ч шударга ёсны төлөө, авилга хээль хахуулийн эсрэг тууштай ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа С.Оюун дарга өгүүлнэ билээ.
Харин МҮАН-ын дарга М.Энхсайхан улс төрийн цөөвөр чоно хэмээн сайн муухайгаараа дуудуулж яваач мөн л Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид найдвар тавьж байгаа илэрхийлж, намынхаа бүгд их хурлаас ийм шийдвэр гаргасан. Тэрээр хэлэхдээ, “Улс төрд АН бүх шатанд олонх ялалт байгуулж үзээгүй. АН парламентад олонхи болсон цагт МАХН-ын ерөнхийлөгчтэй байсан. АН-ын Ерөнхийлөгч гарсан үед МАН парламентад олонхи болж Засгийн газраа байгуулж байлаа. Үүнээс үүдэлтэйгээр улс орны төлөө гэсэн ажлаас үр дүн үнэртэхгүй олон жилийг үдлээ. Харин ардчилагчдад энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль түүхэн сонголт болно. Учир нь, парламентыг цэнхэртүүлж чадсан АН-ынхан Засгийн газраа ч барьж байгаа. Энэ үед Ерөнхийлөгч нь Ардчилсан намаас сонгогдох ёстой. Үүнээс улсын хөгжил урагшлана” гэдгийг хэллээ.
Энэ мэтээр АН-ын дэмжсэн одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн фанатууд байр сууриа илэрхийлж, сонгуулийн сурталчилгаа нээх өдрийг тэсэн ядан хүлээж сууна.

Харин МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байгаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжих фанатууд ч бууриа сэлгээд байгаа гэнэ. Тэд бол Монголын Үндэсний бөхийн холбооныхон. Р.Нямдорж тэргүүтэй Говь-Алтайн гаралтай бөхчүүд хийгээд “Аварга” дээд сургуулийг төгссөн бөхчүүд, спортынхон байх нь.
Тиймдээ ч МҮБХ-ныхон МАН-ын Тусгаар тогтнолын ордонд өрөө суллуулж, тухлаад байгаа гэнэ. Зорилго нь аварга ерөнхийлөгчтэй болох. Тэдний тооцоолж байгаагаар нэг суманд 10 бөхийг дайчлан ажиллуулна. Нэг бөх ардаа 10 хүнд нөлөөлнө гэж бодохоор  чамгүй өндөр санал авна гэсэн тактиктай байгаа нь дамжиггүй.

Тэгвэл Ардчилсан Ерөнхийлөгчийг мөн адил ардчилсан бөхчүүд дэмжих сурагтай. Тэр нь Дархан аварга Х.Баянмөнх. Нэг үгээр хэлбэл, Р.Нямдорж тэргүүний өрсөлдөгчид гэсэн үг. Тэдний хувьд арай ч Төрийн ордонд өрөө аваад сонгуулийн штаб байгуулчихаагүй байгаа. Гэхдээ л ерөнхий хандлага нь ардчилсан үзэлтэй. Ийн хоёр гол намын нэр дэвшигчдийн фанатууд тодроод байна. Үүнээс цааш нэр дэвшигчдийн фанатуудын цуваа урт дараалал үүсгэх нь дамжиггүй. Хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд урлаг соёлын үзвэр үйлчилгээ явуулж болохгүй гэж заасан ч урлаг, соёлынхныг дуулж, бүжиглүүлэхгүйгээр сурталчилгааны багтаа аваад явж болох болохоор урлагийнхан ч мөн адил хоёр гол нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны машинд өөр өөрийнхөө цүнхийг бариад суух нь дамжиггүй.

Харин гуравдагч нэр дэвшигч Н.Удвалыг хэн дэмжих бол. Магадгүй МАХН-ын дарга Н.Энхбаярт хайртай, түүнийг Ерөнхийлөгч байх ёстой гэж боддог, түүнийгээ өөрийнхөө үзэл баримтлал болгосон өвөө, эмээ нар МАН-АН-д дургүй хүмүүс дэмжих нь ойлгомжтой. Гэхдээ зарим хэвлэлийн тоймчид МАХН-ынхныг Ерөнхийлөгчийн сонгуулиар даламдуулж намдаа мөнгө босгох гэсэн арга саам хайж байгаа гэж таамаглаж буй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах өдрөөс хэд хоногийн наана аль нэг намаас мөнгө авч нэрээ татах болов уу гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм. Тийм ч байж болох. Үнэхээр тийм үйлдэл хийхгүй бол АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржоос илүү, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн саналыг хуваах магадлал өндөртэй. Тиймээс ийм нүүдэл хийж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлж байж болох юм.

Д.Намнан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан