Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаад дахь дансыг хориглоё
Хойд хөрш маань улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудаа  гадаадын аль нэг улс оронд данстай байхыг хориглосон. Тэгэхдээ бүр ар гэрийнхэн, үр хүүхэд нь хүртэл гадаадын аль нэг улсад данстай байж болохгүй. Тэрхүү албан тушаалтнуудын тоонд  ОХУ-ын Засгийн газрын гишүүд, парламентын дээд доод танхимын гишүүд, шүүгч, цэргийнхэн, цагдаа, прокурор, татвар, гааль, төрийн албаныхан багтах бөгөөд тэдэнд зөвхөн дотоодын данстай байхыг зөвшөөрсөн.
Улсдаа хөрөнгө оруулдаг, хадгалдаг байх, гадаадын улс орнуудын нөлөөнөөс төрийн үйл ажиллагааг хамгаалах, авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд ийм шийдвэр гаргасан гэдэг. Харин урд хөрш Хятадад Оросынх шиг хатуу хууль байхгүй ч ХКН-ын дотоод баримт бичиг, журмандаа хилийн чанадад данстай, үл хөдлөх хөрөнгөтэй байхыг хориглодог аж. Улсаа удирдан чиглүүлдэг уг намынхан төрийн дунд болон түүнээс дээш шатны албан тушаал хашдаг болохоор энэ журам нь үйлчилнэ. Гэр бүлийнхэнд нь ч гэсэн хамааралтай. Гэвч тэд авга, нагац ах эгч, тэднийхээ хүүхэд гэх мэтчлэн хамаатан саднуудынхаа нэр дээр гадаадад данстай байдаг гэнэ. Үүнийг нь саяхан засгийн эрх авсан шинэ удирдлагууд цэгцэлж, цаашид таслан зогсоохоо зарлажээ.
Тэгвэл энэ хоёр их гүрний дунд байх манай улсын хувьд улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудыг гадаадад данс, үл хөдлөх хөрөнгөтэй байхыг хориглодог ямар нэг хууль байхгүй. Тиймдээ ч харийн оронд битгий хэл оффшор бүсэд данстай нь илэрч бөөн дуулиан болоод удаагүй байна. Эндээс сургамж авч, оффшор бүс биш юмаа гэхэд өөр аль нэг улсын банкин дахь дансаа хэрхэн ил болгуулчихгүй нуух вэ хэмээн толгой гашилгаж буй эрхмүүд мэр сэр бий гэнэ.   
Харин жил бүр авдаг албан тушаалтнуудын хөрөн­гө орлогын мэдүүлэгт “хад­галамж, бэлэн мөнгө, данс, картын үлдэгдэл” гэсэн ганцхан хэсэгт нь нэгдсэн нэг л үнийн дүн байх аж. Гадаадад байна уу, Монголд бүртгэлтэй юу тэр нь хамаагүй, зүгээр л нэгдсэн дүнгээр хадгаламж, данс, картын үлдэгдэл, бэлэн мөнгийг нь илэрхийлнэ. Өнөөдөр хадгаламжиндаа хэдэн цаасгүй хүн ховор болсон цаг. Албан тушаалтнуудын картын үлдэгдэл, дансанд дахь хөрөнгө нь иргэдийн өдөр тутмын хэрэглээний хэдэн төгрөгөөр хэмжигддэггүй нь тодорхой. Ядаж л зургаан оронтой тооноос даваад гара­хыг хөрөнгө орлогын мэ­дүүлэг нь бэлхнээ харуул­сан. АТГ-т гаргаж өгсөн мэдүүлэгт нь төрийн өндөр албан тушаалт­нуудаас дансандаа зоосгүй хүн бараг алга. Харин хэн гуай хаанахын ямар банкин дахь дансандаа хэдий хэмжээний хөрөнгөтэйг мэдээлэх ёстой байсан болов уу. Тэгэх тэгэхдээ бүр төгрөгөөр эсвэл валютын данс, хадгаламжтай юу гэдгийг ч тайлагнах байсан юм. Даанч нүд хуурсан мэдээлэл төдийгөөр хэтэрсэнгүй.  Хад­галамж, данс, картын үл­дэг­дэл, бэлэн мөнгийг тус тусад нь бүр нарийвчлан тайлагнах ёстой байтал нэгтгэсэн нь хачирхалтай биш гэж үү. Дөрвөн өөр зүйлийг нэгтгэж мэдүүлж байна гэдгийн цаана тайл­барлахыг, тайлагнахыг хүсэхгүй зүйл буй нь тодорхой юм шиг.
Төрийн өндөр албан тушаал хашиж байгаад буу­сан эрхмүүд нэг л өдөр харийн оронд очиж үл хөдлөх хөрөнгө худалдан авч, тэндээ амьдарч байгаа жишээ олон. Хамгийн сүүлийнх нь С.Баяр. Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан болохоор дөрвөн жил төрийн тусгай хамгаалалтад байх учиртай. Гэтэл эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгснөөс хойш эмчлүүлж байна гэж эх орноосоо илүү Америк, Канадад амьдрах болсон экс Ерөнхий сайдад итгэх хэрэгтэй юу. Улсын Засгийн газрыг тэргүүлж ажиллана гэдэг хариуцлагатай алба цаашлаад төрийн нууцтай холбоотой мэдээлэлд хамгийн ойр хүн. Тийм байтал ажлаа өгсөн даруйдаа гадаадад аж төрж, амар жимэр суугаа нь зүйд нийцэхгүй мэт. Мэдээж, гадаадын улс орон руу явахын тулд аль хэдийнэ тэндээ үл хөдлөх хөрөнгө, байр орон сууцтай, данстай болж бүгдийг бэлтгэ­сэн байж таарна. Зарим эх сурвалж түүнийг Канад руу яваад байдаг нь цаанаа учиртай, авлига авсан байхыг үгүйс­гэхгүй гэдэг. Гадаад дахь данс, үл хөдлөх хөрөнгийг хуулиар хориглоогүй болохоор лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү түүний мэдэх хэрэг болж байгаа юм. Уг нь, Монгол Улсын төрийн гурван өндөр албан тушаалын нэгийг хашиж байсан хүн болохоор тэр өнцгөөс харах нь зүйтэй. Хэдэн жилийн өм­нө гэхэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн  Швейцарийн банкин дахь дансанд 1,3 тэрбум ам.доллар бий гэсэн мэдээлэл нэг хэсэгтээ шуугиан тарьсан. Магадгүй өнгөрсөн хугацаанд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүст ийм данс бийг үгүйсгэх аргагүй. Төрийн албаны томчуудаас ямар нэг хэмжээгээр их мөн­гөнд хутгалдсан хэрэг үе үе илрэх болсон нь нууц данстай байгаа даа гэсэн хардлагыг улам нэмэгдүүлж буй.  
УИХ-ын гишүүн Ж.Бат­зандан төрийн өндөр албан тушаалтны зарим эрхийг хязгаар­лах тухай хуу­лийн тө­сөл боловсруулж буй гэж хэдэн сарын өмнө мэ­дээл­сэн. Түүндээ төрийн өндөр алба хашиж байгаа болон гэр бүлийнхэн ч гэ­сэн гадаадад үл хөдлөх хө­­рөнгө эзэмших, гадаадын ком­панийн хувьцааг худалдан авах, харийн улсын банкинд  данстай байхыг хориглоно гэж тусгаж. Энэ төсөл хараахан өргөн баригдаж, хэлэлцүүлэгт ороогүй байгаа ч тэгсгээд сураг алдарсан. Ямар нэг байдлаар гишүүдээс эсэргүүцэл ирэх магадлал өндөр. УИХ-аар хэ­лэл­цүүлэхээр өргөн ба­ри­лаа гэхэд энэ төсөл дэм­жигдэх магадлал тун бага. Өөрс­дийн­хөө эрхийг хязгаар­лах хуу­лийн төслийг гишүүд дэм­жих товч­луур дарна гэдэг юу л бол. Тий­­мээс энд өөр гарц хайх нь илүү оновчтой шийдэл болох биз.
Гэсэн хэдий ч Оросын төрийн тэргүүний гаргасан шиг албан тушаалтнууд, төрийн албанынхны гадаад дахь данс, үл хөдлөх хөрөнгийг хориглох шаардлага гарч ирээд байна. Хэдийгээр хүний хувийн өм­чид хэт халдаж буй мэт ойл­гогдох боловч тэр гэрээ, энэ төслийн ард тийм албан тушаалтан авлига авсан байж магадгүй гэж хожим бие биеэ хар­дахгүйсэн. Яагаад гэвэл, маш их хэмжээний мөнгөн дүн­тэй төсөл хөтөлбөрүүд хэ­рэг­­жиж эхлэх гэж байгаа энэ чу­хал цаг мөчид манай улсын эрх бүхий албан тушаалтнууд ядаж л дотооддоо хөрөнгөө төв­­­­лөрүүлж, бусдын нөлөө­нөөс сэргийлэх хэрэгтэй болов уу.
Л.Номин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан