Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Элбэгээ хэлсэн бүхнээ хийсэн, одоо ч хийнэ гэдэгт нь итгэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнгөрөгч амралтын өдөр буюу тавдугаар сарын 31-нд МҮЭ-ийн Соёлын төв ордонд нийслэлийн ахмад настнууд, Баянзүрх дүүргийн иргэд сонгогчид болон Шархадны эцэс, Дарь-Эхийн гэр хорооллын иргэдтэй уулзалт хийсэн юм. Тэдгээр мэдээллийг товчлон хүргэж байна.


Э.Бат-Үүл: Өвөө, эмээ нар орон сууцтай болно

МҮЭ-ийн Соёлын төв ордонд болсон ахмад настнуудтай хийх уулзалтад нийслэлийн дүүргүүдийн  төлөөлөл болсон эмээ, өвөө нар хуран цугларсан байлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ахмадуудад хандан үг хэлсэн юм. Тэтгэврийн хэдэн төгрөг өгөөд л зөнгөөр нь орхидог байсан ахмадууд одооноос төрийн анхааралд орж, тэдэнд зориулсан хууль, эрх зүйн цогц орчинтой болж байгааг сайд онцоллоо.

Ахмад настны нийгмийн хамгааллын хууль, Ахмад настанд төрөөс дэмжлэг үзүүлэх тухай, өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил эрхлээгүй жилүүдийг нөхөн тооцох талаар хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж дөчөөс дээш насныханд ажил зуучлах, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амарч сувилуулах эрхийн бичгийг шинэчлэх зэрэг ажлууд хийж байгааг сайд С.Эрдэнэ танилцуулсан юм. Мөн 1995 оноос өмнө, хойно тэтгэвэрт гарсан 178 мянган хүний тэтгэврийн зөрүүг арилгасан гэдгээ дуулгалаа. 

Дараа нь, Монгол Улсын баатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ахмадуудад “Өвөө, эмээ нар орон сууцтай болно” гэлээ. Түүнийг Нийслэлийн Засаг дарга болмогц Монгол Улсын Ерөнхийлөгч өрөөндөө дуудаж ахмадуудын амьдралыг дээш татаж, тэднийг орон сууцаар хангах даалгавар өгчээ. Даалгаврынхаа биелэлтийг энэ уулзалтын үеэр Ерөнхийлөгчид танилцуулж буйгаа Э.Бат-Үүл дарга хэллээ. Амьдралын гайгүй боломжтой ахмадууд моргейжид хамрагдан орон сууцтай болох, санхүүгийн дэмжлэг туслалцаа хэрэгтэй ахмадуудад 10 сая хүртэл төгрөгийн урьдчилгаа үзүүлэх, гурав дахь хувилбар нь түрээс буюу цахилгаан, дулааны хөлсөө төлөөд амьдардаг орон сууцтай болох сонголттой хувилбарыг ахмадуудад дэвшүүлж буйгаа дуулгалаа.

Эхний ээлжинд ахмадуудад зариулсан 4000 орон сууц барихаар болжээ. Энэ нь эцсийн тоо биш юм. Зөвхөн нийслэл гэлтгүй хөдөө орон нутаг, аймгийн төв, төвлөрсөн газруудад ахмадын орон сууц барихаар болсон байна. Энэ жил түрээсийн 1000 сууц барихаас эхний ээлжинд 300-г  нь зургадугаар сард багтаан ашиглалтад өгөхөөр болжээ.

Түрээсийн байруудын доод давхарт нөхөн сэргээх эмчилгээ, ахуйн бусад төрлийн үйлчилгээнүүдийг төвлөрүүлэх аж. Энэ нь урьд хожид аль ч үеийн түүхэнд байгаагүй ахмадуудад чиглэсэн арга хэмжээ болж байгааг хотын дарга онцолж байлаа. Ингэснээр 4-6 жилд багтаан бүх ахмадаа орон сууцтай болгох боломжтой юм байна. Чихэнд чимэгтэй энэхүү мэдээг сонссон эмээ өвөө нар “Элбэгээ өмнө нь хэлсэн бүхнээ хийсэн. Одоо ч хийнэ гэдэгт нь итгэж байна” гэлээ. 


Ахмадаа асарч тэтгэх нь төрийн үүрэг

Үүний дараа нэр дэвшигч Ц.Элбэгдорж ахмадуудад хандан үг хэллээ. “Хүн бүр ерөөлөөр ахмад болно. Ахмадаа асарч тэтгэх нь Монгол төрийн үүрэг юм. Бидний дунд нэг л алтан медаль бий. Ерөнхийлөгч улсаа талцуулж хувааж болохгүй. Хүн хүүхдээ дагуулж өсгөдөг. Хүүхэд нь дагаж өтөлдөг. Ахмад хүн бүрт амьдралын туршлага, асар их эрдэм бий. Ахмадаа хүүхэд шиг асарч халамжил, хүүхдээ ахмад шиг асарч халамжил. Ахмад настан, хүүхэд хоёрын буян хүнд эргэж ирдэг юм. Та бүхэн минь сонголтоо хийхдээ эхлээд гэр бүлээ бодож сонголтоо хийх хэрэгтэй. Хэн нэг хүнийг Ерөнхийлөгч болгох гэж бус, харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлыг хэнд өгөх вэ гэдгээ тунгааж саналаа өгөх нь зүйтэй. Дараа нь үр хүүхдээ бодож сонголт хийгээрэй. Гуравт, улс орноо бодож сонголтоо хийгээрэй. Би хийж чадахгүй юмаа ярихыг хүсдэггүй. Ярьснаа хийдэг. Амлалтынхаа үр дүнг үзэхийн төлөө 24 жил явж байна. Үр дүнг нь  та бид хамтдаа эдэлж байна” гэсэн юм.
 

Таваас дээш хүүхэд харж буй хүнийг цалинжуулна

Ахмад настнуудтай уулзсаны дараа АН-аас Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж Баян­зүрх дүүргийн Шархадны эцэс, Дарь-Эхийн гэр хорооллын иргэдтэй уулзлаа. Тэрээр “Баянзүрх дүүрэгт ирэх бүрт дандаа сайхан байдаг. Хавар би Улиастайн эцэст хорооны хуралд оролцож байсан. Цэргийн салбарт ажиллаж байхдаа олон удаа ирж байлаа. Баянзүрх дүүрэгт орон нутагт шилжиж ирсэн иргэн олон. Социализмын үед нэг сумаас нөгөө суманд очоод ирэхэд “Зам явах” гэдэг зөвшөөрөл авдаг байсан. Одоо ямар ч зөвшөөрөлгүй хөдөөнөөс нийслэлд нүүгээд ирэх эрхтэй болсон. Ерөнхийлөгчийн ажил, төрийн албан хаагчдын ажил хүндээ наалдсан байх хэрэгтэй. Нэг ангид 50-60-аараа чихцэлдээд сууж байгаа сурагчид, залуу ээжүүд, мах худалдаж авч чадахгүй суугаа ахмадуудынхаа төлөө ажиллах ёстой. Энд хүүхдээ тэврээд сууж байгаа ээжүүд байна. Монгол Улсад цэцэрлэгийн насны 240 мянган хүүхэд бий. Тэдний 110 мянга нь цэцэрлэгт хамрагдаж, 130 мянга нь цэцэрлэггүй хоцорч байна. Төрөөс хүүхдийн цэцэрлэгүүдэд хувьсах зардал гэж нэг хүүхдэд сард 116500 төгрөг өгдөг.  Цэцэрлэг хүрэлцээгүй энэ үед хүүхдээ харж байгаа нэг ээж, эсвэл гэртээ ач, зээгээ хардаг нэг сайхан эмээ ойр хавийнхаа айлуудын тав, түүнээс дээш хүүхдийг тохьтой орчинд хамт хараад хувьсах зардлын мөнгийг цалин болгож авч байя. Аж ахуйн нэгж, байгууллагууд дэргэдээ ажилчдынхаа хүүхдэд бичил цэцэрлэг байгуулж ажиллуулъя. Эцэг эх нь өглөө ажилдаа ирэхдээ хүүхдээ авчирч өгөөд, өдөр хамт цайндаа орж, орой тарахдаа аваад харьдаг байвал сэтгэл амар байх болно. Ингэвэл 10-аад мянган эмэгтэй хүүхэд харж ажилтай болно. Бас 100 гаруй мянган аав ээж ажил эрхлэх боломжтой болно. Бид анх хүүхдийн мөнгийг санаачилж, 1998 онд 3000 төгрөгөөр эхлүүлсэн, одоо 20 мянган төгрөг болоод байна. Энэ мөнгө цаашид ч үргэлжилнэ. Хүүхдийг 18 нас хүртэл нь төрөөс харна. Ойрын үед 80 бага сургууль барьж хүүхдүүд гэртээ ойр сургуульд явна. Ахмадууд орон сууцтай болно. Залууст мөн орон сууц хэрэгтэй. Нэг хашаанд 3-4 айл байгаа. Үүнийг зохицуулна. Монголбанктай ярьж 800 тэрбум төгрөгийг орон сууцны зээлийн сан байгуулахаар болж байна. Хэрэв та ажил хийж цалин авч байгаа л бол зээл авах эрх нээлттэй.

Зургадугаар сарын 1-нээс энэ ажил эхэлнэ. Гэр хорооллоо дахин төлөвлөж орчин үеийн болгоё. Энэ ажлаас харин иргэд хохирох ёсгүй. Тохилог сайхан сууцтай болох ёстой. Дундговь аймагт төсвөөс 9.9 тэрбум төгрөг ногдож байхад хэд хэдэн аймгийн хүн амтай тэнцэх оршин суугчтай Баянзүрх дүүрэгт дөрвөн тэрбум төгрөг ногдож байна. Тэгвэл энд дөрөв биш 40 тэрбум төгрөг ногдох ёстой. Би залуусаа шоронд явуулах биш, сургуульд явуулж дэмждэг Ерөнхийлөгч байна гэж амлаж байсан. 2010 онд төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхэд өөрийнхөө цалинд хориг тавьж оюутнуудад 70 мянган төгрөг өгүүлдэг болсон. Одоо дэлхийн шилдэг 100 их дээд сургуульд тэнцээд сурахаар болсон оюутнуудад төрөөс дэмжлэг үзүүлэх тухай зарлиг хэдхэн хоногийн өмнө гаргаад байна. ТМС-д элссэн оюутнаас сургалтын төлбөр авдаг байсныг зогсоож оюутнуудад тэтгэлэг өгдөг болсон. Сонгогчид сонголтоо хийхдээ эхлээд гэр бүл, үр хүүхэд, ээж аавыгаа бод. Дараа нь ажил амьдралаа, дүүргээ бодож сонго. Тэгээд улс орноо бодож саналаа өгөөрэй гэлээ. Харин иргэдийн хувьд нэр дэвшигч Ц.Элбэгдоржид хандан “Өч төчнөөн сургууль, цэцэрлэг барих мөнгийг авлигаар иддэг, зарим нь сейфтэй мөнгөө хог дээр хаяж, оргож дүрвэсэн гээд бусармаг байдал газар авч байсантай эрс тэмцэж, ашигт малтмалын лицензүүдийг цэгцэлж иргэн бүрээ бодож ажилладаг ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжинэ” гэдгээ уулзалтуудын үеэр илэрхийлж байлаа.


Ард түмнийхээ төлөө хөтөлж гарсан ачаагаа бүтнээр нь хүргэнэ


Баянзүрх дүүргийн гэр хорооллын иргэдтэй уулзсаныхаа дараа Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа. Батлан хамгаалахын их сургуулийн 600 гаруй суудалтай заал хөл гишгэх зайгүй дүүрч нэр дэвшигчээ нижигнүүлсэн алга ташилтаар угтан авсан юм. Мөн танхимд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Д.Арвин, Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа нар хүрэлцэн ирээд байлаа.

Уулзалтын салхийг хагалж Э.Бат-Үүл “Ц.Элбэгдорж бид хоёр 24 жил нөхөрлөлөө. Түүний хэлсэн үгээ заавал биелүүлдэг занг би хамгаас сайн мэднэ. Энэ хүн хэлсэн үгээ биелүүлж, монголын ард түмэнд малыг нь хувьчилж, орон сууцыг нь үнэгүй олгосон гэдгийг бид бэлхнээ санаж байгаа байх” гэв. Хотын дарга болсныхоо дараа Ерөнхийлөгчийн захиас, үүрэг даалгаврын дагуу иргэдийн оролцоо, ил тод байдлыг дэмжих, хүнд суртал, авлигыг бууруулах тал дээр идэвхтэй ажиллаж буйгаа илэрхийллээ. Хотын асуудлыг шийдэхэд иргэдийн оролцоог нэмэг­дүүлэх, иргэдээсээ асууж байж аливаа зүйлд хандаж байх тогтолцоонд шилжсэнийг тэрбээр онцлов.

Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Ж.Бат­зандан, УИХ-ын гишүүн Д.Арвин нар үг хэлж дараа иргэдийн саналыг сонслоо. Иргэд нэр дэвшигчид өөрсдийн санал бодлоо уламжилж, сонгуулийн ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөсөн юм.

Дараа нь нэр дэвшигч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Манай Баянзүрх дүүрэг их онцлогтой. Монгол Улсын хамгийн томоохон засаг захиргааны нэгж бол Баянзүрх дүүрэг юм. Энэ дүүрэг нийт 300 мянган хүн амтай. Өөрөөр хэлбэл Дундговь аймгийн нийт иргэдээс зургаа дахин их гэсэн үг. Монголын арван хүний нэг нь энэ дүүрэгт амьдарч байна. Иймээс энэ дүүргийн тулгамдсан асуудлыг шийдэх нь нэн тэргүүний ажил юм”. Түүнчлэн дунд сургуулийн хичээлийн байр Баянзүрх дүүргийн хамгийн тулгамдсан асуудал болоод байгааг нэн даруй шийдэхэд анхаарал хандуулах болно гэв. Улаанбаатар хотод ойрын хугацаанд 80 гаруй бага сургууль барихаар төлөвлөөд буйг ч дуулгалаа.

Төсөв мөнгөө зарцуулах эрхийг ир­гэдэд өгөх, энэ зарцуулалтыг хя­нах ажлыг иргэдэд өөрт нь өгөх тогтолцоонд шилжиж, захиргааны нэгжийн хүн амын тооноос хамаарч төсөв мөнгийг тодорхойлдог бай­хаар зорьж байгаа нь иргэдийн дэмжлэгийг хүлээв. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж эцэст нь хэлэхдээ “Ард түмнийхээ төлөө хөтөлж гарсан ачаагаа бүтнээр нь хүргэнэ ээ. Зургадугаар сарын 26-нд та бүхэн саналаа өгнө, дараа нь би та бүхний төлөө зүтгэх болно оо. Миний нэг онцлог бол надад төрийн тэргүүний ажилд шинээр суралцаад байх зүйлгүй. Би зургадугаар сарын 27-нд шууд ажилдаа орно” хэмээв.
0 Сэтгэгдэл
6 сарийн 26 нд Элбэгдорж ерөнхийлөгчдөө санлаа өгч улс эх орондоо хувь нэмэр оруулах өдөр
6/26 chinii mongoloos zugtah udur turiig busnilsni tuluu mongolyn ard tumen chamaig dahinsongohgui
Зургадугаар сарын 26-нд та бүхэн саналаа өгнө, дараа нь би та бүхний төлөө зүтгэх болно оо. Миний нэг онцлог бол надад төрийн тэргүүний ажилд шинээр суралцаад байх зүйлгүй. Би зургадугаар сарын 27-нд шууд ажилдаа орно” хэмээв.
Зургадугаар сарын 26-нд та бүхэн саналаа өгнө, дараа нь би та бүхний төлөө зүтгэх болно оо. Миний нэг онцлог бол надад төрийн тэргүүний ажилд шинээр суралцаад байх зүйлгүй. Би зургадугаар сарын 27-нд шууд ажилдаа орно” хэмээв.
Зургадугаар сарын 26-нд та бүхэн саналаа өгнө, дараа нь би та бүхний төлөө зүтгэх болно оо. Миний нэг онцлог бол надад төрийн тэргүүний ажилд шинээр суралцаад байх зүйлгүй. Би зургадугаар сарын 27-нд шууд ажилдаа орно” хэмээв.
Хамгийн их уншсан