Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбарын нэр хүндтэй үзэсгэлэн худалдаа болох уламжлалт “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” 20 дахь удаагийн нэгдсэн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
ХХААХҮЯ, “Монголын ноос, ноолуурын холбоо”, “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо” болон “Мишээл экспо” төв хамтран зохион байгуулсан тус үзэсгэлэн худалдаа энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд болсноороо онцлог байв.
Тус үндэсний хөдөлгөөн нь малын гаралтай түүхий эд болох ноос, ноолуур, арьс ширийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэлийн хүчин чадал, экспортын боломжийг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжихэд чиглэсэн бөгөөд үзэсгэлэнд хөдөлгөөнд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагууд оролцож, өөрсдийн үр дүнг танилцууллаа.
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний үр дүнд хөнгөн үйлдвэрийн салбарын экспортын орлого 2025 оны мөн үетэй харьцуулахад 65 хувиар, бүтээгдэхүүний борлуулалт 33 хувиар тус тус өссөн байна. Мөн самнасан ноолуурын экспорт биет хэмжээгээр 5.7 дахин нэмэгдэж, экспортын орлого 4.8 дахин өссөн эерэг үзүүлэлт гарчээ.
Арьс, ширэн түүхий эдийг үндэсний боловсруулах үйлдвэрүүдэд тогтвортой нийлүүлэх тогтолцоог туршин нэвтрүүлэхээр “Арьс шир-Баялаг” хөтөлбөрийг 2026 онд 5 аймагт хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөрийн дүнд боловсруулах үйлдвэрүүдэд бэлтгэн нийлүүлсэн арьс ширнээс үйлдвэрлэлийн чанар стандартын шаардлага ханган тэнцсэн арьс шир 93 хувьд хүрсэн тул тус хөтөлбөрийг цаашид улсын хэмжээнд өргөжүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөв.
Мөн салбарын эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд ХХААХҮЯ-наас мэргэжлийн холбоод, үйлдвэр аж ахуйн нэгжүүдтэй хамтран боловсруулсан “Хөнгөн үйлдвэрлэлийн тухай” хуулийн төслийг 2026 онд багтаан Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байгааг албаныхан мэдээлэв.
Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, кластер үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор хөнгөн болон хүнсний үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл технологийн паркуудыг төлөвлөж, төвийн бүсэд Дархан-Уул аймагт, баруун бүсэд Ховд аймагт “Шинэ Ховд аж үйлдвэрийн парк”, Нийслэлд “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-уудын бүтээн байгуулалтын ажил шат дараатай хийгдсэн байна.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн эхний 2 сарын байдлаар Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд руу экспортолсон бараа, бүтээгдэхүүний 90 хувийг ноос ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа нь тус зах зээл цаашид өргөжин тэлэх томоохон нөөц боломжтойг харууллаа.
Түүнчлэн дотоодын зах зээлийг төрийн худалдан авалтаар тэлэх зорилгоор Засгийн газрын 2026 оны 130 дугаар тогтоолыг батлан хэрэгжүүлсэн бөгөөд энэ ажлын хүрээнд оёмол, нэхмэл, арьс ширэн эдлэл, гутал, гоо сайхан, ахуйн химийн чиглэлийн үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Ерөнхий гэрээний аргаар худалдан авах ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулжээ.
ХХААХҮЯ-наас цаашид хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого зорилтуудыг улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөрш зэргэлдээ орнууд болон бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн тулгуур салбар болгохын төлөө ажиллахаа илэрхийллээ.

























