Маргааш Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль улс орон даяар болно. Энэ удаагийн сонгуульд парламентад суудалтай Ардчилсан нам, Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт намаас нэр дэвшүүлэн өрсөлдлөө. Сонгуулийн сурталчилгаа өчигдөр 00:00 цагт дууссан. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хэд хэдэн онцлогтой болж байгаа. Тухайлбал, гадаадад буй монгол иргэдийн саналыг анх удаа авсан билээ. Мөн санал тоолох автомат машинаар сонгогчид Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа санал өгнө.
Хилийн чанад дахь 39 Дипломат төлөөлөгчийн газарт нийт 169 хүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн 39 салбар комисс байгуулан ажилласан юм. Эдгээр төлөөлөгчийн газарт нийт 6233 сонгогч бүртгүүлж, баталгаажуулснаас 4248 сонгогч буюу 68.2 хувь нь саналаа өгчээ. Дипломат төлөөлөгчийн газруудаас битүүмжилж ирүүлсэн саналын хуудсыг сонгуулийн санал авах өдрийн 22:00 цагт Сонгуулийн ерөнхий хорооны байранд нээж, санал тоолох машинд уншуулах юм байна.
Харин улсын хэмжээнд нэг сая 856 мянга 190 сонгогч саналаа өгөх ёстой. Аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1896 хэсгийн хороо байгуулж, төрийн болон үйлчилгээний нийт 15863 албан хаагч ажиллана. Өнөөдөр 09:00-20:00 цагт зөөврийн бтүүмжилсэн хайрцгаар зарим иргэн саналаа өгнө. Нийтдээ хэдэн сонгогч зөөврийн хайрцгаар санал өгөх нь хараахан тодорхой болоогүй гэдгийг СЕХ-ныхон өчигдөр хэлэв.
Ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг ажиглахаар 35 улс орон болон олон улсын байгууллагын 400 орчим ажиглагч СЕХ-нд бүртгүүлжээ. Сонгуулийг сурвалжлахаар 20 орчин гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн 40 гаруй сурвалжлагч бүртгүүлсэн гэнэ.
Сонгуулийн ирц сүүлийн жилүүдэд идэвхгүй болж байгаа учир холбогдох албаны байгууллагаас иргэдийн саналаа өгөхийг уриалж буй. Иргэн таны нэг санал ч гэсэн сонгуулийн ирц хүрэхгүйд нөлөөлж, улсын төсвийн 15.8 тэрбум төгрөгийг үр ашиггүй зүйл болгохгүй гэдэгт итгэж байна. Иргэд ээ, сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгцгөөе.