Шинэчлэлийн Засгийн газрын шинээр байгуулсан нэг яам нь Эдийн засаг, хөгжлийн бодлогыг тодорхойлох ёстой. Н.Батбаярын толгойлж буй энэ яам үнэхээр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, ажлаа үүндээ чиглүүлж чадаж байгаа юу. Яг үнэндээ Сангийн яам гэж том бүтэц байхад зүгээр нэг сайхан нэр зүүсэн ч бодит ажил тун цөөхөн хийсэн ЭЗХЯ-ны үйл ажиллагааг ойлгохгүй байгаа нь олон. “Гудамж” төсөл гэдэг зүйлийг л сүүлийн үед олон ярьж, хэлж буй. Нийслэлд хэдэн зам, уулзвар өргөтгөх ажлаа ЭЗХЯ-ныхан “Гудамж” төсөл гэж нэрлэсэн юм билээ.
Үнэндээ Улаанбаатар хотын эрх мэдлийн хүрээнд шийдэж, хийх ёстой хэдэн ажлыг “Гудамж” төслийнхөн хийгээд ЭЗХЯ нь зохицуулаад байгаа мэт харагдана. Улаанбаатарын авто замын сүлжээг өргөтгөж, хөгжүүлэх энэ төсөлд “Чингис” бондоос багагүй хөрөнгө оруулалт хийсэн. “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллараас 200 сая ам.долларыг зөвхөн нийслэлийн хэдэн замын уулзварыг өргөтгөж, шинэчлэн, зам засах ажилд зарцуулж байгаа. Уулзвар бүрийг өргөтгөж, засч, янзлах шаардлага байсан уу гэвэл тийм биш. Авто замын мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар уулзвар өртгөтгөж, зассанаар авто замын түгжрэл тэдэн хувь буурна гэсэн тооцоо судалгаа байхгүй гэдэг. Гэхдээ л ЭЗХЯ-ныхан зам зассаар л...
Зөвхөн эдгээр уулзвараас гадна Туул, Сэлбэ голын дагуу нийтдээ 122 км хурдны зам тавихаар зураг төслөө хийгээд эхэлсэн. “Хотын төв”, “Гэр хороолол” дэд төсөл хэрэгжүүлэхээр ч төлөвлөж. Гэхдээ энэ бол шинэ ажил биш.
Нэг жилийн хугацаанд Эдийн засгийн хөгжлийн яам юу хийсэн бэ гэдгийг ганцхан өгүүлбэрт багтааж болно. Зам барих, уулзвар өргөтгөх. Төсөөллөөр бол эдийн засгийн хөгжлийг энэ яам удирдаж, аль болох хямралаас сэргийлэн бултаж иргэдээ зутраачихгүй төрийн бодлогоор хангах учиртай гэж ойлгосон. Гэвч зөвхөн нийслэлийн хэдэн замтай зууралдсаар өнгөрлөө гэж ЭЗХЯ-ны нэг жилийн ажлын тайлан гарах нь бололтой.
Уг нь, Эдийн засгаа хөгжүүлэх сайд зөвхөн зам барихаас өөр ажил хийх үүрэгтэй юм билээ. Тэр нь улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хөгжлийн төлөвлөлт хийх, салбар хоорондын бодлогын уялдааг хангах. Эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох, зээл, тусламжийн нэгдсэн бодлого, худалдааны бодлого, зохицуулалт, экспорт, импортын асуудал, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт бүртгэх. Мөн өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх, чөлөөт бүсийн хөгжлийн асуудал гэсэн маш олон зүйлийг хариуцаж буй аж.
Тэгсэн ч гэсэн эрхэм сайд Н.Батбаяр зам барьж, уулзвар өргөтгөсөөр. Түүнийг зам, уулзвартай ноцолдож байх зуур Монгол Улсын эдийн засгийн байдал хүндэрч, гадаад хөрөнгө оруулалт багасч, ам.долларын ханш огцом өсч, ерөнхийдөө хямрал хаяанд ирчихлээ. Гол бодлого, чиглэлээ ойлгохгүй өөрийгөө нийслэлийн Засаг даргатай эндүүрч явна уу гэмээр түүнийг оногдсон ажлаа хийх ёстойг сөрөг хүчнийхэн төдийгүй намын нөхөд нь анхааруулсаар. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Шинэчлэлийн Засгийн газар Эдийн засгийн хөгжлийн яам байгуулсан мөртлөө эдийн засаг уначихлаа” гэж хэлсэн. Зарим нэг сайдыг суудлаас нь мулталж, өөрчлөх сонирхол ч АН-ынхны дунд байгаа гэнэ. Энэ бол нэг жилийн хугацаанд эрхэм сайдад дүн тавиад эхэлчихлээ гэсэн үг юм.
Тэрээр 1999-2000 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2004-2006 онд Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан. Аж ахуй, зохион байгуулалтын ажилдаа сайн гэдгийг нь харлаа, мэдлээ.
Харин эдийн засгийн хөгжлийн яамыг удирдах нь магадгүй хүндхэн санагдсан байж болох. Бүтцээ өргөтгөж, шинэ яам байгуулсан ч гэсэн хэнийг хаана ажиллуулахаа Засгийн газрын тэргүүн арай л буруу тооцоолсон бололтой. Магадгүй дэд бүтэц, зам харилцаа хариуцсан салбар Н.Батбаяр сайдад илүү тохирох байж. Тийм ч болохоор зам барьснаар эдийн засгаа хөгжүүлсээр л явна гэж бодож буй бололтой. Харин үндсэн ажил нь болсон эдийн засаг нь хэзээнээс хариуцсан яамтай, сайдтай юм шиг хөгжих юм бол доо.