Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүх эрх зүйн шинэчлэл шударга ёсыг баталгаажуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүх, эрхзүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр шинэчлэлийн Засгийн газар, Хууль зүйн яам  зоримог, шуурхай ажил эхлүүлснээс хойш ердөө жил, хагасын хугацаа өнгөрчээ. Энэ бол бүхэл бүтэн тогтолцоог өөрчилж шинэчлэх хариуцлагатай бөгөөд амаргүй ажлын хувьд маш бага хугацаа. Гэвч шинэчлэлийн төлөөх нийт баг хамт олонд хүний эрх, эрх чөлөөг хангахын тулд шүүх, эрхзүйн шинэчлэлийн ажлыг эхлүүлэхээс өөр аргагүй зам байсангүй.

1990 оны  шинэ ардчилсан Үндсэн хуулийн гол үзэл санааны онцлог, ач холбогдол  нь хүний эрх, эрх чөлөө, хүмүүнлэг ёсыг тунхагласанд оршино. Тэр зарчмыг хангахад  хууль, шүүхийн шударга, боловсронгуй тогтолцоо чухал байлаа. Үүнийг л олж харж, мэдэрсэний үр дүн болох ардчилсан нийгмийн суурь болсон эрхзүйн шинэчлэл хийгдэх эхлэл тавигдаад байна.

  Уг нь “Хэнд ч эрүү шүүлт тулгаж хүнлэг бус харьцаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэдэг заалт  Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой бий. Мөн 10 гаруй жилийн өмнө буюу 2000 онд Монгол Улс эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Олон улсын конвенцид  элсэн орсон байдаг. Гэвч уг конвенцийн хэрэгжилтийг хоёр жилийн дараа шалгахад нааштай үр дүн гараагүйг 2002 оны нэгдүгээр сарын 8-нд гарсан УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны 02 дугаар тогтоол нотолсон юм.  “Урьдчилан хорих төвд хоригдож байгаа сэжигтэн, яллагдагчийг хуульд заасан үндэслэлгүй, прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр цагдан хорих, давтан гэмт хэрэг үйлдсэн, удаан хугацаагаар хоригдсон хүмүүсийн камерт оруулж тэднээр зодуулах зэргээр дарамт шахалт үзүүлдэг байдал нь эрүүгийн хэрэг хүлээлгэх нэг арга хэрэгсэл болжээ” хэмээн тэрхүү тогтоолд тодорхой заасан юм.
  Тэгвэл тэрхүү тогтоолоос хойш 11 жилийн дараа буюу 2013 онд ч хуулийн байгууллагынхны зүгээс сэжигтнийг нийгэмд эзлэх байр суурь, хөрөнгө чинээ, бараг л өмссөн зүүснээр нь алагчлан  үзэж эрүү шүүлт тулгадаг, хүчээр хэрэг тулган хүлээлгэдэг үзэгдэл манайд ямар нэг хэмжээгээр байсаар байгааг хэдхэн хоногийн өмнө Хүний эрхийн үндэсний комисс анхааруулсан.

  Харин одоо иргэнээ төлбөрийн чадваргүйгээс нь  болоод хорих ялаар шийтгэх, яль шалихгүй хэргээр нийгмээс тусгаарлах, улмаар ажил амьдралаар нь хохироох зэрэг хүмүүнлэг ардчилсан нийгмийн шинж чанарыг сөрсөн буруу үзэгдэл, бугшсан идээ бээр  эдгэрэх төлөв рүүгээ орж байна.  Өөрөөр хэлбэл, Гэмт хэргийн тухай хуулийн (мөн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай болон Мөрдөх албаны тухай) төслийн агуулга, ач холбогдол нэг талаас иргэнийхээ эрхийг хамгаалж, нөгөө талаас шударга ёсыг баталгаажуулах эхлэлийг тавьсанд оршино.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж төр нь иргэнээсээ холдож, иргэнийх нь эрх зөрчигддөг нь байдаг л үзэгдэл мэт болсон нь шүүхийн тогтолцоог шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсны хамгийн том нотолгоо гэсэн санааг илэрхийлсэн бол  Хууль зүйн сайд Х. Тэмүүжин “Шүүхийн шинэчлэлийн багц хуулиуд батлагдсанаар үйлдсэн хэрэг, шалтгаан, үр дагавар, түүнд оноох ял, хохирлыг барагдуулах хэлбэр илүү оновчтой, тодорхой болно. Мөн гэрч, хохирогчийн эрх ашгийг хамгаалах асуудал шинэ түвшинд хүрнэ” гэсэн юм.

  Шүүхийн шинэчлэлийн ачаар 10 мянган төгрөг хумслаад 10 жилээр таслагдсан ядарсан эмэгтэй, 10 сая доллар хулгайлаад шийтгэлгүй шахам өнгөрсөн  задарсан албан тушаалтан хоёрын  жишээ дахин давтагдахгүй гэсэн үг.
  Шүүхийн шинэчлэлийн ачаар цолны төлөө, дарга нарынхаа төлөө зүтгэдэг биш иргэдээ хамгаалдаг, тэдэнд үйлчилдэг цагдаатай болно гэсэн үг.

Шүүхийн шинэчлэлийн ачаар хууль хяналтын шат шатны байгууллагуудын дураараа авирлалт үгүй болж шударга ёс тогтож, иргэн хүний эрх, эрх чөлөө баталгаажна гэсэн үг.

 Шүүхийн шинэчлэлийн ачаар нөхцөл байдлын хувьд хорих ангиудын сүрьеэ “үйлдвэрлэдэг” нөхцөл байдал өөрчлөгдөж, агуулга, ач холбогдлын хувьд гэмт хэрэгт суралцах дамжаа төгсөх биш хүмүүжээд гардаг орчин бий болно гэсэн үг.
Шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Шинэчилж байж хөгжинө, дэвжинэ.

                                                                                                    Д. Лхагвадорж

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан