Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
УИХ-ын зарим гишүүний нэр дээр дугаарласан хавтаст хэрэг-3
УИХ-ын гишүүд манай нам, танай нам хэмээн талцаж, буруутай нэгнээ өмөөрч хаацайлсаар хариуцлагаас чөлөөлчихдөг жишиг тогтоосон гээд хэлчихвэл буруудахгүй байх. УИХ-ын гишүүний бүрэн эрх гээч зүйл тээг болсноос хууль хяналтынхан УИХ-ын гишүүний холбогдсон хэргийг шийдвэрлэж чадаагүй тохиолдол цөөнгүй. Үе үе л хууль хяналтынханд дуудагдахаас залхсандаа ч тэр үү, эцэстээ тухайн УИХ-ын гишүүн хийсэн хэргээ хүлээж, өөрөө өршөөлд хамрагдахыг хүссэн өргөдөл барьж гүйсэн удаатай. Ингэж буруугаа хүлээсэн УИХ-ын гишүүн байхад хууль бус үйлдэл нь олон түмэнд ил болсон ч “Би тийм хэрэг хийгээгүй. Энэ надад хамаагүй. Намайг гүтгэж байна” хэмээн гүрийдэг нь байна. Бүр улсын нууц задруулсан, гадаадын тагнуулын байгууллагад зүтгэсэн гэх мэт онц ноцтой гэмт хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн ч байгаа юм.  



УИХ-ын гишүүн Л.Гүндалай өөрийн хүсэлтээр өршөөгдөв

УИХ-ын гишүүн Л.Гүндалай одоогоос есөн жилийн өмнө улсын нууц задруулсан хэрэгт холбогдсон удаатай. Хууль хяналтынхан тухайн үед түүнийг улсын хилээр гарахыг хориглосон. Гэтэл тэрээр гадаад руу явах гэж байгаад Буянт-Ухаа нисэх онгоцны буудал дээрээс сүр дуулиантайгаар баривчлагдаж, “аав”-ынд гурав хоног хоригдоод гарсан юм. Өөрөөр хэлбэл, хууль хяналтынхан түүнийг улсын нууц задруулаагүй гэж үзсэн гэдэг.   Үүнээс гадна Л.Гүндалай Эрүүл мэндийн сайд болсны дараа багагүй бантан хутгасан нэгэн. АТГ-ынхан түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшсан гэж хэд хэдэн хэрэгт буруутган шалгасан юм.
Тухайлбал, Л.Гүндалай Эрүүл мэндийн сайд байхдаа Тайвань улсын Тайпей хотын Яаралтай түргэн тусламжийн төвөөс манай улсын эрүүл мэндийн байгууллагад тусламж болгон өгсөн түргэн тусламжийн арван машиныг хуваарилах нэрээр завшсан, ХӨСҮТ-ийн захирал асан Ц.Оюунчимэгтэй бүлэглэн тус төвд засвар хийгээгүй атлаа гүйцэтгэл хангасан тухай актыг хуурамчаар үйлдэн, 98 сая гаруй төгрөг шамшигдуулсан хэмээн буруутгаж байлаа.

ЭМЯ-наас эмнэлгийн байгууллагуудын хэрэгцээнд тоног төхөөрөмж худалдан авах тендерийг будлиантуулж өөрийн ах Л.Баяндалайн эхнэр С.Нэргүйн “Булгат-Овоо” компанид давуу эрх олгож, улсад 630 сая төгрөгийн хохирол учруулсан гэнэ. Мөн Эрүүл мэндийн сайдын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж ХӨСҮТ-д бүртгэлтэй байсан “Ланд крузер” маркийн машиныг Хөвсгөл аймгийн Байгалийн голомтот халдварт өвчин судлалын албанд шилжүүлэхээр  тушаал гаргаж, өөрийн ах Л.Доржид эзэмшүүлсэн байсныг АТГ-ынхан илрүүлсэн гэдэг. “УИХ-ын гишүүн Л.Гүндалайд холбогдох дээрх хэргийг шүүхээр шийдвэрлүүлнэ. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд өгөөч” хэмээн тухайн үеийн Улсын Ерөнхий прокурор М.Алтанхуяг УИХ-д таван ч удаа хүсэлт хүргүүлсэн. Гэвч түүний гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй. Эцэст нь, эрхэм гишүүн өөрөө “Намайг Өршөөлийн хуульд хамруулж өгөөч” хэмээн прокурорын байгууллагад хандсанаар хэргийг нь хаасан юм.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гүтгэлэг тараасан хэрэгт уналаа

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдыг гүтгэсэн хэрэгт уначихаад яваа. Тэрээр УИХ-ын гишүүн Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайд байхдаа Солонгос, Хятадын талтай нууц гэрээ байгуулсан гэж мэдээлснээс болж хэрэгт унасан юм. Учир нь, УИХ-ын гишүүн Х.Баттулга түүнийг худал, гүтгэлэгийн чанартай мэдээлэл түгээж, нэр төрд нь халдсан хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хан-Уул дүүргийн шүүх өнгөрсөн баасан гаригт эл нэхэмжлэлийг хэлэлцээд “ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гүтгэлэг тараасан учир хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, УИХ-ын гишүүн Х.Баттулгаас уучлал гуйсугай” гэсэн шийдвэр гаргалаа.

Үүнээс өмнөхөн АТГ-ынхан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг “Энержи Ресурс” компаниас авлига авсан байж болзошгүй хэмээн шалгасан. Уг нь, тэд Ц.Нямдорж болон Засгийн газрын зарим гишүүнд холбогдох хууль бус үйлдлийг илрүүлж, үргэлжлүүлэн шалгахаар Нийслэлийн прокурорын газарт хандсан юм. Гэвч прокурор эл хэргийг хэрэгсэхгүй болгов. Ингэхдээ прокурорынхон ХЗДХ-ийн сайдын хууль бус үйлдлийг хангалттай нотлох баримт гаргаж ирвэл, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж болох л юм гэсэн утгатай албан бичгийг АТГ-ынханд өгсөн аж.

АТГ-ынхан олон зуун цагдааг нь дайчлан экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилсныг мэдээгүй өнгөрсөн нь ХЗДХ-ийн сайд ажилдаа хайнга хандсаных хэмээн түүнийг огцруулах тухай яриа ч өнгөрсөн сард Төрийн ордноор хүчтэй өрнөсөн юм. Гэвч намын нөхөд нь түүнийг өмөөрч, сайдын суудалд нь үлдээсэн.
Ц.Нямдорж Хятадын тагнуулын байгууллагынхантай холбоотой ажиллаж байсан, ХЗДХ-ийн сайд болсныхоо дараа хоригдлуудын хөдөлмөрийг шулж, зуслангийн байшингаа бариулсан, энэ үеэр нэгэн хоригдол амиа алдсан. Хөнжилдөө хууль засч хэрэгтэй заалтуудыг хассан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдыг гүтгэсэн гэх мэт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой холбоотой “хэрэг”-үүд хөвөрнө. Харин иргэд, сонгогчид нь Ц.Нямдорж сайд УИХ-ын гишүүн Х.Баттулгаас хэзээ уучлал гуйж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх бол хэмээн хүлээж сууна.  

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр улсын нууц задруулсан уу

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайд болоод сар ч болоогүй байж суудал нь ганхсан нэгэн. Учир нь, тэрээр улсын нууц задруулсан хэргээр тагнуулын байгууллагад шалгагдахад хүрсэн юм. АН-ынхан ч түүнийг улсын болон цэргийн нууц задруулсан хэмээн буруутгаж, Батлан хамгаалахын сайд байх эрхгүй гэж огцруулах санал гаргаж байлаа. Гэвч намын нөхөд нь түүнийг өмөөрч, хамгаалсаар сайдын суудалд нь үлдээсэн. Тэгээд ч тагнуулынхан Ж.Энхбаярт холбоотой эл асуудлыг шалгаад “Түүний ярьсан зүйл нь төрийн нууцад хамаарахгүй” гэсэн дүгнэлтийг УИХ-д хүргүүлсэн гэнэ.

МАН-ынхныг цэргийн алба ч хаагаагүй хүнийг Батлан хамгаалахын сайд болголоо хэмээн иргэд нэг хэсэг шүүмжилсэн. Иргэдийн шүүмжлэл ч ортой болж, Ж.Энхбаяр хэлсэн үгнээсээ болж, хэрэгт унах шахав. Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурал дээр ярьсан асуудлаа тайлбарлах гээд улсын болон цэргийн нууц задалж орхисон гэж тухайн үед УИХ-ын зарим гишүүн шүүмжилж байлаа. Тодруулбал, “2008 оны долдугаар сарын 1-нийх шиг үйл явдал болон гэнэтийн аюулын үед ашиглах мэргэн бууч бүхий хоёр тусгай ротыг бэлтгэж байгаа” гэснээ тайлбарлах гээд Төрийн нууцын жагсаалтын 22-25 дугаар заалтыг задруулсан.

Эдгээр заалтад Зэвсэгт хүчний стратегийн удирдамж, бэлэн байдлын төлөвлөгөө, байлдааны бэлэн байдлын мэдээ, байлдааны техник зэвсэглэл, галт хэрэгслийн хангалт, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоо, бүртгэл зэргийн тухай тусгасан байдаг аж. Тиймээс нууцад хамаарах мэдээллийг задруулсан нь Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах хангалттай үндэслэл гэж тухайн үед учир мэдэх хүмүүс хэлж байв. Гэвч түүнийг тагнуулынхан албан ёсоор шалгаад улсын нууц задруулаагүй байна гэж үзсэн учир Батлан хамгаалахын сайдын суудалдаа үлдсэн юм.
Б.АЛТАНЦЭЦЭГ
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан