Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өрөөсөн гаргүй ч нисч, байлдаж байсан нисгэгч

Хоёр хөлгүй атлаа нисэх бүрэлдхүүнд эргэн орж байлдаанд оролцож явсан ЗХУ-ын баатар нисгэгч Алексей Мересьевийн тухай бид бүгд мэднэ. Түүний тухай “Ёстой хүний тухай тууж” номыг уншаагүй хүн ховор биз. Харин өрөөсөн гаргүй байж оноц жолоодон байлдаанд оролцож явсан хүний тухай дуулсан уу.

Иван Антонович Леонов 1923 онд оросын Орлов мужид төрж 1938 онд долдугаар анги төгсөөд тэр үеийн залуусын ганц мөрөөдөл байсан нисгэгч болохоор Брянскийн аэро клубт элсэн суралцаж байгаад  1941 онд Армавирын нисэгчдийн сургуульд орж сөнөөгч онгоцны нисгэгч болжээ. Төгсмөгцөө Өвөр байгалийн фронтын сөнөөгч онгоцны 56 дугаар хороонд алба хааж байтал дайн эхэлж.
1942 онд Москвагийн дэргэд ЛаГГ-3 онгоцоор нисэр давтан сургатад сууж төгсөөд фронтод очсон байна.
1942 оны дөрөвдүгээр сард Москва орчимд бөмбөгдөгч онгоцуудыг халхлан нисч байхдаа анхныхаа дайсны онгоцыг унагасан байна. Буцаж байхад нь онгоц нь шатаж үсэрсэн ч 300 метрийн өндөрт шүхэр нь задарсангүй. Гэхдээ азаар амьд үлдэж хөлөө гэмтээснийг нутгийн багачууд тосгонд хүргэж, эмгэд асарч байгаад хэдэн хоногийн дараа хороондоо эргэж очжээ. Тэгэхэд түүнийг шүхэр нь задралгүй унаж амь үрэгдсэнд тооцсон байсан гэдэг.
Дараа нь тэрээр Ла-5 онгоцоор нисч Курскийн цүлхэнд очиж 50 гаруй удаа агаарын тулалдаанд орж дайсны 7 онгоц унагаасан байна. 1943 оны долдугаар сард хүнд шархаджээ.
Энэ тулаанд дайсны дөрвөн “фоккер” Леоновыг занганд оруулсан байна. Онгоц нь шатаж удирдлагагүй болон унаж эхлэхэд л  тэрээр зүүн гараа мэдээгүй болсныг мэджээ. Тэр шүхрээр буухдаа дундын бүсэд унахдаа ухаан алдсан байна. Азаар манай дайчид түүнийг харж, түүнийг намнахаар хөөж байсан дайснуудыг эсэргүүцэн зайлуулснаар амьд гарсан байна.

Хээрийн эмнэлэгт хүргэхэд эмч нар суманд сийчүүлж бяцарсан зүүн гарыг нь мөрөөр нь тайрахаас аргагүй болсныг дуулгажээ. Олон сарын турш цэргийн эмнэлэгт хэвтэж гарахад нь түүнийг нэрт нисгэгч Михаил Громовын командалж байсан нэгдүгээр армийн сургалтын хэсэгт хуваарилсан байна.
Нэг удаа тэрээр нисэхийг гуйсанд Громов “Чи чинь ганц гартай шүү дээ” гэхэд тэрээр “Хоёр гартай байсан бол юу гэж танаас гуйх вэ дээ” гэж хариулсан гэдэг.
Ингээд хэсэг хугацааны дараа түүнийг По-2 онгоцон дээр дасгал хийлгэж шалгалт авчээ.
Ингэж тэрээр удаан хугацааны дараа дахин агаарт хөөрч эхэлсэн байна. Гэхдээ тэр По-2 онгоцоороо тэргүүн шугаманд шуудан хүргэх, шархтан тээх, дайсны ар тал дахь партизанууд руу ачаа хүргэх ажил хийж байж.

1944 оны сүүлчээр дайсны гүн ар талаас буцаж ирж байгаад дайсны суманд өртөж хөлдөө шархадсан байна. Ухаан алдах гэж байгаагаа мэдэж, тэргүүн шугаманд онгоцоо буулгасныг дайчид угтаж аван түүнийг эмнэлэгт хүргэжээ.
Хорооныхон нь түүнийг мөн л амь үрэгдсэнд тооцож ЗХУ-ын баатар цолоор нэхэн шагнуулахаар тодорхойлсон ч штабын хэн нэгэн  тодорхойлолтынх нь  булан дээр “Амь үрэгдсэн тул шагнал олгохгүй” гээд цохчихсон гэдэг.
Харин түүнд энэ шагнал 50 жилийн дараа очиж 1995 онд ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын баатар цол шагнасан байна.

Шархадсаныхаа дараа тэрээр нисэх бүрэлдхүүнээс гарч нисэх хорооны штабт ажиллаж байгаад дайны дараа 1946 онд цэргээс халагдаж нутагтаа ирэн мотоциклын спортоор хичээллэн мужийнхаа аварга хүртэл болж байжээ.
1959 онд Багшийн дээд сургууль төгсч Батлан хамгаалахад туслах нийгэмлэг ДОСААФ-т, техникумд багшилж байгаад гавьяаны амралтдаа гарчээ.

Тэрээр гаргүй атлаа байлдааны онгоцоор нисч байсан хэмээн Гиннесийн номд орж, өөрөө амьдралынхаа замналын талаар таван ч ном бичсэн байна.

0 Сэтгэгдэл
amid yvah tavilantai hun yumaa.
Германийн Виктор Петерман гэдэг дэслэгч хоёр дугаар дайны үед 64 онгоц сөнөөснөөс 4-ийгнь зүүн гараа тайруулсныхаа дараа унагасан байдаг.п
Хамгийн их уншсан