Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Багануурын цахилгаан станц” төсөлд 9.9 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ


Т.ЦЭЛМЭГ

Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой, найдвартай ажиллагаа болон төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах зорилгоор “Багануурын цахилгаан станц” төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр боллоо. Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 мВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий энэхүү станц ашиглалтад орсноор импортын цахилгаан эрчим хүчийг  бууруулах чухал ач холбогдолтой. Концессын гэрээнд өчигдөр Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, хөрөнгө оруулагч талыг төлөөлж “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” компанийн гүйцэтгэх захирал Ван Шөүхэ  нар гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл оролцов.

“Багануурын цахилгаан станц төсөл”-ийн концесс олгох урал­даант шалгаруулалтыг өнгөр­сөн  2014 онд зарлаж, “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” ХК оролцогчоор шалгарчээ. Монгол Улсад бүртгэлтэй “Багануур Пауэр” ХХК-тай концессын гэрээ байгуулах зөвшөөрлийг Монгол Улсын  Засгийн газрын 2015 оны 88 дугаар тогтоолоор Хөрөнгө оруулалтын газарт олгосон юм.

 25 жилийн хугацаатай гэрээ байгуулсан концесс эзэмшигч нь цахилгаан,  эрчим хүч худалдах, худал­дан авах, санхүүжилтийн болон бусад дагалдах гэрээнүүдийг байгуулан, байгаль орчинд нөлөөл­лийн үнэлгээг хийлгэн баталгаа­жуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.

Станц ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн Багануур-Чойрын район буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгааны ачааллын хэтийн төлвийг хангах эх үүсвэр бий болох, бие биеэ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай, тогтвортой ажиллах боломж бүрдэх юм. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 8.9-9.9 сая ам.доллар болох аж.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Багануурын цахилгаан станц ашиглалтад орсноор уул уурхайн эрчим хүчний дутагдлыг нөхөх, цаашилбал зэс хайлуулах үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд асар чухал үүрэгтэй гэж үзэж байна. Тиймээс концессын гэрээ бол эрчим хүчний салбарт зурагдаж байгаа анхны томоохон гэрээнүүдийн нэг юм. Энэхүү цахилгаан станц ашиглалтад орсноор хүнд үйлдвэрийн эрчим хүчний суурь салбарыг найдвартай хангах боломж бүрдэж байгаа” гэлээ. Харин Эрчим хүчний сайд Д.Зоригт “Монгол Улсад сүүлийн 30-аад жил том хүчин чадлын станц баригдаагүй байсан. Бид эрчим хүчний нийт  хэрэгцээний 20 орчим хувийг хоёр хөршөөсөө авч, хэрэглэсээр ирлээ. 1960, 1980 онд баригдсан манай цахилгаан станциудын хүчин чадал бүрэн, дүүрэн ашиглагдаж байна. Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өсөхийн хэрээр айл өрх, аж ахуй нэгж, үйлдвэрүүдийн эрчим хүч, дулааны хэрэгцээ жил ирэх бүр тогтмол нэмэгдэж байгаа. Энэ хэрэгцээг найдвартай, тогтвортой хангахад Багануурын цахилгаан станц чухал үүрэг гүйцэтгэх биз ээ. Цахилгаан станц Багануурын уурхайд баригдах учраас нүүрс тээвэр­лэлтийн зардлыг хэмнэж, улмаар эрчим хүчний тариф харь­цангуй хямд байх юм. Төвийн эрчим хүчний системд найдвартай, тогтвортой нийлүүлэх, цаашид Мон­гол Улсын Аж үйлдвэрийн салбарын хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нэгэн чухал зорилт хэрэгжих үндэс тавигдлаа. Концессын гэрээг дагалдаж эрчим хүч, ус, нүүрс зэрэг бусад дагалдах гэрээг байгуулах ажил энэ оны дөрөв, тавдугаар сард үргэлжилнэ. Улмаар бүтээн байгуулалтын ажил ирэх зунаас эхэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан