Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Л.Нарантуяа: Шүүх салалтыг нэг минутын дотор шийддэг нь буруу
Гэр бүл судлаач, хууль зүйн ухааны доктор Л.Нарантуяатай гэр бүл салалтын талаар ярилцлаа.

-Гэр бүл салах гол шалтгаан нь юу байна вэ?
-Хайрын холбоо үүсээгүй байхад сексийн холбоо үүсгэсэнтэй холбоотой. Наргиж зугаалж яваад жирэмсэн болдог. Ингээд л гэрлэх шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл, хайрын болон итгэл үнэмшлийн ямар ч харилцаа байхгүйгээр бий болсон ийм гэр бүл уддаггүй. Хүүхэд нь төрөөгүй байхад хүртэл гэр бүл салгах хүсэлтээ гаргах нь ч энүүхэнд. Тиймээс гэр бүл судлаачид гэрлэхийн өмнөх үерхэлийн харилцаа дор хаяж зургаан сар байх хэрэгтэй гэж зөвлөдөг. Ийм хугацаанд секс хийхгүйгээр үерхэж чадсан хосын амьдрал урт хугацаанд үргэлжилнэ. Гэр бүл салж буй гол шалтгаан нь итгэл алдрах. Хосын нэг нь өөр хүнтэй бэлгийн харьцаа тогтоосноос болдог. Түүнээс биш аав ээж, эд хөрөнгө жижиг асуудал. Ийм шалтгаанаар салах нь ховор. Гэхдээ хадам аав ээжүүд үг болон үйлдлээр гэр бүлийн асуудалд оролцож, салгах нь ч бий л дээ. Жишээ нь, “Би танайд машин авч өгсөн. Чи надад гурван жилийнхээ цалинг хураалга” гэж бэрээсээ нэхдэг хадам ээж байна. Ийм хадмуудад өгсөн бол өгөөд март, үглэх юм бол бүү өг гэж хэлмээр санагддаг. Машин бол зүгээр л төмөр. Гэтэл бэр нь болсон бүсгүй сэтгэлээ өгч ач, зээг нь төрүүлж  өгдөг шүү дээ. Эмэгтэй хүний сэтгэл зүрх, үр хүүхэд төрүүлэх нь өнөөдөр ямар ч үнэлгээгүй байсаар байна.  

-Таны бодлоор гэр бүл салалтыг бууруулах арга байна уу?
-Хүмүүсийн оюун ухаанд нь нөлөөлөх хэрэгтэй. Өсвөр наснаас нь эхлээд гэр бүлийн баяр жаргал, хайр, дурлал, үерхэл гэж юу болох, гэр бүл ямар байх ёстой талаар заах хэрэгтэй. Үүнийг боловсролын системд суулгах талаар Намжил доктор 20-иод жил хөөцөлдөөд бүтээгүй. Тиймээс эцэг эх, иргэд өөрсдөө санаа зовж, гэр бүлийн асуудлаар судлаачид хандаж, ганцаарчилсан сургалт авах нь зүйтэй байх. Бид 1898 дугаарын утсаар 24 цагийн турш зөвлөгөө өгдөг.

-Монголчууд ганцаардаж, хямарсан ч сэтгэл зүйчид нэг их хандаад байдаггүй. Сүүлийн үед мэргэжилтнээс зөвлөгөө авахыг хүсэгчид нэмэгдэх хандлага байна уу?
-Сэтгэл зүйч гэхээсээ илүүтэй бөө, удган, лам дээр очдог. Нөгөөдүүл нь шинжлэх ухааны үндэслэлгүйгээр буруу чиглэл өгөөд явуулах нь түгээмэл. Нөхөртөө энийг уулга эсвэл идүүлчих гэх мэтчилэн. Үр хүүхэд, амьдрал, гэр бүлийг үзэх үзэл нь төлөвшсөн бөө удган үнэхээр сайн туслалцаа үзүүлдэг байхыг ч үгүйсгэхгүй л дээ. Сүүлийн үед гэр бүл судлаачдад хандах нь харьцангуй нэмэгдэж байгаа. Судлаачдад ч өсөх хөгжих боломж нь нээлттэй байна. Манай байгууллагад голчлон дунджаас дээд төвшний хүмүүс ханддаг. Хэрэв сэтгэл судлаачид хандах юм бол салаад зургаан жил болсон ч хамаагүй буцаж нийлэх боломжтой. Тийм түүх ч бий.

-Гэр бүлийн асуудлыг шийдэхдээ манай шүүхийн байгууллага нэлээд учир дутагдалтай ажилладаг юм шиг санагддаг. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Үнэн. Манай улсад гэр бүлийн асуудлаар мэргэшсэн шүүгч гэж байхгүй. Сэтгэл зүйн зөвлөгөө өгч, эвлэрүүлэх арга хэмжээ авч, шүүх шийдвэрээ гаргатал хүүхдийг нь тусгай асрамж халамжид байлгаж, гэр бүлийн нөхцөлийг нь очиж судалж, тандалт, ярилцлага хийх хэрэгтэй. Гэтэл шүүх ажиллагааг ийм байдлаар явуулах гэхээр шүүгчид нь цаг зав ч байхгүй, ингэлээ гээд цалин хөлс ч өгөхгүй. Судалгааны ажил хийдэггүй учраас шүүхийн шийдвэр буруу гардаг. Гэр бүл салалтыг 1-10 минутын дотор л шийддэг. Ингэж шийдэж болохгүй шүү дээ. Гэр бүлийн асуудлын талаархи шүүх ажиллагаа Монголд хөгжих хол байна даа. Наад зах нь Шүүх байгууллагын дэргэд сэтгэл судлаач ажиллаж ятгаж, сэнхэрүүлэх, эргүүлж нийлүүлэх арга хэмжээ авдаггүйгээс эхнэр нөхөр хоёр эд хөрөнгө, үр хүүхдээ булаацалдах, өш хонзон санах, зодоон цохион хийх, бие биенийхээ амь насанд хүрэх хүртэл аюултай хэрэг үйлддэг. 

-Монголд гэр бүл салах нь их л гэх юм. Бусад улс оронтой харьцуулбал ямар вэ?
-Шүүхээр шийдэгдэж буй хэргийн 60 хувь нь гэр бүл салалт байгааг дуулаад би үнэхээр цочирдсон. Гэхдээ Монгол бол хайраар дүүрэн орон. Өвөг дээдсийн уламжлалаа баримталж хадгалж ирсэн гэдэг утгаараа  бусад улстай харьцуулахад салалт бага. Харин гадаадын олонхи оронд гэр бүл салж, нийлэх нь чөлөөтэй, тэр бүү хэл хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хоорондоо гэрлэж болно гэсэн хууль хүртэл гаргасан улс ч цөөнгүй шүү дээ. Үүнтэй өөрсдийгөө харьцуулах ч юм биш. Дэлхийн бүх улс орон зөвхөн Монгол Улсаас суралцаасай. Гэр бүлийн асуудлаар Монголоос илүү гарах нэг ч улс байхгүй.

-Сонин асуулт байж мэднэ. Олны танил хүмүүс бараг бүгд л хоёр, гурав дахь удаагаа амьдрал зохиосон байдаг. Энэ нь нийгэмд ямар нэг байдлаар нөлөөлдөг үү?
-Мэдээж, хүчтэй нөлөөлдөг. Чадалтай нь эхнэрээ залуухан хүүхнээр солиод байхаар чадал муутай нэгэн нь ч түүнийг дуурайхыг л бодно. Одоо цагийн “одууд”-ыг дуурайх нь бүү хэл XIII зууны Чингис хааныг дуурайх гэж оролддог шүү дээ. Чингис хаан есөн эхнэртэй, 600 бүсгүйтэй байсан нь үнэн. Гэхдээ бүгдэд нь халамж хайраа үзүүлж, үхэн үхтэлээ холбоотой байж чадсан. Өөрөөр хэлбэл, түүн шиг байж чадахгүй л бол бүсгүй хүнтэй битгий холбогд.

-Ихэвчлэн гадаадад ажиллаж амьдарч байгаа залуус гэр бүлээсээ салдаг гэх нь ч бий. Бие холдвол сэтгэл холддог гэдэг шиг энэ ч үнэний ортой биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Төр засгийн бодлого үнэхээр буруу байгаагаас маш олон залуу гадаад руу гарч байна. Хамгийн гол нь, гэр бүлээр нь бус ганц нэгээр нь явуулснаас салдаг. Энэ нь Монголыг сөнөөх гэсэн гадаадын бодлого ч байж мэднэ. Гадаадын бодлого байлаа гэхэд манай төр засгийнхан түүнийг нь өөгшүүлээд байж болохгүй шүү дээ. Тэр бүү хэл хоёулаа Монголдоо байгаа хэрнээ уулзаж чадахгүй, бараагаа ховорхон хардаг гэр бүл ч олон болсон. Уул уурхай дагасан залуус гэхэд 56 хоног ажиллаад, гэртээ долоохон хоног л амардаг. Бараг амьтан болох нь наагуур ирүүтээ олсон мөнгөнийхөө талаар нь биеэ үнэлэгч авч зугаацчихаад, үлдсэн жаахнаа эхнэртээ өгөөд л буцдаг байхгүй юу. Ийм гэр бүл салахгүй яах билээ. Төр засгийн мэргэн бодлого үгүйлэгдэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан