Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
А.БАКЕЙ: САЙДЫН СУУДАЛ САНАЛ БОЛГОВОЛ БАЯРТАЙГААР ХҮЛЭЭЖ АВНА
УИХ-ын гишүүн А.Бакейтай ярилцлаа.

-Олны анхаарлын төвд байгаа сэдвээр яриагаа эхлэе. АН хамтарсан Засгийн газар байгуулах гэж “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хэлэлцээрийн ширээний ард хэд хэдэн удаа суулаа. Сайдын суудал хуваарилах асуудал гацаа үүсгэж байна гэх юм?
-Намуудаас гарсан ажлын хэсэг ойр ойрхон уулзан, харилцан саналаа тавьсан. Ерөнхийдөө хэлэлцээр төгсөх шатандаа орсон гэж бодож байна. Энэ бол Засгийн газрын албан тушаалын бялуу хуваах тухай асуудал биш. Хамтарч Засгийн газар байгуулах гэж байгаа АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын мөрийн хөтөлбөрийн гол зорилтуудыг хамтарч хэрэгжүүлэх, ард түмэн, эх орны хөгжил дэвшлийн төлөө хийж буй хэлэлцээр. Тиймээс хэдэн сайдын суудлын төлөө хэлэлцээрийг удаах нь утгагүй. Парламентад хамгийн олон суудал авсан АН боломжийн санал тавьсан гэж бодож байгаа. Тиймээс энэ саналыг “Шударга ёс” эвсэл ИЗНН хүлээж авах байх. Хүлээж авах ч ёстой гэж хэлмээр байна.

-Гол нь, тэд АН-ын санал болгосноос илүүг хүсээд байгаа юм шиг ээ?
-Би ч гэсэн тэгж ойлгосон. Тэр нь буруу л даа.

-Яагаад?
-Энэ бол зөвхөн нэг удаагийн хамтын ажиллагаа биш. Орон нутгийн сонгуульд ч хамтарч ажиллана. Ялалтаа бататгахын тулд нөгөө хоёр тал буулт хийж, ирээдүйн том зорилтын төлөө хамтарч ажиллах ёстой гэж уриалмаар байна.

-Таныг Хөдөлмөрийн, эсвэл Байгаль орчны сайдад дэвшүүлсэн тухай мэдээлэл түгсэн. Энэ үнэн үү?
-Одоохондоо шийдэгдээгүй асуудалд хариу өгмөөргүй байна.

-Тэгвэл, АН-аас танд сайдын суудал санал болговол хүлээж авах уу?
-Баян-Өлгий аймаг их өвөрмөц онцлогтой. Монгол Улсын үндэсний цөөнх амьдардаг. Цөөнхийн цөөнх гэж хэлж болохоор урианхай, тува, дөрвөд ястан ч бий. Миний ард, тэдгээр иргэний сонголт, сонирхол, эрх ашиг байгаа учраас хэрэв үнэхээр надад итгэл хүлээлгэж Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулах юм бол хамгийн гол нь, тэдний төлөө, эрх ашгийг нь хамгаалан ажиллах боломж нээгдэх тул баяртайгаар хүлээж авах болно. Тиймээс Бакей гэдэг хувь хүний асуудлаас илүү, энэ онцлогтой аймгийн иргэдийн эрх ашгийг бодох нь чухал гэж хэлэх байна.             

-Та өрөөндөө хэр төвхнөж байна вэ. Хамтран ажиллах багаа бүрдүүлсэн үү?
-Өрөөндөө бүрэн тохижиж амжаагүй л байна. Одоогоор туслахаа дөнгөж ажилд аваад энд, тэндээс ирсэн сонгогчдын өргөдөл, хүсэлтэд хариу өгч байна. Нэр дэвшээд явж байх үе, тэрнээс өмнө Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн даргын хувьд зөндөө олон өргөдөл хүлээж авсан. Тэр өргөдөл, гомдлыг ангилаад хариу өгч, заримыг нь холбогдох газарт уламжлах гэх мэт ажлаа хийж эхлээд байна.

-Иргэдээс ирсэн өргөдөл, хүсэлт нь ихэвчлэн юун тухай байдаг юм бол?
-Олонхи нь сургууль соёлын асуудалтай холбоотой байна. ЕБС-ийн төгсөгчид сургуульдаа орох, мэргэжлээ солихтой холбоотой асуудал тусгасан хүсэлтүүд байна билээ.  Дараа нь, орон нутагт ажилд оруулж өгөх хүсэлт тавьж. Казахстан улс руу нүүхээр Монгол Улсын иргэний харьяаллаас гараад аль ч улсын харьяалалгүй болсон казах иргэдээс ирсэн хүсэлт байна. Аль алиных нь асуудлыг би шууд шийдвэрлэхгүй ч холбогдох байгууллагад нь уламжилж, учрыг нь асууж тодруулсан. Шинээр авсан туслахдаа чиглэл өгч, иргэдэд хариу өгөх гэх мэт ажлаа хийж байна. Миний хувьд, өмнө нь парламентын гишүүн байсан учраас зарим ажлаа эхлүүлсэн. Жишээлбэл, Гадаад орнуудын парламентын гишүүдтэй бүлгэм байгуулж, ажиллах туршлага байдаг. Энэ ажлыг хэрэгжүүлэх санаатай. Парламентын бүлгэмийн ажил бол хоёр улсын хооронд хамтран ажиллах, хууль тогтоох, туршлага солилцох гээд өргөн хүрээтэй л дээ.

-Тухайлбал, аль улсын парламентын гишүүдтэй бүлгэм байгуулах вэ?
-Энэ чиглэлийн үйл ажиллагаанд гишүүд сайн дураараа нэгдэж, цаашид хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруул­даг жишиг олон ул­сад бий.  Тиймээс энэ чиг­лэлээр зарим гишүүнтэй хамт­ран ажиллаж эхлээд байна. Тодруулбал, Монгол Канад, Монгол Турк, Монгол Казахстаны парламентын бүлгэм байгуулах талаар ярьж эхэлсэн.

-Иргэд, сонгогчдод хандсан ажлаа юунаас эхлэхээр төлөвлөв?
-Сонгогчидтой уулзаж, тэдний санаа бодлыг сонсоод явж байхад нэн түрүүнд уул уурхайн салбараас иргэдэд хүртээх хувь, хишгийн асуудлыг шийдвэрлэх нь чухал гэж бодсон. “Эрдэнэс Таван толгой” компанийн 1072 ширхэг хувьцааг иргэдэд хэрхэн эзэмшүүлэх нь тодорхойгүй байгаа.  Үүнийг тодорхой болгох хэрэгтэй. Зохион байгуулалтын хувьд ч иргэдэд хувьцаа, сая төгрөг олгох асуудлыг хурдан шийдвэрлэх ёстой юм байна гэсэн ойлголтыг иргэдээс авлаа.  Тиймээс бусад гишүүд­тэй ярилцаж, үүнийг цаашид асуудал болгож тавина. Өөр нэг зүйл нь, ажлын байр бий болгох. Хот, хөдөөд ялгаагүй. Монгол Улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж байна гэж яриад байдаг. Гэтэл ажлын байр төдийлөн нэмэгдэхгүй байгаа. Үүний шалтгааныг тодорхой болгоно. АН-ын мөрийн хөтөлбөрт Хөдөлмөрийн яам байгуулна гэж зорилт тавьсан. Энэ яамыг байгуулж, асуудалд практик талаас хандаж, үнэхээр ажлын байр бий болгох боломж байгаа юу, яагаад ажлын байр бий болохгүй байна гэсэн шалтгааныг илрүүлээд иргэдээ  ажлын байртай бол­гож, сайхан амьдрах, орло­готой байх, амьжиргаагаа дээшлүүлэх нөхцөл бололцоог эрдэмтэн судлаач хүний хувьд ч төрийн түшээ хүний хувьд ч парламентад тодорхой асуудал болгож тавина.

-Таны хувьд өмнө нь парламентад ажиллаж байсан туршлагатай. Хийж амжаагүй ажлаа үргэлжүүлэх боломж олдлоо. Тухайн үед үүнийг л хийчих юмсан гэж бодсон ч амжуулж чадаагүй ямар ажил байна вэ?
-Мэдээж, 2004-2008 онд УИХ-ын гишүүн байхдаа олон хуулийн төсөл санаачилж, өргөн барьсан ч, батлуулж амжаагүй хуулийн төслүүд байгаа. Эхний ээлжинд тухайн үеийн хуулиудыг эр­гэн харж, сайжруулан өргөн барина. Газрын тухай багц хууль, тэр дундаа Бэлчээрийн тухай, Байгаль орчны холбогдолтой зарим хуулийн төслийг өмнөхөөс нь илүү сайжруулж, нэн түрүүнд өргөн барьж батлуулна гэж бодож байна. Өнгөрсөн дөрвөн жил парламентын гадуур байсан ч зүгээр суугаагүй. Эдгээр хуулиудын чиглэлээр тодорхой судалгаа хийсэн. Түүнчлэн ажиглаад байхад, 2008-2012 онд УИХ баахан хууль үйлдвэрлэсэн. Гэтэл энэ олон хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Тиймээс хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, хянал­тын механизмыг боловсронгуй болгох ажлыг нэн даруй хийх шаардлагатай болж. Хэрэгжүүлэхгүй юм бол олон хууль батлаад яах юм бэ. Тиймээс хэрэгждэг хууль баталж, түүний хэрэгжилтэд хяналт тавих механизм бүрдүүлэх хэрэгтэй. Бусад гишүүдтэй энэ чиглэлээр нягт хамтран ажиллана. Хуулийн тухай хууль гаргах талаар Х.Тэмүүжин гишүүн ярьдаг. Тэр хуулийн төсөлд идэвхтэй оролцоно гэж бодож байгаа. Парламент хууль тогтоох, хэрэгжилтэд нь хяналт та­вих хоёр үүрэгтэй шүү дээ. Гэтэл хоёр дахь үүргээ хэрэгжүүлэхгүй ажиллаж ирсэн. Үүнийг шинэ шатанд гаргах тал дээр манай нам ажиллах болно.

-УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгийн тухайд юу хэлэх вэ?
-АН энэ удаагийн сонгуульд сайн менежмэнт, зохион байгуулалттай оролцсон.  Хамгийн гол зүйл нь, иргэд, сонгогчдын хүсэл сонирхол. Тэрнээс хамаарч, сонгуулийн үр дүн санасан хэмжээнд хүрэхгүй тохиолдол гардаг. Энэ удаагийн сонгууль маш хүчтэй өрсөлдөөнтэй боллоо. АН улс төржсөн төрийн албаны эсрэг сонгуульд оролцож, олонхи болсон гэж бодож байна. Хэдийгээр хатуу чанга хуулийн дагуу сонгууль явагдсан ч энэ удаа ч ялгаагүй бүх төвшиний төрийн  албан хаагч сонгуулийн үйл ажиллагаанд оролцож нөлөөлсөн. АН ийм хүчтэй аппаратын эсрэг ажиллаж, сон­гуульд Засгийн газар байгуулах хэмжээний  суудал авч чадаагүй ч гэсэн, хамгийн олон суудал авч чадлаа. Сонгуулийн үр дүнд нөлөөлсөн цаашид анхаарах асуудал ч гарлаа. Иргэний бүртгэл мэдээл­лийн үйл ажиллагаа хангалтгүй байсан гэж бодож байна.

-Яагаад?
-Улсын хэмжээнд сонгуулийн ирц 66 орчим хувьтай байсан шүү дээ. Энэ нь өмнөх сонгуулиудын ирцээс хамаагүй буурсан үзүүлэлт. Иргэний бүртгэлийн байгууллага улс, аймаг, сум, багийн төвшинд сайн ажилласангүй. Тэд татвар төлөөлөгчдийн мөнгөөр цалинж­даг атлаа ажилдаа хайнга, хариуцлагагүй хандаж байна. Өөрөөр хэлбэл, нэг гэр бүлд таван сонгогч байлаа гэхэд, тэднийг таван өөр хэсэгт хуваарилчихсан байх жи­шээтэй. Ийм тохиолдол Баян-Өлгий аймагт олон гарсан. Энэ нь манай намын амжилтын үр дүнд нөлөөлсөн гэж үзэж байна. Сонгогчид сонгуульдаа илүү идэвхтэй оролцсон бол манай нам үүнээс ч олон суудал авч болох байлаа. Ийм учраас удахгүй Орон нутгийн сонгууль болно. Энэ алдааг нэн даруй засах ёстой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан