Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн 380 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

-Нийслэлийн 380 жилийн ойд-

Хүндэт нөхөд өө,

Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ,

Бүрэн эрхт тусгаар Монгол Улсын гал голомт - Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн нийт иргэд, төр, захиргааны байгууллагын ажилтан, ажиллагсад, их хотынхоо өнөр бүлийн гишүүн байгууллага, хамт олонд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Дэлхийн түүхэнд Монгол хэмээх нэрийг мөнхлөн үлдээсэн эцэг дээдэс маань өдгөөгөөс зургаан жаран, хоёр арваны тэртээ 1639 онд Монгол гүрний төв цэг Их, Бага Монгол уулын хормой, Ширээт цагаан нуурын хөвөөнөө “Өргөө” шар бүсийн ордыг байгуулснаар нийслэл хотын маань түүх шаштирын эхний хуудас бичигдсэн билээ.

Улмаар нүүдэлч түмний ахуй амьдралын онцлог, түүхэн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нааш цааш нүүдэллэж явсаар Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндий буюу хатан Туулын хөвөө, хан Богдын ард суурьшсанаас хойш 241 он улирчээ. Энэ он жилүүд бол эсгий гэр, нүүдэлчдийн бяцхан сууриныг орчин үеийн хот байгуулалтын шилдэг өв, шинэ ололтыг шингээсэн метрополитан хот болгон өөрчилсөн бахархалт зам мөр байлаа.

Нүүдэлч малчдын тал нутагт шинэ суурьшлыг цогцлоосон бахархал монголчуудынх, нийслэлийн иргэдийнх билээ. Өөрөөр хэлбэл энэ өдөр бол зөвхөн нийслэлчүүдийн төдийгүй нийт монголчуудын баярын өдөр юм. 

Монгол Улсын нийт хүн амын 45 хувь буюу 1.4 сая гаруй хүн амьдран суудаг, улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг үйлдвэрлэдэг, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 191.0 мянга гаруй аж ахуй эрхлэгчдийн 75 хувь нь төвлөрсөн эдийн засаг, нийгэм, соёлын цогц төв Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, өнгөжин жавхаажсаар байна.

       Цаашид та бид нийслэлээ дэлхий ертөнцөд бүрэн нээлттэй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн, өрсөлдөх чадвартай, өөрийгөө тэтгэх эдийн засгийн чадавхитай, шинэ эриний ухаалаг, найрсаг, эко хот болгон шинэчлэхийн төлөө хичээн зүтгэх учиртай.

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал энэ намрын чуулганаараа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлах гэж байна. Энэхүү хуулиар нийслэлийг бие даасан төсөв, газрын бирж, өөрийгөө хөгжүүлэх сантай, олон улсын санхүү, аялал жуулчлалын томоохон төв болгох эрх зүйн үндсийг тогтооно. Түүнчлэн үйлдвэрийн тусгай бүс, дагуул хот, дэд төвүүдтэй болгож, суурьшлын шинэ бүсэд шилжин суурьших аж ахуйн нэгж, иргэнийг дэмжих татварын шинэ бодлогыг хуульчлах болно.

Агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн байгууламжийг дэлхийн томоохон хотуудын жишигт хүргэх нь Та бидний ойрын үеийн нэн чухал зорилт байх бөгөөд энэ үйл хэргийг Улсын Их Хурал ямагт дэмжих болно.

Иргэндээ ээлтэй, амар тайван, аз жаргалтай, Монгол хүрээ соёлын өв уламжлал, дэлхий дахины соёл иргэншлийн шилдэг туршлагыг хослуулсан шинэ Улаанбаатарыг цогцлоох Та бүхний эрхэм үйлс тэгш дүүрэн байх болтугай.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот маань эрчимт хөгжлийн өнгө гэрлээр сүлэгдэж, эзэд нь болсон иргэн түмний амьдрал баяр жаргалаар бялхам байхын ерөөл өргөе.

                                            МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

2019 оны 10-р сарын 28-ны өдөр.            

                                                                                   Улаанбаатар хот.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан