МАН-аас ганцхан эмэгтэй гишүүн парламентад орж ирсэн нь НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол. Тэр эрчүүдэд их л гомдож яваагаа мэдэгдлээ. Өнгөрсөн баасан гаригийн чуулганд “Эрчүүд давамгайлсан бүтэцтэй энэ парламентыг хараад сэтгэл өвдөж байна. Үнэхээр парламентын нэр хүндийг унагалаа. Монголын төр хариуцлагагүйн зуданд автчихлаа шүү дээ. МАН-ын гишүүн Байнгын хорооны хуралд үг хэлэх эрхгүй, саналаа тооцуулах эрхгүй, чуулганд оролцох эсэх нь сайн дурын хэрэг болчихсон. Ийм соёлгүй, хахир хатуу шийдвэрээ болиоч ээ” хэмээн хоолой зангируулна билээ.
Түүний үгнээс парламентад эрчүүд давамгайлж байгаа болохоор л өнөөдрийн ийм хатуу, хахир шийдвэрүүд гараад, үйл явдлууд өрнөөд эхэлсэн бололтой юм. Гэвч энэ удаагийн парламент түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй нь. Үүнээс ч олон эмэгтэй улстөрч орж ирэх боломж илэрхий байсан ч Д.Оюунхорол хатагтай та өөрөө ажлаа муу хийсэн учраас НАМЭХ-ноос цор ганц бүсгүй Саарал ордны хаалгыг татсан. Тэр хүн нь эрхэм гишүүн та. НАМЭХ-гоо хаяж, намын дарга нарын хоронд гар бие оролцсон болохоор таныг ажлаа муу хийсэн гэлээ. Намынх нь эмэгтэйчүүд ч тэгж үзэж байгаа.
Хэрвээ та Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн ажлаа сайн хийсэн бол эмэгтэйчүүд намын жагсаалтын төгсгөлд бичигдэхгүй байх байлаа. Төрийн ажилд дадлагажсан эмэгтэйчүүд нь жасгаалын сүүл мушгиж, намын дарга нартаа мөнгө төгрөг хангалттай хэмжээгээр төлж чадсан залуухан бүсгүйчүүдийг тэднээсээ дээгүүр залсан. Тойрогт өрсөлдөх чадвартай эмэгтэйчүүдэд мандат олгоогүйн бурууг намынхаа дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг толгойлдог Д.Оюунхорол гишүүнд тохох нь тэдний 100 хувь зөв гэх нь бий.
Нэг ёсондоо золиос боллоо. НАМЭХ-ны бүсгүйчүүдийг торгуулийн тойрог руу шидчихээд өөрөө тойрогт өрсөлдсөн хүн. Тэгээд зогсохгүй хор найруулж гүйсээр Ш.Сайхансамбууг хүртэл тоглоомын гадна үлдээж, улс төрөөс арчсан ч гэдэг. МАН-ын эмэгтэйчүүд таныг л урдаа барьсаар, таныг л хүчтэй дуу хоолой гэж итгэсээр сонгуультай золгосондоо өнөөдөр ч харамсч явна. Сонгуулийн босгон дээр хүртэл танай бүсгүйчүүд НАМЭХ-ны ерөнхийлөгч маань л биднийг намын жагсаалтын төгсгөлөөс татаж, тойрогт өрсөлдүүлнэ гэж амласан. Түүнд л итгэж, хүлээж сууна хэмээн ярьж суусан шүү дээ. Тийм болохоор Д.Оюунхорол та эрчүүд давамгайлсан парламентад гоморхох биш өөртөө хатуу дүгнэлт хийх нь оновчтой бус уу.
Эмэгтэйчүүд квот батлуулж чадсан 2012 оны сонгуулийн үеэр үнэндээ Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дунд ч бас том тулаан өрнөсөн нь мэдээж. Энэ тулаанд харин Д.Оюунхоролоор ахлуулсан НАМЭХ эмгэнэлтэйгээр ялагдал хүлээлээ. Үнэндээ, бараг сонгууль эхлэхээс өмнө л НАМЭХ цагаан тугаа өргөчихсөн явж байсан. Намын жагсаалтын төгсгөлд бүсгүйчүүд жагсчихаад яаж ч чадахгүй дотроо бачуурсаар сонгууль дуусгасан нь нууц биш. Харин бүсгүйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж явах хамгийн чухал хүн Д.Оюунхорол хатагтай Завханд нэр дэвшээд, зөвхөн өөрийнхөө кампанит ажлыг өрнүүлж явсан нь ч бас нууц биш. Бусад нь харин намын гал тогоог барьсаар сонгуулийн хугацааг өнгөрөөсөн. Тиймээс та эрчүүд давамгайлсан парламентад биш өөртөө хатуу шийтгэл оноомоор санагдана.
Ингээд зогсохгүй ээ “Танай намынхан шат шатны дарга нартаа хариуцлага тооцсоор байна. Өнгөрсөн сонгуулиар НАМЭХ ч бас ялагдал хүлээж, парламентад ганцхан суудал авсан. Магадгүй, НАМЭХ-ныхон танаас хариуцлага нэхэх болов уу” гэсэн асуултад тэд ингэж хариуллаа. “Аливаа улс төрийн намууд дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулдаг. МАН-ын дүрэмд сонгуульд ялагдвал намын Удирдах зөвлөлийнхөн хариуцлага хүлээдэг. Тэд дүрмийнхээ дагуу хариуцлагаа хүлээж, ажлаа өгцгөөж байгаа. Харин НАМЭХ-ны дүрэмд тийм заалт байдаггүй юм” гэлээ.
Тэгэхээр МАН даяараа сонгуульд ялагдсан дарга нартаа хариуцлага тооцож байхад Д.Оюунхорол гишүүн харин уснаас хуурай гарах нь бололтой. Эмэгтэйчүүдийг унагасныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой атал эрчүүдэд л гоморхоод суух. Уг нь, өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг дээ. Эрхэм гишүүн та гаргасан алдаагаа эргэж нэг хараад, нэг танхимд сууж буй бусад намын эмэгтэйчүүдийг нэг тоолоод үзээрэй. Бас саяхан МАН бүлэгтэй, бүлэггүй хэмээн маргалдах үеэр “УИХ-ын дарга сонгогдсоноос хойш 24 цагийн дотор намууд бүлэг байгуулахаа албан ёсоор мэдэгдэнэ. Тэгэхээр МАН УИХ-д бүлэггүй юм биш үү” гэж хэвлэлийнхэн Д.Оюунхоролоос тодрууллаа. Гэтэл тэр “Эцэг хууль гэж байсаар байтал жижиг заалтаар шалтаглах хэрэггүй” гэж хариулсан нь олны дургүйцлийг төрүүлсэн. Мэдээж шүү дээ. Эрхэм төрийн түшээ та ч, жирийн иргэн бид ч хуулийн заалтыг том, жижиг гэлтгүй мөрдөх л үүрэгтэй. Гэтэл парламентын гишүүний амнаас “жижиг заалт” гэдэг хайхрамжгүй үг унасан нь харамсалтай байна. Энэ мэт жижиг, том алдаандаа дүгнэлт хийх цаг иржээ, Д.Оюунхорол гишүүн ээ.