Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-Д МАН-ЫН БҮЛЭГ АЛБАН ЁСООР БАЙГУУЛАГДАНА
УИХ дахь МАН-ын ги­шүү­дийг албан ёсоор намын бү­лэг­тэй болгож, парламентыг улс төрийн гацаанаас гаргахын тулд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Цолмон нар УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуу­лийн төсөл өргөн барьсан. Тэд МАН-ын биш, ард түмний эрх ашгийг хүндэтгэж, анхны хуулийн төслөө өргөн барилаа хэмээн ярьсан юм. Харин МАН-ын дарга Ө.Энхтүвшин үүнд “УИХ дахь МАН-ын гишүүд бүлэгтэй. Бүлэг сонгуулийн дүнгээр бай­гуулагдана. Сонгуулиар най­­маас дээш гишүүн сонгогд­сон бол бүлэгтэй болно гээд заа­чихсан байгаа учраас Үнд­сэн хуулийн асуудал. 24 цаг гэ­дэг хуулийн заалтыг яаж ба­талгаажуулж, хэрэгжүүлэх вэ гэдэг л заалт шүү дээ. Манай намын зүгээс угаасаа УИХ дарга хууль бусаар сонгогдсон гэж үзэж байгаа учраас хуулийн төсөл өргөн барих нь утгагүй асуудал” хэмээн хариу барив.

Нэгэнт хуулийн төсөл өргөн барьсан учраас энэ долоо хоногт зарлах УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх нь тодорхой. Ямар ч байсан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, “УИХ-ын дарга сон­гогд­соноос хойш намын бү­лэг байгуулах саналаа 24 ца­гийн дотор бичгээр мэдэг­дэнэ”, “Анхдугаар чуулганы хурал­дааныг танхимын хамгийн ах­мад гишүүн удирдана” гэх мэт заал­тыг цэгцлэх нь. УИХ дахь МАН-ын гишүүд хуулийн эдгээр заал­тыг хэрэгжүүлээгүйгээс өнгөр­сөн хугацаанд тэднийг сонго­сон ард түмэн хохирсон гээд хэлчихэд буруудахгүй. Өө­рөөр хэлбэл, МАН-ын ги­шүүд ард түмний дуу хоолой болох элч төлөөлөгчийн үүргээ гүйцэтгээгүй.

Харин ч улсын эрх аш­гийг намынхаас доогуурт тавьж, чуулганы хуралдаанд оролцохгүй, хуралдаан дар­га­лах ёстой хамгийн ахмад ги­шүүн Д.Дэмбэрэл намдаа үйлч­лэх мэтээр УИХ-ыг бой­кот­­ло­сон. Өнгөрсөн хоёр са­рын турш хуулийн дээрх заалт­тай холбоотой маргаан өр­нөж, хуулиа уландаа гиш­гэж гүрийсэн МАН-ынхан Үнд­сэн хуулийн цэцэд гомдол хаяг­ла­лаа. Гэвч цэцийн гишүүд ес­дүгээр сар хүртэл амарч бай­гаа учраас өнөөх гомдол нь хав дарагдав. Тэд УИХ-ын дар­га З.Энхболдод хэд хэдэн шаард­лага бүхий албан бичиг хүргүүлж, тулгалт ч хийлээ. Эр­хэм спикер хууль зөрчихгүйн тулд тэднийг “УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуу­лийн төсөл санаачилж өргөн барь. Асуудлыг хуулийн дагуу шийд­вэрлэе” гэв. Гэвч МАН-ын гишүүд үүнийг хүлээн зөвшөө­рөхгүй, бид хуулийн дагуу ажиллаж байна гэж гүрий­сээр. Хуульд “УИХ-ын дарга сонгогдсоноос хойш  намын бүлэг байгуулах саналаа 24 ца­гийн дотор бичгээр хүргүүл­нэ” гэж тодорхой заалт бай­хад, сонгуулиар манай на­маас наймаас дээш тооны ги­шүүн сонгогдсон учраас бид бүлэгтэй гэсэн тайлбар тавиад сууж байна.

Уг нь, наймаас дээш гишүүн сонгогдсон бол УИХ-д бүлэг байгуулах эрхтэй гэж хуульчилсан нь үнэн. Энэ эрхийг УИХ-ын дарга сонгогдсоны дараа тухайн на­мын бүлэг байгуулах сана­лыг бичгээр хүлээн авч, чуулган хуралдсанаар батал­гаа­жуулдаг. Гэтэл УИХ дахь МАН-ын гишүүд бүлэг байгуулах саналаа хуульд заасан хугацаанд нь бичгээр өгөөгүй. Ингэж цагаан дээр хараар бичсэн хуулиа зөрччихөөд “Бид хуулийн дагуу ажиллаж байна” гэж шударга царай гаргах юм. УИХ дахь МАН-ын бүлэг хуулийн дагуу байгуулагдаагүй шүү гэж хуульчид мөн ч олон удаа тайлбарласан даа. Гэтэл МАН-ынхан илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсэрнэ гэгчээр л хандаж буй.
Энэ бүхнээс үзвэл, тэд нэ­гэнт хуулиа зөрчсөн боло­хоор хэдүүлээ ингээд гүрийчихье, хуульд өөрчлөлт оруулах тухай өөрсдөө санаачлаад ч яахав хэмээн тохирсон байх магадлалтай. 

Харин УИХ-ын гишүүн С.Дэм­бэрэл, Ц.Цолмон нар МАН-д зориулж, тодруулбал, тэд­нийг УИХ-д бүлэгтэй бол­го­хын тулд хуулийн төсөл са­наа­чилж, өргөн барьсан нь наанаа шударга байдал гар­гаж, цаанаа гэмшиж буй МАН-ын гишүүдийг битүүхэн баяр­луулахад хүргэсэн бо­лол­той. Тэдний өмнөөс сон­гогч­дын эрх ашгийг барьж гүйсэн хоёр гишүүний хувьд ч МАН-ын нөлөөлөл, лоббид өртлөө гэх мэтээр шүүмжлэл сонссон юм.
Юутай ч тэдний өргөн барьсан хуулийн төслийг энэ долоо хоногт багтаан ээлжит бус чуулганаар хэлэлцэж, МАН-ыг УИХ-д албан ёсны бүлэгтэй боллоо хэмээн зарлах нь.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан