Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ганц гишүүнтэй сөрөг хүчин
Ардчилсан нам дотроо хагаралдахгүй шиг дөрвөн жил ажиллаасай гэж хүсэх хүн олон. Энэ олон жил бүх зүйл буруу жишгээр явсныг залруулах дөрвөн оны хугацаанд АН-ынхан бүх чадвараа харуулах болчихоод буй. Гэтэл дотооддоо зөрчилтэй байвал хэзээ ч ажил явахгүй. Үүнийг 1996-2000 оны жишээнээс харж болохоор. Хэдийгээр ардчиллынхан олон фракцтай, хуваагдмал гэдэг ч нэгдэж чадахаараа юу хийж болохоо дор бүрнээ ойлгосон гэхэд болно. Тэгтэл тэд 100 хувь ойлголцсон гэж бас болохгүй нь. Ямар нэг сонголтын цаана заавал гомдогсод үлддэг нь жам. Өөрөөр хэлбэл, Шинэчлэлийн Засгийн газрыг дөнгөж цэгцэрч байхад АН-аас гомдогсод төрж эхэллээ. Уг нь, нам доторхи бүх фракцынхаа эрх ашгийг хүндэтгэж үзсэн мэргэн сонголт байлаа гэж харж байсан юм. Тэгсэн мөртлөө л “Гэхдээ ...” гэх ганц нэг хүн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал сонирхолтой сэдэв хэмээн 15 зүйлийг онцлон бичиж жагсаажээ. Эрхэм гишүүн ямар учраас ийм зүйл бичсэн нь тун ойлгомжгүй. МҮДН-ын фракцаас сайд болсон уу болсон. Гэхдээ л тэрээр гомдчихож. Тийм болохоор л МАН-ынхны талд дуугараад эхэлчихлээ.  
Уг нь ч аливааг шүүмжлэлтэй нүдээр харах нь сайн ч бас сөрөг тал бий. Засгийн газрын бүтэц, сайд нарын цаадах улс төр гэгчийг эрхэм гишүүн маш ихээр сонирхож.

Цаашлаад МАН-ыг бүлэг­тэй болгох хүчин чар­майлт, санаачилга Р.Амаржаргал гишүүнээс гарвал гайхах хэрэггүй нь. МАН-ынхан өөрс­дөө хуулиа дагаж ажиллаагүйг хуульчид тайлбарлаад байхад тэрээр АН-ынхан тэднийг “хясч” байна гэж тэр тодорхойлж. Төрийн өмчийн хороог Ерөнхий сайдын бус салбар хариуцсан сайдын мэдэлд шилжүүлж буйг ямар улс төр вэ, “Шударга ёс” эвсэл байр сууринаасаа ухарлаа хэмээж. Засгийн газрын бүтцийг цомхон болгож байгаад эрхэм гишүүнд дургүйцэх ямар нэг шалтгаан байгаа бололтой.
Энэ олон жил парламентад суусан туршлагатай улстөрч бол яахын аргагүй мөн. Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд ийм эгзэгтэй үед хачирхалтай үйлдэл гаргасныг АН-ынхан гайхаж байна. Магадгүй энэ Засгийн газарт суудал горилж байсан байж болох. Гэхдээ л МҮДН-ын фракцаас гурван ч сайд томилогдсон. Байнгын хорооны дарга, намын бүлгийн дарга гээд тэднийхэн хоосон хоцроогүй. Цаашдаа ч өөр гишүүд нь чухал албанд яригдаж байгаа гэнэ. Тэгэхээр зөвхөн МҮДН гэдэг фракцын эрх ашгийг хамгаалж буй хэрэг биш бололтой. Р.Амаржаргал гэдэг хувь хүний эрх ашигт зарим зүйл нийцээгүй учир ийм жагсаалт гаргажээ гэсэн ойлголт бууж байна. Зөвхөн энэ 15 зүйлийг харахад эрхэм гишүүнийг АН-ын гишүүн байхаа больж ч байгаа юм болов уу гэсэн бодол төрлөө.

Магадгүй МАН-ынхны зориглож хийж чадахгүй байгаа албан ёсоор бүлэгтэй болох хуулийн төслийг өргөн барьсан ИЗНН-ын С.Дэмбэрэл, “Шударга ёс” эвслийн Ц.Цолмон нарын араас тэдний эрх ашгийг хамгаалагч болж байх шиг. Гэхдээ тэд бол хуулийн төсөл өргөн барьснаас өөрөөр байр сууриа илэрхийлээгүй.  Харин Р.Амаржаргал гишүүн МАН-ынхны сөрөг хүчин байх “зөрчигдсөн” эрхийг хамгаалах дуу хоолой болж байгаа юм болов уу. Эсвэл тэрээр цаашдаа АН дотроос төрсөн ганцхан гишүүнтэй сөрөг хүчин болж ажиллах юм болов уу. Уг нь, иймэрхүү шүүмжлэлийг ил тод зарлаж МАН –ынхны өгөөш болж байхаар тогоон дотроо сайн муугаа ярилцсан бол Р.Амаржаргал гишүүн илүү гоё харагдах байлаа. Гэвч сонголт нь түүнийг өөр тийш хөтлөөд байх шиг...
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан