Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ынхан тэмцлийн бүх хэлбэрийг сонгоно гэв

Хууль тогтоох дээд байгууллагад 25 суудалтай ч заасан хугацаанд багтан албан бичгээ илгээгээгүйгээс бүлэггүй яваа МАН-ынхан сөрөг хүчний дуу хоолойгоо өргөж эхэллээ. Өчигдөр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар улс төрд үүсч буй нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. МАН зөвхөн сөрөг хүчин гэсэн утгаар бүх асуудалд хандан шүүмжлээд байхгүй, бүтээлч байхыг эрмэлзэж буй гэнэ. Мөн бодитой шинэ санаачилга гаргаж, улс орны хөгжилд хэрэгтэй зүйл хийн, болж бүтэхгүйг нь засч залруулахын төлөө ажиллана хэмээлээ.

Засгийн газар байгуу­лагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Өвөл хаяанд тулсан энэ үед ганцхан томилгоо, албан тушаалын асуудалд анхаарч байгааг шүүмжлэв. Генсек “Шинэчлэлийн гэх Засгийн газар үнэн хэрэгтээ рекламны гүйцэтгэх засаглал болчихлоо. Өнөөдөр ард түмний дунд бухимдал ихэсч буй учир манай нам анхаарлаа хандуулахаас өөр гарцгүй байна. Энэ бухимдал нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж буйтай холбоотой. Үнийн хөөрөгдлийг зохицуулах та­лаар төр, засгаас ямар ч арга хэмжээ авахгүй сууна. Талх, шатахууны үнийн тэсрэлт хэзээ мөдгүй болж нийгэмд асар их бухимдал үүсгэж болзошгүй байна. Үүнээс гадна уул уурхайн баялгаас хүртээж байсан 21 мянган төгрөг өгөхөө больчихоор иргэдийн амьжиргаа ч муу­даж эхэллээ. Энэхүү мөнгөөр хоногийн хоолоо залгуулж, цахилгааны мөнгөө өгдөг бай­сан өрхүүд цөөнгүй. Тодруулбал, нийт иргэдийн 30 хувь нь төрөөс өгдөг тэрхүү мөнгөөр амин зуулгаа хийж ирсэн байна. Хавтгайрсан халамж өг гэж уриалж байгаа юм биш шүү. Зөвхөн тэрхүү 30 хувь болох зорилтот бүлэгт өгөх шаардлагатай. Төсвийн тодотголд үүнийг тусгах ёстой байсан ч оруулсангүй. Харин ч халамжийг хавтгайруулан хүүхдийн мөнгийг суулгаж. Гэхдээ хүүхдэд мөнгө олгох нь буруу гэж байгаа юм биш. Өнөөдөр сайд нар, баян, компанийн захирлын хүүхдэд тэр мөнгө хэрэггүй. Зорилтот бүлэгт тэтгэмж олгох асуудлыг сонгуульд оролцсон намууд мөрийн хөтөлбөртөө тусгасан ч хэрэгжүүлэхгүй явна. Ийнхүү эргэж буцаж буйд харамсч байна” гэж хэллээ. 

Төрийн албанд бүтэц зохион байгуулалт хийж буй. Орон тоо цомхотгож, зарим албан тушаалыг үгүй болгож эхэлсэн. Энэ нь, МАН-ынханд таалагдаагүй аж. Эрхэм түшээд төрийн албанд ажиллагсдыг хоморголон халах үүднээс Нийтийн албаны тухай хууль санаачлан баталж, олон нийтэд үйлчилдэг албыг нэг намд үйлчилдэг болгохоор зорьж байгаа гэнэ. Үүнийхээ эхлэлийг тавьж олон агентлаг, төрийн нарийн бичгийн дарга нарын орон тоог цөөлсөн байна. Ийм зүйл хийснээс нь болж төрийн алба ойлгомжгүй болж, үйл ажиллагаа нь зогсонги байдалд орж, өвлийн бэлтгэл ажил тасалдах болжээ. Ерөнхийдөө фракцуудынхаа эрх ашигт нийцүүлэн яамдын тоог нэмж, бүтэц зохион байгуулалт хийж байгааг шүүмжиллээ. Энэ мэтээр явбал шинэчлэл хийхээсээ илүү улс орны хөгжилд чөдөр тушаа болох юм байх.

Парламентын үйл ажил­лагаа ч булингартай байна хэмээлээ. Спикерийг сонго­хоос эхлээд хууль зөрчин, олонхиороо түрж МАН-д бүлэг байгуулах эрх өгөхгүй явааг дуулгав. Мөн Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг өргөн барих үйл явцад алдаа гарсан гэнэ. УИХ-аас батлагдсан Хүний эрхийн хөтөлбөрт “Сонгууль болохоос зургаан сарын өмнө аливаа сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. Өнөөдөр Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг парламентаар хэлэлцээд эхэлчихсэн байгаа. Сар гаруй­хан хугацааны дараа уг сонгууль болох гэж байхад хуульд өөрчлөлт оруулах нь буруу гэж үзэж байлаа. Мөн аливаа хуулийн төслийг хэлэлцэж, батлах УИХ-ын журмын тухай хуулийг зөрчсөн байна. Нэгэн цагт Үндсэн хуульд өөрчлөлт оруулсныг маргаан үүсгэж хуулийн дагуу яваагүй гэсэн шалтгаанаар хүчингүй болгож байсан аж. Хуулийн төсөл, тогтоолыг чуулганаар хэлэлцэхээс долоо хоно­гийн өмнө түшээдэд та­раан өгөх журамтай юм байна. Гэтэл Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг өргөн барьсны маргаашнаас хэлэлцэж эхэлжээ.
Мөн иргэдээс нэг ч санал аваагүй, ганц намын эрх ашигт ний­цүүлэн боловсруулж, одоо батлахаар зүтгэх болж гэв. Ерөнхий нарийн бичгийн даргын хэлж буйгаар шинэ парламентын олонхи цөөнхийн дуу хоолойг сонсохгүй, аливаа асуудлыг хүч түрэн шийддэг да­­рангуйллын тогтолцоо үүс­­­чээ. Энэ нь, мордохын хазгай гэж тодорхойлов. Хэ­рэв энэ байдлаа засахгүй бол тус намынхан тэмцлийн бүх хэлбэрийг сонгон авахаа мэдэгдлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан