Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Усанд унасан хүн дэрснээс шүүрдэг
Усанд унасан хүн амиа аврахын тулд таарсан дэрснээс шүүрч авдаг. Чухамдаа тэр нь өөрийг нь даах эсэх нь ч хамаагүй. Үүн лүгээ УИХ-ын сонгуульд ялагдаж цөөнх болчихоод байгаа МАН өнөөдөр хэнтэй ч хамаагүй, наашаа гэвэл чөтгөртэй ч нийлэхэд бэлэн байна. Улс төрийн бусад нам, Төрийн бус байгууллага, иргэд хаана ч юу ч хэлж байсан дуулсан ч дуулаагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг нүдэн балай, чихэн дүлий чигээрээ зүтгэж өөрсдөддөө л таалагдаж, өөрсдийнх нь эрх ашиг сонирхолд нийцэж байвал “батлаад л.....” байдаг цаг нь өнгөрсөн гэдгийг одоо л нэг ойлгох гэж байгаа бололтой.
Бидний улс төрийн жижиг гэж нэрлэдэг, парламентад суудалгүй намуудын саяхан хийсэн нэг уулзалтад МАН-ын генсек Г.Занданшатар их л идэвхтэй оролцож тэдэнтэй үг, сэтгэл нийлэн ярилцав. Парламентаас гадуур болдог улс  төрийн намуудын ийм уулзалтад МАН-ын эрхтэн дархтнууд хэзээ ингэж очиж оролцож байлаа. Улс төрийн намуудын оролцсон телевизийн нэвтрүүлэгт энэ намын дарга нар оролцож байсан уу. Үнэнийг хэлэхэд өнгөрсөн 20 жилд ийм тохиолдол бараг байгаагүй.
Ер өнгөрсөн 20 жилд энэ намын дарга нар Төрийн ордон, өөрийнхөө цагаан байшин, хар машинаасаа толгойгоо ч цухуйлгаж байгаагүй гэхэд нэг их ташаа болохгүй. Улс орны эдийн засаг, нийгмийн амьдралтай холбоотой олон асуудлаар улс төрийн намууд байр сууриа илэрхийлж, үгээ хэлж олон удаа уулзалт ярилцлага хийж байсан. МАН-ынхан ийм арга хэмжээнд очиж оролцох нь бүү хэл ёстой л “жингэр хуцаж л байг, жингийн цуваа явж л байна” гэсэн байдлаар хандаж, ярьж хэлсэн зүйлүүдийг нь ч сонсч, анхаардаггүй  нүдэн балай чихэн дүлий өнгөрөөж байсан нь нууц биш.
Одоо бас Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн зарим асуудлаар МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарч ажиллана, хамтарсан ажлын хэсэг байгуулна гэж байна. Ухаандаа эвсэлтэй хамтарч олонхи АН-ын эсрэг зогсох юм уу даа. Уг нь сонгуулийн өмнөхөн бол МАН-ын хувьд МАХН гэдэг шиг аймшигтай мангас байгаагүй шиг билээ. Саявтархан ч гэсэн МАН-ын томцуулын нэг Ц.Нямдорж МАХН-аас УИХ-д суугаа хүмүүсийг “Адгийн урвагчид” гээд харааж зүхэж байсан цуурай нь ч намдаагүй л байгаа.
Тэгэхээр одоо МАН-ынхан адгийн урвагчидтайгаа нэг хөнжилд орохоос ч буцахгүй болж.
МАН бас долоо хоног бүр хэвлэлийнхэнтэй уулзаж байр сууриа илэрхийлж байна гэнэ. Урьд нь цагаан байшинд нь орох ч бараг хориотой байсан биш үү.
Нөгөө талаар үндсэндээ 20 жил төрийн эрх барьж парламентад олонхи байснаараа цөөнхийг үл тоомсорлон бүхнийг дээрээс харан захиргаадаж олны хүчээр шийдвэрлээд байх ямар байдгийг биеэр мэдэрч эхэлж, эрх мэдэлгүй байхыг ойлгон, эгэл амьдрал руу ойртож сурах гэж байгаа юм болов уу.
Гэхдээ л нэгэнт батлагдсан хуулийг хэнбугай ч дагаж мөрдөж ямар ч асуудлыг хуулийн хүрээнд тавьдаг, шийддэг гэдгийг 20 жилийн турш намынхаа, өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө огтоос тоохгүй явж ирсэн энэ намын удирдлагууд “хуулийн дор хүн бүр адил тэгш” гэдгийг ойлгоход бас л хугацаа хэрэгтэй нь харагдаад байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан