Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ МАН чинь ямар улс орон хүлээлгээд өгчихөв өө
МАН-ын 20 жил, сүүлийн 12 жилийн завсарлагагүй эрх барьсан жилүүд энэ хаврын УИХ-ын сонгуулиар эцэс болж төр засаг нэг намаас нөгөө намд шилжиж байна. Шинэ төр эмх цэгцээ олох, ажилдаа шуурхайлан орох нь ч бас шулуун дардан байсангүй. Эрх мэдлээ алдаж бачуурсан хуучин эрх баригчдын гомдол хорсол, бойкотын дундуур багагүй цаг хугацаа зарж байж хөлөө олох бололтой.
Гэхдээ ямагт л “эх орон ард түмнийхээ төлөө” хэмээн цээжээ дэлдэж ирсэн МАН монгол улс нийгэм эдийн засгийн цоо шинэ сонголт хийснээс хойшхи 20 жилд энэ улс орныг яаж шүү авч явж, ямар болгоод дараагийн намд, хүмүүст хүлээлгэж өгөв өө.
 Шинэ цагийн Монголын түүхийн бүхий л цаг үеийн туршид МАН-ын удирдаж ирсэн нийслэл хот бол энэ намын ард түмнийхээ хийсэн ажлын хамгийн бодит жишээ. Хот төлөвлөлт, барилга, зам гудамж, хог шороо гээд бичээд байвал цаас, цаг хугацаа ч хомсдохоор зовлон л үлдэж. Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн ажлыг дөнгөж аваад байгаа Э.Бат-Үүл хэд хэдэн удаа явж иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Иргэдийн ярьж хэлж нь ердөө л бөөн гомдол. Хүүхэд тоглох газаргүй боллоо, цонх халхлаад өндөр барилга барьж байна,  хүүхдийн цэцэрлэг олдохгүй байна, мөнгөө аваад байгаа атлаа хогоо ачихгүй байна, өнгөрсөн жил зассан зам энэ жил явах аргагүй боллоо.....гээд л.....
Нийслэлд ямар ч зөвшөөрөл бичиг баримтгүй, хууль бусаар барьж байгаа, барьчихсан  барилга 60 гаруй байгааг нийслэлийн ИХ-ын дарга Д.Баттулга өчигдөр зарлалаа. Одоо цаана нь нийтийн эзэмшлийн хэчнээн газарт барилга барих гээд зөвшөөрлийг нь авчихсан, эсвэл авалгүй тохирчихсон байгаа бүү мэд. Энэ бүхнийг суыдлаад сурвалжлаад явбал Г.Мөнхбаяр,, Ц.Батбаяр гээд явсаар байгаад М.Энхболд гэдэг хүн дээр очино. Чухамдаа нийслэл хотыг нийслэл байтугай зүгээр нэг тосгоноос дор болгох ажил газрын наймаачин энэ хүнээс л эхлэлтэй. Дараагийн дарга нар нь мөн л энэ хүний хурууны хүүхэлдэйнүүд байсан болохоор зогсоох, засах залруулах талаар бодохын оронд /бодох ч толгйо байгаагүй дээ / энэ луйврыг нь улам хөгжүүлэн хувь нэмрээ оруулсан хэрэг. М.Энхболдын эхлүүлсэн газрын наймаа энэ намын дээд албан тушаалтнаас хорооны Засаг дарга хүртэл сүлжилдэж одоо нийслэлд хүүхэд тоглох талбай бүү хэл гал гарахад онцгой байдлын машин, хүн өвдөхөд түргэн тусламжийн машин тэр газраадаа орох зам, зайгүй л болчихоод байгаа.
Замын тухай бол ярих ч хэрэггүй. Намынхаа гишүүн, долдугаар анги төгссөн хүнээр замын байгууллагыг удирдуулж нийслэлийн замыг там болгох ажлыг хийсэн. Яг өнөө хятадуудын “Танай дарга өргөнөөс нь, манай дарга зузаанаас нь иднэ ээ” гэдэг шиг шат шатны нь эрх мэдэлтэн идсээр байгаад тавьсан зам нь маргааш нь тал хээрийн замаас ч дор болдог уламжлал бүр тогтчихсон. Жил бүр зам засварлахад зарцуулж байгаа хөрөнгө нэмэгдээд байгаа атлаа нийслэлд өнөөдөр машин зүгээр нэг явчих зам байхгүй л байгаа. Үнэндээ сайн зам тавьчихвал нэг хэсэгтээ л идэх мөнгөгүй болчих гээд байсан байх л даа.
За агаарын бохирдлын тухай бол ярих ч зүйлгүй. Утаагүй зуух, утаагүй түлш гэж хэдэн жил ярив. Үүнд зориулж хэчнээн төгрөг урсгав, ямар үр дүн гарав.
Орон сууцны шинэ бодлого гарган хэрэгжүүлж эхэлсэн нь сайн боловч үүнийгээ зүгээр л нэг газрын наймаа болгох хэрэгсэл болгож ирснээс одоо баригдаад байгаа орон сууцны хорооллуудад нь сургууль, эмнэлэг, цэцэрлэг гээд нийгмийн зориулалттай үйлчилгээний газар огт байхгүй. Чухамдаа ийм байгууламжийг төр барьдаг болохоор М.Энхбоод, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нарт төр  авлига өгөхгүй учраас л тэр. Алга дарам газрыг ч болов мөнгөтэй хүмүүст өгч авлига авч сурсан болоод тэр.
Улсын төсөв ямар байгаа билээ. Монгол улс урьд хожид байгаагүй их мөнгөтэй болж байна, баялгийн хараал хүртэх вий дээ гээд байсан нь хаана байна. Мөнгөтэй болж байсан нь ч худал биш л дээ, харин хашаа урсаад алга болсон нь л сонин. Арга барсан Н.Алтанхуягийн Засгийн газар төсвийн тодотгол хийхээр болж мөн Хөгжлийн банкинд байгаа хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг 1-6 сар хүртэл хугацаатайгаар Төв банк, Засгийн газрын үнэт цаас болон арилжааны банкуудад векселээр баталгаажсан хадгаламж хэлбэрээр байршуулах шийдвэр гаргаж байна.
Хуулийн дор хүн бүр тэгш эрхтэй гэдэг алтан зарчим өнгөрсөн хугацаанд мөн л улан дор гишгигдэж орхиж.
Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс бол хуулиас гадуур байж ирсэн нь дээр өгүүлсэн зөвшөөрөлгүй барилгууд. МАН-ын эрх мэдэлтнүүд бол хуулийг үл тоомсорлож ирсэн нь парламентад суудалтай нам УИХ-д бүлэг байгуулах тухай хүсэлтээ  “УИХ-ын даргыг томилогсоноос хойш 24 цагийн дотор саналаа өргөн мэдүүлнэ гэсэн УИХ-ын тухай хуулийн заалтыг энэ намынхан “ганц жижиг заалт, махан өгүүлбэр” гэж байгаагаас тодорхой. Бас энэ намаас нэр дэвшиж Засаг дарга болсон 12 хүн АТГ-т шалгагдаж байгаа ч өнөө хүртэл Увсын Цасчихэр, Говьсүмбэрийн Баянмөнх нараас бусад нь зохих шийтгэлээ аваагүй байгаагаар тайлбарлаж болно. Одоо бас л Төрийн ордонд УИХ-ын гишүүнийг барьж авч зодсон хүнээ “эр улсын явдал” гэцгээгээд л сууж байгаа. Үүний өмнө хүнийг өрөөндөө барьж зодсон, цанын таягаар хөлийг нь дүрсэн энэ намын албан тушаалтнууд Монгол улсын хуулиас гадуур өнгөрч байсан нь нэг биш. Гэтэл энэ намын эрх барьж байх үед хүүхэддээ хоол аваад өгчих гэсэн хүүхэн 10 мянган төгрөг хулгайлаад 10 жилийн ял авч байсан юм шүү дээ. Ер нь МАН-ын гишүүн, энэ намыг хөрөнгө мөнгөөр цатгаж, эрх мэдэл авсан хүнд хууль үйлчлэхгүй гэсэн зарчим явж ирсэн нь алхам тутамд ил болсоор байна.
Сонгуулийг энэ намын улс орон даяар байгуулсан луйварчдын сүлжээ удаа дараа будлиантуулж ард түмний саналыг өөрчлөн намынхаа, эрх баригчдынхаа төлөө болгож өөрчилдөг байсан нь зургадугаар сард болсон сонгуулиар ил болов. Санал тоолох автомат машин анх удаа ашигласан нь ард түмний сонголтын дүн үнэнээр гарч МАН-ынхан амаа барихад хүрсэн нь одоо Орон нутгийн сонгуульд энэ машиныг ашиглахгүй, гараар тоолно гэж зүтгэж байгаагаас нь тодорхой. Орон нутагт өөрсдийнх нь төлөө олон жилээр тууштай үнэнч зүтгэж сонгуулийн дүнг засварлаж ирсэн найдвартай хүмүүс нь одоохондоо байгаа болохоор тэр. Тэд нь ч энэ ажилдаа бүр гаршаад сонгууль бүрээр ийм луйвраа хийж мөнгө төгрөг, орон сууцаар шагнуулж сурчихсан хүмүүс.
Төрийн албыг энэ нам бизнесийн талбар болгож, албан тушаалыг дуудлага худалдаагаар арилжаалдаг тийм жишиг үлдээж. Намбарын Энхбаярыг энэ намын дарга байж, МАСЗХ буюу өнөөгийн НАМЗХ ид цэцэглэж байх үеэс л хэн их мөнгө төлсөн нь албан тушаалд очдог жишиг тогтсон нь улам баяжсаар өнөө хүрсэн. Чухамдаа тэр бүхий л алба, шат шатны даргын суудал нь авлигаар мөнгө олох хэрэгсэл болж байсан учраас л энэ нь төрийн албаны хүнд суртлыг бий болгосон. Төрийн байгууллага, албан тушаалтан хэдий чинээ хүнд сурталтай, гэдгэр байна төдий чинээ их мөнгө урсан орж ирдэг тийм тогтолцоог бий болгосноороо энэ намыг эрх барьж байх үед намын даргаасаа эхлүүлээд баг хорооны дарга хүртэлх бүх хүн нь амжиргаагаа өөд нь татсан. Өнөөдөр аль ч яам, агентлагийн жирийн нэг түшмэл гэхэд л дунд зэргийн бизнесмэнээс илүү тансаг амьдарч үнэтэй гар утас барьж, жип хөлөглөн давхиж яваа нь үүнийг нотолно.
Зам дээр нь машин түгжирсэн, зундаа шороо бужигнаж, өвөлдөө утаа багширсан, машин явах бүү хэл хүн алхах зайгүй нийслэл хоттой, төрийн алба нь МАН-ын хүмүүсийн амжиргаагаа дээшлүүлэх хэрэгсэл болсон, үүнээсэ салж хагацахгүйн тулд төрийн сонгуулийг ямар ч аргаар болов өөрсдийнхөө төлөө болгон засварлаж болдог, эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй л бол хуулиас гадуур дураараа дургидаг  ийм л нэг улс орныг шинэ төр, шинэ Засгийн газар хүлээж авч дээ.
Энэ бүхнийг засч залруулан ном журманд нь оруулна гэдэг зүгээр нэг хуруунд орсон өргөс авахтай зүйрлэх аргагүй. Нэг биш дөрөв, дөрөв ч биш  түүнээс ч удаан хугацаа хэрэгтэй болов уу.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
нээрээ л тийм дээ. МАН-ынхан нээрээ өөрсдөө л бэлжсэнээс биш, улс ороон хөгжөөгүй шүү дээ
Хамгийн их уншсан