Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХОНКОНГИЙН ЗАРИМ БАНКИНД МӨНГӨ УГААСАН ХЭРЭГТ Н.ЭНХБАЯР ХОЛБООТОЙ ЮУ
МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох 49 хавтаст хэргийг Нийслэлийн шүүхэд шилжүүлэхтэй зэрэгцээд Хятадад түүнтэй холбоотой мөнгө угаах сүлжээг илрүүлсэн тухай мэдээлэл цахим хуудаст нийтлэгдсэн нь олны анхаарал татаж байна.
Тус улсын “South China Morning Post” цахим хуудаст “...Хонконгийн зарим томоохон банк Монголын экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой мөнгө угаах хэрэгт орооцолдсон байж болохыг тус улсын хууль хяналтын байгууллагынхан шалгаж байна. Монголын нөлөө бүхий хүмүүс Хонконг болон Сингапурын банкин дахь дансаар дамжуулан  авлигын мөнгөө угааж, АНУ, Их Британи, Европын зарим орон руу гаргадаг байсан баримт илэрсэн. Н.Энхбаярыг буруутгасан хэргүүдийн нэгд нь Хонконгийн хоёр компани холбоотой. Эдгээр компанийн захирал түүний хамсаатан болж, ял сонсоод буй...” хэмээжээ.

Харин эл мэдээлэлд Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл “Ийм мэдээлэл гарсан тухай сонссон. Н.Энхбаяр даргыг хүчтэй байхад, Монголын төрийг барьж байх үед түүнд бялдуучилж, зусардаж явсан нөхөд энэ хэлмэгдүүлэлтийг хийсэн. Даргын нэрээр өөрсдөө хамаг муу муухай юмыг хийчихээд одоо болохоор түүнд бүх буруугаа бухаж байна. Тэдний буруугаа бусдад нялзаах гэсэн оролдлого үргэлжилж байна. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүртэл ийм мэдээлэл гарсан нь тэдэнтэй холбоотой. Хавтаст хэрэгт гадаадын банкинд мөнгө угаасан тухай юу ч байхгүй. Хууль хяналтынхан ч Н.Энхбаяр даргатай холбоотой бүх зүйлийг шалгасан шүү дээ” гэсэн тайлбар өглөө.  

Сүхбаатар дүүргийн шүүх сарын өмнө МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас гадна гурван хүнд ял оноосны нэг нь Хонконгод бүртгэлтэй “Хэлон”, “Грийт глобал интернэшнл” компанийн захирал Ж.Мягмаржаргал. Түүнийг “Эрдэнэт үйлдвэр”-т ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, мөрийтэй тоглосон хэмээн буруутгаж гурван жил зургаан сар хорих ялаар шийтгэсэн юм.

Н.Энхбаярыг  таван үндэслэлээр буруутгасны нэг нь “Эрдэнэт үйлдвэр”-т ган бөмбөлөг нийлүүлсэн асуудал. Түүнийг тус үйлдвэрийн захирал байсан Х.Наранхүү, “Хэлон” компанийн захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэж, 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж шүүх буруутгасан байгаа.
Харин АТГ-ынхан Х.Наранхүүд холбогдох хэргийг УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй гэсэн шалтгаанаар тэднийхээс тусгаарлан шалгаж буй. Түүнд холбогдох хэргийг одоо болтол шалгаж дуусаагүй байгаа гэнэ.

УИХ-ын гишүүн асан Х.Наранхүү  “Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр над руу утасдаж, Мягмаржаргал гэдэг хүн очно. Хариуцлагатай, сайн хүн байгаа юм. Хамтарч ажиллаарай гэсэн” хэмээн мэдүүлэг өгснийг үндэслэж, шүүх Н.Энхбаярыг яллалаа гэх дүгнэлтийг өмгөөлөгчид нь хийж буй. Тэдний хэлснээр мөрдөн байцаалтын явцад Х.Наранхүүгийн мэдүүлэг үнэн зөв эсэхийг нягталж шалгаагүй гэнэ. Шүүх хуралд гэрчээр түүнийг оролцуулах хүсэлт гаргасан ч биелүүлээгүй.
“Хэлон”, “Грийт глобал интернэшнл” гэсэн хоёр компаниа Хонконгод бүртгүүл­сэн Ж.Мягмаржаргалыг “Ерөнхийлөгчийн хүн”, “Саятан” гэх мэтээр хочилдог. Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн ойрын садан төрөл гэдгийг ч хэвлэлүүд мэдээлж байсан. Гэтэл Н.Энхбаяр шүүх хурлын үеэр “Ж.Мягмаржаргалыг сайн мэдэхгүй. Юун ган бөмбөлөг. Энэ тухай ч мэдэхгүй” гэж мэдүүлсэн нь олон хүнд эргэлзээ төрүүлж буй.

Зарим хүний хэлснээр Ж.Мягмар­жаргал бохир мөнгө дансанд нь байршуулах гэж компаниа Хонконгод бүртгүүлсэн байх талтай гэнэ. Хэрэв үнэхээр Хятадын хууль хяналтын байгууллагынхан “Хэлон”, “Грийт глобал интернэшнл” компанийг Хонконгийн зарим томоохон банкийг ашиглаж, бохир мөнгө угаасан гэдгийг тогтоочихвол асуудал улам хүндэрнэ гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Компанийн дансанд байршуулсан их хэмжээний мөнгөний эх үүсвэрийг ч нягталж шалгах нь тодорхой. Тэгэхээр Ж.Мягмаржаргалын хувьд дахин шүүгдэгчийн ширээний ард сууж ч болзошгүй гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан