Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ӨМӨӨРӨХ КАМПАНИТ АЖИЛ
Сонгуульд өрсөлдөхөөс дутуугүй кампанит ажил ид өрнөж байна. Энэ бол өмөөрөх кампанит ажил.  Гол объект нь хэр нөлөөтэй этгээд болохоос хамаарч өргөн хүрээг хамарсан далайцтай ажил болох нь шалтгаалж буй. Юунаас үүдэж эл кампанит ажил эхэлсэн бэ гэж араас нь хөөвөл тун ч сонирхолтой дүр зураг гарах юм. Гол шалтгаан нь УИХ-ын сонгуульд өрсөлдөөд парламентад цөөн суудал авсан МАН-тай холбоотой. Цөөн суудал авсан МАН-ынхан хуулийн хугацаанд багтаж УИХ дахь бүлгээ байгуулаагүй нь энэ ээдрээт явдлын үндэс суурийг тавьсан. Парламентын анхдугаар чуулган хоёр сар орчим хугацаанд үргэлжлээд хаалтаа хийсэн. Зайлшгүй хэлэлцэх ёстой асуудал байсан учраас ээлжит бус чуулган зарлав. Хоёр ч чуулганы турш Ардын намынхан бүлэггүй сул гишүүд байсаар байгаа нь олон хүний уур бухимдлыг барав. Уурлаж бухимдсан МАН-ын гишүүд АН-ынхантай маргалдсанаас биеэ барьж чадаагүй У.Хүрэлсүх Г.Баярсайханд гар хүрч гол дүрийн нэг болсон. Өнгөрсөн долоо хоногт болсон тэдний зодооноос хойш өмөөрөхүй хэмээх их кампанит ажил өдгөө ид үргэлжилж байна.

Зодооны дараа хамгийн эхэнд зодуулсан этгээд өөрийгөө өмгөөлж шүүхэд хандахаа илэрхийлсэн мэдэгдэл хийв. Уур бухимдлаа дарж хэсэг тайвширсны дараа зодсон этгээд яагаад бусдад гар хүрснээ тайлбарлаж мэдэгдэл хийсэн. Ингээд тэд тэнцээд байтал маргаашнаас нь үйл явдал аяндаа өрнөөд эхэлсэн билээ.

Хоёрдугаар хэсэг “Уг нь би ...” гэсэн тайлбар бүхий ярилцлагууд сонин хэвлэлүүдэд хангалттай хэмжээнд нийтлэгдсэнээр цааш үргэлжилсэн гэхэд болно. Эл хэсэгт намынх нь гишүүд тэднийг өмгөөлж хамгаалж, эсрэг талд бурууг чихсэн ярилцлагууд сонин хэвлэлд өгч, олон нийтийн анхаарлыг татаж, эргэлзүүлж орхив. Энэ удаад харин хоёул тэнцүү байж чадав. Эцэстээ хэнийх нь буруу байсныг хүмүүс ойлгохгүй байдалд хүрлээ. 

Интернэт ертөнц, цахим хуудаснаа эрхэм гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нарыг өмгөөлсөн, хамгаалсан сэтгэгдлүүд хөврөв. Өмөөрөхүйн кампанит ажлын бас нэг хэсэг болсон цахим хуудаснаа дурайх сэтгэгдлүүд эцэстээ бичигчид хоорондын хэрүүл болж ширүүсч,  хоёр талын нөхдүүд “би, чи дээ”  тулав. Компьютерийнхээ араас ухас хийн байж өмгөөлөл бичсэн сэтгэгдэл бичигчид барилцаад авах боломж даанч нь үгүй юм даа. 

Дараагийн хэсэг бол хэвлэлийн бага хурал зарлагчид болон хөндлөнгийн хүмүүсийн үг. Аль болох өөрсдийн санаачилгаар намынхаа гишүүнийг өмгөөлөх нь чухал байв. Чингэлтэй дүүргийн АН-ын гишүүд Г.Баярсайхан гишүүнийг маань зодчихлоо гэж хэвлэлийн бага хурал зарлаж, баахан юм ярьсан. Харин тэдний араас МАН-ын гишүүд фото зураг барьж байгаад л хэрүүлийг хэн эхлүүлсэн бэ гэж ирээд л хоолой зангируулан байж У.Хүрэлсүхийн зөв байлаа хэмээн өмгөөлөв. Уржигдар болсон энэхүү хэвлэлийн хурлын үргэлжлэл өчигдөр болж Хэнтий аймгийн залуус дуу хоолойгоо хүргэнэ гэж байсан ч хойшилсон аж. 

Одоогоор хоёр талын кампанит ажил иймэрхүү байдалтай ид дундаа үргэлжилж байна. Аль аль нь эн тэнцүүхэн байж өрсөлдөөн ширүүсэх янзтай байна. Өмөөрөх кампанит ажилд хэн нь тэргүүлэхийг үзэхэд багагүй цаг хугацаа хэрэгтэй болох нь бололтой. Яагаад гэвэл объектууд маань адил төстэй зан чанартай учир өрсөлдөөнийг зүгээр ч нэг ингээд дуусгачихгүй нь ээ. Харин хэн нь ялдаг бол доо.       
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан