Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэлмэгдэгсдийг эргэн дурсч байна
Өнөөдөр улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. 1937 оны яг энэ өдөр их хэлмэгдүүлэлт эхэлж Монголын улс төрийн зүтгэлтэн 10 хүнийг Сонгинохайрхан уулын ард аваачиж буудсан юм. Монголд улс төрийн хэлмэгдүүлэх ажил ардын засгийн анхны Ерөнхий сайд Д.Бодоог улс төрийн тавцангаас зайлуулснаар эхэлсэн түүхтэй. Түүнийг Үндсэн хууль хэмээх бичгийг нуун дарагдуулсан, Дамбийжанцантай холбоотой байсан  хэргээр албан ажлаа өгөөд хөдөө амьдарч байхад нь 1923 онд цаазаар авч байсан юм. Дараа нь МАХН-ын дарга Д.Данзанг хувьсгалын эсэргүү, хөрөнгөтний замаар хөгжих гэсэн хэргээр МАХН-ын III их хурлын үеэр баривчлан мөн л буудан хороож байжээ.
Монголд өрнөсөн Их Хэлмэгдүүлэлт нь 1922 онд эхлэн1937 онд дээд цэгтээ хүрч,1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан юм. Нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэсэн энэ хэлмэгдүүлэлт голдуу японы тагнуул хэмээх шалтаг зааж байв. Хэлмэгдүүлэлтийн үеэр 22,000-аас 35,000 хүн хөнөөсөн гэдэг тооцоо байдаг бөгөөд ихдээ 100,000 ч гэсэн тоо бий. Эдгээрээс 18,000 нь лам нар байж.
Бүрэн эрхт тусгай комиссоор 1937-1939 оныг хүртэл хугацаанд 25,824 хүнд ял оноосноос 20,474 хүнийг буудан алах, 5,103 хүнийг 10 жил хорих, 240 хүнийг 10-аас доош жил хорих ялаар шийтгэж, зөвхөн долоон хүнийг сулласан байна. Тэгвэл 1932-1940 онд 28,451 хүн баригдаж шийтгүүлсний  20,822 буюу 73 хувь нь амь насаа алджээ. Хэлмэгдүүлэлтийн их шуурганд 1934 онд хуралдсан намын IX  их хурлаар сонгогдсон бүгд хурлын гишүүдийн 72 хувь,  Төв хорооны тэргүүлэгчдийн 82 хувь,  намын төв комиссын гишүүдийн 57 хувь,  Төв шалган байцаах комиссын гишүүдийн 80 хувь нь баригдаж шийтгүүлсэн байдаг.
Улс төрийн хэлмэгдүүлэлт 1956 онд сэхээтний төөрөгдөл нэрээр МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дангаасүрэн нарыг, 1964 онд намын эсрэг бүлэг хэмээн Нямбуу, Лоохууз нарын  олон хүнийг албан тушаалаас нь зайлуулж хөдөө орон нутагт цөлж байсан бол 1980-аад онд Ширэндэв, Жалан-Аажав нарыг намын эсрэг хэргээр албан тушаалаас нь зайлуулж, ном бүтээлийг нь хориглон, номын сангуудаас хураан устгаж байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан