Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын гишүүд Улсын төсөв барьцаалж, бүлэг байгуулах асуудлаа ярив
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Төсвийн тодотгол ярих байсан ч МАН-ынхан бүлэг байгуулах асуудлыг оруулж ирээгүй байж хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй Монголбанкны Ерөнхийлөгчийг томиллоо. Тиймээс МАН-ын бүлгийг байгуулах асуудлыг хэлэлцэхгүй бол Төсөвт тодотгол хийх асуудлыг ярихгүй гэж МАН-ын гишүүд шантаажилж, картаа сугалснаар гишүүдийн ирц 31 болж хуралдах боломжгүй болсон юм. Үүнээс үүдэж чуулганы танхимд багагүй маргаан, мэтгэлцээн өрнөсөн юм. Үүнийг сийрүүлье.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: АН-ынхан та нар битгий ингэж хоёр нүүр гаргаж бай. УИХ-ын ээлжит бус хуралдаан эхлэх үед МАН-ын бүлэг байгуулах асуудлыг хэлэлцье гэхэд хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй байна гээд хэлэлцээгүй. Гэтэл хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй Монголбанкны Ерөнхийлөгч томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Та нарын хоёр нүүр гаргаж байгаагийн илрэл гэв.
УИХ-ын гишүүн Ч.Улаан: Төсвийн тодотголыг яаралтай батлахгүй бол иргэд цалин, хөлс, тэтгэвэрт тэтгэмжээ авч чадахгүйд хүрээд байна. Даваа гаригаас төсвийн шинэ хуваарилалт хийхгүй бол болохгүй нь. Цалин хөлсөө авч чадаагүй иргэд Сангийн яамны үүдэнд жагсана гэдгээ мэдэгдсэн. Тиймээс ийм аахар, шаахар зүйлээр битгий улсынхаа төсвийг барьцаалаач ээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: МАН-ынхаан, тоглодог асуудал, тоглодоггүй асуудал гэж байдаг юм. Төсвөө баталбал яасан юм бэ. Та бүхэн картаа хийгээд эсрэг санал дараад явж болдоггүй юм уу, дургүй байгаа бол. Бид дуртайдаа энэ төсвийг өөрчлөөд байгаа юм биш шүү дээ. Хуучин төсөв буруу болсон. Тавантолгойгоос мөнгө орж ирэх ёстой байсан. Гэвч дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасанаас болж энэ мөнгө орж ирээгүй. Хоёр намын дарга, холбогдох хүмүүс бүлэг байгуулах асуудлаар ярьсан шүү дээ. Үүнийг тусдаа ярья.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Ерөнхий сайд аа. Та тоглодог асуудал, тоглодоггүй асуудал гэж байдаг юм гэж байна. Та бүхэн илтэд хууль зөрчөөд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу МАН бүлэг байгуулагдах ёстой. Бид хүүхдийн мөнгийг эсэргүүцээгүй. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн зорилтод бүлгийнхэнд энэ мөнгийг өгье гэж байгаа шүү дээ. Энэ асуудлыг гацаанаас гаргая.
УИХ-ын гишүүн С.Баярцогт: Та бүхэнд карт сугалж авах эрх байхгүй. УИХ-ын Дэгийн тухай хуулийн 4,9-т Үндсэн хуулиар заагдсан зүйлийг илт зөрчсөн асуудал хэлэлцсэн бол, УИХ-аар хэлэлцэж байгаа асуудал нь Үндсэн хууль зөрчсөн бол хуралдааныг орхин гарах эрхтэй. Үүнээс бусад тохиолдолд тухайн гишүүн картаа хийсэн л бол тэр өдөртөө хүчинтэй байх хуулийн заалт байна.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: Би тодорхой юм ярья. Өмнөх оны төсөв дутсан, орсон орлого дутсан. Үүнээс болж иргэд хохирч байна. МАН-ын бүлэг байгуулаагүй асуудлаар УИХ-ын чуулганы үйл ажиллагааг гацааж байна. Энэ асуудлаараа ҮХЦ-д ханд л даа. Маргаан үүсгүүлээд шийд. Бид хуулиараа л явсан шүү дээ. Улсын төсөв ярьж, дутагдаад байгаа зүйлийг ярих ёстой. МАН-ын бүлгийн эрх ашиг ард түмнийхээс дээгүүр байх ёстой юм уу.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: МАН-ын дарга Ө.Энхтүвшинг ийн хариуцлагагүй юм ярьж байгаад, С.Бямбацогтыг ийм овлигогүй загнаж байгаад харамсч байна. Улс орны өнөө маргаашийг ярьж байна. Ийм цаг үед шантааж хийж байгаад харамсч байна. МАН-ын гишүүд бүлэгтэй байвал улс орны эрх ашиг хамаагүй юм уу. Та нар олонх байдаг шигээ цөөнх байж сур. Улс төр хийж болно. Төсөв барьцаалахаа боль.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: МАН хууль зөрчөөгүй ээ. УИХ-ын анхдугаар чуулганы хуралдааныг хамгийн ахмад нь даргална гэсэн заалтыг та нар зөрчиж хууль бус УИХ-ын дарга томилсон. Тиймээс бид хууль бус даргад бүлэг байгуулах бичгээ өгөөгүй юм. Тамгын газарт өгсөн байсан. Бид энэ асуудлаар ҮХЦ-д хандсан. Уг асуудлыг ҮХЦ 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Гэтэл хоёр сар болж байна. Ээлжит бус чуулганаар тодорхой асуудлуудыг тодорхой хугацаанд хэлэлцэн шийдвэрлэх ёстой байдаг. Гэтэл МАН-ын бүлэг байгуулъя гэхэд хэлэлцэх асуудалд оруулаагүй байж хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох асуудлыг оруулж ирээд хэлэлцлээ. Олонх болсон гээд хууль зөрчих эрх байхгүй шүү.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Гишүүд ээ, хуралдвал хуралдсан шиг хуралдъя. Хуралд сууж байгаа бол картаа шургуул. Суухгүй бол танхимаас гарах хэрэгтэй. Бид төсөв батлах хэрэгтэй. Орон нутгийн сонгууль болох гээд байна. Гэтэл хууль батлагдаагүй байдаг. Улс төрийг соёлтой хийе. Танай намынхантай зөвшилцье, асуудлыг шийдье гэж хэлсэн. Гэхдээ хуулийн хүрээнд л зөвшилцөл явах ёстой.
Гишүүдийн дунд ийн маргаан үүссэний дараа УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын дэгийн тухай хуулийн 4,7-4,10 хүртлэх зүйл заалтыг уншиж танилцуулан, гишүүд өглөө ажилдаа ирэхдээ картаа шургуулсан бол дундаас нь авсан ч байсан тэр өдөртөө хүчинтэйд тооцогддог хуультай. Гэвч техникийн нөхцөл байдлаас болж ирц хасагддаг юм байна. Үүнийг би холбогдох хүмүүст нь үүрэг өгч болиулах арга хэмжээ авна. Нэг цагийн завсарлага авч үдээс хойш 13 цагт чуулганыг үргэлжлүүлнэ гэж хэлснээр чуулганыг завсарлуулав.
Г.Даваа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан