Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс таван толгой” компани намын амлалт биелүүлснээ хүлээн зөвшөөрөв
Улс төр оролцоод эхлэхээрээ л компани дампуурдаг гэдэг үнэн бололтой. Үүнийг өчигдөр болсон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр баталлаа. “Эрдэнэс Таван толгой” компанийн үйл ажиллагааны тухай мэдээллийг сонсохоор удирдлагуудыг нь дууджээ.  Тэд алдаатай буруу шийдвэр, үйл ажиллагааны удаашрал гэх мэт олон алдаагаа үндсэндээ төрд тохож байсан юм.
Тус компанийн захирал Б.Энэбишийн мэдээлж буйгаар ойрын хэдэн жил дэлхийн зах зээлд хамгийн том орон зай эзлэх уурхай бол “Эрдэнэс Таван толгой”. Эхлэлийн шатандаа яваа дэлхийн томоохон орд мөн боловч харамсалтай нь дэд бүтэц хөгжөөгүй нь сул тал болдгийг хэлэв. “Эрдэнэс Таван толгой” нь ил уурхай учраас олборлох зардал харьцангуй хямд тусахыг ч уул уурхай сонирхдог захын хүн хэлдэг гэнэ. Гэвч улс төрийн буруу шийдвэрээс болоод энэ компани дэд бүтцээ хөгжүүлж чадахгүй өнөөдөртэй золгосноо дэлгэрэнгүй ярилаа.
Сонирхуулахад, уурхайн нөөц тогтоох хоёр арга байдаг аж. Орос Монголын аргачлал, Австралийн Жордан аргачлал гэж. Монголчууд дагаж ирсэн орос ах нарын аргачлалаас илүү Австралийн Жордан нь бидэнд ашигтай. Яагаад гэвэл Жордан аргыг дэлхийн хөрөнгийн биржүүд ямар ч эргэлзээгүй хүлээн зөвшөөрдөг. Дээрээс нь нөөцийг орос монгол аргаар тогтоосноос илүү гаргаж баталдаг байна. Өөрөөр хэлбэл, орос, монгол арга нь дэлхийн стандартад барьдгаас харьцангуй багаар тооцож уурхайн нөөцийг тогтоодог байжээ гэсэн үг. Үүнийг “Эрдэнэс Таван толгой” компанийн захирал Б.Энэбиш тайлбарласан юм.

2011 онд нэг сая тонн нүүрс олборложээ

“Эрдэнэс Таван толгой” компани Зүүн Цанхиас нэг тэрбум, Баруун Цанхиас 1.2 тэрбум тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн гэнэ. Тус газрын нийт нөөцийг долоон тэрбум тонн хэмээн тогтоогоод байгаа гэнэ. Мөн 68 мянган га талбайд лиценз эзэмшдэг ажээ. 2011 онд “Эрдэнэс Таван толгой” компани нэг сая тонн, 2012 онд 3.5-4 сая тонн, харин 2013 онд зургаа, 2014 онд арав, 2016 онд 20 сая тонн нүүрс олборлоно хэмээн тооцжээ. Одоогийн байдлаар 2011 онд төлөвлөснийхөө дагуу нэг сая тонн нүүрсээ олборлоод байгаа гэнэ. Үүнтэй уялдаад нэг хэсэг шуугиан тариад байсан урд хөршийн төрийн өмчит компани “Чалко”-д яагаад тонн тутмыг нь 70 ам.доллараар худалдахаар гэрээ хийсэн тухай асуудал Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр өрнөсөн юм. 70 ам.доллараар худалдахаар гэрээнд тусгасны дагуу 2011 онд “Эрдэнэс Таван толгой” компани нэг сая тонн нүүрс Хятадад нийлүүлээд дууссан гэнэ. Харин одоо үүнээс ч хямдхан буюу 66 ам.доллараар худалдаж буйгаа ч тус компанийн удирдлагууд хэлсэн юм.

Олборлохоос илүү баяжуулах үйлдвэрийн төсөл чухал

Нүүрс олборлох үйлдвэр одоогийн байдлаар эхэлчихсэн, ажил нь жигдрэх шатандаа яваа. Гэвч үүнээс илүү нүүрс баяжуулах үйлдвэр хамгийн чухал гэдгийг хэн хүнгүй мэддэг, ярьдаг, хэлдэг. Одоо бид нүүрсээ олборлоод түүхийгээр нь хил давуулах биш түүнийгээ өөрсдөө боловсруулдаг болох ёстойг Эдийн засгийн байнгын хороон дээр дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн юм. Нүүрсээ боловсруулдаг болохын тулд 580 сая ам.доллар, харин усны хэрэгцээгээ хангахын тулд 550 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэх ёстойг ч дуулгав. Одоо “Эрдэнэс Таван толгой” компани намуудын амлалтыг хэрэгжүүлэхийн тулд биш ашиг олж, дэд бүтцээ хөгжүүлэх нь чухал гэдгээ УИХ-ын гишүүдэд аминчлан учирлалаа. Мөн нүүрс тээвэрлэхийн тулд төмөр зам яаралтай барих ёстой. Таван Толгой-Сайншанд, Таван Толгой-Ухаа худаг чиглэлд тавигдах төмөр замын ажилд “Эрдэнэс Таван толгой” компани заавал өөрсдөө оролцох хүсэлтэй буйгаа ч хэлж амжсан билээ.

“Хүний хөгжил сан”-д байдгаа барсан

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр “Эрдэнэс Таван толгой” компани хэдийгээр төрийн өмчит ч гэлээ намуудын амлалтыг биелүүлэх албагүй гэдгээ учирлалаа. Учир нь, 21 мянган төгрөг тараахын тулд нийт төсвийн дөрөвний гурвыг нь “Хүний хөгжил сан”-д шууд өгсөн гэнэ. Тодруулбал, 2011 онд 332 тэрбум, 2012 онд 84 тэрбум төгрөгийг “Хүний хөгжил сан”-д, харин улсын төсөвт 36 тэрбум төгрөг оруулжээ. Уг нь энэ мөнгийг уурхайн дэд бүтцэд зарцуулсан бол өнөөдрийнхөөс ч илүү ашиг олох боломж байсныг хурлын үеэр тайлбарласан юм.
Мөн нэгж хувьцааг 933 төгрөг хэмээн үнэлсэн нь “Эрдэнэс Таван толгой” компанийг олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийх боломжийг бүрэн хаасан гэнэ. Тус компанийн хувьцаанаас иргэд эзэмшиж, мөн 933 төгрөгөөр үнэлэх нь хөрөнгийн биржийн зах зээлийн зарчимтай хэзээ ч уялдахгүй аж. Цаашид энэ компанийн хувьцааг иргэдэд яаж эзэмшүүлэхийг тодорхой болгож өгөхгүй бол хөрөнгийн биржийн арилжаанд оролцох ямар ч боломжгүй хэмээн бэрхшээлээ тоочлоо.

Б.Мөнхзаяа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан