Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэртээ эргэж харих эсэхийг хотын гудамж мэднэ
Монголд “дайн” болж байна. Өөрөөр хэлбэл, хариуцлагагүйн дайн. Үүний улмаас монголчууд Үндсэн хуульд тунхагласан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй болжээ. Статистикаас үзвэл энэ оны эхний найман сарын байдлаар ослын улмаас 176 хүн амь насаа алдсан аж. Өнгөрсөн онтой харьцуулбал  25-аар нэмэгдсэнийг өгүүлж буй хэрэг. Тэгэхээр “Монголд дайн болж байна” гэхэд дэгсдүүлсэн болохгүй л байх. Хатуухан хэлэхэд, өглөө гэрээсээ гарсан хүн орой харих эсэх нь тодорхойгүй  болжээ. Хотын гудмаар хурдлах согтуу жолооч, зай завсар бүрт зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй баригдаж буй барилга, энд тэндгүй засвар хийх нэрээр ухсан нүх, таггүй цооног гээд айж цочих, осолд өртөх зүйл олон бий. Энд зөвхөн барилгын тухай өгүүлье.  2007 оноос хойш 109 хүн барилгын ослоор амь насаа алджээ. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй баригдаж буй 70 гаруй барилга байгаа аж. Хотын мэр эдгээр барилгыг дулаан, цахилгаанаар хангахгүй, бүр нураана хэмээн мэдэгдсэн.  Үүнээс хойш гурван халуун амь хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй баригдаж буй барилгын ажлаас болж зуурдаар үрэгдэв.  Уржигдар нэгэн сайхан залуу эцэг, эх, хайртай бүсгүй, найз нөхдийнхөө зүрхийг зүсч, сэтгэлийг өмлөөд бидний дундаас одлоо.  Түүнийг баригдаж буй байшингийн хажуугаар өнгөрч явтал дээрээс нь барилгын тааз цутгахад хэрэглэдэг тулгуур төмөр унасан юм.

Энэ хэргийн талаар нийслэлийн удирдлагууд өчигдөр мэдээлэл хийсэн. Улаанбаатар хотын засаг дарга Э.Бат-Үүл “Зөвшөөрөлгүй барьж байгаа барилга дээр ямар нэгэн осол гарах магадлал өндөр байна. Нийслэлийн хэмжээнд  зөвшөөрөлгүй баригдаж буй 77 барилга бий. Тэднээс дөнгөж 14-ийнх нь цахилгааныг тасалсан.  МХЕГ-ынхан Нийслэлийн Засаг даргын тогтоолыг яагаад хэрэгжүүлсэнгүй вэ. Энэ хэргийг би зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Тиймээс энэ явдлыг шалгаж, таслан зогсоохыг Нийслэлийн цагдаагийн газрын дарга н.Батжаргалд үүрэг болгосон. Хариуцлагагүй байдлаас болж хүний амь нас хохироосон албан тушаалтнуудад захиргааны бүх шатны хариуцлага тооцож, Эрүүгийн хуулийн дагуу шийтгэх болно гэдгээ хатуу мэдэгдэе” гэсэн юм. Уг мэдэгдлийн хариуд МХЕГ-аас “Бүх байцаагчийг хамруулж буруутгах хэрэггүй. Учир нь, Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж байгаа зөвшөөрөлгүй бүх барилга дээр ажиллахад бидний хүн хүч хүрэлцэхгүй” гэв.
Мөн “Модун спэйк” компанийн захирал Т.Батбилэг  нэгэн ажилтны хамт мэдээлэл хийсэн билээ. Тэрээр “Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутагт иргэн К.Пүрэвийн захиалгаар барьж буй барилга дээр осол 2012 оны есдүгээр сарын 17-ны өдөр гарсан. Энэ талаар мэдээлэл өгөх гэсэн юм. Манай компани 2008 оноос хойш барилгын салбарт ажиллаж ирсэн. Манай ажилчдын санамсар болгоомжгүйгээс дээрх осол гарч эрдэнэт хүний амь нас хохирлоо. Хууль хяналтын байгууллагууд энэ ослыг шалгаж байна. Хохирогчийн ар гэрийхэнтэй одоохондоо уулзаагүй байгаа. Гэр бүлийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Барилгын салбар хүнд эрсдэлтэй, олон хүн ажилладаг гэдгийг та бүхэн мэднэ. Дээрээс унасан тэр төмөр барилгын тулаас байсан” гэлээ. Дараа нь, “Модун спэйк” компанийн ажилтан “Тухайн газар дээр барилга барих зөвшөөрөл анх 2004 онд “Түмэн занги” компанийн нэр дээр гарсан. Үүнээс хойш 2011 онд иргэн Пүрэвийн нэр дээр шилжсэн. Тухайн үед 500 ам.метр газрын зөвшөөрөлтэй байсан. Нэр шилжүүлэхдээ барилга барих талбайг нэмж, 1039 ам метр болгон шилжүүлсэн. Нийслэлийн Газрын албаны захирамжтай зөвшөөрөл байгаа. Хэвлэл мэдээллээр янз бүрээр бичиж, ярьж байна. Тухайлбал, зөвшөөрөлгүй, усан оргилуур байгуулах газарт барилга барилаа гэдэг. Анх “Түмэн занги” компани Нийслэлийн өмчийн харилцааны газартай гэрээ байгуулаад усан оргилуурыг Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутагт орших есөн давхар цэнхэр байшингуудын дунд нүүлгэн шилжүүлж шинээр барьсан гэсэн гэрээ бий. Энэ ажил 2012 оны  тавдугаар сарын 18-нд дуусч Нийслэлийн мэргэжлийн хяналтын албанаас хүлээж авсан тамга тэмдэгтэй баримт байгаа. Барилгын ажил эхлүүлэх тухайд, тамга тэмдэгтэй бүх зөвшөөрөл бий. Манайх “Эко констракшн” компанитай холбоогүй. Уг компанитай хамтран ажиллаж бетон зуурмаг авдаг байсан. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг боломжийн хэрээр мөрддөг. Гэвч ийм осол гарсанд талийгаачийн ар гэр болон төрөл төрөгсөдөд эмгэнэл илэрхийлье. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээв.  
Үүнээс гадна МХЕГ баригдаж буй барилга, байгууламж болон дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж буй нийт 11973 -аад объектод шалгалт хийсэн дүнгээ танилцуулсан юм. Тус газар 760 өргөх байгууламжийн ашиглалт, 72 барилгад шалгалт хийж дүнг нь ЗГХЭГ болон төрийн захиргааны төв байгуулагуудад танилцуулсан аж. Энэ шалгалтаар нийт 36857 зөрчил илэрчээ. Нийт зөрчлийн 32 хувь нь хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилт хангалтгүй, 21 хувь нь тусгай зөвшөөрөлгүй, 15 хувь нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлага мөрдөөгүй байжээ. Үлдсэн хувь нь тоног төхөөрөмж бүрэн бус, ажилчдын ур чадвар, хуулийн мэдлэг сул гэж дүгнэсэн байна.

Т.Жанцан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан