Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батцогт: Би ч бас “Хадмаа олж хүргэн оржээ” гэж хошигнодог юм
“Улс төржөөгүй яриа” булан маань парламентын шинэхэн гишүүдээр буухиалж байна. Энэ удаад УИХ-ын гишүүн Д.Батцогтыг урилаа. Түүнтэй хүүхэд нас, нутаг ус, гэр бүл гээд олон зүйлийн тухай хөөрөлдсөнөө хүргэе.


-Ярилцлагаа мэдээж, таны хүүхэд наснаас эхэлье. Хамгийн гэгээн дурсамжууд хүүхэд насанд өнгөрсөн байдаг шүү дээ?
-Би Ховд аймгийн Мөст суманд төрсөн. Ингээд таван настайгаасаа аймгийн төв рүү шилжиж, тэнд дунд сургуулиа дүүргэсэн л дээ. Их нийтэч, сурлагаар ч гайгүй хүүхэд байлаа. Дараа нь Москвад Усны аж ахуйн инженер мэргэжил эзэмшиж, Монголд ирээд Санхүү, эдийн засгийн техникумыг дүүргэсэн цагаас хойш л нийслэлийн иргэн болсон. Гэхдээ нутаг амьтай. Байнга л Ховд руу явна, нутгийнхантайгаа уулзана.
Би зургаан хүү, гурван охинтой айлын хүүхэд. Би дээрээсээ зургаа дахь нь. Олуулаа өсч торнисон. Аав маань тээврийн жолооч байлаа. Ээж маань есөн хүүхэд төрүүлж өсгөхөөс гадна театрт үйлчлэгч хийдэг байсан. Би ийм л эгэл жирийн гарал үүсэлтэй хүн дээ.
-Олуулаа өсөх сайхан байх аа. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэж үг хүртэл байдаг шүү дээ?
-Тийм ээ. Эгэл борог амьдралтай олон хүүхэдтэй айл ямар билээ. Бид тийм л өссөн. Аав, ээж маань бид­нийг өлсгөж цангаагаагүй ч, элбэг хангалуун байсангүй. Ээж маань өдөр өнжөөд л арван литрийн хувингаар дүүрэн боорцог хайрна. Тэр үед одоогийнх шиг амттан ховор ч байж. Бид боорцог идэж өссөн л хүүхдүүд. Бас тэр үед одоогийнх шиг интернэт, pc тоглоом, зурагт гэж сатаарах зүйл хүүхдүүдэд байгаагүй болохоор спортоор их хичээл­лэдэг байлаа.   
-Та ямар спортоор хичээл­лэдэг байв?
-Сагсан бөмбөг, боксоор. Гэхдээ улсын хэмжээний тэмцээн уралдаанд тэргүүлж том амжилт үзүүлээгүй ээ.  
-Тэгвэл У.Хүрэлсүх, Г.Баяр­сайхан гишүүн хоё­рынх шиг явдал болвол та ч нэг их дээрэлхүүлэхгүй л юм байна, тийм үү?
-Тэр ч хувь хүний зан чанарын асуудал байх. Би өөрийгөө сэтгэлийн хэт хөөрлөө дарж чаддаг, учиргүй зодоон цохион хийчихгүй байх гэж боддог шүү. Тэгээд ч спортоор хичээллэдэг хүмүүс их даруухан болчихдог. Би бас ууланд авирах дуртай. Хожим энэ спортод хөл тавьсан л даа. Уулын спорт хүнийг тэсвэр хатуужилтай болгодог. Бас зорилгодоо хүрэх гэж тэмүүлдэг зан чанар суулгаж өгдөг юм шиг ээ. Би бараг Монголын бүх өндөр ууланд авираад үзчихсэн шүү.
-Ховдыг уулархаг  болохоор малчид нь гэрийнхээ тооноор л ямаагаа хардаг гэх юм билээ?
-Тийм ээ. Их уулархаг. Монголын дээвэр гэж хэлж болно. Далайн түвшнээс дээш 3000 метрт өргөгдсөн. Богд уулаас ч өндөр гэсэн үг.
-Эрэгтэй гишүүдээс хобби асуухаар морь, хөөрөг эсвэл ууланд авирах гэж хариулдаг. Та ууланд авирахаас гадна хурдны морь, хөөрөг гэх мэт зүйлд дурладаг уу?
-Эр хүн л юм чинь хүнтэй тамхилах хөөрөгтэй байлгүй яахав. Гэхдээ бусадтай адил шүр, хаш гэх мэт үнэтэй хөөрөг биш л дээ. Жирийн л нэг манан хөөрөгтэй. Үнэтэй ч эд биш. Бас өөрөө нэг ч хурдны морьгүй мөртлөө Ховд аймгийн Уяачдын холбооны тэргүүн гээд байгаа. Хувьдаа том бизнесгүй болохоор баахан төрийн бус байгууллагаар овоглоно. “Уяачдын холбоо”, “Ховд нутгаа хөгжүүлэх сан”, “Амлалт нэхэх ард түмний холбоо” гэх мэтээр.
-Та ганц сайхан хурдны морь авчихъя эрийн хийморь гэж боддоггүй гэж үү. Уяачдын холбооны морьгүй тэргүүн гэхээр сонин л сонсогдож байна шүү?
-Болно л доо. Гэхдээ хурдны морь их өндөр үнэтэй. Тэгээд ч морь уях бол мөнгөтэй хүний хийдэг ажил юм билээ. Би яах вэ нутагтаа удам сайтай морьд аваачиж адууны цус сэлгэх гэх мэтэд санаа тавьдаг л юм. Харин улсын баяраар баячууд ирж хөндөлсөх гэхээсээ илүүтэйгээр малчид маань унаган морио уяад наадамчин олноо баясгаасай гэж хүсдэг юм.
-Ингэхэд та мөнгөгүй гээд л ярих юм. Хувьдаа үнэхээр бизнесгүй юм уу. Зөвхөн мөнгөтэй хүмүүс л улс төрд орж ирдэг биш гэж үү?
-Анх ганзагын наймаанд явж бизнес хийж үзсэн. Үүнээсээ жаахан юм хуримтлуулаад түүнийгээ хожим бизнес болгосон л юм. Тэгж яваад төрийн албанд ажиллаад бизнесээ орхичихсон. 1995 онд МҮАН-д элссэн л дээ. Тэр цагаас хойш төрийн ажилд томилогдож, огцорч, дахин томилогдож явсаар сүүлдээ улс төрд ороод ирэх шив. Харин ч энэ удаагийн сонгуулиар мөнгөгүй хүмүүс улс төрд орж болдгийг харууллаа.
-Гэхдээ урдаас чинь хараад л Н.Номтойбаяр, О.Содбилэг, Л.Энх-Амгалан, зэрэгцээд Б.Наранхүү, Д.Бат-Эрдэнэ гээд л бизнесийнхэн сууж байна шүү дээ. Жинхэнэ баячууд...?
-Өнгөрсөн 22 жилийн турш бизнесийн томоохон бүлэглэлүүд орж ирж байна. Уг нь, тэд одоо улс төрд мэргэшвэл зүгээрсэн.   
-Бас парламентад оны ялгаа гардаг болж. Хал цэрэг, шинэ цэрэг гэдэг шиг. Та бол Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын хажууд шинэ цэрэг байх нь...?
-Харин тийм. Уг нь, адилхан л УИХ-ын гишүүд байж ингэж хал, шинэ гэж оны ялгаа гаргах хэрэггүй л юм.  
-Та жижиг бизнес л гэх юм. Юутай харьцуулж жижиг гээд байгаа юм бэ. Алтны уурхай, банкны хажууд жижиг үү, эсвэл...?
-Би бол хувьдаа ямар ч бизнесгүй. Алтны уурхай, банк гэдэг миний хувьд асар том бизнес шүү. Түүний хажууд жижигхээн. Эхнэр маань дөнгөж гэр бүлээ авч явах хэмжээнд л жижигхэн бизнес хийдэг. Анх ганц машин аваад, түүн дээрээ банкны лизингээр дахин нэг машин авсаар өнөөдөр 10 хүрэхгүй тээврийн машинтай болсон. Түүгээрээ ачаа зөөдгөөс өөр бизнес бид хоёрт байхгүй ээ.

-Ингэхэд, С.Бямбацогт гишүүн та хоёр нэг айлын хүргэн гэл үү?
-Тийм ээ. Би эгчтэй нь, Бямбацогт гишүүн дүүтэй нь суусан юм.  
-Сонгуулийн дүн гардаг орой Тусгаар тогтнолын ордонд нэг ийм яриа болсон юм. Ховдоос базууд гараад ирлээ гэдгийг сонссон хүмүүс тэр айл чинь ямар хүргэний тэнгэртэй юм бэ гэцгээнэ. Гэтэл нөгөө нь “Яах вэ дээ. Хүүхэн сайтай л айл байхгүй юу” гэж. Гэхдээ энэ бол хошигнол төдий яригдсан зүйл л дээ.
-Тийм ээ. Хүүхэн сайтай айл. Бямбацогт гишүүн бид хоёр их сайхан хүүхнүүдийг гэргийгээ болгож авсан юм. Сонгуулийн дараа наад үгийг чинь надад ч, Бямбацогтод ч олон хүн хэлсэн. Тэгэхээр би бас “Хадмаа олж л хүргэн орсон байна” гэж хошигнож явлаа. Гэхдээ нэг тойргоос базууд гараад ирсэн болохоор л хүмүүс ингэж сонирхож хүлээж авсан болохоос Монголын улс төрд энэ тийм ч сонин үзэгдэл биш. Тэр ч байтугай, аав, ээж, хүү гурав үе залгамжлан парламентад суусан нь ч бий. Дээрээс нь энэ улс төрд ах, дүү, хамаатан садан, аав хүү гээд өчнөөн юм бий шүү дээ.
-Саваагүй юм гэж битгий бодоорой. Гэхдээ тэр айл хэдэн хүргэнтэй юм бэ. Бусад хүргэн нь хаана, юу хийдэг юм?
-Хоёр хүү, хоёр охинтой л айл. Манай хадмууд сайхан хүмүүс байлаа. Их уран. Ховд аймагт анх савхины үйлдвэр байгуулж байсан. Бас шинэ бүтээл шилдэг санаа гаргаж улсад бараг анх удаа автомашинаар шагнуулж явсан юм билээ. Хадмууд маань гарын уртай, бурхан ухаантай хүмүүс байсан болохоор хүүхдүүд нь ээж, аавынхаа энэ зан чанарыг өвлөж авсан. Өнөөдөр ч бас Бямбацогт бид хоёрын өдий зэрэгтэй яваа нь эхнэрүүдийн минь ач. Эр хүн амжилттай явах эсэх нь эхнэрүүдээс их шалтгаалдаг. Тэд ар гэр, амьдрал ахуйгаа чадалтай авч явдаг учраас бид хоёр төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа гэсэн үг. Уг нь, эхнэрээ магтсан хүн тэнэг гэдэг. Гэхдээ би эхнэрээ магтах дуртай.
-Та нар гэртээ улс төр ярьдаг уу. Мэдээж, парламентад хоёр өөр нам төлөөлдөг, тэгсэн хэрнээ нэг гэр бүл юм чинь ойлголцдог байх л даа?
-Мэдээж, бид ах дүү, гэр бүлийн хүрээнд орж гарч, уулзаж учралгүй л яах вэ. Гэхдээ гэрт улс төр ярьдаггүй юм. Бид хүмүүсийн харж байгаа шиг нэг ашиг сонирхлын дор нэгдсэн хоёр өөр намын төлөөлөл биш ээ. Сонгуулиар бидний хооронд цэвэр өрсөлдөөн өрнөсөн. Үүнийг хүмүүс мэдэж байгаа. Заримдаа бие биеэ зад шүүмжлэх тохиолдол ч гарна. Би 1995 оноос хойш өнөөдрийг хүртэл МҮАН-ын үзэл баримтлалыг дэмжиж ирсэн бол Бямбацогт МАН-ынх. Гэвч бид гэртээ тэгж талцаж болохгүй биз дээ. Бямбацогт бид хоёр харин Ховдыг хөгжүүлэх бүх санаачилгын  дор нам гэж талцалгүй нэгддэг. Бусдаараа бол үгүй шүү.
-С.Бямбацогт гишүүнийг брэнд их сонирхдог, гадаад үзэмжиндээ хэт анхаардаг хэмээн онцолдог. Үүнийг нь магадгүй эхнэртэй нь холбож ойлгодог нь ч бий. Эгч дүүс адилхан ийм загварын мэдрэмжтэй юу?
-Үгүй дээ. Манайх бол их энгийн айл. Би монгол дээлээр гангарах дуртай. Биерхүү болохоор надад монгол дээл ч их аятайхан зохидог юм. Түүнээс биш учиргүй брэнд гэж хошуурдаггүй. Хямдхан хэрнээ миний биед зохидог л бол брэндийн дайтай харагдах байлгүй дээ. Манай эхнэр ч бас надтай адилхан хээгүй хүн. Манай гэрт ороод үзсэн ч онц чамин тавилга гээд байх юмгүй. Гэрт ганц тухтайхан буйдан, нэг сайн зурагт, мэдээж сайхан гал тогоо, унтахад тавтай ор л байхад хангалттай гэж боддог хүмүүс дээ, бид. Би бас дэлгүүр хэсэх дургүй. Эхнэр л явж байгаад нэг юм аваад ирдэг юм. Түүнийг нь л өмсчихдөг.
-Та эхнэрээ бурхан ухаантай хэмээн магтсан. Таны улс төрийн ажилд эхнэр тань оролцдог уу?
-Тодорхой хэмжээгээр дэм бололгүй яах вэ. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг биз дээ.

Б.Мөнхзаяа
0 Сэтгэгдэл
Энэ нээрээ азтай эр дээ. Гудамжинд улс төр хийж яваад л сонгогдчихдог
Хамгийн их уншсан