Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НАЙЗДАА БИЧСЭН ЗАХИДАЛ
Саяхан гадаадад байдаг найзаас маань захидал иржээ. Тэр ингэж бичжээ.
“Анд найз минь амархан сайн байна уу, Монгол нутгаар юу л болоод байна даа. Монгол ахан дүүс маань барилга дээрээс үсэрч амиа хорлоод байна уу аль эсвэл барилга унаж ирээд хүний амь хороогоод байгаа юм уу. Ямар ч байсан болж бүтэхгүй зүйл болоод л байгааг дам дам сонслоо. Энэ тухай сонин сайхан дуулгаач. Бас шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан гэв үү. Төрийн алба тэр чигтээ ах дүүсээр дүүрч, бүх даргаа сольсон гэх юм. Төрийн албаныхан их л айдастай байна гэж замын хүний үгээс цухас ойлголоо найз нь” гэж захидал бичжээ. Муу юм хурдан түгэдэгийн жишээ энэ. Хэдий хүний нутагт хараар биш ч зөвшөөрөлтэй ажиллаж, амьдарч,  харийн тогооноос ходоодоо борлуулж олон жил болсон ч  төрсөн газар унасан ус нь үргэлж сэтгэлд нь тодорч байдаг ажээ. Яг үнэнийг хэлэхэд, Монголд болоод байгаа зарим зүйл харийн оронд байгаа элэг нэгтнүүдийг маань эмзэглүүлж байна. Тиймээс түүний сонссон цуу яриа, зам зуурын хүний үг дагуулж дараахь зүйлийг сонин болгож бичлээ.
“Монгол нутгаар сайхан намар болж байна. Намрын шар нар шараад налгар байна аа. Унаган нутаг Улаанбаатар маань түгжрэлгүй болсон гэхэд хаашаа юм, цаг түгжирдэг байсан бол хагас цагийг хэмнэдэг болсон. Энэ бол Э.Бат-Үүл баатрын буян гэх үү дээ. Улаанбаатар хотын Засаг даргаар Э.Бат-Үүл баатар томилогдсон шүү дээ. Дарга болсон даруйдаа Улаанбаатарын замын түгж­рэлийг багасгах арга хэмжээ авч машинуудыг дугаарынх нь сүүлийн орноор ялгавартай явуулдаг болсон. Бээжинг дуурайгаад байгаа юм уу, Бээжин манайхыг дуурайгаад байгаа юм уу. Ямар ч байсан дэлхийд Хятад, манайх хоёр л ингэж явуулж байгаа гэж ярьж байна лээ.
Монгол ахан дүүс маань сүүлийн үед сэтгэлийн шаналал ихтэй болсон нь үнэн. Зүгээр байгаа хүмүүс юу гэж барилгаас үсэрч амиа хорлов гэж дээ. Бас барилга ч унаж ирээд хүний амь нас хохирооно гэж юу байхав. Харин хүний буруутай үйл ажиллагаа, хууль дүрэм мөрддөггүйгээс болж осол аваар өдөр бүр гарах болсон. Үүнээс болж хэд хэдэн хүний амь эрсдээд байгаа нь үнэн. Бүр бага насны хүүхэд ч амь насаа алдсан.
Мэдээж, үүнийг хараад сууна гэж юу байхав. Холбогдох эрх мэдэлтнүүд нь арга хэмжээ авч байгаа. Зөв­шөөрөлгүй барилгуудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж холбогдох байгууллагуудад нь үүрэг өгсөн. Үүний дагуу арга хэмжээ ч авч байгаа. Гэхдээ манай улсад хууль үнэхээр сонин юм. Бүхэл бүтэн хүний амь насанд хүрсэн барилгын дарга нарыг ердөө 250 мянган төгрөгөөр торгоод л өнгөрч байна. Энэ бол Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гэгч байгууллага. Уг нь, энэ байгууллагын даргыг ажлаас нь чөлөөлж арга хэмжээ авч байна. Гэхдээ мэргэжлийн хяналт гэх байгууллага нь хяналт тавих бус мэргэжлийн зохицуулагч болсон тухай учир мэдэх хүн хуучилна. Уг нь, энэ барилгуудыг цаашид хэрхэх талаар НИТХ ярилцаж арга хэмжээ авах гэтэл МАН-аас сонгогдсон гишүүд нь хурлаас 14 хоногийн зав­сар­лага авчихлаа. Үүнээс хойш гурван ч барилгад осол гарч хоёр хүн хорвоог орхилоо. Үүнээс болж хотын дарга ууртай байгаа гэсэн. Гэхдээ Э.Бат-Үүл дарга зөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагааг зогсоож, цахилгаан дулаанаар хангахгүй байх үүрэг  өгсөн. Гэхдээ хотын дарга өчигдөр Япон руу ажлаар явчихлаа. Ирээд дорвитой арга хэмжээ авах байх гэсэн хүлээлт үүсчихлээ. Мартсанаас “Твиттэр”, “Фэйсбүүк”-ээр нэгдсэн залуус “Бид амьд явах эрхтэй” гэж толгойдоо каск өмсч Сүхбаатарын талбайд нэг орой тайван жагсаал хийж, нас барсан залуусын араас эмгэнэл илэрхийлж зул өргөлөө. Манай залуус ямар нэгэн нам, эвсэл гэлгүйгээр өөрсдийнхөө үзэл бодлоор нэгдэж, хэлэх гэсэн үгээ турхирч бус зөв боловсноор илэрхийлж чаддаг болжээ.
Улс төрийн сонгууль болсныг дуулаа л байлгүй дээ. 90 жилийн настай МАН өвдөг шороодож, 20 настай Ардчилсан нам ялалт байгуулж хэд хэдэн намтай нийлж Засгийн газар байгуулсан. Засгийн газар байгуулагдсан цагаас хойш урьд өмнө ажиллаж байсан газар, хэлтсийн дарга нар бүгд солигдсон. Одоо болтол цэгцэрч дуусаагүй л байна. Бүр салбар, нэгж бүрийн даргыг өөрчилж байгаа. Гэхдээ сураг сонсох нь ээ, төрийн албанд ах дүүсээрээ төвхнөх өнгө аяс ажиглагдаж байгаа гэх юм. Найз нь сайн мэдэхгүй л байна. Ямар намайг дээш нь татах албан тушаалтай ах дүү, найз нөхөд байх биш.
Одоогийн байдлаар Ерөнхийлөгчийн ах Ц.Арсландорж гэдэг хүн  “Улаанбаатар зам засвар, арчлалт компани” НӨҮГ-ын даргаар томилогдсон гэнэ. Хуульзүйн сайд Х.Тэмүүжингийн дүү Х.Хулан Боловсрол, шинжлэх ухааны яамны Хуулийн хэлтсийн дарга болсон гэнэ лээ. Бас УИХ-ын гишүүн С.Баярцогт дүү С.Баярбатыгаа Эрчим хүчний яамны газрын дарга, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж ах Ш.Төмөрбаатарыгаа Нийслэлийн өмчийн харилцааны дарга болгоод амжсан бол УИХ-ын гишүүн А.Бакей эхнэрээ бас нэг яаманд газар, хэлтсийн даргаар томилж өөд нь татсан юм байх. Үүнийг Ерөнхий сайд маань ч тойроогүй ээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Г.Дэнзэн гэж хүргэн дүүгээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, дүүгээ Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болгоод авсан. Гэхдээ найз нь үүнийг зохиогоогүй юм шүү. Энэ бүхнийг МАН-аас УИХ-д сонгогдсон Я.Содбаатар гишүүн өөрийнхөө “Фэйсбүүк” хуудсанд байршуулсан байна, надаас өөр олон хүн харсан биз. Тэгэхээр үнэний ортой л байлгүй дээ. Хамгийн хачирхалтай нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төрд шүглэсэн төрлийн хэлхээг тасална” гэж хэлсэн юм билээ. Ерөнхийлөгч АНУ руу айлчлалаар явсан. Бодвол ирээд энэ бүхнийг цэгцэлнэ биз. Гэхдээ саяхан нэг сонинд Х.Тэмүүжин сайдын өгсөн ярилцлагыг уншиж суухад дүү нь УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан юм билээ. Тэгээд дүүгээ “Хуучин ажилдаа оч, хэл ам болоод байна” гэж хэлэхэд дүү нь “Нэмэр болдоггүй юм гэхэд битгий саад болоод бай” гэж хэлсэн байна билээ. Х.Тэмүүжин сайд ч энэ томилгоо надтай хамаагүй гэж хэлсэн байсан. Гэхдээ нарийн учрыг нь сайн мэдэх биш дээ. За, манай нутгаар ийм л сонинтой байна даа. Тэр тусмаа нийгэм ийм л байдалтай байна. Чи сайн биз дээ. Хүний нутагт биеэ бодож яваарай.
Өө нээрээ, нэг юм мартчихаж. УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх рүү салаавч гаргаж байгаад үсэртлээ шанаадуулсан. Тэгээд хэрүүл уруул хийгээд, чи уучлал гуй, би буруугүй гээд л явж байгаа сурагтай. Энэ нь даамжирч цагдаа шүүх болсон юм шиг. Ер нь, сүүлийн үед манай энд чинь Төрийн ордондоо салаавч гаргах бол энгийн үзэгдэл болсон шүү дээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр авлигын хэргээр шалгагдаж, хоригдож өлсгөлөн зарлан байж эмнэлэгт хүргүүлсэн. Тэгсэн хэрнээ цагдаа, шүүхийн ажилтнуудын өөдөөс салаавч гаргаад л хэвтэж байдаг болсон байна билээ. За за илүү, дутуу баахан юм биччихлээ. Аягүй бол хоёулаа улсын нууц задруулсан хэрэгт орно шүү. Ганцаараа уншаад галд шатаагаарай. Өө танай тэнд ямар л гал байв гэж. За тэгвэл сайн жижиглэж ураад хогийн саванд хийгээрэй. Дараа захидал бичнэ ээ. Түр баяртай.
Хүндэтгэсэн: Дотны найз Балбар чинь”.

Г.Даваа
1 Сэтгэгдэл
zl2
hahaha taraah l gj bichsiin bishu
lol gantsaara unshad gald shataagaarai gd interneteer taraadag iiim vlger zahidal haa bsiin..
үнэн бичжээ. Үнэхээр ийм л юм болоод байна шүү дээ
Хамгийн их уншсан