Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

​‘Ковид-19’-ийн үед эдийн засгийг тогтворжуулахад Оюу толгой ямар үүрэг гүйцэтгэв

Монголчуудын дийлэнх нь уул уурхайд дургүй, “байгаль орчин сүйрүүллээ” зэргээр тааламжгүй ханддаг. Гэсэн хэдий бодит байдал дээр ард түмний ч, улсын ч нийгэм, эдийн засгийн амьдрал уул уурхайгаас хэт хамааралтай. Улсын төсвийн гурван төгрөг тутмын нэг нь уул уурхайн салбараас орж ирдэг. Энэ салбарын орлого тасалдвал улс цалин, тэтгэврээ тавьж чадахгүй, нийтээрээ хүндэрнэ. Ихэнх бизнес, үйлчилгээний гол түшиц нь уул уурхайн салбар. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт ч уул уурхайтай салшгүй холбоотой билээ.

 

Дэлхий дахинд дэгдсэн “Ковид-19” халдварт өвчний улмаас манай улс ч олон сорилттой нүүр тулсан. Одоо ч хүндрэл бэрхшээл үргэлжилсээр, хил гацаатай хэвээр буй. Уул уурхайн түүхий эдийн экспорт зогсоход улсаараа орлого тасалдах эрсдэлд орох тул цар тахлын хатуу хөл хорионд эл салбарынхан л тасралтгүй, зогсох эрхгүй ажилласан. Үүний хүчинд, манай улс байгалийн баялагтай орон тулдаа нийгэм, эдийн засгийн асуудлаа шийдэж, гүн хямрал руу орчихгүйхэн шиг явна. Цар тахлын үед тасарсан орлогыг тэд л нөхөж, гол халамжийг санхүүжүүллээ. Үнэндээ, уул уурхай дагасан том төслүүд байгаагүй бол Монгол Улс ковид шиг гэнэтийн шокийг хэрхэн давах байсныг төсөөлөхөд бэрх.

Иргэд мартсан байж магадгүй. Ковидын үед авч хэрэгжүүлсэн халамжийн бодлогын гол санхүүжүүлэгч нь уул уурхайн салбарынхан байсан. Заримыг нь эргэн саная.

  • Монгол Улсын 3.3 сая иргэн бүрд нэг удаа 300 мянган төгрөгийн дэмжлэгийг олгов. Оюу толгойгоос татварын акт хэлбэрээр орж ирсэн 1.2 их наяд төгрөгийг иргэн бүрд тэнцүү тарааж, хуваарилсан юм. Энэ нь татвар, хураамжаас гаднах санхүүжилт шүү./2021 ны дөрөвдүгээр сард/

  • Айл өрх, ААН-ийн цахилгаан, дулаан, хог усны мөнгийг төрөөс даав. Бүтэн жил 1.4 их наяд төгрөгийн санхүүжилтийг Эрдэнэт үйлдвэрээс гаргасан. /2020-2021 онд/

  • Хүүхдийн мөнгийг 100 мянга болгох, НДШ болон бусад татвар хураамжаас түр чөлөөлөх орон зайг мөн л уул уурхайн салбарынхны орлогоос нөхөж байна.

Өөрөөр хэлбэл, цар тахлын үед хэрэгжүүлсэн гурван их наяд төгрөгийн халамжийг зөвхөн Оюу толгой, Эрдэнэ үйлдвэр хоёр гаргаж, монголчууд баялгийнхаа үр шимийг бодитоор хүртсэн гэж дүгнэж болохоор байна. Нөгөө талд цар тахлын үед уул уурхайн салбарын бүрдүүлэх татвар хураамж буураагүй, төсвийн орлогыг бүрдүүлэх ачааны хүндийг тэд үүрсэн.

Зөвхөн Оюу толгой төсөл “Ковид-19”-ын үед эдийн засгийг тогтворжуулахад ямар үүрэг гүйцэтгэснийг МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгээс хийсэн судалгааг иш татан сонирхуулъя.

Цар тахлын үеийн Оюу толгой төслийн нөлөө

Оюу толгойн төлсөн татвар хураамж нэмэгдэх нь Монгол Улсын Засгийн газрын нийгэм рүү чиглэсэн хөтөлбөрүүдийг тогтвортой санхүүжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтыг тасралтгүй явуулахад чухал нөлөөтэйг дээрх судалгаанд дурдсан байна. Тухайлбал, Оюу толгойн төлсөн татвар хураамжийн хэмжээ нэг хувиар нэмэгдэхэд Монгол Улсын төсвийн орлого дунджаар 0.81 хувиар нэмэгдэж байгаа тооцоо гарчээ.

Оюу толгой ХК цар тахал гаргахаас өмнө буюу 2019 онд төсвийн орлогын 8.7 хувийг бүрдүүлж байсан бол цар тахалтай 2020 онд 9.7 хувийг бүрдүүлсэн байна. Хэдий хил гаалийн нөхцөл байдал удаашралтайгаас зэсийн баяжмалын биет хэмжээ багассан ч түүхий эдийн үнэ өссөн нь орлого нэмэгдэхэд түлхэц болжээ.

Мөн Оюу толгойн Өмнөговь аймагт төлсөн нийт татвар, төлбөрийн хэмжээ “Ковид-19” цар тахлын үед буюу 2020 онд өмнөх онтой харьцуулахад 2.32 хувиар нэмэгдэж, орон нутгийн хөгжлийг дэмжсэн. Үндсэндээ, Оюу толгой 2020 онд татвар хураамж хэлбэрээр орон нутаг болон улсын төсөвт их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байна.

Оюу толгойн 1  ажилтан өөрөөсөө гадна гурван хүнийг цалингийн орлогоороо тэжээдэг

 

Улсын төсөвт төвлөрүүлсэн татвар хураамжаас гадна ажиллах хүч, ханган нийлүүлэгч нарын оролцоог тооцвол Оюу толгойн нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө асар их. Цар тахалтай 2020 онд Оюу толгой ХК 12364 шууд ажлын байраа хадгалсан. Оюу толгойн хоёр ажилтан тутмын нэг нь дангаараа хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээж байгааг судалгаанд дурджээ. Өөрөөр хэлбэл, нийт ажиллагсдын 52.9 хувь нь гэрээсээ ганцаараа хөдөлмөрлөдөг бөгөөд өөрөөсөө гадна гурван хүнийг цалингийн орлогоороо тэжээдэг аж. Оюу толгой 2020 онд 501.7 тэрбум төгрөгийн цалинг ажиллагсдад олгосон байна.

Оюу толгойн ханган нийлүүлэгчид 8000 хүний ажлын байрыг хамгаалжээ

Оюу толгой цар тахлын үед ханган нийлүүлэгчдээ цөөлөөгүй, 2020 онд 770 ханган нийлүүлэгчтэй ажилласан байна. Зөвхөн Оюу толгойн ханган нийлүүлэгч компаниуд цар тахлын жилд нийт 626 тэрбум төгрөгийн татвар төлж, 8000 ажлын байрыг хадгалжээ. Нэг ажилчны цаана хамгийн багадаа гурван иргэн байгаа гэж тооцвол 25 мянган иргэнийг амьдралын баталгаатай  байлгахад бодит хувь нэмэр оруулж байна гэсэн үг.

Оюу толгойгоос олсон борлуулалтын орлого нь хоёр тэрбум хүртэлх аж ахуйн нэгжүүдэд 2019 онд шууд бус байдлаар нийт 191.5 тэрбум төгрөгийн, дам байдлаар 28.2 тэрбум төгрөгийн нөлөөг үзүүлсэн бол 2020 онд шууд бус байдлаар нийт 204.9 тэрбум төгрөгийн, дам байдлаар 29.1 тэрбум төгрөгийн нөлөөллийг үзүүлсэн.

Тайлбар: ОТ-н шууд нөлөөллийг улсын төсөвт төвлөрүүлсэн орлого ба ОТ-н ажиллагсдын цалин хөлсний өөрчлөлтийн нийлбэрээр тодорхойлсон. ОТ-н шууд бус нөлөөг ханган нийлүүлэгчдийнтөлсөн татвар болон тухайн байгууллагын ажиллагсдын цалингийн зардлаар тодорхойлсон болно. Харин дам нөлөөг нь ханган нийлүүлэгчид ОТ-гоос олсон орлогоо дотоодын эдийн засагт зарцуулах үед гарч буй хэрэглэгчийн зардал, ханган нийлүүлэгчдийн төлж буй татвараар тооцоолсон.

Сүүлийн гурван  жилийн хугацаанд Оюу толгойгоос 100-500 сая болон 1-10 тэрбум төгрөгийн жилийн орлого олж буй ханган нийлүүлэгчид 60 орчим хувийг эзэлжээ. 100 сая хүртэлх борлуулалтын орлоготой ханган нийлүүлэгчдийн тоо сүүлийн гурван жилд тасралтгүй өссөн. Оюу толгой төслийн эдийн засагт оруулж буй 100 төгрөг нь нийтдээ 128 төгрөг болон үржигдэж нэмэгдэл үнэ цэнийг бүтээж байгааг судлаачид онцолсон байгаа юм.

Монгол Улс 100 төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 2.20 төгрөг нь Оюу толгой эзэлж байна. Сүүлийн дөрвөн жилийн дунджаар авч үзвэл Монгол Улсын экспортын орлогын долоон доллар тутмын нэг нь Оюу толгойнх. Хувиар нь авч үзвэл, нийт экспортын 16 хувь Оюу толгойгоос хамаарч байгаа юм.

Сүүлд Засгийн газар, Оюу толгой хөрөнгө оруулагчдын хооронд хийсэн хэлэлцээ амжилттай болж, гүний уурхайг 2023 оны нэгдүгээр ашиглалтад оруулж, олборлолтоо эхлүүлэх тохиролцоонд талууд хүрсэн билээ. Ирэх 30, 40 жил Оюу толгой төсөл тасралтгүй үргэлжилж, Монголын эдийн засаг тэлэх, томрох мессежийг хөрөнгө оруулагчдад өгсөн. Үүнтэй зэрэгцэн Цагаан сарын өмнө ахмадын тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгон нэмэгдүүлж, монголчууд дахиад л байгалийн баялгийнхаа үр ашгийг хүртсэн үйл явдал болов. Оюу толгой нийт баялгийн 80 хувь буюу үүцээ задлах цаг ойртох тусам монголчуудад ирэх өгөөж нэмэгдэх нь гарцаагүй юм.

Ямартай ч Монголчууд цар тахалтай өнгөрсөн хоёр жил байгалийн баялагтайнхаа давуу тал, үр шимийг хүртэж, энэ салбарыг харах өнцөг бага ч гэсэн өөрчлөгдсөн гэж найдъя.

Э.МӨНХЦЭЦЭГ /itoim.mn/

1 Сэтгэгдэл
Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай гэдгийг санаарай, тэд таныг хагалгаанд орохоос өмнө бид танд хагасыг нь төлдөг тул хагалгааны хамгийн сайн эмчтэй тул холбоо барина уу [fortis .hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл мэндээ хадгалахыг хүсвэл
Хамгийн их уншсан